Б.Солонгоо: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулна

B Shurenchimeg
2022-08-25 10:37:43
Ангилал: Эдийн засаг

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн тухай асуултаар ярилцлагаа эхлүүлье. Хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Ажлын хэсгийг би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа ахалж эхэлсэн.

Бид хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын дуу хоолой, санал шүүмжийг сонсох зорилгоор тодорхой давтамжтайгаар хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалт дээр АНУ-ын Төрийн департаментаас манай улсын хөрөнгө оруулалтын орчинтой холбогдуулан гаргасан тайланг авч хэлэлцэхэд бизнесийн байгууллагуудад тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь бизнесийн болон татварын маргаан удаашралтай, огт шийдэгддэггүй, шүүх явцад маш их зардал гардаг, алдагдалд оруулдаг гэж онцолсон. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэгждэггүй, хөрөнгө оруулагчдын маргаан шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод хугацаа алддаг гэсэн гомдол ирсэн. Үүнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна дагалдах хуулиудад томоохон шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Тухайлбал, Иргэний болон бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн 2002 онд батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, мөн Арбитрын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс хөрөнгө оруулалтыг хууль, эрх зүйн орчин талаас нь илүү боловсронгуй болгож сайжруулахын тулд үе шаттай ажлуудыг хийсээр байгаа. Бид хаврын чуулган өндөрлөхөөс өмнө Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ нь төрийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааны үр ашигтай байдал, хувийн хэвшилтэй эрүүл өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа чухам ямар асуудал дээр илүү анхаарал хандуулж байна вэ?

-Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт ганц Оюу толгой төслөөс хамааралтай байдаг. Тиймээс Оюу толгой болон уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцээ хэрхэн төрөлжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах,  одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа цаашид манай улсад хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзлийг яаж хадгалж үлдэх вэ гэдэгт анхаарал хандуулна. Мэдээж шинээр хөрөнгө оруулалт татах нь сайн хэрэг. Гэхдээ одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа санал шүүмжийг сайн сонсох ёстой.

Өнөөдөр хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж байгаа асуудлуудад гол  анхаарлаа хандуулж эрх зүйн орчныг шинэчлэхийг зорьж байгаа.

Уг хууль маань Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бусад хууль, бодлогын баримт бичгүүдтэй нийцэх ёстой. Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж тогтвортой болгоно гэсэн ерөнхий заалтуудтай нийцсэн, бодит амьдрал дээр хэрэгжихүйц байлгахыг эрмэлзэж байна. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт маш чухал учраас хөрөнгө оруулагчдад бодитой дэмжлэг үзүүлэх баталгааг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажлын хэсэг анхаарч байгаа.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан нэр томьёо, зарим тодорхойлолтыг илүү ойлгомжтой болгоно. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудал дээр хүртэл ойлгомжгүй байдал үүсдэг.  Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нь нийт гаргасан хувьцааны 25-аас дээш хувийг гадаадын хувь хүн болон хуулийн этгээд эзэмшдэг байх, нийт хувь нийлүүлсэн хөрөнгө нь 100 мянган ам.доллар байх ёстой байсан. Үүнийг сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагч болгон 100 мянган ам.доллар оруулах ёстой гэсэн агуулгатай болгосон. Энэ нь яг бодит байдал дээр хамтарсан компани байгуулахад асуудал үүсгэдэг. Тиймээс үүнийг хувь нийлүүлэгч болгон 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт оруулах ёстой гэснийг хассан. Нийт хувь нийлүүлсэн хөрөнгө нь 100 мянган ам.доллар байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэзээ УИХ-д өргөн барих вэ?

-Удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар төлөвлөсөн. Хуулийн төслийг өргөн барихаас өмнө бидний хамгийн том зорилго бол аль болох олон талын оролцоог хангаж, бүх оролцогч талуудаас санал шүүмж, хүсэлтийг нь тусгахаар ажиллаж байна. Энэ хууль дан ганц төрийн байгууллагад зориулагдаагүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг илүү сайжруулж, бизнес эрхлэх нөхцөл боломжоор хангах, хууль эрх зүйн тогтвортой байдлыг бий болгох юм.

