Б.Оюунтүлхүүр: Байгаль хамгааллын салбар өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болно

Mongolian Economy
2024-04-08 15:35:28

Дэ Нэйче Консерванси (ТNС) байгууллагын Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн байгаль хамгааллын стратегич Б.Оюунтүлхүүртэй ярилцлаа. 

Тус байгууллага Монгол Улсад ирэх 15 жилийн хугацаанд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 198 сая ам.долларыг байгаль хамгааллын салбарт зарцуулна. Үүнээс 71 сая ам.доллар нь АНУ-аас буцалтгүй тусламжийн хэлбэрээр өгч буй хандив юм. Энэ бол байгаль хамгаалах чиглэлээр манай улсад хийгдэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын нэгд тооцогдож байна. 

-Тус хөтөлбөрийн талаар манай уншигчдад танилцуулна уу? Хөтөлбөрийн зорилго болон эцсийн үр дүн юу вэ? 

-Манай улс төдийгүй олон орны байгаль орчны салбарт тулгамддаг гол асуудал нь санхүүжилт байдаг. Байгаль хамгааллын ихэнх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлж байна. Манай хөтөлбөр хэрэгжсэнээр улсын төсөвт байгаль орчны салбарын үзүүлж байгаа дарамтыг бууруулах, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох, санхүүжилтийн шинэ механизм, эрх зүйн орчныг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах, тусгай хамгаалалттай газруудад тулгамдаж байгаа боловсон хүчин, дэд бүтэц зэрэг гол асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. 

Улмаар 15 жилийн дараа уг салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болно гэж өөдрөгөөр харж байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгааллын хамгийн зөв зүйтэй арга замын нэг гэж олон улсад үздэг. Энэ утгаараа улс орнууд нэгдэж гэрээ хэлэлцээр байгуулдаг. Дэлхийн биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын бүх үндсэн гэрээ хэлэлцээрт манай улс нэгдэн орсон байдаг бөгөөд газар нутгаа тусгай хамгаалалтад авч, байгаль хамгааллаа хэрэгжүүлдэг. Энэ тал дээр Монгол Улс олон улсын түвшинд манлайлагчдын нэг гэж болно. Яагаад гэхээр ийм том газар нутагтай улс 21 хувиа тусгай хамгаалалтад авсан туршлага олон улсад тэр бүр байдаггүй. 

Манай улс газар нутгийнхаа 30 хувийг 2030 он гэхэд тусгай хамгаалалтад авна гэсэн амлалтыг 1992 онд олон улсад өгсөн. Манай хөтөлбөрийн нэг зорилго нь 30 хувьд хүргэх амлалтад туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа. Одоогоор тусгай хамгаалалтад авсан 21 хувь нь 32 сая га бөгөөд нэмж авах есөн хувь нь 14 сая га газар болох юм. Ийм том газар нутагт байгаль хамгааллын менежментийг олон улсын стандартад нийцсэн байдлаар хэрэгжүүлэхэд санхүүжилт хамгийн тулгамдсан асуудал болох нь гарцаагүй. Энэ утгаараа тус хөтөлбөрийн хүрээнд доноруудын 71 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирж байна. Энэ бол байгаль хамгааллын салбарт тэр болгон орж ирдэггүй том санхүүжилт юм.

Монголд байгаль хамгааллын чиглэлийн төслүүд дээд тал нь долоон жил, дунджаар 3-4 жилийн хугацаатай, 5-7 сая долларын санхүүжилттэй байдаг. Эдгээр төслийн тусламжтайгаар байгаль хамгааллын салбар урагшилж ирсэн боловч том газар нутагт, олон улсын жишигт хүрсэн байгаль хамгааллын менежмент хэрэгжүүлэх, энэ салбарын хүмүүсийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байсан. Тэрхүү орон зайг энэ хөтөлбөр нөхөж байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг өнөөдрийг хүртэл төр дангаараа хариуцаж ирсэн. 

Өнөөдрийн байдлаар нийт 120 улсын ТХГН-ийн 65 газрын хамгаалалтын менежментийг улсын төсвөөс санхүүждэг 30 хамгаалалтын захиргаа, дөрвөн ТББ олон улсын байгуул­лага болон орон нутгийн дэмжлэгтэйгээр хариуцан хамгаалж байна. Байгаль хамгааллыг төр дангаараа хариуцахад хүндрэлтэй байдаг учраас менежментийн бусад хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай. Олон улсад хувийн салбар, ТББ-ууд, нутгийн иргэд, орон нутаг нь тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцдаг сайн туршлагууд бий. 

