Г.Ариунбуян: Үндэсний хэмжээнд гамшгийг тэсвэрлэх чадавх бий болгохоор ажиллаж байна

Mongolian Economy
2024-01-24 11:37:56
Ангилал: Ярилцлага

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

-Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд асар ихээр өртөж байгаа энэ цаг үед Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) ямар стратеги, тактикийн өөрчлөлт, шинэчлэл хийж байна вэ?
-Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авах чадавхыг инновацын хөгжил, технологийг ашиглан сайжруулж, гамшгаас хамгаалах зорилт стратегийг  шинэчлэх цаг үеийн шаардлагыг бий болгож байна.

Гамшгаас хамгаалах өнөөгийн тогтолцоо бол гамшиг, аюул тохиолдсоны дараа бус уур амьсгал, гамшгийн олон аюулын эрсдэлийг урьдчилан үнэлж, сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, салбар дундын удирдлагыг хэрэгжүүлэх удирдлагын цогц тогтолцоонд шилжсэн. ОБЕГ энэ хүрээнд  Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг Монгол Улсад дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г нийт гурван үе шаттайгаар 2017-2030 хүртэл “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050” зэрэг стратегийн бодлого хөтөлбөртэй нийцүүлэн ажиллаж байна. Дээрх стратегийн хүрээнд бид хот суурин газарт өсөн нэмэгдэж буй хүн амд гамшгийн зарлан мэдээллийг хүргэх, иргэнээс эхлээд аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх түвшинд эрсдэлийг бодитой үнэлж, төлөвлөлт бэлэн байдлыг хангуулах, нэг үгээр үндэсний хэмжээнд гамшгийг тэсвэрлэх чадавхыг бий болгох зорилтыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын ноцтой үзэгдлүүд нь онцгой байдлын албанд ямар сорилтуудыг тулгаж байна вэ?
-Сүүлийн 50 жилд цаг агаар, уур амьсгал, устай холбоотой аюулт үзэгдлээс шалтгаалсан 11.000 орчим гамшиг тохиолдож, хоёр сая гаруй хүн ам амь насаа алдаж, дэлхийн эдийн засагт 3.6 их наяд долларын хохирол учруулсан тоон мэдээ бий. 2022 оны “Дэлхийн гамшгийн эрсдэлийн тайлан”-д уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшиг, аюулт үзэгдлийн тоо дараагийн таван жилд 30-40 хувь нэмэгдэхийг тэмдэглэсэн.

Нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зуд, салхи шуурганы давтамж, үер ус, хуурайшилт, ой, хээрийн түймрийн эрсдэл улам бүр харилцан хамааралтай болж, хавсарсан эрсдэлүүд үүсэж, хариу арга хэмжээ авах “алтан цаг” хугацаа улам бүр богиносож, онцгой байдлын алба хаагчдыг мэргэжлийн байж, илүү богино цаг хугацаанд иргэдэд хүртээмжтэй хүрч ажиллахыг шаардаж байгаа нь өргөн уудам нутагтай, хот суурин газартаа хүн амын төвлөрөл ихтэй манай орны хувьд томоохон сорилтыг бий болгож байна.

Гамшиг, аюулт үзэгдлээс иргэдийн амь нас эд хөрөнгийг авран хамгаалах тэргүүлэх чиг үүргээс гадна гамшгийн үед дулаан, эрчим хүч, зам гүүр зэрэг нэн чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын удирдлага зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад гэнэтийн аадар бороо, үерийн улмаас хүний амь нас, эд хөрөнгөд учрах хохирол нэмэгдэж байгаа нь онцгой байдлын байгууллагад тулгарч буй бас нэгэн сорилт юм. Уур амьсгалаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийн тоо, давтамж ийнхүү нэмэгдэж, олон төрлийн “шинэ” эрсдэл үүсэж байгаагаас шалтгаалан онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг мэргэжлийн түвшинд сургаж бэлтгэх, орчин цагийн шинэ технологи, багаж зэвсэглэмжтэй ажиллах чадавхыг эзэмшүүлж, аврах, гал унтраах тоног төхөөрөмж, техник зэвсэглэмжийн хангалт, хөдөлмөр хамгааллыг шинэчлэх шаардлагатай байна.

Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд төр, засгаас ихэд анхаарч, зөвхөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын хөнгөлөлттэй зээл,  буцалтгүй тусламжаар техник тоног төхөөрөмжийн хангалтыг хийж ирснийг тэмдэглэн хэлье. Одоогийн байдлаар техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэл 37-40 хувийн хангамжтай байгаа бол хамгийн дутагдалтай нь гамшгийн үед үүрэг гүйцэтгэх харилцаа холбооны бэлэн байдал, иргэдэд хүргэх зарлан мэдээллийн систем 26-28 хувьтай байгаа юм.

-Гамшигтай тэмцэх үүргийг манай ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага зөвхөн мэргэжлийн байгууллагуудад тохдог явдал бий. Эрсдэлээс сэргийлэхийн тулд талуудын оролцоог хэрхэн хангах шаардлагатай вэ?
-Гамшиг хэнийг ч ялгадаггүйн тод жишээг дэлхийн улс орнуудад болж буй гамшиг,  гамшгийн хор хохирлын хэмжээнээс харж болно. Гамшгийн үеийн шуурхай үйл ажиллагаа бол талуудын оролцоог бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа учир төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард иргэдэд үүрэг хариуцлагыг нь бүрэн ойлгуулах, эрсдэлийн боловсрол мэдлэгийг олгох, тэднийг сургаж дадлагажуулах нь бидний тэргүүлэх чиглэл юм. Энэ хүрээнд Засгийн газар “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлан 2025 он хүртэл хэрэгжүүлж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах ухамсарт соёл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах тогтолцоог бид иргэн, хуулийн этгээд, ААН, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын түвшинд бүрдүүлэхийг зорьж хууль эрх зүйн томоохон шинэчлэлүүдийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцооноос гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд шилжүүлж чадсан. Тухайлбал, 2003 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд талуудын оролцоотой холбоотой 81 зүйл  заалт, 2017 оны шинэчилсэн найруулгад 121 зүйл туссан байсан бол 2021 оны нэмэлт өөрчлөлтөөр 152 зүйлд оролцогч талуудын эрх үүргийг тусгасан.

