“Давхар дээлтэй” төлөөлөгчдийн тоо эрс нэмэх хууль
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэргүүтэй, найман гишүүн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн нэмэлт өөрчлөлт нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны ажилтан, албан хаагч байж болно” гэсэн заалт юм. Энэхүү заалт нь жижиг өөрчлөлт мэт боловч агуулгын хувьд орон нутгийн засаглалын бүтцэд, цаашлаад засаг захиргааны үйл ажиллагаанд иргэд хяналт тавьдаг, асуудлаа өөрсдөө хэлэлцэж шийддэг байдал үгүй болно гэсэн үг. Түүнчлэн төрийн албаны мэрит систем алдагдах ч магадлалтай.
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2026.04.15) тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Байнгын хорооны хуралдааны үеэр анхаарал татсан заалтын талаар гишүүдээс асуулт, байр суурь илэрхийлээгүй бөгөөд энэ өөрчлөлт чимээгүй явсаар батлагдах магадлалтай болов.
Уг хуулийн төслийг санаачлагчдын зүгээс энэ өөрчлөлтийг “иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан орон нутгийн асуудалдаа оролцох боломжийг тэгшитгэх, шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх” зорилготой гэж тайлбарлаж буй. Ерөнхийгөөр нь харвал буруу биш боловч бодит байдал дээр ямар өөрчлөлт авчрах вэ гэдгийг илүү чухалчлах нь зүйтэй болов уу.
Онолын хувьд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь иргэдийн төлөөлөл байх ёстой. Нөгөө талдаа төр захиргааны албан хаагч бол гүйцэтгэх засаглалын нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, “давхар дээлтэй” төлөөлөгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Төлөөллийн байгууллага өөрөө гүйцэтгэх байгууллагатай холилдвол хэн хянах вэ?
Энэ хуулийн өөрчлөлтийг эерэг талаас нь харвал, хөдөө, орон нутагт мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн хомсдол, төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид орон нутагтаа тулгарч байгаа асуудлыг илүү сайн мэдэх тул шийдвэр, авах арга хэмжээ илүү оновчтой, боловсронгуй болох өнцөг бий.
Гэхдээ үүний цаана илүү том, системийн эрсдэлүүдийг ч бодолцож үзэх ёстой. Нэгдүгээрт, “Төрийн албаны тухай хууль”-ийн суурь зарчим болох улс төрөөс ангид, төвийг сахисан, мэрит тогтолцоонд суурилсан төрийн албыг хадгалах шаардлага энэ өөрчлөлтөөр бодит утгаараа суларна.
Дараагийн асуудал бол ашиг сонирхлын зөрчил институцийн түвшинд бий болох эрсдэлтэй. ИТХ нь орон нутгийн төсөв батлах, бодлого тодорхойлох, гүйцэтгэх засаглалыг хянах чиг үүрэгтэй, харин төрийн албан хаагчид уг бодлогыг хэрэгжүүлэгчид байдаг тул нэг хүн бодлого батлагч, хэрэгжүүлэгч, зарим тохиолдолд хянагч гурван үүргийг зэрэг гүйцэтгэх нөхцөл үүснэ. Энэ нь “өөрийгөө хянах” гаж механизм бий болно гэсэн үг юм.
Түүнчлэн ИТХ нь намын бүтэц давамгайлсан байгууллага учраас төрийн албан хаагчид тэнд олноор сууж, намаараа талцах, улс төржих асуудал даамжрах эрсдэлтэй. Энэ бол мэрит системийн эсрэг хамгийн хүчтэй нөлөөлөл юм. Энэ нь богино хугацаанд мэдэгдэхгүй ч дунд, урт хугацаанд институцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай реформ гэж дүгнэж болохоор байна.