Манай улсад ТХГН дотор болон бусад нутгуудад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу нэгдэн үүсгэн байгуулагдсан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн сайн жишээ олон байдаг.

Тухайлбал, ТNC байгууллагын хүрээнд хэрэгжиж буй нутгийн иргэдийн манлайллыг дэмжих төслийн хүрээнд 4800 малчин өрхийг хамарсан 280 нөхөрлөл үүсгэн байгуулагдаж хамтын менежментийг хэрэгжүүлж байна.

Мөн энэ чиглэлээр бусад олон улсын байгууллагууд ч дэмжин ажилладаг. Эдгээр санаачилгыг бэхжүүлэх, бодитой үр дүн гаргаж буйг хянаж үнэлдэг, урамшуулдаг, эрхийг нь баталгаажуулдаг эрх зүйн орчныг бий болгоход хөтөлбөр маань хувь нэмрээ оруулна. 

-Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн санхүү­жилтээс гадна олон улсын ямар сайн турш­лага, ноу-хауг нэвтрүүлэх вэ? 

-БОАЖЯ-ны мэдээгээр 2023 онд зөвхөн ТХГН-т зориулж улсын төсвөөс 20 орчим тэрбум төгрөг хуваарилсан нь өмнөх онуудын дунджаас (6-7 тэрбум төгрөг) гурав дахин өссөн дүн юм. ТХГН-т олгож буй улсын төсөв харьцангуй сайн нэмэгдсэн нь энэ салбарт ажиллагсдын цалин, ялангуяа байгаль хамгаалагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлж, мөн тоог нэмсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч уг төсийн 80 хувь нь энэ салбарт ажиллаж байгаа 800-аад хүний цалин, нийгмийн даатгал, ойр зуурын хамгаалалд л зарцуулагдаж байна. 

Гэтэл ТХГН-т судалгаа шинжилгээ, эргүүл, хяналт, хамгаалалтын арга хэмжээ гээд үндсэн үйл ажиллагаандаа зарцуулах төсөв маш хангалтгүй, бараг байхгүй байна. Нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах хэмжээг улсаас тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу уулархаг бүсэд 40-50 мянган га, говийн бүсэд 200 мянган га газар хариуцан хамгаалах ёстой атал энэ хэмжээ бүх газар хэтэрсэн, зарим газар 2-3 дахин их байна. Байгаль хамгаалагч нарт зориулсан хангамж доогуур түвшинд, салбарт ажиллагсдын мэдлэг, чадварыг бэхжүүлэх сургалт, олон нийттэй ажиллах сурталчилгааны ажлын зардал, санхүүжилт дутмаг. 

Бусад улсын туршлагаас харахад ТХГН-ууд өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, эрхзүйн орчноо сайжруулснаар санхүүжилтийнхээ тодорхой хувийг нөхөх боломжтой байдаг. Тухайлбал, ТХГН-т ороход нэвтрэх хураамж авдаг. Манайд эл хураамж 20-оод жил өөрчлөгдөөгүй, 2023 оныг хүртэл 300 төгрөг байсан. Өнгөрсөн онд л 3000 төгрөг болгосноор Хамгаалалтын захиргаадын орлого огцом нэмэгдэх нөхцөл бүрдсэн. Ирэх 15 жилийн хугацаанд, хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, үйлчилгээг сайжруулбал нэвтрэх хураамжийг нэмэх боломжтой болно. Дараагийн нэг эх үүсвэр бол байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого юм. 

Хуульд зааснаар энэхүү орлогын тодорхой хувь нь эргээд тухайн байгалийн нөөцийнхөө хамгаалалт, нөхөн сэргээлтэд зориулагдах ёстой атал гүйцэтгэл нь 10 орчим, дээд тал нь 40 гаруй хувьд хүрдэг. Энэ хуулийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх шаардлага бий.

Үүний тулд үйлчилгээгээ сайжруулах, хууль эрхзүйн орчныг таниулах гэх мэт олон ажил хийх ёстой. Эдгээр ажлыг төслийн хүрээнд хийснээр хуулийн гүйцэтгэл сайжирч, орлогоос нь ТХГН, байгаль хамгаалалд зарцуулах хөрөнгө нэмэгдэх юм. Шинээр нэвтрүүлэх санхүүжилтийн олон улсын өөр нэг туршлага бол гаднын жуулчдаас байгаль хамгаалалд зориулан авдаг хандив, хураамж юм.  Энэ бол Монгол Улсад ирээд байгаль үзэж, үйлчилгээ авсныхаа хариуд өгөх төлбөр. Онгоц, галт тэрэгний тасалбарын үнэд шингээх, тусгай санд хүлээж авах гэх мэт аргыг олон улсад хэрэглэдэг. Энэ тал дээр манай улсад туршлага хараахан алга. Судалгаанаас харахад жуулчдад ийм хандив өгөх хүсэл эрмэлзэл маш их байгаа нь харагдсан. Гол нь хуримтлагдсан мөнгийг эргээд байгаль хамгаалалд заавал зарцуулах ёстой.

Хөтөлбөрийнхөө хүрээнд бид энэ чиглэлд ажиллана гэж тооцож байна. Эдгээрээс гадна санхүүжилтийн 3-4 хувилбарыг санал болгоно. Тухайлбал, байгаль хамгаалалд заавал мөнгө зарцуулалгүй дүйцүүлэн хамгаалах зэрэг олон аргыг ашигладаг. Уул уурхайн компани газар ашиглаад доройтолд оруулсан бол ижил төстэй газрыг нөхөн сэргээх, мөн дүйцүүлэн хамгаалах талаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан байдаг. Энэ мэт олон хувилбар байна. 

Хөтөлбөрийн хүрээнд бид ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний эдийн засагт оруулах хувь нэмрийн талаар судалгааг хийж байна. ТХГН-ийн экосистем нь бусад салбарт үр өгөөжөө өгдөг. Жишээлбэл, аялал жуулчлалын салбар нь ТХГН-т түшиглэн бизнес явуулж байна. Аялал жуулчлалын салбар нь ТХГН-ийн экосистемийн үйлчилгээг хүртсэнээр үр өгөөж нь ямар байдаг талаар эдийн засгийн тооцооллоор гаргаж ирнэ. ТХГН болгон хамгаалсан үзэсгэлэнт газрууд, зэрлэг ан амьтан, экосистем байхгүй, эдгээр газар нутгийнхаа байгалийг хамгаалахгүй, байгалийн нөөцдөө хөрөнгө оруулахгүй, менежментийг нь сайн хийхгүй бол аялал жуулчлалын салбарын алдагдал 15 жилийн дараа ямар байх вэ, харин байгалиа хамгаалаад, менежментээ сайн хийвэл уг салбар 15 жилийн дараа ямар үр өгөөж хүртэх вэ гэдэг нь энэ судалгааны үр дүнд тодорхой болно. 

Эл судалгааг мал аж ахуй, газар тариалан, цэнгэг ус болон ойн ашиглалт, уул уурхай зэрэг зургаан салбарын хүрээнд хийж, энэ оны сүүлчээр эдийн засгийн тооцоолол, үр дүнг танилцуулна. Дурдах ёстой өөр нэг зүйл бол ТХГН-т бүх салбарын үйл ажиллагааг хориглодог мэтээр хүмүүс ойлгодог. Гэтэл ТХГН-ийн 80 хувь нь малын бэлчээр, үлдсэн 20 хувь нь цэнгэг ус, гол мөрний урсац бүрэлдэх эх, ховор амьтдын тархац нутаг байдаг. 

Өөрөөр хэлбэл, малчид маань ТХГН-т уламжлалт мал аж ахуйгаа эрхлээд амьдарч байгаа. Үүнд тавих гол шаардлага нь малынхаа тоо толгойг бэлчээрийн даацдаа тохируулан бэлчээр зохион байгуулалтыг хийдэг байх нь чухал. Аялал жуулчлалын салбар нь байгалийн цогцолборт газрууд, дархан газрууд болон бусад бүх тусгай хамгаалалттай газруудыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна. Бүх ундны усны эх үүсвэрийг тусгай хамгаалалттай газар нутагт хамгаалж байна. Зөвхөн уул уурхай, аж ахуйн зориулалттай үйл ажиллагааг л хориглодог. 

Ташрамд дурдахад, газар нутгийг дархан газар, байгалийн цогцолборт газар, нөөц газар, дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллаар тусгай хамгаалалтад авдаг. Дархан газраасаа эхлээд хамгааллын дэглэм нь ялгаатай. Онгон бүс, хамгааллын, хязгаарлалтын гэх мэт бүс байдаг ба бүсүүдийн дэглэм, горим өөр өөр байдаг. 

