Б.Эрхэмзаяа: Хайртай хүн маань цахилгаан байхгүйгээс зүрх нь зогсчихлоо гэдэг зүйлийг сонсохгүйн төлөө бид хичээсээр ирсэн
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяатай ярилцлаа.
-Олон жил иргэдэд цахилгаан эрчим хүч дамжуулсаар ирсэн компанийнхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
–“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани Монгол Улсын нутаг дэвсгэрийн 66 хувь, хүн амын 72 хувийг хамарсан 5360 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг хариуцан ажилладаг. Тодруулбал, 220 кВ ын 2024 км, 110 кВ-ын 3311,6 км, 35 кВ-ын 23,7 км цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдсон нийт 82 дэд станцын үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангаж ажиллаж байна. Нийт 1283 инженер, техникийн ажилтан Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн Өмнөд, Говийн гэсэн таван салбарын бүтцээр ажилладаг.
-Цахилгаан дамжуулах шугамуудын ашиглалтын хугацаа ямар байдалтай байгаа вэ?
-35-220 кВ-ын хүчдэлийн түвшинд төмөр болон төмөр бетон тулгуурууд ашиглаж байна. Эдгээрээс төмөр тулгуур нь 50 жилээс дээш, төмөр бетон тулгуур нь 35 жилээс дээш ажиллах үйлдвэрийн заавартай. 110 кВын агаарын шугамууд 1963 оноос ашиглалтад орсон. Төвийн бүсийн салбарт харьяалагдах Шарын гол-Дарханы хаалттай хуваарилах байгууламж, мөн 220 кВ-ын агаарын шугамууд 1976 оноос ОХУ-ын системтэй зэрэгцээ ажилладаг 257, 258-р тооцож болно. Нийт цахилгаан дамжуулах сүлжээний 70 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Ашиглалтын хугацаа нь дууссан тоноглолуудын ашиглалтыг цаашид хэрхэн авч явах талаар ямар нэгэн зааварчилгаа, дүрэм одоогоор байхгүй. Олон жилийн үечилсэн графикын дагуу үзлэгээр илэрсэн гэмтлийг устгах, хэсэгчлэн сольж шинэчлэх ажлыг л хийдэг.
Үзлэгээр габарит барихгүй хазайсан, гаднын биет, тусгаарлагч элемент нэвт цохигдсон, утасны судал тасарсан, чичиргээ намдаагч гүйсэн, тулгуурын боолтон холбоос суларсан, төмөр бетон тулгуурт босоо, хөндлөн цууралт үүссэн зэрэг маш олон гэмтлийг илрүүлж яаралтай засварлан ажиллаж байна. Сүүлийн үед хамгийн их хүндрэл үүсгэж байгаа хүчин зүйл бол цаг уурын өөрчлөлт. Цаг агаараас болж энэ жил томоохон хэмжээний дөрвөн саатал, аваар гарсан. Өнгөрсөн нэгдүгээр сард 220 кВ-ын 203, 204 дүгээр агаарын шугамын тулгуур унасан бол гуравдугаар сард 215, 216 дугаар агаарын шугамын тулгуур, зургаадугаар сард 110 кВын Хархорин А, Б (үндсэн болон нөөцийн хоёр хэлхээт) агаарын шугамын 24 ширхэг тулгуур Булган аймгийн Гурван булаг сумын нутагт унасан.
Ашиглалтын хугацаа нь дууссан тоноглолуудын ашиглалтыг цаашид хэрхэн авч явах талаар ямар нэгэн зааварчилгаа, дүрэм одоогоор байхгүй. Олон жилийн үечилсэн графикын дагуу үзлэгээр илэрсэн гэмтлийг устгах, хэсэгчлэн сольж шинэчлэх ажлыг л хийдэг
Наймдугаар сард Хархорин А, Б агаарын шугамын таван ширхэг тулгуур Архангай аймгийн Хашаат сумын нутагт унасан. Үүссэн нөхцөл байдлыг манай инженер, техникийн ажилтнуудын ур чадвараар богино хугацаанд зассан ч цаашид аваар давтагдахгүй байх талаас нь судалгаа хийж эхэлсэн. Булган Өвөрхангай аймгийг холбодог 110 кВ-ын Хархорин А,Б агаарын шугам есөн аймгийн 70 гаруй сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Тус шугамд 24 ширхэг тулгуур унасан нь манай компанийн түүхэнд гарч байгаагүй гэмтэл юм. Агаарын шугам утсаар хоорондоо холбоотой байдаг. Нэг тулгуур унавал нөгөөхөө татаж унагадаг аюултай.

