Өглөөний 08:30 цаг. “Ньюком Групп”-ийн төв байрны үүднээс “Клин Энержи Ази” ХХК-ийн үйлдвэрлэлийн менежер Д.Балсанжамц, засвар үйлчилгээний менежер Г.Содномцэрэн, жолооч Д.Мөнхдаваагийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Цэций” салхин цахилгаан станцыг зорин хөдөллөө. Тус компанийн удирдах түвшний менежерүүд III түвшний үзлэг шалгалтыг сар тутам салхин станц дээр очиж хийдэг аж.
Сунайсан урт 600 гаруй км замыг туулсны эцэст Цогтцэций сумын нутагт орж ирлээ. Даланзадгадыг чиглэсэн замаас салаад хэдэн км явахад алсад Тавантолгойн нүүрсний бүлэг ордын бараа харагдав. Хөрс хуулалтаас үүссэн аварга том овоолго, тэнгэр рүү хэсэг хэсгээр багана үүсгэн бараантах тоос нь мөлхөж буй үлэмж биет амьтан мэт санагдана. Цогтцэций сум үнэхээр их хөлийн газар юм. Дэгсдүүлж хэлэхэд хэр баргийн аймгийн төвөөс том суурин ажээ.
“Цэций” салхин цахилгаан станц нь Улаанбаатар хотоос 625 км, Цогтцэций сумаас 26 км-ын зайд оршдог. Гашуунсухайт, Ганцмодны боомт, Тавантолгой, Оюу Толгой зэрэг дэд бүтэц, уул уурхайн том төслүүд болон БНХАУ-ын хилтэй ойр гээд стратегийн чухал цэг дээр байрлана. Говьд барьсан анхны, Монгол Улсын хоёр дахь салхин цахилгаан станц.
Биднийг очиход станцын хамгаалалтын албан хаагчид шалгалт хийлээ. Дараа нь аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Т.Виктор нэг бүрчлэн танилцууллаа. Ингээд хамгаалалтын малгай, хувцсаа авснаар хагас цэрэгжилтийн горим бүхий онцгой объектод нэг өдөр ажиллахад бэлэн боллоо.
Өглөөний 07:30 минут. Цахилгаан станцын үйл ажиллагааны чухал хэсэг болох өглөө, оройн ээлж хүлээлцэх арга хэмжээ эхэлжээ. Ээлж солилцохын өмнөх 15 минутад станцын нийт инженер, техникийн ажилтнууд цуглаж тухайн өдөр хийгдэх ажлууд болон өмнөх ээлжинд гарсан аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлаар аюулгүй ажиллагааны уулзалт тогтмол хийж хэвшжээ. Шөнийн ээлжинд инженер Э.Энхманлай, ээлжийн техникч Ж.Занданхорол, Г.Мөнх-очир нар 12 цаг ажиллаад бууж байв. Э.Энхманлай инженер өдрийн ээлжинд ажиллах инженер Э.Бямбасүхээр ахалсан багт (ээлжийн техникч Г.Цолмон, Б.Лхагвасүрэн, Г.Одончимэг, Б.Хоролхүү) холбогдох бүхий л тайлан мэдээллийг өгөв. Хоёр ээлжийнхэн мэдээлэл солилцсоноор станц тасралтгүй, найдвартай үйл ажиллагаа явуулах боломж хангагдахаас гадна инженер, техникчид солигдсон ч ганц баг ажиллаж байгаа мэт мэдээлэл, аюулгүй байдлын нэг горимоор ажиллах боломж бүрддэг аж.
Ээлж хүлээлцэх үеэр шөнө, өдрийн багийн техникчид реле хамгаалалтын өрөө, SCADA өрөө, батарейн өрөө, дизель генератор, хаалттай хуваарилах байгууламж, ил хуваарилах байгууламж, хүчний трансформаторын үйл ажиллагааг шалгана. Тоног төхөөрөмж бүрийг шалгаж, танилцаж хүлээж авдаг хатуу чанд горимтой аж. Тэр хэрээр станцын найдвартай үйл ажиллагаа, инженер техникийн ажилчдын аюулгүй байдал, дамаа эрчим хүчийг найдвартай үйлдвэрлэх нөхцөл хангагддаг байна. Ийм чанд сахилга батыг сахиж, нэг хэвийн мэт үйлдлийг өдөртөө хоёр удаа давтах нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлэв.
“Цэций” салхин цахилгаан станцын ажилтнууд дийлэнх нь 20 – 30 насны залуус. Эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, цэргийнх мэт дүрэм журмын дагуу ажиллаж сурсан, өмнөх ажлаа гарын таван хуруу шигээ мэддэг нь тэдний хэлж ярьж, хөдөлж буй үйлдэл бүрээс харагдах нь бахархалтай. Салхин цахилгаан станцад ирснийх салхин турбин генераторуудыг ойроос харах завшаан олдов. Үзлэгт гарахын өмнө мөн л аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөтэй танилцаж гарын үсэг зурлаа.
“Цэций” салхин станцын 700 га талбайд тус бүр 2 МВт-ын хүчин чадал бүхий 25 салхин турбин ажилладаг. Энд 35 кВ-ын кабель шугам, SCADA систем бүхий 110/35 кВ-ын дэд станц, Таван толгой дэд станцтай холбосон 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, ажилчдын байр зэргийг барьж байгуулжээ.
Т.Викторын өгүүлснээр “Цэций” станцыг байгуулагдахаас өмнө энэ талбайгаар нүүрс тээврийн машинууд зорчдог, шороо тоос боссон газар байжээ. Харин өдгөө олон салаа замууд нь эдгэж, ногоо урган, байгалийн онгон төрх нь бүрэн сэргэсэн аж. Салхин цахилгаан станцын цөм болсон турбиныг ХАБЭА-ын ажилтан, харуул хамгаалалтын алба болон засварын ажилтнууд гэсэн тусдаа багууд өдөртөө “эргэж тойрдог” байна.
Ээлжийн инженер Э.Бямбасүхийн баг завгүй ажиллаж эхэлжээ. Тухайн мөчид 11, 22-р турбин 22-р турбин генератор зогссон байв. Ташрамд дурдахад, ээлжийн инженер бол станцад гарсан ямарваа аваар саатлыг нэгдсэн удирдлагаар хангаж аюулгүй болгох үүрэгтэй хамгийн чухал удирдах албан тушаалтан юм. Станц дээр ажиллаж буй бүх хүний амь нас, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал түүнээс шалтгаалдаг гэж ойлгож болно. “Алдаа гаргах ёсгүй ажил. Тиймээс өөрийгөө удирдаж, мэдлэг боловсролоо тасралтгүй сайжруулах ёстой” гэж Э.Бямбасүх онцолсон.
Хоёр турбин генераторт гарсан гэмтлийн тухай мэдээлэл түүний багийнханд “СКАДА” системээр дамжин иржээ. Цахилгаан станцын ажиллагаа бүхэлдээ автоматчилагдсан учраас бүхий л мэдээлэл онлайн системээр дамжина. Засварын процесс ерөнхийдөө дараах зарчмаар явагддаг аж: Ээлжийн инженер хамгийн түрүүнд засварын багт гэмтлийн талаар мэдэгдэж, засварын ажилдаа ороход бэлэн байхыг, гэмтлийн талаар мэдээлэл өгөхийг хүсдэг байна.
Данийн “Vestas” компанийн салхин турбин генераторыг “Цэций” салхин станцад ашигладаг учраас тус компанийн Монгол дахь салбарын засварын баг бүхий л засвар үйлчилгээг нь хариуцна. Тэд мөн өөрсдийн системээр гэмтлийн талаарх мэдээллийг давхар авдаг байна. Үүний дараа “Клин Энержи Ази” компанийн ерөнхий инженерт ээлжийн инженер мэдээлэл өгөх, “Vestas”-ын засварын багаас ажлын захиалга авах, үүнийгээ ерөнхий инженерээр батлуулах, батлуулсны дараа “Vestas”-ын багт эргэж мэдэгдээд, наряд нээж ажилд нь оруулах зөвшөөрөл өгөх процесс өрнөнө.
Хоёр турбин генератор зогссон тухайн мөчид “Цэций” станц төвийн бүсийн эрчим хүчний системд 40 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байлаа. “Энэ бол дөрвөн аймгийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ” гэж Д.Балсанжамц өгүүлэв. Данийн “Vestas” компани дэлхийн 88 улсад салхин турбин нийлүүлж, суурилуулж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг, энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч. Тус компанийн Монгол Улс дахь “Вестас Монголиа” ХХК-ийн талбайн ахлах инженер А.Мандуулангийн баг “Цэций” салхин цахилгаан станцад ажиллаж байв. Тэрбээр 2017 оноос “Вестас Монголиа” ХХК -д дадлагаар ажиллаж эхэлснээс хойш салхин станцтай амьдралаа холбожээ. Туслах ажилтнаар “Цэций” станцад ажлын гараагаа эхлүүлсэн түүний карьер өдгөө “Vestas”-ын олон улсын багууд дундаа хамгийн залуу ахлах инженерүүдийн нэг болтлоо өсөн дэвжжээ. Энэ компанид ажиллаж байсан түүн шиг монгол залуус дэлхийн олон улсад хариуцлагатай ажил, төслийн ахлагчийн ажил хийж байгаа аж.
Салхин турбины засварын ажил амар биш. Бүхээг доторх орон зай бага, кинетик, гидравлик, механик гээд олон төрлийн системтэй ажилладаг, гадаа мөн өндөр орчинд ажилладаг учир ажилтнуудад маш өндөр шаардлага тавигддагаас гадна аюулгүй ажиллагааг хамгийн их эрхэмлэдэг аж. Өндөрт ажиллах зөвшөөрөл авахын тулд “Vestas”-ийн олон улсын аль нэг төвд суралцаж, шалгалт өгөх ёстой.
Ташрамд дурдахад, “Цэций” салхин станц нь 1,700,000 хүн цаг аюул осолгүй ажиллаж байгаа. Байгуулагдсан цагаасаа хойш гэсэн үг. Бас нэг бахархам амжилт.
А.Мандуулангийн багийнхан дөнгөж 20 гарсан залуус. Тэд 22-р турбин генераторын засварыг 18:00 цагийн орчимд дуусгаад ирэхэд хүчтэй салхи дэгдэв. Салхины хурд 20 м/сек-ээс дээш гарсан тохиолдолд салхин турбин генератор автоматаар зогсдог аж. Тухайн үед нэг цаг орчим үргэлжилсэн салхин шуурганы хурд 23 м/сек байлаа. Салхины эрч саараагүй тул засварын ажлаа маргааш үргэлжлүүлэхээс аргагүй болов. Салхин цахилгаан станцын нэг онцлог нь байгалийн хүчин зүйл буюу салхинаас ихээхэн хамааралтай. Үүн дээр нэмээд Монгол инженер, техникийн ажилтнуудын гар нийлсэн, сахилга баттай үйл ажиллагаа, Дани инженерүүдийн бүтээсэн асар ухаалаг турбин генераторын нийлбэрээс бүрдсэн цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна.
Шөнө болсон ч салхины эрч буурсангүй. Нэмээд бороо шаагиж эхэллээ. Үе үе гялалзах аянга нь тэнгэрийн ягаан хаяаг зүсэн газарт буух гэрэлт зурвас мэт харагдана. Аянга цахих тоолонд салхин турбины дүрс сүүдэртэн харагдаж, байгалийн үзэгдэл болон хүний бүтээлийн хооронд тэмцэл өрнөж байгаа мэт санагдах ажээ. Эрт галавын цагт Монголын говьд нутаглаж байсан үлэг гүрвэлүүдийн өлгийд өдгөө хүний гараар бүтсэн аварга том салхин турбинууд ажиллаж байна. Нийт 80 метр өндөр цамхаг, тус бүр нь 54 метр урт, найман тонн жинтэй гурван далбаа, бүхэлдээ 245 тонн жинтэй турбин генератор гэхээр аргагүй үлэмж том “эд” билээ.
Тус салхин станцад ажилласан нэг өдөрт эдгээр 25 турбин генератор 762,365 кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэжээ. “Цэций” салхин цахилгаан станц нэг өдөрт 1,181,900 кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж, 1,152,360 кВт.цаг эрчим хүчийг эрчим хүчний системд нийлүүлж дээд амжилт тогтоож байсан аж. Энэ хэмжээгээ нэмэгдүүлэх, улмаар Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдэж дэлхийд тэргүүлэгч салхин станц болох алсын хараа “Клин энержи ази” ХХК-ийн хамт олонд бий.
“Ногоон хөгжил” сэтгүүлийн 2023 оны №2 дугаараас