Б.Чойжилсүрэн сайдын бараагүй 9-р зуухны асуудлыг Б.Найдалаа сайд шийднэ гэв
“Дулааны IV цахилгаан станц” дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангаж, найман зуухаар цагт 680 МВт эрчим хүчийг ямар ч нэмэлт тоноглолгүйгээр өдөр шөнөгүй үйлдвэрлэдэг. Хүнээр яривал ямар ч амралтгүйгээр ажилладаг гэсэн үг. Хэрэв нэг зуух нь гэмтэж зогсвол цахилгаан доголдож, өвлийн цагт улсаараа хөлдөх аюултай нүүр тулна. Өнгөрсөн өвөл зуухны гэмтлээс болж Улаанбаатарчууд ээлж дараалан цахилгаанаа таслуулсан. Тиймээс “Дулааны IV цахилгаан станц”-д хүч нэмж 9-р зуухаар өргөтгөх асуудал олон жил яригдлаа.
Эрчим хүчний өмнөх сайд Б.Чойжилсүрэн “Би “ДЦС-4” дээр 9-р зуух буюу 500 тонн усыг халаах хүчин чадалтай 360 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөөд шийдэж чадаагүй” гэж хэлж байв. Учир нь тус станц Хөгжлийн банкинд төлөх ёстой өр, төлбөрөө төлж чадаагүй учраас зээл авах боломжгүй болчихсон байдалтай байгаа.
Хөгжлийн банк Оросын банканд төлбөрийг төлчихсөн. Бид одоо төлөх ёстой
Учрыг сийрүүлбээс, “Дулааны IV цахилгаан станц”-ын гүйцэтгэх захирал асан Ү.Төмөрхуягийн “Mongolian Economy” сэтгүүлд хоёр жилийн өмнө Хөгжлийн банкнаас авсан өр, зээлийн талаар өгч байсан ярианаас хүргэе. Тэрбээр хэлэхдээ “Манай станц 250 тэрбум төгрөгийн өртэй. ОХУ-ын хэрэгжүүлсэн төсөл. Үнэтэй төсөл хэрэгжүүлж болно, буцаагаад төлж дийлэхгүй байна. Хөгжлийн банк Дөрөвдүгээр станц хариуцлагагүй байна, зээлээ төл гэж шаарддаг. Гэтэл зээл төлөх эх үүсвэрийг бүрдүүлж өгөхгүй байна.
Манай станц 93 сая ам.доллар буюу 77,4 сая еврогийн дүнтэй 1-4-р турбиныг шинэчлэх төсөл хэрэгжүүлсэн. ОХУ-ын “Внешэкономи” банк зээлийн эх үүсвэрээ өөрсдөө гаргана гэсэн. Станц санхүүгийн компани биш учраас мөнгө зуучлах үүргийг Хөгжлийн банк хүлээж аваад дамжуулан манайд өгсөн. Дунд нь Хөгжлийн банк Оросын банканд төлбөрийг төлчихсөн. Бид одоо төлөх ёстой. Гэтэл станц мөнгөгүй. Станц бизнесийн гэхээс илүү төрийн байгууллага шиг болчихсон. Хөгжлийн банкны зээлээ төлж чадахгүй байна” гэж ярьж байв. Тэгвэл энэ нөхцөл байдал хэвээрээ, бахь байдгаараа байгаа учраас Хөгжлийн банк дахин зээл өгөх ямар ч сонирхолгүй байгаа юм.
Хөгжлийн банкны өмнөх өрийг төлөөд дээрээс нь дахин 9-р зуухны 360 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг бас л ярвигтай асуудал
Өнөөдөр эрчим хүчний салбарт 729 тэрбум төгрөгийн өр, шир хуримтлагджээ. Үүнийгээ эрчим хүчний үнийг нэмж, өртөгтэйгөө ойртуулж байж бага багаар төлөх учиртай. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, бодит өртөгт хүргэх зорилгоор цахилгаан эрчим хүчний үнийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн нэмэгдүүлж, дундаж тарифыг 1 кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болгон шинэчилсэн.
Харин дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. Харин 2024 онд эрчим хүчний тарифын үнэ нэмэгдсэнээр тарифын нийт орлого 559.6 тэрбум төгрөг болсон. Орлогын зарцуулалт нь үйл ажиллагааны зардалдаа таараад л дуусаж. Тиймээс эрчим хүчний өр, төлбөр дундраагүй улам л нэмэгдсэн байдалтай байна.
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар саяхан нэгэн шийдвэр гаргасан нь “Дулааны III, IV станцын засвар, шинэчлэлд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэх”-ээр болгов. Үүнд Дулааны IV цахилгаан станцын 9-р зуухыг шинэчилнэ гэсэн үг өгүүлбэр байхгүй. Аман байдлаар мэдэгдсэн төдий л байгаа. Хөгжлийн банкны өмнөх өрийг төлөөд дээрээс нь дахин 9-р зуухны 360 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг бас л ярвигтай асуудал. Үүнийг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “9-р зуухны асуудлыг яаралтай шийднэ” гэдгээ сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн юм.