-Хууль батлагдсаны дараа дагалдах дүрэм, журам хоцорч гардаг. Энэ хугацаанд тодорхойгүй байдал үүсдэг гэж ярьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Бидний зорилго бол ямар нэг журам гарахыг хүлээхгүйгээр хуулийг шууд хэрэгжүүлэх тал дээр анхаарна. Нөгөө талдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийг нарийн  тодорхой байлгахаар хуулийн төслөө боловсруулж байгаа.

Өмнө нь гарч байсан томоохон хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсаны дараа хэрэгжүүлэх журам хүлээгддэг, бодит амьдралд мөрдөхөд тодорхойгүй байдал үүсдэг байсан. Бизнесийн байгууллагуудын хамгийн их хүсдэг зүйл нь тэдэнд хамааралтай хуулиуд нь тодорхой, урьдчилан төлөвлөж болохуйц, ойлгомжтой байлгах юм. Тиймээс бид бүхэн алдаагаа дахин давтахгүй байхыг эрмэлзэж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

Уг хуулийг хэрэгжүүлэх үндсэн төрийн байгууллага нь Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны харьяа байгуулагдах Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байхаар төлөвлөсөн. Мөн бусад төрийн байгууллагуудын чиг үүрэг ямар байх вэ гэдгийг ч тодорхой тусгана.

Нөгөө талдаа хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах тодорхой бэлтгэл ажил шаарддаг. Гэсэн хэдий ч энэ шилжилтийн үед ч тодорхой, ойлгомжтой байдлыг бий болгохыг зорьж байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл дээр тусгаж байгаа сонирхолтой, чухал заалт юу вэ?

-Хөрөнгө оруулагчид руу хандсан сонирхолтой хэд хэдэн заалт оруулж байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулна. Гэхдээ аль төрийн байгууллагын дэргэд байвал илүү зохистой, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, үйл явцыг яаж бодит ажил хэрэг болгох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж буй.

-Та өмнө нь Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Цаашид гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллахдаа бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Оюу толгой бол манай улсын гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл. Энэ төсөл дээр гадаадын хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хамтарч ажиллах суурь нөхцөл бүрдэж, төсөл маань амжилттай үргэлжилж байна.

Хамгийн чухал зүйл бол гадаадын хөрөнгө оруулагчдын санал шүүмжийг сонсох, хөрөнгө оруулагчид ч Засгийн газрын хүсэлтийг сайн сонсдог байх нь чухал. Өөрөөр хэлбэл, хоёр тал харилцан бие биеэ сонсдог байх хэрэгтэй. Ингэснээр илүү сайн ойлголцож хугацаа алдалгүй асуудлаа хурдан шийдвэрлэх боломжтой. Тиймээс зөвшилцөх, санал солилцох платформуудыг сайн ажиллуулах шаардлагатай.

Оюу толгой төсөл дээр гадны хөрөнгө оруулагчтай ажиллаж байгаагийн үр дүнд хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа хөрөнгө оруулагчдын санал гомдлыг сонсох механизмыг бий болгох нь чухал юм байна гэж бодсон.

Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид ч Монголын Засгийн газрын тавьж байгаа санал хүсэлтэд хүндэтгэлтэй хандах ёстой.

Мөн уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орон нутгийн иргэдийн гаргаж байгаа санал хүсэлтийг сонсдог, үүнд анхаарлаа хандуулан санаачилгатай ажиллах нь үл ойлголцол, маргаан гарахгүй байх суурь болов уу.

Цаашид манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг илүү хүртээмжтэй, тогтвортой өсөх боломж бий болно.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар хамгийн их ирдэг нийтлэг санал гомдол юу байдаг вэ?

-Ерөнхий асуудал нь шүүхээр маргаан шийдвэрлэх үйл ажиллагаа хугацаа алддаг гэсэн гомдол их байдаг. Мөн татварын маргаан, захиргааны акт, шийдвэр гаргахдаа хууль тогтоомжийг өөрсдийн өнцгөөс тайлбарладаг зэрэг асуудал их гардаг. Энэ бүх гомдол, санал асуудлыг харгалзан үзэж хуулийн төсөлдөө тусгахаар эрмэлзэж байна. Гэхдээ энэ бүх асуудлыг дан ганц хөрөнгө оруулалтын тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй. Бусад салбарын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий.

Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг уншиж судлахыг хүсэж байгаа байх. Тиймээс бид энэ сардаа багтаагаад англи, монгол хэлээр хуулийн төслөө хэвлэн олон нийтэд нээлттэй тарааж санал авахаар төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg