Г.Түвдэндорж: Төрийн бүх байгууллага хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүрэг хүлээнэ

B Shurenchimeg
2023-07-10 09:22:18

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл болон гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа. 

-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай хандаж эхэлсэн, өмнөх алдаа дутагдлаа засна гэж өнгөрсөн жилийн Эдийн засгийн форумаар зарласан. Бид үнэхээр хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадав уу?

-Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль, эрх зүйн томоохон ажлуудыг хийж чадсан. 

Гадаадын хөрөнгө оруулагч нь тухайн улсын хөрөнгө оруулалт, бизнесийн талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь хэр тодорхой, ойлгомжтой вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгдөг. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын бизнесийн найдвартай байдал, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр төрөөс баталгаа гаргах, дэмжлэг үзүүлэх, аливаа бизнесийн маргаан гарсан тохиолдолд хаана хандах, хэрхэн шийдвэрлэх тогтолцоо нь тодорхой байгаа эсэх нь хамгийн чухал. 

Эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, институтийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр манай яамнаас хийсэн ажлууд тодорхой үр дүн гаргаж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барилаа.

Уг хуулийн төслийн гол онцлог нь хөрөнгө оруулагчдад зах зээлийн судалгаа, мэдээллийг хангалттай олгох, шинэ хөрөнгө оруулагчийн бүртгэл, тусгай зөвшөөрөл авах процессыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрхийг хамгаалж гаргасан гомдол маргааныг түргэн шийдвэрлэх тогтолцоог тусгасан. 

Хуулийн төсөл батлагдахыг хүлээхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, 2019 оноос хойш шийдвэрлээгүй байсан 32 гомдлыг өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагуудад даруй шийдвэрлэх үүрэг өгсөн. 

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг шинээр байгуулан ажиллаж байна. 

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдаж буй гол концепт нь юу вэ? Хөрөнгө оруулагчдад болон Монгол Улсад аль алинд нь харилцан ашигтай байх ямар өөрчлөлтүүд орох вэ? 

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахад чиглэсэн. Мөн хөрөнгө оруулалтыг хязгаарласан зарим зохицуулалтыг арилгаж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, хөрөнгийг хамгаалах, аливаа үүсэх маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг хангах зэрэг өөрчлөлтүүд орсон. 

Түүнчлэн төрийн бүх байгууллага хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүрэг хүлээж, төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах,  гэрчилгээ олгох шалгуурыг цахимжуулах байдлаар хялбаршуулсан. Мөн татварын урамшуулалтай холбоотой асуудлыг тодорхойлсон.    

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинжээчид болон иргэдийн зүгээс хэтэрхий нэг салбарт төвлөрсөн, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхаарахгүй байна гэсэн шүүмжлэл байна. Салбар бүрд хөрөнгө оруулалт татах чиглэлээр ямар ахиц гарах вэ? 

-Хөрөнгө оруулалтын тухай хууль бол эдийн засгийн бүх салбарыг хамарсан ерөнхий хууль юм. Зөвхөн нэг салбарыг зохицуулсан хуулийн төсөл огтоос биш. Тиймээс нийгэм, эдийн засгийн бүх салбар, хувийн хэвшлийн саналыг авч, хуулийн төсөлд тусгахад онцгойлон анхаарсан. 

Эдийн засгийг төрөлжүүлэх, бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд, уул уурхайн салбарыг түшиглэн шинэ технологи нэвтэрсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах нөөц боломж өндөртэй хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, эрчим хүчний салбаруудыг хөгжүүлэх гэсэн хоёр чиглэлийг харилцан уялдуулж, ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн бидэнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. 

Бид олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд төрийн байгууллага зэрэг 120 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийж, олон нийтийн 700 гаруй саналыг хүлээн авч хуулийн төсөлдөө тусгасан. 

Түүнчлэн, зарим салбар хуулиудаар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан байсныг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан гарах бусад хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж гадаадын хөрөнгө оруулагч нарт нээлттэй болгох зохицуулалтуудыг хийгээд байна.  

Эдгээр ажлын үр дүнд эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5 хувьд хүргэх, экспорт 14.1 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.долларт, гадаад валютын албан нөөц 4.4 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. 

-Хэдий хууль баталдаг ч хэрэгжилт сул байсаар ирсэн. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч хуулийн хэрэгжилт сул байгааг хэлдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилт цаашид бодит байдал дээр үнэн зөв, шударга хэрэгжихэд хэрхэн хяналт тавих вэ?

-Хуулийн хэрэгжилтийг бодитоор хангуулах талаар хуулийн төсөл боловсруулахдаа онцгойлон анхаарч ажилласан.

Хөрөнгө оруулалтын асуудал нь өргөн хүрээг хамарсан олон салбарт хамаардаг тул төрийн бүх шатны байгууллагаас хөрөнгө оруулалтыг хуулийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах талаар үүрэгжүүлсэн зохицуулалтууд оруулсан. 

Үүнтэй уялдуулсан төрийн байгууллага албан тушаалтан буруутай үйлдэл гаргасан тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл болохыг мөн хуульд тусгасан.

-Одоо хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын дэмжлэг Татварын ерөнхий хууль болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуультай уялдаагүй байдлаас үүдэн татварын дэмжлэг хөнгөлөлт хэрэгждэггүй гэсэн гомдлыг хөрөнгө оруулагчид тавьдаг. Цаашид энэ маргааныг хэрхэн тодорхой болгох вэ? 

-Одоогийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх хүртэл дэмжлэг үзүүлэхээр заасан. Гэсэн ч хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явцад татварын хууль тогтоомжид тусгаагүйгээс буюу хэрэгжүүлэх шатанд боломжгүй байсан. 

Тиймээс хөрөнгө оруулагчдад ойлголтын зөрүү үүсэхээр урьдчилан сэргийлэх, татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулах шаардлагад нийцүүлэн татварын урамшууллын асуудлыг татварын хуультай нийцүүлэн хуулийн хийдлийг арилгасан.   

Харин бусад Татварын маргаан таслах зөвлөл, шүүхэд хандсан татварын маргааны асуудал нь татвар төлөлт, ногдуулалт зэрэг татварын хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой тусдаа асуудал юм.

-Мөн бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд урт хугацаа зарцуулдаг. Шүүгчид хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэхээс зайлсхийдэг, шийдвэрлэх ажиллагаа үр дүн муутай зэрэг шүүхийн процесстой холбоотой олон шүүмжлэл, гомдол гардаг. Цаашид энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ?

-Засгийн газраас хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд томоохон ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай шийдвэрлэх, шүүхийн ачааллыг бууруулах, шат дамжлагыг багасгах зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах ажлууд хийгдэж байгааг дурдах нь зүйтэй болов уу. 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухайд төр, хөрөнгө оруулагч нарын хооронд үүссэн хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг олон улсын арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлэх “арбитрын зөвшөөрөл”-ийг хуулийн төсөлд шинээр тусгасан.

Шүүхийн онцгой харьяаллын маргаан шүүхээрээ шийдвэрлэгдээд явна. Тухайлбал, татварын маргаан, газрын маргаан зэрэг. Иргэд хооронд, эсхүл, хуулийн этгээд хооронд үүсэх арилжааны маргааныг талууд харилцан тохиролцож арбитрын журмаар, эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэх зарчим хэвээр үйлчилнэ.  

Гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох томоохон мега төслүүдийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Шинэ хөрөнгө оруулагчдыг татах хэчнээн төсөл бидэнд байна вэ?

-Монгол Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай 51 төсөл бий. Тус төслүүдийн ихэнх нь техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, газар зэрэг асуудлыг нь бүрэн шийдвэрлэсэн. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдгээр төслийн зардал, үр ашгийн тооцоололд санхүүгийн шинжилгээ хийж төр, хувийн хэвшлийн түншлэл эсвэл шууд хөрөнгө оруулалт зэрэг тохиромжтой санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон.

Дэлхийд сэргээгдэх эрчим хүчний салбар луу чиглэсэн ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт эрчимжиж байгаатай уялдаж зэсийн хэрэглээ 2-3 дахин, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин өсөх хандлагатай байна. 

Коксжих нүүрсний хэрэглээ хүртэл богино, дунд хугацаанд эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байгаа. Мөн гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргасан. Иймд дэлхийн эрдэс баялгийн эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж борлуулахын тулд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр, гангийн үйлдвэрүүдийг Монгол Улсын 2024 оны жилийн төлөвлөгөөнд тусгаж хөрөнгө оруулагч нарт танилцуулж хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна.

