Б.Эрдэнэбаяр: 14500 барилга, байгууламжийн дулааны эрчим хүчний хэрэглээг хангаж байна
Эрчим хүчний салбарынхан олон нийтэд тэр болгон нээлттэй байдаггүй. Чимээгүйхэн ажлаа хийж, хүнд хэцүү байна гэж шалтаг тоочдоггүй. Тэдний ажлыг шийдвэр гаргах түвшнээс эхлээд ард иргэд ч тэр бүр ойлгодоггүй онцлогтой. Тэгвэл энэ салбарынхан олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилж, ойлгуулахаар Сүхбаатарын талбайд гурван өдөр дараалан нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
Өчигдөр нээлтэд нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа оролцож, “Эрчим хүчний салбарынхан нээлттэй болно. Нээлттэй байж аливаа хөгжил ирнэ. Манай яамны үндсэн чиглэл байх болно” хэмээн онцолсон. Тэгвэл эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөгийн хоёр дахь өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн танилцуулга явлаа.
Үүнээс онцлон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэдээллээс хүргэе. Тус компанийн Техник, төлөвлөлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн хүртээмж, шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл” сэдвийн хүрээнд танилцуулга хийв.
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эх үүсгүүрүүдэд үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн 376 км урттай 16 магистраль шугам, даралт өргөх 10 ширхэг насос станцаар дамжуулан төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон аж ахуйн гэрээтэй 2847 хэрэглэгч нийт 3609.6 Гкал/ц-ийн дулааны ачаалал бүхий 14500 барилга, байгууламжийн дулааны эрчим хүчний хэрэглээг хангаж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон нийт хэрэглэгчдийн тооцоот ачаалал 3609.6 Гкал/ц-т хүрч эх үүсвэрүүд чадлын дутагдалтай ажиллаж байгааг мэргэжилтэн онцоллоо. Цаашид төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор хүлээгдэж буй 463.3 Гкал/ц-ийн техникийн нөхцөлийн ачаалал холбогдсон нөхцөлд эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлаас 1654.8 Гкал/ц буюу 68.4 хувиар хэтрэх төлөвтэй байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд эх үүсвэр, дамжуулах сүлжээнд төлөвлөгдсөн өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг онцлов.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийг сайжруулах зорилгоор гадаадын томоохон төслүүд хэрэгжиж буй. Тухайлбал, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл (2021-2024 он), Дэлхийн банкны санхүүжилтээр Дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл (2022-2025 он) хэрэгжиж байгаа юм.
Ийнхүү сүүлийн жилүүдэд томоохон төслүүд хэрэгжсэнээр 2030 он хүртэл насжилт дуусах шугамын хурд жилд 2-3 км болж буурсан бөгөөд 2030-2040 оны хувьд жилд дунджаар 8 км болж нэмэгдэхээр байгаа талаар мэргэжилтэн онцоллоо. Бид дараагийн удаа “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн мэдээллийг хүргэх болно.
