Б.Отгонсүх: Нислэг хөдөлгөөнийг удирдах хоёр дахь төвийг Сайншандад барина

Sarangerel
2025-05-26 15:11:50
Ангилал:

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХКийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхтэй ярилцлаа.

 -Түүхт 100 жилийн ойн босгон дээр иргэний нисэхийн салбар Нисэхийн тухай хуулиа батлууллаа. Шинэ хуулийн хүрээнд танай төв бий болсон. Танай төв ямар зорилгын хүрээнд ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ?

-2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд томоохон өөрчлөлт орж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК байгуулагдсан. Энэ бол олон улсын жишигт нийцсэн, үйлдвэрлэл, хяналт зохицуулалтыг заагласан, нэн шаардлагатай, цагаа олсон чухал алхам юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” /ИНҮТ/ нь Монгол Улсын хууль, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандартууд болон бодлого, чиг хандлагад нийцсэн, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ, нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээг хариуцан, эдгээр үйлчилгээг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангасан, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллаж байна ИНҮТ нь “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиудыг нэвтрүүлэх, бүсийн нислэг хөдөлгөөн удирдах төвүүдийг шат дараатай ашиглалтад оруулан, ЕКО-НОГООН нисэх буудлууд, өндөр түвшний аюулгүй хамгаалалт зэрэг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангасан, бүсийн тэргүүлэгч улсуудын нэг болохын төлөө бодлого, стратегийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Манай байгууллага нисэхийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар
хийхээр төлөвлөж байна

 -Технологийн шинэчлэл, хөгжил, дата төв, хиймэл оюун ухааны эрин үед нисэхийн салбарынхан 100 жилийн хөгжлөө дүгнэж, шинэ зууны эхлэлийг тавих гэж байна. Танай төв энэхүү шинэ хөгжлийн эхлэлд бэлэн үү?

-ИНҮТ нь техник технологийн шинэчлэлийг цаг тухай бүрд нь хийж ирсэн хэдий ч, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах мөн нислэгийн аюулгүй байдлыг хангахад шинэ нислэг хөдөлгөөнийг удирдах төв зайлшгүй шаардлагатай болсон. Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын шинэ нислэг хөдөлгөөнийг удирдах төвийн барилгын ажлыг энэ онд дуусгахаар төлөвлөж байна. Мөн хоёр дахь нислэг хөдөлгөөнийг удирдах төвийг Сайншанд хотод барих томоохон төслийн ажлыг хийж байна.

АНУ-ын “Юнайтэд Эйрлайнс” ХХК 2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэх болсонтой холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК-ийн хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үзэглэлээ.

Иргэний нисэхийн салбарт жил ирэх бүр нислэгийн үйл ажиллагаатай холбоотой томоохон хэмжээний өгөгдлийн сан /Датабэйс/ үүсэж байдаг. Тус өгөгдлийн санг дахин боловсруулж цаашид хийх хүний нөөц болон техник технологийн шинэчлэлийн шийдвэр гаргахад ашиглах, хүний хүчин зүйлийн нөлөө, эрсдэлийг бууруулахад хиймэл оюун ухаанаар урьд нь үүссэн санд анализ хийлгэж гарсан дүнгээр сургалтын үйл ажиллагааг шинэчлэх чиглэлээр судалгаа шинжилгээг хийж байна.

ИНҮТ нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй бүх нислэгийг хянаж удирдаж ажилладаг бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО/-ын өмнө олон улсын стандартууд, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг

-ИНҮТ 2078 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Боловсон хүчний бодлого, хөгжлийн ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Иргэний нисэх тэр чигтээ нарийн мэргэшсэн ажилтнуудын ажилладаг салбар юм. Иймд манай байгууллага нисэхийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Сургалтын төвийн үйл ажиллаагаараа дамжуулан Олон улсын шаардлагыг хангасан сертификаттай багш нарыг бэлтгэснээр тодорхой хэмжээний мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэх боломжийг бүрдүүлэх юм. Олон улсын судалгаагаар нисэхийн салбарын үйл ажиллагаа ойрын үед 2-3 дахин тэлэхээр байна. Мөн шинэ нислэг хөдөлгөөний удирдах төвүүдийг ашиглалтад оруулахад инженер техникийн ажилтнууд, нислэгийн удирдагч нарыг олон тоогоор бэлтгэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул эдгээр асуудлыг оновчтойгоор шийдэхийн тулд сургалтын баазаа бэхжүүлэх, сургалт дадлага симуляторыг шинэчлэх бодлого барьж ажиллаж байна.

 -Танай төв нисэхийн салбар, улмаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэй байж, ямар хувь нэмэр оруулах вэ?

-Монгол Улс нь далайд гарцгүй улс. Иргэний нисэх нь манай улсын хувьд гадаад улсуудтай харилцахад чухал үүрэг хариуцлагыг хүлээн ажилладаг онцлог салбар юм. ИНҮТ нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй бүх нислэгийг хянаж удирдаж ажилладаг бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын өмнө олон улсын стандартууд, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг. Иймдманай байгууллага нь энэхүү хүлээсэн үүргээ бүрэн хангаж Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах үйл хэрэгт өөрийн гэсэн байр суурь эзэлдэг төдийгүй, дотоодын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөгжүүлэх, өндөр цалин хангамжтай ажлын байр бий болгох, инновац нэвтрүүлэхэд тэргүүлэгчдийн эгнээнд явж ирсэн. -Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ИНҮТ-ийн удирдлагын хувьд мэндчилгээ дэвшүүлнэ үү? -Эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан мөр зэрэгцэн ажиллаж байгаа иргэний нисэхийн салбарын ажилтнууд та бүхэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нисэхийн аюулгүй байдлыг хангасан, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх их үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

/Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2025 оны 5 дугаар сар/