Вим Кок: Ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлохын оронд үйлдвэрлэлд татах хэрэгтэй

Mongolian Economy
2026-05-01 11:00:10

“Голланд өвчин”-ийг анагаагч

“Голланд өвчин”-ийг “Голланд гайхамшиг” болгож чадсан тус улсын Ерөнхий сайд асан Вим Кок энэ жил Монголын эдийн засгийн чуулганд урилгаар хүрэлцэн ирж илтгэл тавьсан билээ. Түүний хэрэгжүүлсэн “Polder model” хэмээх загварчлал Голланд улсад 10 гаруй жил үргэлжилсэн уул уурхайн орлогод хэт дулдуйдаж бусад салбараа шахах үзэгдлийг “номхотгож” чадсан байдаг. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон хүртэл баяр хүргэж “Вим, Та анхных нь байсан шүү” хэмээн хэлж байсан удаатай. Монголын эдийн засгийн чуулганы үеэр тэрбээр “Mongolian Economy” сэтгүүлийг онцлон ярилцлага өгсөн юм. 

-“Голланд өвчин” үүсэх болсон шалтгааны талаар ярилцлагаа эхлэх үү?

-Байгалийн баялгийн орлогодоо хэт хөтлөгдөж, өндөр хөгжсөн аж үйлдвэрлэлийн салбараа ганхахад хүргэснээс үүдэлтэй. Байгалийн хийн олборлолт, нөөцөөс орж ирж буй нэмэлт орлогыг боловсрол тэргүүтэй өндөр үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт болгож хангалттай зараагүй. Тухайн үеийн төсвийн зарцуулалтад нэлээд ашигласан. 40 жилийн өмнө Нидерланд төдийгүй Европ тэр аяараа эдийн засгийн хямралд бүдчиж байсан үе юм. 

Үүнээс үүдэн бид үнийн өсөлт, өндөр инфляци,төсвийн алдагдал руу халтирсан. Голланд өвчнийг давахын тулд шинэ шийдэл олох хэрэг гарсан юм. Эцэст нь, Голланд өвчин амжилтын түүх болон хувирч, бид өдийг хүртэл Евро бүсийн хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг хэвээр байна. Үүгээр бид өвчин тусах нь ноцтой асуудал боловч түүнээс ангижирч болно гэдгийг харуулсан. Гэвч нэн тэргүүнд ашигт малтмалын орлогоо дэд бүтэц, боловсрол гэсэн бүтээмж өндөртэй салбарт зарцуулж, түүнээс сэргийлэх нь зүйтэй. Ашигт малтмалын үйл ажиллагаанаас орж ирж буй нэмэлт орлогоор хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж болдог. 

-Нидерланд улсын өндөр хөгжсөн аж үйлдвэрлэлийн салбар байгалийн баялгийн нээлт, олборлолтоос үүдэн шахагдаж, уналтад орсон гэдэг. Голланд өвчний өмнө болон дараа аж үйлдвэрийн салбарын байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

-Аж үйлдвэрийн салбар үргэлж л хүчирхэг байсан. Яагаад гэж үү. Учир нь бидэнд байгалийн хийгээс өөр баялаг байгаагүй. Мөн олон улсын худалдаа, экспорт, импортоос дэндүү хамааралтай улс. Экспорт манай улсын ДНБ-ий 50 хувийг эзэлж байна. Тиймээс бид хүчирхэг аж үйлдвэрийн суурь салбараар өрсөлдөх чадвараа хадгалах хэрэг гардаг. Гэвч тэр үед Голланд өвчинд нэрвэгдэж, манай улсын эдийн засаг тэр дундаа үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа уруудаж эхэлсэн юм. Тодорхой тооны компани цаашлаад бөс бараа, усан онгоцны үйлдвэрүүд хүртэл хаагдахад хүрч, олон хүн ажилгүй болж эхэлсэн. Аж үйлдвэрийн салбар сэргэхэд удаан хугацаа шаардсан. 

Гэсэн ч уг салбар өнөөдөр дахин цэцэглэн хөгжиж байна. Манай улсын хувьд хүн амын насжилт, бусад улсын дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварын өсөлт гэхчлэн амаргүй асуудал олон байгаа ч аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил өндөр түвшинд явж байна. Юу хэрэгтэй вэ гэвэл, өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, чадвартай боловсон хүчин. Боловсролын чанар онцгой сайн байх нь олон улсад өрсөлдөх чадвар бүхий мэргэжлийн өндөр ур чадвартай иргэдтэй болж чадна гэсэн үг. 

-Нидерланд евро бүсийн хямралаас хэрхэн зайлсхийж байна вэ? 