-Бүхий л гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж энэ удаагийн форумын үеэр дурдсан. Маш их эрсдэл дунд амьдарч байгаа тохиолдолд бид тэдгээрээс хэрхэн сэргийлэх вэ? Та төр засаг, иргэн, компанийн түвшинд тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Энэ удаагийн форум Монгол Улсын Шадар сайдын ивээл дор болж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог хангасан, монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчинд учирч буй эрсдэлийг тал бүрээс нь авч үзэж, нээлттэй хэлэлцсэн анхны үндэсний форум болж буйгаараа онцлог байлаа. Манай улсад сүүлийн 20 жилд гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол 30.2 хувиар, гамшиг ослын улмаас амь насаа алдсан хүний тоо 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.3 хувиар, улс орны эдийн засагт учирсан хохирол 54.8 хувиар өссөн.

Гамшиг, аюулт үзэгдлээс шалтгаалж эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөлөл улам бүр өссөнийг үндэсний форум онцолсон.

Монгол орны эрсдэлийн зураглал хот, хөдөөгөөр харилцан адилгүй. Тухайлбал, хот суурин газарт орон сууцны болон ахуйн гал түймрийн эрсдэл өндөр, барилга орон сууц, дэд бүтцийн хувьд хур борооны үер, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавх хангалтгүй байна. Нийслэлийн хэмжээнд олон аюулд хамгийн их өртөж буй нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг. Үерийн аюулд өртөх бүсчлэлд хотын хүн амын 40 хувь амьдарч, 5.5-аас дээш магнитудын газар хөдлөлтөд 97 хувь нь өртөх эрсдэлтэй.

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд нэн тэргүүнд эрсдэлийн хүчин зүйлийг ойлгож, үнэлэх хэрэгтэй юм. Тухайлбал, амьдарч буй  газар оронд гамшгийн ямар эрсдэл байгааг сайтар ойлгох нь эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх боломжийг бий болгодог. Нийслэлийн иргэд гамшиг, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээнд сонор соргог байж, өрх бүр гамшгийн зарлан мэдээллийг хүлээн авч, хариу арга хэмжээ авах арга дадлыг эзэмших нь тэргүүлэх ач холбогдолтой. Амь нас, эд хөрөнгө, барилга орон сууцыг гал түймэр, газар хөдлөлт, үерийн эсрэг гамшгийн эрсдэлийн даатгалд даатгуулах, өрхийн түвшинд гамшиг ослын үед авах арга хэмжээг төлөвлөж, бэлэн байх юм.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө санхүү, гамшгаас хамгаалах зардлыг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэж, эрсдэлийн удирдлагыг өөрийн салбарын болон орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зорилтод тусгаж, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгож, тасралтгүй туршиж тодотгох, гамшгийн хор уршгийг арилгах удирдлага зохицуулалтын чадавхыг дор бүрнээ ханган ажиллавал гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хохирлыг бууруулах юм. Томоохон гамшиг тохиолдоход Онцгой байдлын байгууллагын нөөц хүрэлцэхгүй байх, хүрч очих хугацаа алдах тохиолдол гарна. Энэ үед иргэд бие биедээ туслах сэтгэлтэй, мэдлэгтэй, чадавхтай байхыг аль ч улс оронд зөвлөдөг. Манай улс ч мөн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, сайн дурын бүлэг, иргэдийг бэлтгэж ирсэн.

-ОБЕГ-ын ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулна уу?
-Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Агаараас эрэн хайх нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал түймэр  унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг 2020-2023 онд хэрэгжүүлж байна. Нисэх албатай болсноор 94 удаагийн дуудлагаар 133 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, авран хамгааллаа.

Цаашид тус төслийн хүрээнд бэлтгэгдэж байгаа Онцгой байдлын байгууллагын нисгэгч, инженер техникийн ажилтан, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор төслийн хоёрдугаар шатыг эхлүүлнэ.

Мөн төслийн бүрэлдэхүүн хэсэг болох гал түймрийг хөөсөөр унтраах гурван автомашин, автомеханик шатны 15 автомашин, хөөс үүсгэгч бодис нийлүүлэгдэнэ. Түүнчлэн ЖАЙКА  байгууллагатай хамтарч “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг 2022 оноос  эрэгжүүлж барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, заавар, газар хөдлөлтийн хүчитгэлийн зураг төсөл боловсруулж, инженер техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дэмжих юм.

ОБЕГ Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төслийн нэгдүгээр үе шатыг 2017-2018, хоёрдугаар үе шатыг 2019 онд хэрэгжүүлсэн бөгөөд гуравдугаар үе шатыг 2023-2024 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа уул уурхай, өндөр барилга, нуранги зэрэг хүндрэлтэй
нөхцөлд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах чадавх бэхжинэ.

Мөн цаашид “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.

 

Mongolian Economy сэтгүүлийн 2023 оны 12-сарын (№194) дугаараас
Тус дугаарын унших

 

 

 

Mongolian Economy