-Хөтөлбөрийн хэрэгжих үе, шат болон санхүүжилтийн зарцуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-Нэгдүгээрт, 71 сая ам.доллар бол доноруудын буцалтгүй тусламж, хандив юм. Хөтөлбөр нийт 198 сая ам.долларын санхүүжилттэй. Үүнээс 127 сая ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт. Үүнийг ТХГН-уудад олгодог төсвийн санхүүжилт, өмнө дурдсан тогтвортой санхүүжилтийн шинэ механизмууд, хууль эрхзүйн орчныг сайжруулсны үр дүнд орж ирэх орлогоор бүрдүүлнэ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль хамгаалах итгэлцлийн санг байгуулж, Засгийн газар болон хандивлагчид хооронд гэрээ байгуулна. 

Монгол Улсын Засгийн газар нь санхүүжилтийг байгаль хамгаалалд зарцуулах, ТХГН-ийнхаа хэмжээг 30 хувьд хүргэх зэрэг амлалт авах юм. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтээ тогтоож, ямар хугацаанд ямар үр дүнд хүрсэн байх талаар харилцан тохиролцоно.

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ дөрөвдүгээр сарын 4-нд болох товтой байна. Зарцуулалтын тухайд 15 жилийн хугацаанд эл салбарт ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнуудыг чадавхжуулах, техник хэрэгсэл, дэд бүтцийг бий болгох, шаардлагатай газруудад хамгаалалтын захиргаа шинээр байгуулах, байгаль хамгааллын чиг үүрэг бүхий бусад байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, ТХГН-ийн орчны бүсэд амьдарч буй иргэдийн тогтвортой амьжиргааг байгаль хамгааллын зорилтуудтай уялдуулан санхүүжүүлэх зэрэг болон бусад биологийн олон янз байдлын үнэ цэнтэй газруудын хамгаалалтыг хангах бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд чиглүүлнэ. 

Сангийн хувьд өнөөдрийн байдлаар дийлэнх хандивлагчид нь АНУ-аас байгаа тул АНУ-д төвтэй, бие даасан, хараат бус хуулийн этгээд байх бөгөөд Монголд суурин төлөөлөгчийн газар нь ажиллана. Сангийн ажиллах журам удахгүй гарна. 

-Монгол Улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авахад юу саад болж байна вэ? 2030 онд бид уг зорилгодоо хүрч чадах уу? 

-Тусгай хамгаалалтад нэмж авах ёстой 14 сая га газрын байрлалыг тодорхойлсон. Эдгээр нь Засгийн газрын хүсэлтээр TNC байгууллагын 10 жилийн хугацаанд хийсэн Экологийн бүс нутгийн үнэлгээнд багтсан зайлшгүй хамгаалах шаардлагатай газрууд юм. Улс орны хөгжилд бусад салбарын гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг байгаль хамгаалах салбарынхан ойлгож байгаа. 

Уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбар маань мэдээж хөгжих ёстой. Гэхдээ үүний зэрэгцээ байгалиа хамгаалах, ирээдүйд ашиглах нөөцөө давхар бодолцох ёстой. Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад тулгамдаж буй гол саад бол ашигт малтмал, уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй давхцах явдал юм. Аль газар нутгийг хэзээ хамгаалалтад авах вэ гэдэг хэлэлцээг төсөл хэрэгжих явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-тай хамтран ярилцаж буй. Үүнтэй нийцүүлж хамгаалах газруудаа сонгох ёстой. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутгийн 21 хувь тусгай хамгаалалтад байгаа бол газрын тосны хайгуулын лицензтэй талбайг тооцохгүй авч үзэхэд 33,1 хувийг нь уул уурхайн чиглэлээр ашиглаж байна. Энэ бол маш өндөр тоо. Үүнтэй тэнцэх хэмжээний газар нутгийг тусгай хамгаалалтад Монгол Улс авах ёстой. Ингэснээр ирээдүйн эрсдэлийг бууруулж, Үндсэн хуульд заасан экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүргээ Монгол Улсын Засгийн газар биелүүлж чадна. Мөн бэлчээр нутгаа хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, аялал жуулчлалыг эрчимжүүлэх зэргээр улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах юм.

 

 

 

 

Mongolian Economy