Гэрийн даалгавараа хийсэн үү?

B. Misheel
2020-01-10 13:25:01
Ангилал:

Дэлхий нийтээрээ дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг (ТХЗ) 2015 оны есдүгээр сард баталснаар улс орнууд 2030 он хүртэл хийх гэрийн даалгавартай болсон. Тогтвортой хөгжлийг ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангах гэсэн энгийн зарчмаар тодорхойлдог бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэх гурван тулгуурт суурилдаг. Тэгвэл Монгол Улс өнгөрсөн гурван жилд энэ чиглэлд, тэр дундаа байгаль орчны салбарт ямар ахиц гаргасан бэ? 

Манай улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ТХЗ-ын зургаа нь шууд хамаардаг. Тодруулбал, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, тогтвортой аялал жуулчлал, агаарын чанар, хог хаягдлын менежмент, уур амьсгалын өөрчлөлт болон хуурай газрын экосистемийн хамгаалал зэрэг асуудлыг багтаасан зорилгуудын шалгуур үзүүлэлтэд тулгуурлан ахиц дэвшлээ хэмжих боломжтой. 

2018 оны НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссийн (ЕЭЗК) Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээнд Монгол Улсыг ТХЗ-ын хүрээнд үндэсний бодлогын бичиг баримт ба байгууллагын механизмыг бий болгох тал дээр тэргүүлэгчдийн нэг болохыг дурдсан ч эдгээрийн мөрдлөг, хэрэгжилт удаашралтай байна гэжээ. Байгалийн нөөцийн менежментэд орон нутгийн иргэдийн оролцоог амжилттай нэмэгдүүлж буйг нутгийн иргэд, ТББ-уудын идэвхтэй үйл ажиллагаа харуулж байна. Ололт амжилтад хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулсан, тахь нутагшуулалт ба эко сургуулийн тоог нэмэгдүүлсэн зэрэг багтсан бол нэмэгдэж буй уул уурхайн үйл ажиллагаа, агаарын бохирдол мөн энэ асуудлыг зөвхөн нийслэлийн хүрээнд авч үзэж буй нь гол сорилт болохыг онцолжээ. ТХЗ-ын хэрэгжилт зүүн өмнөд Азийн орнуудын дундажтай ойролцоо байгаа ч 17 зорилгын тэн хагас нь улаан буюу бэрхшээлтэй хэмээн тэмдэглэгджээ. Манай улс энэ оны долдугаар сард Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, цаашид анхаарах зүйлсийн талаар Үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д танилцуулсан. Тус илтгэлд Монгол Улсын байгаль орчны салбарт гаргасан ахиц дэвшилд манай улс УАӨСК-оор хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж буйг онцолжээ.  

Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж буй ажлууд 

ТХЗ 6: Манай улсын усны нөөцийн ихэнх хэсэг нийт газар нутгийн 30 хувьд  бүрэлдэн бий болдог бол үлдсэн хувь нь усны хязгаарлагдмал нөөцтэй эсвэл хомсдолтой байдаг. Үндсэн чиг үүргийн яам болох БОАЖЯ усны нөөцийг тогтоож, баталгаажуулах ажлыг хариуцдаг. Усны нөөц ашигласны ямар ч төлбөр төлдөггүй улс манайхаас өөр байдаггүй бөгөөд шатлан өсгөх зарчмыг баримтлан төлбөрийн систем бий болгохоор ажиллаж буйг тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган онцоллоо. Орон сууцны хэрэглэгч хоногт 110 л хэрэглэдэг бол ДЭМБ-ын судалгаагар хүний наад захын хэрэгцээг хангах усны хэмжээг хоногийн 10 литр гэж тогтоожээ. Төлбөрийн системийг нэвтрүүлснээр иргэдийн ухамсарт хэмнэх ухаан суулгах юм.  

ТХЗ 8: Уг зорилгын есдүгээр зорилтын хүрээнд эко аялал жуулчлалыг дэмжих бодлогыг баримталж буй. Үүний цаана буй концепц нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр асфальтан зам тавих бус аялагчдыг алхах, ердийн хөсгөөр зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэргээр байгальд халгүй аялалыг дэмжих юм. Үүнээс гадна эко аялал жуулчлалд аялагчдын хариуцлагын асуудал чухал байр суурь эзэлнэ. Хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аяллын гол чиглэлүүдэд түр буудаллах цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ жил Түлүүгийн даваа, Элсэн тасархай зэрэг газарт ариун цэврийн байгууламж байгуулжээ. 

ТХЗ 11: Хаягдалгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд байгууллагууд ухаалаг шийдлийг нэвтрүүлж, хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлага үүсэж буй. Тухайлбал, үйлдвэрүүд цэвэрлэсэн усаа бусад үйлдвэрүүдэд ашиглахаар өгөх, ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх зэргээр дахин ашиглах тогтолцоог бий болгосноор хаягдалгүй эдийн засгийг дэмжих боломжтой. Ингэсэн байгууллагуудад эргүүлээд төрөөс татаас, урамшуулал олгодог байх зэргээр шийдэх боломжийг бий болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд БОАЖЯ олон улсын байгууллагуудад хүсэлт гаргаж MCS компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцид хүргэх боломжийг судлах ажлыг хийлгэж байна.  

ТХЗ 12: Хог хаягдлыг зайлуулах нь өртөг өндөртэй байдаг. Энэ тал дээр манай улс бохирдуулагч нь төлбөр төлөх, ашиглагч нь нөхөн сэргээх гэсэн агуулгын эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж эхэлсэн. Мөн бүх төрлийн хуванцар сав суулга, машины аккумулятор, дугуй, бүх төрлийн зай, шил болон химийн хорт бодис зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдод нэмэлт төлбөр ногдуулах Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж буй. Ингэснээр үйлдвэрлэгч, импортлогчдын хариуцлага нэмэгдэж, тэднээс авсан төлбөрөөр эргээд хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг тогтвортой менежментэд хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Аюултай хог хаягдлыг устгах тусгай байгууламж барих газрын асуудлыг Багануур, Сонгинохайрхан дүүргүүдэд энэ жил шийджээ.  

ТХЗ 13: Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хүлэмжийн хийн ялгарал хамгийн ихтэй барилга, эрчим хүч, зам тээвэр болон хөдөө аж ахуйн салбаруудад импортлогч, үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх буюу тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо дэвшүүлсэн. Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих олон улсын санхүүгийн эх үүсвэрүүд олноор бий болсны дотор Уур Амьсгалын Ногоон Сантай манай улс энэ чиглэлд долоон төсөл хэрэгжүүлж буй. Эдгээрээс хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл нь АХБ-ны тусламжтай хэрэгжүүлж буй Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл юм. 

ТХЗ 15: Газар нутгийг тусгай хамгаалалтад авч буй нь экосистемийн үйлчилгээг дэмжих, газрын доройтол болон цөлжилтийг нэмэгдэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой. Монгол орны усны эх бүрэлдэх газрын 48 хувийг тусгай хамгаалалтад авсан бол тусгай хамгаалалтад авсан газрын хэмжээ нийт газар нутгийн 20.1 хувийг эзэлж буй.  2019 онд 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад нэмж авснаар тусгай хамгаалалттай газрын тоо 115 болж нийт 31.4 сая га нутгийг хамарч байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөхөөр 1.3 сая га хэмжээтэй есөн газрыг шинээр хамгаалалтад авахаар төлөвлөж буй.  

B. Misheel