-Уг хямралд бүгд өртөж байна. Одоо ч Европ шигүү ой дундаас хараахан гараагүй. Гэвч евро бүсийн “цаг агаар” хагас жилийн өмнөхөөсөө өнөөдөр харьцангуй дээрдчихээд байна. Хүн бүр энэ үйл явцыг гутранги өнгөөр харж байв. Харин сэргэж буй энэхүү өөдрөг төсөөлөл биднийг хямралаас авч гарах гарц болно. Нидерланд Скандинавын орнууд болон Германтай мөр зэрэгцэж, өдийг хүртэл гурван А (AAA) зээлжих зэрэглэлтэй цөөхөн орнуудын нэг байсаар ирлээ. Тогтвортой байдал, санхүүгийн эрүүл мэндийн хувьд Нидерландын нэр хүнд өндөрт яваа. Энэ бол сайн мэдээ. “Polder model” хэмээх загварчлалын үрээр бид энэ бүгдийг бүтээсэн. 

Улсынхаа төлөө нэгдэж, нэг зорилгын төлөө бие биенийгээ сонсож чаддаг ТББ, холбоод, ажил олгогчид, нийгмийн зүтгэлтнүүд байсан учраас тэнд хүрч чадсан. Энэ бол Нидерланд улсын хувьд төдийгүй Монголын хувьд маш чухал гэдгийг хэлье. Төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудыг огтлолцуулж байдаг нийтлэг эрх ашгийн нэг талбартай байх нь маш чухал юм шүү. 

Тэд үргэлж санал нэгдэж байх албагүй. Зарим үед зөрчилдөж, биенээ сонсч, ятгаж, нэн тэргүүнд тавих нийтлэг зорилтуудаа тодорхойлох нь улс бүрийн хувьд туйлын чухал. 

-“Polder model” загварчлал Нидерланд улсын бодлогын нэг хэсэг одоо ч байсаар байгаа юу. Эсвэл үеэ өнгөрөөсөн стратеги уу? 

-Хуучин загварчлал гэдэг экспортын бүтээгдэхүүнтэй адилгүй гэдэг нь мэдээж. Солонгос, Монголд авчирч болно. Гэхдээ тухайн улс орны нөхцөл байдалд тохируулан хөгжүүлэх хэрэгтэй. Одоо үе болон ирээдүйн нөхцөлд тохирохгүй хуучирсан гэдэгтэй санал нэгддэггүй. Нийтлэг эрх ашигт тулгуурласан чиг хандлага, нийгмийн харилцаа бүх улс орны ирээдүйн хувьд маш чухал гэж боддог. Хэрхэн хийх нь тэдний л хэрэг. Хүн бүр өөр, өөрсдийн арга барилаар асуудалд хандаж шийдвэрлэж болно. Гэхдээ бидний загварчлалыг харахад гэмгүй л гэж боддог. 

Нийгэмд хүн бүрийн оролцоог татаж чадах нь нэн чухал. Гэвч үүнийг зөвхөн Засгийн газар, хувийн хэвшлийнхний гар гэж ойлгож болохгүй.

Жишээ татья. Уул уурхайн салбараас та нарт орлого орж ирж буй. Бид үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ хэрхэн тодорхойлж, эдийн засгаа төрөлжүүлэх талаар ярьдаг. Одоогоос таван жилийн дараа бид хаана хүчирхэг байх вэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуг хийх ёстой вэ гэх зэрэг. Нийгэмд хүн бүрийн оролцоог татаж чадах нь нэн чухал. Гэвч үүнийг зөвхөн Засгийн газар, хувийн хэвшлийнхний гар гэж ойлгож болохгүй. Энэ бол Засгийн газар, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд юм. Хүн бүрт тус дэм болох оролцоо гэж бий. Тиймээс нийтлэг зорилтуудаа тодорхойлдог. Хүн бүр нэг зүгт харцаа чиглүүлнэ гэдэг суурь бат байна гэсэн үг. Энэ л хамгийн том тус. -Зарим мэргэжилтэн болоод олон улсын байгууллага Монгол Улсыг аль хэдийнэ Голланд өвчинд нэрвэгдчихсэн гэж дүгнэж буй. 

Ийм нөхцөлд тулаад ирчихсэн орны хувьд дараагийн авах алхам юу байх вэ. Мөн ямар замаар эдийн засгаа төрөлжүүлж болох вэ? -Нэн тэргүүнд уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас орж ирж буй нэмэлт орлогыг үр дүнтэй хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд баталчихсан олон хууль, төсвийн дүрэм журмууд байна. Тэднээс хазайлгүй, чанд дагаж мөрд. Бүх төсөл нэг түвшний ач холбогдолтой бишээс хойш тэргүүлэх чиглэлүүдээ юу вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох ёстой.

