Газрын тосны сөрөг үнэ юуг хэлнэ вэ

Bilegt
2020-04-22 17:32:50
Ангилал: Уул уурхай

Америкт газрын тосны үнэ өнгөрсөн даваа гарагт -37.63 ам.доллар болтлоо унаж, анх удаагаа хасах утгатай болов. Ингэснээр үйлдвэрлэгчид газрын тос зарахын тулд мөнгө төлөхдөө тулав уу? 

Дэлхийн өнцөг булан бүрт хөл хорио тогтсоноор гудамжаар машин чихэлдэхээ больж, нисэх онгоцнууд ч мөн сул зогссоноор бензин, шатахууны хэрэглээ огцом буураад буй. Улмаар цэнхэр гараг газрын тосоо хадгалах газаргүй болж, газрын тосны үнийн фьючерс ханшууд түүхэндээ анх удаа сөрөг утга руу оров. Үүний үр дүнд ОХУ, ОПЕК-ын гишүүн орнууд нэг өдрийн газрын тосны гарцаа 9.7 сая баррель буюу 10 хувиар бууруулав.

Хэдий газрын тосны үнэ сөрөг болсон ч энэ нь үйлдвэрлэгчид бараагаа зарахын тулд мөнгө төлж, худалдан авагчид бараатайгаа хамт мөнгө авна гэсэн үг биш. Учир нь сөрөг болж буураад буй үнэ бол ирэх сард зарагдах фьючерсийн үнэ юм. Өөрөөр хэлбэл уг сөрөг үнэ нь -37 ам.доллароор тогтож байгаа бол ирэх тавдугаар сард нэг баррел газрын тосыг зарахын тулд зарах тал нэмж 37 ам.доллар төлнө гэсэн үг. Гэвч даваа гарагт -37 ам.долларт хүрсэнийхээ дараа мягмар гарагт фьючерсийн үнэ эргэн сэргэж 9.06 ам.долларт хүрснээр ирэх тавдугаар сард зарагдах фьючерсийн үнэ хаагдсан билээ.

Мөн газрын тосны үнэ сөрөг утга руу орсон нь бидний худалдаж авдаг бензин огт үнэгүй болно гэсэн үг биш юм. Учир нь газрын тос бензиний зардлын тодорхой хувийг л бүрдүүлдэг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл боловсруулах үе, шат болгоны зардал болон татварууд нэмэгдэж, эцсийн үнэд ихээхэн жин дардаг. 

Энэ бүхнээс гарах сайн мэдээ гэвэл цар тахал дуусч, дэлхий эргэж хэвийн байдалдаа орсноор хүмүүс машинтайгаа зугаалж, жуулчид онгоцоор нисч тив дэлхийгээр аялж эхлэхэд газрын тосны зах зээл эргээд сэргэнэ. Үйлдвэрүүдийн хүчин чадал бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ шигээ гэнэт буурахгүй тул эдийн засаг буцаад хөл дээрээ босно. Ажилгүй болсон хүмүүс ажилд орж, бизнесүүд үүд хаалгаа нээж, хэрэглэгчид эргээд гудамжаар холхилдож эхэлнэ. Гэвч цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй, цаашид газрын тос хадгалах боломжгүй болж байгаа энэ үед газрын тосны үнэ дахин сөрөг рүү орохгүй гэх баталгаа үгүй юм.