Төгсгөлийн эргэлтийн төмөр анкераас анкерын хооронд тулгуур унасан гэсэн үг. Унасан тулгууруудыг буцаагаад ашиглах ямар ч боломжгүй болсон. Бид нөөцөнд байсан бүх тоноглолоо ашиглаж засварласан. Цаашид бид алгаслалт, хөрсний гулсалт ихтэй газруудад шугамыг хүчитгэн анкер босгох болон төмөр бетоны гадуур нь бетон болон төмөр хийцээр бөгжлөх, өлгийдөн хүчитгэх ажлуудыг хийж байна. Үүний цаана хөрөнгө мөнгө яригдана. Дамжуулах компани улсаас батлагдсан төсөв, зардлаараа л ажилладаг. Гэнэтийн аваар гарсан тохиолдолд хөрөнгө мөнгө тулгамдсан асуудал болдог.
-Хуучирч гэмтсэн шугам болон бусад төхөөрөмжөө хэрхэн засварладаг вэ? Хөрөнгө мөнгөний асуудал тулгамддаг гэж байна.
-Энэ жил Эрчим хүчний яамнаас трассын дагуу шалгалт үзлэг хийх үүрэг даалгавар өгсөн. Хугацаатай учир өөрсдийн хөрөнгөөр хийх боломжтойг нь хийж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид дээр дурдсан шиг олон жилийн графикт засвар үйлчилгээг хийхээс гадна ээлжит болон ээлжит бус үзлэгээр илэрсэн гэмтлийг устгах ажлуудыг хийдэг. Бидэнд тулгамдаж байгаа бас нэг асуудал бол дамжуулагч утасны хуучралт. Тус утас нь ган голтой хөнгөн цагаан утас байдаг. Хөнгөн цагааны гадна тал бохирдож, улмаар дотогш гол руугаа нэвчээд дунд нь бэхлэх гангуудыг зэв идэх, утсууд нь тасарч унах, унахдаа тулгууруудыг татаж унах гэмтэл гарч байсан.

Чойр-Бор-Өндөрийн цахилгаан дамжуулах шугамын дамжуулагчийг лабораторид өгөхөд шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг солихын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдана. Монгол Улсыг хэрсэн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг бүгдийг нь нэг дор солъё гэвэл улс орны хөрөнгө мөнгөнд хэрхэн тусах билээ. 100 жилийн дотор босгосон том бүтээн байгуулалт шүү дээ. Улс орны өөрийнх нь онцлог байна. Манайх эрчим хүчийг дамжуулахын тулд үүсгэвэр болон хэрэглэгчийн хооронд урт шугамууд татсан. Маш алслагдмал байдаг.
Улаанбаатар хотод үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч хаа байсан Баянхонгор, Завханд хүрч байна. Гэхдээ Завхан аймгийн зөвхөн ахуйн хэрэглээг л хангаж, томоохон хэмжээний үйлдвэр, уурхайн эрчим хүчийг хангаж чадахгүй. Хэрвээ алслагдсан аймгийн том уурхай, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж чаддаг бол цахилгаан эрчим хүч дамжуулсныхаа төлөө хөрөнгө оруулалт авдаг тогтолцоо байх хэрэгтэй л дээ. Ингэвэл эргүүлээд өртгөө нөхөөд явах боломжтой болно. Тиймээс эдийн засгийн үр өгөөж талаасаа сольж шинэчлэх л ёстой. Гэтэл эрчим хүчний салбар алдагдлаа нөхөж чадахгүй байгаа. Өр багасах биш үргэлж нэмэгдэж байна. Тиймээс техникийн шинэчлэлд оруулах хөрөнгө алга.
-Дэлхийд манайх шиг алслагдмал газар руу урт татсан агаарын шугамтай орон цөөхөн гэдэг. Хэрэв ямар нэгэн гэмтэл гарвал зардал ихтэй, хүрэх газар нь хол юм, тийм үү?
Бид хоорондоо “Хамгийн зоригтой эр бол халуун хөнжлөөсөө дуудагдах” гэж хошигнож ярьдаг. Аваар гарсан үед өөрийнхөө унаагаар ирнэ. Цаана нь хэрэглэгч байгаа учраас бидэнд унтах эрх байхгүй.
-Монгол Улс эрчим хүчний сул системтэй. Үүсгэврээс хэрэглэгчид очихдоо хоёр хэлхээгээр очно. Хэрэв энэ хоёр хэлхээ унавал аюултай. ОХУ, Монгол хоёр ижилхэн сул системтэй. Барууны орнууд газар нутаг багатай. Дээрээс нь хэрэглэгч, хүн ам нягтаршил ихтэй учраас хэрэглэгч, үүсгэвэр хоёрын хооронд 3-4 шугамаар зэрэгцээ ажиллагаанд холбочихдог. Нэг шугам нь гэмтэхэд нөгөө гурав нь аваад явчихдаг учраас их найдвартай байдаг. Манайх газар зүйн тархмал байдлаасаа шалтгаалж сул систем гэж нэрлэгддэг. Эрчим хүчний салбар үүсгэврийн томоохон дутагдалтай. Сүүлийн 40 жилд томоохон үүсгэвэр баригдсангүй.