-Дэлхийн Банкны “Бизнес эрхлэх нь-2020” судалгаанд манай улс бизнесийн орчны үзүүлэлтээр 190 улсаас 81-р байрт орсон. Ялангуяа хил дамнасан худалдаа, эрчим хүчний хүртээмж хамгийн их оноо чангаасан байдаг. Эл хоёр салбарын сул хөгжил дамаа гадаадын хөрөнгө оруулалтад ч сөргөөр нөлөөлдөг. Энэ чиглэлээр Засгийн газраас ямар арга хэмжээг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх вэ? 

-Манай яамнаас барьж буй гол бодлого гадаад худалдааг нээлттэй байлгаж түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах. 

Гадаад худалдааны эргэлтийг сайжруулах хүрээнд Засгийн газраас ачаа тээвэрлэх хүчин чадал, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацааг бууруулах “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлсэн. 

Хил дамнасан худалдаатай уялдаатай гол салбар бол хил орчмын аялал жуулчлал. Энэ хүрээнд гадаадын жуулчдыг визний шаардлагаас хөнгөлөх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, гадаадын иргэдийг Монгол Улсад машинтайгаа зорчих боломжийг хялбаршуулах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг Засгийн газрын түвшинд шийдүүлээд ажиллаж байна. 

Эрчим хүч бол хамгийн чухал салбар. Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эх үүсвэр, дамжуулах, шугам сүлжээг шинээр барьж байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч байна. Өнгөрсөн онд Завхан аймгийн Улиастай хотод 5МВт-ын нарны цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан. Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр хангасан юм. Эдгээр суманд цэнэг хураагуурын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиудыг суурилуулсан. 

Засгийн газраас агаарын тээврийн салбартай адил эрчим хүчний салбарыг либералчлах асуудлыг чухалчлан авч үзэж байгаа. Энэ нь эрчим хүчний хэрэглээний үнэ хэрэглээний түвшинээс хамаарч бодитой тогтож, бизнесийн ашигтай зарчмаар үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой. Мэдээж тухайн салбар алдагдалгүй, ашигтай ажиллах эрх зүйн боломжтой байвал дотоод, гадаадын аль ч хөрөнгө оруулагч орж ирэх салбарын тоо нэгээр нэмэгдэх юм. Ер нь бизнесийн салбаруудыг аль болох либерал, өрсөлдөөнийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь үр ашиг, хөрөнгө оруулалт цаашлаад бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. 

-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна гадаадын жуулчдыг “Welcome to Mongolia” хэмээн урьж буй. Эдийн засгийг төрөлжүүлэх ихээхэн нөөц боломжтой аялал жуулчлалын салбарт хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь хөрөнгө оруулалт татах нөөц боломж өндөртэй салбар юм. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Мөн улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тэргүүлэх найман чиглэлийн нэгээр тодорхойлж, УИХ-аар тавдугаар сард батлуулсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэгдүгээрт агаарын тээврийн салбарын либералчлал, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, гадаадын авиа компаниудын нисэх тоог нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр агаарын тээврийн үнэ өрсөлдөөний зарчмаар тогтож, ирэх жуулчдын тоон нэмэгдэх ач холбогдолтой юм. Тухайлбал, БНСУ-тай хийж буй нислэгийн давтамжийн тоо нэмэгдээд байна. Монгол Улсад ирсэн жуулчдад зориулж аялал жуулчлалын голлох бүс нутгийн зам, дэд бүтцийг сайжруулах төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлж байна. 

-Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээл харьцангуй хөгжиж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татах хөшүүрэг болж чадах уу? 

-Мэдээж хөрөнгийн зах зээл болон санхүүгийн зах зээлийн хөгжил, түүний нээлттэй, ил тод байдлыг сайжруулах нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл мөн. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь 2015 онд 5.5 хувь хүртэл буураад байсан бол 2022 оны эцсийн байдлаар 13 хувь хүртэл өссөн. Энэ өсөлтөд мэдээж банкны системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд хувьцаагаа арилжаалсантай холбоотой. 

Арилжааны банкнууд хувьцаагаа гаргасны дараа манай улсын хөрөнгийн захын үнэлгээ 6.4 их наяд төгрөгөөс хоёр дахин нэмэгдэж 11 их наяд төгрөгт хүрсэн. Манай улсын банкнууд нээлттэй хувьцаат компани болсон нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Аливаа төсөл, компаниудад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагч нарын хувьд тухайн улсын санхүүгийн зах зээл олон тулгууртай, төсөлдөө нэмэлт санхүүжилт татах олон боломжтой байх зэрэг нь төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал хөшүүрэг болж өгдөг.

 

 

 

 

 

B Shurenchimeg