Боловсрол мэдлэг, инноваци, судалгаа шинжилгээ хамгийн чухал нь гэж би хувьдаа хэлнэ. Битгий мартаарай. Дан ганц зам, барилга, төмөр замын бүтээн байгуулалтыг бодохын оронд хүмүүсээ яаж чадавхжуулж, шинэ түвшинд гаргах вэ гэдгийг бод. Учир нь, Монгол шиг орны хувьд өндөр чадавхитай боловсон хүчинтэй байж гэмээнэ удаан хугацаанд олон улсын тавцанд өрсөлдөж чадна. Мөн хөрөнгө оруулалтын орчин, түүнийг гаднын хөрөнгө оруулагчид урьдчилж таамаглаж болохуйц байхад анхаарах хэрэгтэй. 

Тийм байж чадваас тэд энэ улсад ирэхдээ мөнгө, санхүүгийн орчин ямар болох, гэнэтийн бэлгээр гайхшруулах эсэхийг эргэлзэх зүйлгүй мэднэ. Тодорхой байдал гэдэг асар чухал агаад бизнес эрхлэлтийг дэмждэг гол хүчин зүйл. Жижиг, дунд үйлдвэрлэлийн аз сорьсон үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь мөн зүйтэй. Тэдгээр компаниудын үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж, санхүүгийн байгууллагуудаар зээл олгуулах зэргээр санхүүгийн системээр нь зохицуулалт хийж өгөх хэрэгтэй.

Үйлдвэрлэл, санхүүгийн салбар хоёр хамтдаа байсан тохиолдолд хөл дээрээ зэрэг босдог учир нэг нь ганцаараа өөдөлнө гэж байхгүй. Санаа оноогоо уралдуулан нэгтгээд эдийн засгаа хүчирхэг болгоход ашигла. Төрөлжилтийн хувьд одоогоор аль хэдийнэ бүрдчихсэн байгаа хүчин чадлаа л ашиглах нь зүйтэй. Монголын эдийн засгийн хувьд мэргэжилтэн шиг мэдлэггүй ч олон янзын үйл ажиллагааны цуглуулга, экспортын дэмжлэг ихээхэн тус болно гэж бодож байна. Шууд бүтчихдэг зүйл биш л дээ. Хугацаа хэрэгтэй. Нидерландчууд бид ч цэцэгсээ ургуулж, олон улсад түүнийгээ таниулахын тулд урт удаан хугацаанд хөдөлмөрлөсөн. Монголын тодорхой салбаруудын тухайд ч ийм л замналыг туулна. 

-Монгол тэргүүтэй байгалийн баялаг ихтэй орнууд сангийн бодлогодоо ямар тэргүүлэх зарчмуудыг баримтлах нь зүйтэй вэ? 

-Төсөв сангийн хуучинсаг (консерватив) үзэл баримтлалд тулгуурлах гэж хэлнэ. Энэ нь байхгүйгээ үрэхгүй гэсэн үг. Орлогын энгийн эх үүсвэрт суурилан юунд зарцуулах вэ гэдэгт маш нарийн хандах хэрэгтэй. Мөнгөө зүгээр нэг гарынхаа салаагаар урсгачихаж болохгүй. Яагаад хэрэгтэй юм, ямар үр дүнг үзэх юм гэдэг нарийн тодорхойлолтгүйгээр төсөл битгий сонго. -Аль хэдийнэ Голланд өвчинд нэрвэгдчихсэн Монгол Улс хэрхэн илааршиж болох вэ? -Монгол Улс зөв зам дээр зогсож байна. Ядуурлын түвшин дээгүүр, орлогын хэмжээ доогуур ч хөгжингүй орон болох шатаар алхаж байна. Гэвч тус өсөлтийг нийтэд хүртээмжтэй байлгах тал дээр маш их ажил хийх хэрэгтэй. 

Монгол өндөр инфляцийн эрсдэлийг маш сайн тооцоолж, түүнээс болгоомжлох нь зүйтэй. Танай улсын Төвбанкны Ерөнхийлөгч инфляци буурч байгаа гэж хэлсэн. Хэдийгээр инфляци доошилж байгаа ч өндөр түвшинд байсаар байна. Энэ бол мэдээж асуудал. Замаасаа хазайчихгүй урагшлах арга бол удаан хугацаанд нийт иргэнд болоод эдийн засагт өгөөжтэй тэргүүлэх ач холбогдолтой эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулах юм. 

