Гадаадын банк: Боломж ба сургамж
Сүүлийн үед гадаадын банкийг Монголд оруулах асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна. Санхүүгийн системийн тогтвортой байдал, өрсөлдөөний орчин, хөрөнгө оруулалтын урсгалтай шууд холбоотой энэ асуудал нь банкны салбарын хүрээнээс давж, эдийн засгийн бодлогын чухал нөлөө үзүүлэх асуудал болоод буй.
Гадаадын банк орж ирснээр тухайн улсын санхүүгийн системийг чадавхжуулж, өрсөлдөөн, үйлчилгээний чанар, технологийн шинэчлэлийг бий болгодог ч зохицуулалтын бодлого муутайгаас болж санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй.
Гадаад банкны нэвтрэлт: Эерэг үр дүн
Дэлхийн туршлагаас харвал, гадаад банкийг амжилттай ашиглан санхүүгийн салбараа хөгжүүлсэн улс орнууд ч бий. Тухайлбал, Вьетнам улс Дэлхийн худалдааны байгууллага (WTO)-д нэгдсэний дараа банкны салбараа либералчлах бодлогыг эрчимжүүлсэн.
Энэ хүрээнд Солонгосын Shinhan Bank Вьетнамын зах зээлд 2008 онд орж ирснээр Вьетнамын банкны салбар олон улсын стандарт, туршлагыг нутагшуулж, глобалчлагдсан системтэй болжээ. Түүнчлэн иргэд, бизнесүүд банкны үйлчилгээ авах боломж нэмэгдэж, зээл, санхүүжилтийн хүртээмж өссөн байна.
Гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдал нь бэхэжсэн аж.
1990‑ээд оны сүүлчээс Бразилд гадаадын банкуудын оролцоо худалдан авалтын давлагаагаар нэмэгдсэн юм. Тодруулбал, Испанийн Santander банк 1997 оноос эхлэн Бразилын зах зээлд нэвтэрч, корпорэйт банк, жижиг, дунд бизнес, иргэдийн санхүүгийн үйлчилгээнд анхаарал хандуулсан.
Тус банк орон нутгийн банкуудтай түншлэх болон худалдан авах замаар зах зээлээ өргөтгөсөн аж. Үүний үр дүнд орон нутгийн банкуудын өрсөлдөөн нэмэгдэж, үйлчилгээний чанар, цахим банкны шийдэл сайжирсан байна. Santander банкны 2007 оны жилийн тайланд “Бразил дахь хөрөнгө оруулалт нь группийн ашигт ихээр нөлөөлөх хэмжээний ач холбогдолтой байсан” тухай тэмдэглэжээ. Өнөөдөр Santander нь Бразилын банкны салбар дахь гол тоглогчдын нэг болж, олон улсын стандарт, практикийг нутагшуулахадчухал нөлөө үзүүлсэн юм.
Нигерийн нэгдэл
2000-аад оны дунд үед Нигерийн банкны салбарын зохицуулалт өөрчлөгдөж, банкуудын өөрийн хөрөнгийн босгыг нэмэгдүүлсэн нь салбарт томоохон өөрчлөлт авчирсан. Хөрөнгийн доод босгыг 25 тэрбум нигери найраа (NGN) болгосон нь жижиг, дунд банкуудыг нэгдэх, хөрөнгөжүүлэх, салбарын тогтвортой байдлыг сайжруулах зорилготой байв.
Үүний дараа 2007 онд Өмнөд Африкийн Standard Bank Group Нигерид нэвтрэх стратегийн хүрээнд IBTC Chartered Bank-ийн хувьцааг авах тендер зарлаж, Stanbic Bank Nigeria-тай нэгдэх хэлцлийг албан ёсоор эхлүүлсэн. Ингэснээр Standard Bank-ийн олон улсын туршлага, технологи, удирдлагын практик Нигери улсад нэвтэрч, банкны салбарын стандарт сайжирсан юм. Энэ үйл явдал нь Нигерийн банкны салбарт хөрөнгөө нэмэгдүүлэх, нэгдэх, олон улсын туршлагыг нутагшуулах бодит жишээ болсон юм.
Гадаадын банкийг “нэвтрүүлсэн” зарим улсуудад санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, хүртээмж сайжирсан зэрэг эерэг үр дүн ажиглагддаг. Харин нөгөө талд нь дотоодын банкны зах зээл шахагдах, ашигт ажиллагаа буурах, санхүүгийн системийн гадаад хамаарал нэмэгдэх зэрэг эрсдэлтэй туршлага ч бий.
Гадаад банкны нэвтрэлт: Сөрөг үр дүн
HSBC (Hongkong and Shanghai Banking Corporation) банкийг Бразилийн Bradesco Bank-д худалдах хэлцлийг 2000-аад оны сүүлээр хийсэн нь бүтэлгүйтсэн стратегийн оролдлого юм. Тодруулбал, HSBC 2000-аад оны эхээр Бразилд иргэдийн банкны үйлчилгээ (retail) болон жижиг бизнесийн банкны салбарт нэвтэрсэн ч 2010-аад оны эхээр бүтэлгүйтсэн. Энэ нь олон жилийн турш ашиг багатай, зардлын өсөлт, зохицуулалтын дарамт, салбарууд байгуулж, удирдах зардал нэмэгдсэнтэй холбоотой байв. Энэхүү хэлцлийн нийт үнэ нь 5.2 тэрбум ам.доллар байсан талаар Fitch Ratings санхүүгийн агентлагийн 2016-2017 онд тайланд дурдсан байдаг.
Европын банкны салбарын түүхэнд хамгийн дуулиан тарьсан хэрэг бол Данийн Danske банкны Эстони дахь салбартай холбоотой мөнгө угаалтын хэрэг юм. Энэ хэрэг нь гадаадын банк хөгжиж буй зах зээлд үйл ажиллагаа явуулахдаа мөнгө угаахтай тэмцэх (AML) болон харилцагч таних (KYC) системийг сул хэрэгжүүлбэл ямар том эрсдэл үүсдэгийг харуулсан бодит жишээ болсон.
Danske Bank 2007 онд Финландын Sampo Bank-ийг худалдаж авчээ. Гэвч удалгүй тус банкны дансуудаар дамжин ОХУ болон хуучин Зөвлөлтийн орнуудтай холбоотой сэжигтэй гүйлгээнүүд их хэмжээгээр хийгдэж байгаа нь илрэв.
2018 онд хийсэн шалгалтаар 2007-2015 оны хооронд ойролцоогоор 200 тэрбум еврогийн сэжигтэй гүйлгээ Эстони дахь салбараар дамжсан байж болзошгүйг илрүүлсэн талаар Reuters агентлаг болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан.
2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд Danske Bank нь АНУ‑ын банкуудыг залилсан буруугаа хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Иймээс гадаадын банкыг оруулахдаа эдийн засгийн боломж гэж харахын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдалд үүсэж болох эрсдэлийг харгалзан бодлогын түвшинд болгоомжтой хандах шаардлагатай.