-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д улсаас жилд хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ? Төсөвлөсөн хөрөнгө нь үйл ажиллагааны зардалд хүрэлцдэг үү?
-Урсгал болон их засварын ажилд 10 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүсгэвэр нь хязгаартай учраас ирүүлж байгаа саналуудын 60-70 хувийг хасаж, дотор нь эрэмбэлж, хөрөнгө мөнгөндөө багтааж тухайн жилдээ батлагдсан ажлуудыг 100 хувь хийж өвлийг давдаг. Манай инженер, техникийн ажилчдаас “110 кВ-ын цахилгааны шугамын урсгал засварт 200 төгрөг хуваарилсан байна” гэдэг гомдол санал ирдэг. Инээдтэй ч юм шиг, гомдмоор ч юм шиг байгаа биз. Тоосжилт ихтэй цахилгааны шугамыг арчих материал авах гэхээр 200 төгрөг нь хүрдэггүй. Хөөрхий монтёрууд маань бээлий, хувцсаараа арчдаг. Гэхдээ алхам алхмаар өөрчлөгдөж байгаа зүйл ч бий. Бид өөрсдийн нөөц бололцоогоор мэдээллийн хяналтын системтэй болж байгаа. Ингэснээр 12 станцыг алсаас хянах боломжтой болох юм.
Гадаадын донор орнууд болон дотоодын эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө сольж байна. 220 кВын хүчдэлийн түвшингийн хэмжүүрийн трансформатор, таслуурууд солигдсон. Хуучны тосон таслуурыг хийн таслуураар солих ажил дуусаж байна. Мөн хүчний трансформаторуудыг сольж байгаа. Хамгийн тулгамдсан асуудал нь цахилгаан дамжуулах агаарын шугамууд болоод байна. Эдгээр шугамыг бид алхам алхмаар шинэчлэх хэрэгтэй. Шинэчилж хараахан чадахгүй байгаа шугамуудын заримынх нь дамжуулах чадварыг өөрчилж, сүүлийн үеийн алдагдал багатай утсаар солих техникийн ажлууд хийгдэж байна. Ингэж бага багаар солих замаар өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг хангахаас өөр арга алга.

-Энэ салбарт олон залуус ажилладаг. Цалин мөнгө тааруу учраас олноор ажлаасаа гарч байгаа гэсэн. Танайх ямар байдалтай байна вэ?
-Залуучууд олноороо ажлаасаа гарч байна. Сурсан мэдсэнээрээ ажиллах гэхээр цалин бага учраас ар гэр нь хэцүүдэх гээд байдаг. Салбарын цалингийн доод хэмжээ 880 мянган төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгалаа хасуулна. Ганц бие хүн хүртэл амьдрахад бэрх цалинтай. Инженер нь нэг сая гаруй төгрөгийн цалин авдаг. Ийм бага цалингаар их ажлыг өдөр шөнөгүй хийж байна шүү дээ. Аваар гарлаа гэхэд унтах эрх бидэнд байхгүй. Бид хоорондоо “Хамгийн зоригтой эр бол халуун хөнжлөөсөө дуудагдах” гэж хошигнож ярьдаг. Аваар гарсан үед өөрийнхөө унаагаар ирнэ. Цаана нь хэрэглэгч байгаа учраас бидэнд унтах эрх байхгүй. Улсын компанид ажиллаж, их зүйл сурсан ажилчдыг уул уурхай компаниуд мөнгөөр цохиод авчихдаг.
Тэднийг бага ч гэсэн тогтоож аргамжих арга бол цалин шүү дээ. Сүүлийн хэдэн жилд манайх орон сууцны дэмжлэг ажилчдадаа үзүүлж чадаагүй. Хашаа байшингийн дэмжлэг гэж гурван сая төгрөг л өгдөг. Бололцоо нь тэр. Хүн байхгүй бол техник нь байгаад ч ажиллахгүй шүү дээ. Эрчим хүчний салбар нь ахмад, дунд, залуу үеийн холбоостой. Ахмад үе маань дунд үеэ боловсруулах, туршлагаа өвлүүлж үлдэх харин дунд үе нь залуу үеэ хамгаалах, ажил мэргэжилдээ дуртай болгох, бахархах сэтгэлийг нь төрүүлэхийг хичээж ажилладаг. Бид айл бүрийн цахилгааныг асааж өгдгөөрөө бахархаж, хийж байгаа ажлаа үнэнчээр, алдаа дутагдал гаргахгүйн төлөө ажилладаг. Хайртай хүн маань цахилгаан байхгүйгээс зүрх нь зогсчихлоо гэдэг зүйлийг сонсоод суухгүйн төлөө бид хичээж ажилласаар ирсэн.
/”Energy Mongolia” сэтгүүл 2024 он/
