Галбын говь дахь ухаалаг, эко хот

Mongolian Economy
2023-04-07 14:51:04

Галбын говьд хот босох нь нэгэнтээ тодорхой боллоо. Хотын нэр нь Ханбогд. Эх орны маань наран ургах хязгаарт орших нэгэн сумын нэр дэлхийн чихнээ дуурсагдана чинээ хэн ч бодоогүй явсан үе бий. Төд удалгүй Оюу толгой гэсэн нэртэй хамт Ханбогд сумын нэр дуулддаг болж, улмаар цаг агаарын мэдээнд Ханбогд нэр байр сууриа баттай эзлээд авсан. Монголын хамгийн дулаахан нутаг. Зундаа +40 хэм хүрч халдаг бол өвөлдөө -15-28 хэмийн хүйтэн. Хөрсөн дээрээ +50 хэм ч хүрдэг гэж нутгийнхан ярилцах. Нохой гаслам халуунд халж, хүйтэнд хөрж, хаврын хавсарга, салхи шуургыг сөрөн амьдарч ирсэн ханбогдчуудын хувь заяа зууны босгон дээр зуун хэм эргэв.

Тус сум 1924 онд Хадан хошуу гэх газарт Галба сум нэрээр анх байгуулагдаад 1941 онд одоогийн Их булагт нүүдэллэн ирж суурьшсан түүхтэй.

Ирээдүйн зуун Ханбогдын хувьд эрс шинэчлэл, бүтээн байгуулалт, хөгжлийн жилүүд болно. Элсэн дундах энэ хот эх орны хөгжлийг тодорхойлсон, тодоос тод гялалзан хөгжсөн хот болно. Ханбогд нэрээ дуурсгасан дэлхийд алдартай хот болно. Олон үндэстэн холхисон, олон жуулчны очихыг хүсдэг газар болно.Таван жилийн дараа дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай хот болон хөгжинө.

Элсэн манхан дунд эгнэшгүй хөгжлийг байгуулж, элсэн цөлийг хөгжилд хувиргасан Америкийн Лас-Вегас, Арабын Дубай зэрэг хотыг хүмүүс андахгүй. Тэгвэл Монголын говьд Ханбогд нэртэй ганган хот сүндэрлэж, олон улсын харааг булаах нь. Ганган хот гэж буйн учир нь элсэн говьд эко хот байгуулж болдгийг монголчуудад харуулаасай гэж хүссэнийх юм. Эмх цэгцтэй, нарийн төлөвлөлттэй, нийгмийн хүртээмжтэй үйлчилгээ, иргэдийн чанартай амьдрал бүхий ногоон хотыг байгуулаасай. Цэвэр агаар, аюулгүй орчин, эрүүл амьдрах нөхцөл бүрдсэн аз жаргалтай хот болоосой.

Ханбогдчуудын мөрөөдөл биелэв

Оюу толгойн уурхай ажиллаж эхэлсэн цагаас ханбогдчуудын амьдрал өөрчлөгдөж ирсэн билээ. Өмнийн говийн энэ сум Монголын бусад 330 сумын нэгэн адил эдийн засгийн үзүүлэлттэй явж ирсэн нь 2010 оноос өмнөх түүх. Харин өнгөрсөн арав гаруй жилд тус сум хөгжлийн өндөр үзүүлэлтүүдэд хүрчээ. Өнөөдөр Ханбогд 8000 орчим суурин хүн амтай, хөдөлгөөнт хүмүүсийн тоо 30 орчим мянгад хүрсэн байна. Улсын хэмжээнд хамгийн олон тэмээтэй сум гэдгээрээ ханбогдчууд бахархдаг. Тэмээний тоо толгой 34.4 мянгад хүрчээ.

Газарзүйн байршлаар ч Ханбогд нь Өмнөговийн стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлдог.

Өмнөговь аймгаас 295км, Улаанбаатар хотоос 779км зайд оршдог. Оюу толгойн орд, зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсийн орд, зүүн тийш Хармагтайн орд, хойд талдаа Цогт-Цэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон уурхайнуудын яг төв хэсэгт байрладаг онцлогтой.

Сумын хэмжээнд хоёр сургууль, дөрвөн цэцэрлэг, орчин үеийн иж бүрэн лаборатори бүхий сум дундын эрүүл мэндийн төв, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Сум дундын шүүх, Сум дундын прокурор, Гал түймэр унтраах аврах 66-р анги, Залуучуудын Хөгжлийн Төв болон таван банк, дөрвөн ШТС ажиллаж байна.

Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар барьсан Сум дундын эмнэлэг, Ханбогд сум /2023.03.31/

Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар барьсан Ханбогд 2-р сургууль /2023.03.31/

Мөн 16 төсөвт байгууллага, 43 ААН, 156 айл өрхтэй. 2013 онд Оюу толгойн санхүүжилтээр урд хөршийн эрчим хүчний системээс 45 км урт цахилгаан дамжуулах шугам татаж, дэд станц байгуулжээ.

Оюу толгой-Ханбогд-Улаанбаатарыг холбосон 12 шөрмөстэй шилэн кабелийн сүлжээгээр мэдээлэл холбооны бүх төрлийг үйлчилгээг үзүүлж байна. Ханбумбат нисэх буудлыг Оюу толгойн хөрөнгө оруулалтаар 2012 онд байгуулсан. Гашуун сухайтын боомтоос Ханбогд сум хүртэл Оюу толгой чиглэлийн 138 км, Ханбогдоос Оюу толгой хүртэл 35 км, уурхайн төвөөс 10 км-ийн зайд нисэх буудал байрладаг, нийтдээ 188 км  хатуу хучилттай замтай. Сумын төв дэх хөдөлгөөн зонхилсон 11 км замын таван км-ийг хатуу хучилттай болгожээ. Энэхүү замын хоёр хажуугаар явган хүний болон унадаг дугуйн зам дурайна. Ийм иж бүрдэл зам нийслэлд ч байхгүй билээ.

Эдгээр үзүүлэлтээрээ Ханбогд бусад сумыг ардаа хол орхижээ. Тиймээс төрөөс хотын статус баталж, хөгжүүлэх гол үндэс нь болж байгаа юм. Харин ханбогдчуудын хувьд 10 гаруй жилийн өмнөөс сумаа хот болгох мөрөөдлийг тээсээр ирсэн бөгөөд өнөөдөр энэхүү мөрөөдөл нь биелж байгаад тус сумынхан баяртай байна.

“Дөрвөн улирал хотхон” Өмнөговь аймаг, Ханбогд сум /2023.03.31/

“Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр” форум

Оюу толгойн гүний уурхайн олборлолт өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд эхэлсэн бол гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс Оюу Толгой” компани ЗГХЭГ-тай хамтран “Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр” форумыг Ханбогд суманд зохион байгуулсан юм.

Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр тус уурхай тасралтгүй, зогсолтгүй ажиллах нөхцөл бүрдэж буй бол Ханбогд сум ч уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн, тогтвортой хөгжлийг бий болгосон үлгэр жишээ хот болох үндэс сууриа энэ өдөр тавьж байна гэдгийг “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тодотгоод Ханбогд хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн түлхүүр бүхий зургийг тус сумын ИТХ-ын даргад өгсөн юм.

Форумаар Ханбогд хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хотын эдийн засаг, бизнесийг хэрхэн үр өгөөжтэй хөгжүүлэх, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах боломжийг хэрхэн бүрдүүлэх, хотын статусаар хөгжихөд сум орон нутаг, иргэдийн хэрэгжүүлэх бодлого, ажлуудын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцсан. Уг форумд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Зээлийн батлан даалтын сан, Оюу толгой компанийн төлөөлөл оролцож, хотын хөгжлийн талаар ярилцсан.

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “Ханбогд-2040 хөгжлийн түлхүүр” гол илтгэлийг тавьсан. Тэрбээр Ханбогд сум хотын статусын хэмжээнд ажиллах эдийн засгийн олон нөхцөл бүрдсэн. Зах зээл, эдийн засгийн боломж хаана байна, тэнд хот үүсдэг. Энэ утгаар Ханбогдод ажлын байр, хүн амын нягтаршил, орчин нөхцөлүүд бий болсон гэдгийг онцлов.

“Эрдэнэс Оюу Толгой” компани эхний гурван жилд хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж буй бол дунд хугацаанд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, ноос ноолуур, арьс шир, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин ажиллана. Урт хугацаанд буюу 2030-2040 онд аялал жуулчлал, дэд бүтэц, мэдээллийн технологийн парк, бусад шинэ эдийн засгийг дэмжин хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Ханбогд хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил ийнхүү өрнөж эхэлнэ. Засгийн газраас хотын статусаар хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж, ерөнхий төлөвлөгөөг баталсан бол ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийх бүтээн байгуулалтуудыг Оюутолгой компани дэмжиж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр  шийдвэрлэсэн.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төслийн түншлэгч Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдад хийсээр ирсэн. Энэхүү хөрөнгө оруулалт үргэлжилнэ. Тус ТББ-аар дамжин ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Ханбогд хотын бүтээн байгуулалтад зориулах нь.