-Аливаа улс орны халамжийн бодлого ямар байвал хамгийн зохист хувилбарт тооцогддог вэ? 

-Энэ бол ард иргэдийн хүслээс л шалтгаална. Азийн орнуудад хуучнаа бодвол илүүтэйгээр хөгжил, хөрөнгийг халамжийн системтэй холбох хандлага ажиглагдах болж. Тухайлбал, Хятад, Солонгост өрнөж буй мэтгэлцээнээс харж болох. Гэвч халамж гэдэг үнэгүй олддог зүйл биш гэдгийг санах ёстой. Хэн нэгэн түүнийг төлөх л ёстой. Халамжийн бодлогыг тэд л авч яваа.

Тухайлбал, ажлаа алдсан нэгэнд ажилгүйдлийн тэтгэмж ямар чухлыг ойлгоно гэдэг орлогынхоо тодорхой хувийг цааш нь хийнэ гэсэн үг.

Ийм л учраас нийгмийн даатгал, бусад татвараас халамжийн мөнгийг бүрдүүлж байдаг. Энэ бол диваажингаас буугаад ирдэг үнэгүй бэлэг биш. Халамжийн системийг мэдээж хүлээн зөвшөөрдөг. Европ болон манай улсын бий болгож чадсан халамжийн системээр би их бахархдаг. Гэвч та бүхэн энэ мөнгө бусдын хөлс, хүч гэдгийг ямагт санах нь зүйтэй. Тодорхой зорилгоор хадгалж буй энэ мөнгийг зүгээр нэг цалин хөлс нэмэгдүүлэхэд ашиглаж огт болохгүй. 

-Халамжийн хэт тэлсэн бодлого Монгол Улсыг хааш нь аваачих бол?

-Монгол Улсын халамжийн бодлого тэгж их тэлээд байна гэж бодохгүй байна. Халамжийн бодлогыг хазаарлаж, зөв зүгт залах гэж хичээж буй одоогийн оролдлогыг “халамж бол бэлэг биш” гэдгийг ойлгож буйн үр дүн гэж харж байна. Халамжийн бодлогын одоогийн харагдаж буй дүр зургийг цаашид хөгжүүлэх нь тийм өндөр эрсдэлтэй алхам гэж бодохгүй байна. 

-Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдтэй эн зэрэгцэх бусад төрлийн брэнд бүтээгдэхүүн гаргаж ирэхийг зорьж буй монголчуудад Та юу гэж зөвлөх вэ? 

-Гаднын хүний нүдээр харахад ашигт малтмалын бүтээгдэхүүнээ зөвхөн түүхийгээр нь экспортлоод байхын оронд үйлдвэрлэлд татах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Хөдөө аж ахуйн салбарыг тухайлбал, түүнээс гаргаж авч болох бүтээгдэхүүнтэй нь сайн холбож өгч болно. 

Тухайлбал, Нидерландад улсынхаа хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг өсгөөд зогсохгүй эдийн засгийн өсөлтөд голлох байр суурь эзлэх хэмжээнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чадварлаг компаниуд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ төрийн албаныхны хандлага, ёс зүйг чухалчилж байсан. Дүрэм, журам түүний хэрэгжилтэд зөвхөн сэтгэл ханаж болохгүй. Энэ бол их чухал. 

-Монгол Улс ногоон эдийн засгийг хөгжүүлэхийг зорьж байна. Урт хугацаанд ногоон гэдэг тодотгол эдийн засагт хэр өгөөжтэй байх вэ? 

-Бидний хэн хэн нь байгаль орчны тогтвортой байдалд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан хувийн компаниуд нэн ялангуяа үүнийг маш сайн анхаарах нь зүйн хэрэг. Эцэстээ энэ бол тухайн компанийн зөвшөөрөл урт хугацаанд үйл ажиллагаа явуулж чадах эсэхтэй холбоотой асуудал. Хүрээлэн буй орчин, агаарын чанарыг муутгах нь компаниудад ч ашиггүй. 

Төр, хувийн хэвшлийнхний зүгээс уул уурхайг илүү хариуцлагатай, байгаль орчны хувьд тогтвортой байлгахад хамтарч ажиллах ёстой. Олон улсын гэрээ хэлэлцээрт тулгуурлан стандарт тогтоож өгөх нь нэн чухал. Ашигт малтмалын орлого чухал ч илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй замаар уул уурхайн үйл ажиллагаа өрнөх ёстой. Алс хэтдээ энэ л бидэнд хамгийн ашигтай хэлбэр юм. 

Mongolian Economy сэтгүүлийн “Уул уурхрайн илч буурав уу” дугаарын 24-27-р нүүр

2013.04.13

Mongolian Economy