Эдгээр бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Ханбогд хотын эдийн засаг 2040 он гэхэд хүчирхэгжин өргөжсөн байна гэж үзэж байгаа юм.

Ханбогдын нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр 15,9 сая, Ханбогдын ДНБ 137 тэрбум төгрөг байгаа бол 2040 онд хүн ам 25,8 мянга, нэг хүнд ногдох ДНБ 85,2 сая, Ханбогдын ДНБ 2,2 их наяд төгрөгт хүрнэ.

Хүн амын тоо гурав дахин, нэг хүнд ногдох ДНБ 5.4, Ханбогдын ДНБ 16 дахин өсөх тооцоог “Эрдэнэс Оюу толгой” компани хийснээ танилцуулав.

Бизнесийн боломжууд

Тус суманд одоогоор 200 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид ажиллаж байна. Үүний 80 гаруй хувийг үйлчилгээний салбар,10 гаруй хувийг үйлдвэрлэл эзэлж буй тухай “Эрдэнэс Оюу Толгой” компанийн судалгаа харуулжээ. Зоогийн газар, хүнс, барааны дэлгүүрүүд голлох хувийг эзэлж байна. Уул уурхай, барилга, тээвэр агуулахын чиглэлээр 50 гаруй компани ажилладаг.

Гэхдээ Ханбогд суманд 600 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг тухай нутгийн удирдлагын зүгээс мэдээлсэн. Энэ бол мэдээж Оюутолгой төсөлтэй хамтран ажилладаг компаниуд Ханбогд сумтай тодорхой хэмжээгээр холбогддогийг харуулж буй. Гэхдээ форумын үеэр сумын төлөөлөл энэ олон компани юу хийдэг, ямар ашиг өгч байгаа нь харагддаггүй, оффисоо ч нээгээгүй гэсэн шүүмж хэлж байлаа. Харин холбогдох байгууллагын удирдлагууд Ханбогдод дэд бүтэц бий болж, нийгмийн сайн үйлчилгээ нэвтрэх үед компаниуд оффисоо байгуулж эхэлнэ гэсэн хариулт өгсөн.

Ханбогд сумын иргэд, ААН-ийг дэмжиж, эдийн засгийг солонгоруулах, Оюутолгой төслийн уурхайн ажилчдыг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, импортоор алдаж буй валютын урсгалыг эх орондоо үлдээх гол зорилготой таван төсөл боловсруулж бэлэн болгосноо “Эрдэнэс Оюу Толгой” компаниас мөн танилцуусан.

Эдгээр нь өндөглөгч тахианы аж ахуй, махны чиглэлийн үхрийн ферм, сүүний чиглэлийн үнээний ферм, дөрвөн улирлын хүлэмж болон 300 тн-ын багтаамжтай агуулахын төсөл юм. Үүнд 6.4 тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд арилжааны банкны хөрөнгө оруулалтын зээл, жижиг, дунд бизнесийг дэмжих зээл, Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банкны батлан даалттай зээл зэрэг эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж, хэрэгжүүлэх боломжийн тухай ч онцолсон.

Аварга том уурхайг даган хөгжих Ханбогд хотод бизнесийн боломж маш их байна. Оюутолгой уурхай 10 мянга гаруй ажилтантай гэж үзвэл ханган нийлүүлэлтийн маш том механизм ажиллаж байгаа. Тэгвэл уурхайд хамгийн дөт ойр цэг нь Ханбогд. Сумаас уурхай хүртэл 35.1 км хатуу хучилттай замтай. Ханбумбат нисэх буудалтай. Онгоцоор тээвэрлэн авчирдаг хүнсний зарим бүтээгдээхүүнийг Ханбогд хотод үйлдвэрлээд уурхайд нийлүүлэх боломжууд буй тухай бизнесийн төлөөлөл хэлж байлаа. Хамгийн гол нь Оюутолгой компаниас эрүүл, аюулгүй байдлын өндөр стандарт шаарддаг гэдгийг онцолсон.

Мөн аялал жуулчлал хөгжих том нөөцтэй сум. Галбын говь үзэсгэлэнт байгаль ховор сонин ан амьтан, жигүүртэн шувууд олонтой бөгөөд ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт Галбын гурван хийд, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд зэрэг олон дурсгалт газартай.

Төрөөс ч хилийн боомтууд төдийгүй хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа нь тун чухал ач холбогдолтой.

Ийм л бизнесийн орчин, боломжууд Ханбогд хотод харагдаж байна.

Дэлхийн шилдэг тавд багтах уурхайг даган хөгжих шинэ хотыг ухаалаг, байгальд ээлтэй, аз жаргалтай хот болгохын төлөө талууд ажиллах ёстой. Ханбогдчууд өөрсдөө анхаарал тавьж, хамтран ажиллах нь чухал. Дэд бүтцүүд бий болж, чанартай сайн эмнэлэг, сургууль байгуулагдаад ирвэл Оюутолгойтой амьдрал, хувь заяагаа холбосон энэ олон мянган ажилтан шинэ хотод суурьшихыг хүснэ.Тэд 14 хоног тутам онгоцоор гэр рүүгээ нисч, агаарын бохирдол, түгжрэл бухимдалтай нийслэлийг зорихыг хүсэхгүй.

“Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюутолгой сан”-гаас Ханбогд суманд эхний ээлжинд Галба цэцэрлэгт хүрээлэн, спорт, амралтын цогцолбор бүхий төслүүд хийхээр төлөвлөснөө танилцуулахад сумын иргэд ихэд талархалтай буйгаа илэрхийлсэн юм.

Ухаалаг, ногоон, ганган, цэвэрхэн, аз жаргалтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоосон хот хаана байна, тэнд хүмүүс бужигнана. Амьдрах сонголт хийнэ. Монголын өмнө зүгийн Галбын говьд ийм л хот цэцэглэн хөгжинө гэж төсөөлж байна.

“Ханбогд-бүтээн байгуулалт, ажлын байр” форумд оролцсон төлөөлөгчдийн онцлох ишлэлийг хүргэж байна.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа

-Ханбогд сум бүртгэлтэй 8000 иргэнтэй. Гашуунсухайтад 21 аймаг, есөн дүүргийн 20 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байна. Тиймээс “Хөдөөгийн сэргэлт” бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой сумдын нэг. Мөн Ханбогд нь Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт” зорилттой шууд уялддаг сум. Нүүрсний нийт экспортын 56 хувийг Гашуунсухайт боомт дангаар хангадаг. Мөн Өмнөговь аймгийн авто замын хоёр боомт нүүрсний экспортын 78 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

-Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд дэд бүтэц, төлөвлөлт хамгийн чухал. Дэд бүтэц бусад салбарын хөгжлийн суурь нь болдог. Энэ ч үүднээс манай яамнаас Ханбогд сумын дижитал дэд бүтцийг бий болгох, иргэд мэдээлэл солилцох, төрийн үйлчилгээг цахимаар авах зэрэг харилцаа холбооны дэд бүтцийн угсралтын ажлыг үндсэндээ хийж дууслаа. Ханбогд суманд 4G бүрэн нэвтэрсэн.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн

-Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр Ханбогд суманд ажлын байр олноор бий болж хүн амын суурьшил нэмэгдсэн. Энэ хэрээр төрийн болон бусад үйлчилгээ тус суманд төвлөрсөн. Эдийн засгийн боломжийн хувьд ч өссөөр байна. Нэгэнт хүн амын төвлөрөл бий болж, эдийн засгийн боломж өссөөр буй сумыг хот болгон хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

-Засгийн газрын “Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэл ажлуудыг хангаж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ сайтай, боловсролын чанар хүртээмжийг бий болгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт цогцолборыг Ханбогд суманд байгуулснаар Оюутолгой төслийн эргэн тойронд болон Гашуунсухайт боомт дээр  үйл ажиллагаа явуулдаг, ажилладаг иргэд гэр бүлээрээ шилжин ирж суурьших боломж бүрдэж байгаад баяртай байна.

Ханбогд сумын ИТХ-ын дарга Т.Буян-Өлзий

-Ханбогдод суурьших 25 мянган иргэнийг хотын дайтай аятай, тухтай амьдрах орчноор хэрхэн хангах вэ гэсэн хөгжлийн төлөвлөгөө өнөөдөр албан ёсоор гараанаас гарлаа. Сумынхаа дэд бүтцийн асуудлыг шийдэж, Галбын говийг Гандирс хот болгон хөгжүүлэхийн төлөө бүх талтай тууштай хамтран ажиллах болно.

 

 

 

Д.Бэхбаяр

 

 

 

 

 

Mongolian Economy