Далд гарын хүч

Mongolian Economy
2020-12-18 16:52:57
Ангилал: Цахим засаглал

Адам Смитийн “үл үзэгдэгч гар”-аас ялгаатай өөр нэгэн гарны тухай онол байдаг нь нэрт эдийн засагч Альберт Хиршманы “далд гар” (hiding hand). Тэрбээр уг онолоо “бүтээлч байдал үргэлж гэнэт ирдэг” гэж тайлбарласан. Ирээдүйд учирч болзошгүй саад бэрхшээлийг үл хайхран шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх үйл явцыг энэхүү онолоор тайлбарладаг. Зарим нэг далд гар биднээс хүндрэл, бэрхшээлийг нууж чаддаг аж.

Эстони улсын орчин цагийн хөгжлийн түүх бол энэ онолыг тайлбарлаж болохуйц гайхалтай жишээ. 1990 онд тус улс тусгаар тогтнолоо зарласны дараа анхны Ерөнхий сайд Март Лаар хөгжлийн гол бодлого, зорилтоо “дижитал шилжилт” гэж тодорхойлжээ. Тэрбээр 1992-1994 болон 1999-2002 оны хооронд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байв.

М.Лаар дижиталчлалыг хэрхэн эхлүүлэхээр болсон тухайгаа “Би тухайн үед 32 настай байсан. Залуу бас солиотой байж. Би юуг боломжтой, юуг боломжгүй гэдгийг мэддэггүй байсан. Тэгээд л боломжгүй зүйлсийг хийж эхэлсэн дээ” хэмээн дурсжээ. Түүний анхны санаа Таллин технологийн Их сургуулийн профессор Раймунд Убарын бичсэн дурсамж номноос эхтэй. Уг номонд барууныхны хөгжиж буй орнуудад тавьдаг хавханд орохоос зайлсхийх тухай “Хуучин зүйлсийг хэзээ ч битгий ав” гэсэн байдаг.

Балтийн Бар
Дижитал шилжилтийг эхлүүлснээс хойш 30 жилийн дараа далд гарын хүч хэрхэн биеллээ олсныг өнөөгийн Эстони улсын дүр төрх харуулна. Балтийн Тэнгисийн зүүн эрэгт оршдог Бүгд Найрамдах Эстони улс нь Европын хамгийн цөөн хүн амтай (1.3 сая) улс. Гэхдээ Европын Холбооны хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай оронд тооцогддог. 2005 онд Эстони улс дэлхийн хамгийн дэвшилтэт дижитал нийгэмтэй орнуудын нэгд тооцогдох болов. Мөн онд анх удаа интернэтээр сонгууль явуулсан, 2014 онд цахим иргэншлийг анх удаа олгосон улс болсон юм. Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 30-д (2019 оны байдлаар) жагсдаг. Үүнээс гадна эдийн засгийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө, боловсрол, хэвлэлийн эрх чөлөө зэрэг үзүүлэлтээр дээгүүрт ордог. Дэлхийн Банкны 2018 оны судалгаагаар тус улсын нэг хүнд ногдох ДНБ 35.973 ам.доллар байв. Эдийн засгийн хурдацтай өсөлт нь тус улсыг Литва, Латвитай зэрэгцүүлж, “Балтийн Бар” гэж нэрлэгдэхэд хүргэжээ. Евростатын мэдээлснээр Эстони улсын Засгийн газрын өр нь Европын холбоонд хамгийн багад тооцогддог.

Тэнцвэртэй төсөв, бараг өргүй байдал, чөлөөт худалдааны дэглэм, арилжааны банкны өрсөлдөөнтэй салбар, цахим болон гар утсан дээр суурилсан шинэлэг үйлчилгээ зэрэг нь өнөөгийн Эстонийн зах зээлийн эдийн засгийн үлгэр жишээ гол шинж тэмдгүүд юм.

Хэдийгээр дижитал улс болох зорилт, шийдвэрийг нэг өдөр гаргасан боловч энэ зорилтыг хэрэгжүүлэх үйл явц өнгөрсөн хугацаанд тасралтгүй өрнөсөн. 1990-ээд оны дунд үеэс Эстони улс олон нийтэд цахим улс болох ойлголтыг таниулахаар “Барын дүүлэлт” хөтөлбөрийг санаачилж, улс орон даяар өрнүүлжээ. Боловсролын салбарт хэрэгжүүлсэн гол санаачилгын үр дүнд 2000 он гэхэд тус улсын хичээлийн бүх анги, танхим компьютертэй, бүх сургууль нь онлайн сүлжээнд холбогджээ. Засгийн газар насанд хүрсэн хүн амынхаа 10 хувийг компьютерийн үнэгүй сургалтанд хамруулсан байна. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд 2000 онд 29 хувьтай байсан интернэт хэрэглэгчийн тоо 2016 онд 91 хувьд хүрчээ. Дижитал шилжилтийг явуулахдаа Эстонийн засгийн газар эхлээд төрийн үйлчилгээ, дараа нь нийгмийн үйлчилгээг, эцэст нь бизнесийн орчинг цахимжуулснаар өнөөгийн амжилтад хүрэв. Өдгөө тус улсад сургуульд сурах, эмнэлэгт үзүүлэх зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээг цахимаар авч, харилцах сэтгэлгээтэй шинэ үеийнхэн бий болж байна.

Эстонийн иргэд татвар төлөхдөө ердөө таван минут зарцуулдаг, төрийн үйлчилгээний 99 хувь нь 24 цагийн турш онлайн орчинд нээлттэй ажилладаг, иргэдийн гуравны нэг нь интернэтээр сонгуульд оролцож байна.

Гэх­дээ энэ амжилтын гол нууц нь зөвхөн технологийн шийдэл байсангүй. Уг зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэгд бодлого, стратеги, хоёрт, дэд бүтэц технологи, гуравт, иргэдийг цахим хэрэглээнд төлөвшүүлэх нь чухал гэдгийг Эстонийн мэргэжилтнүүд хэлсэн. Гэхдээ Эстони улсын дижиталчалын түүхийг зөвхөн амжилт гэж харахаас илүүтэй өнгөрсөн хугацаанд маш олон зүйлийг туршиж, алдаанаасаа суралцаж, тасралтгүй урагшилж ирсэнтэй холбоотой хэмээн Эстонийн Цахим засаглалын академийн зөвлөх Хэйко Вайнсалу онцолсон юм.

Сургамж болсон халдлага
Тус орны лсын цахим аюулгүй байдлын систем Европт тэргүүлдэг. Мөн НАТО-ын Хамтын ажиллагааны кибер батлан хамгаалах төвийн аюулгүй байдлын системийг хариуцдаг. Тус улсын цахим аюулгүй байдлын систем олон улсад ийнхүү үнэлэгдэх болсон нь өнгөрснөөс олж авсан сургамж, алдаанаасаа суралцсанд оршиж байлаа.

2007 онд Эстони улс хэд хэдэн удаагийн цуврал кибер халдлагад өртсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үед Таллин хотыг чөлөөлсөн Орос цэргүүдийн дурсгалд зориулсан (Таллины Хүрэл Цэргүүд нэртэй) хөшөөг нүүлгэн шилжүүлэх асуудлаар Орос-Эстони хоёр улсын хооронд маргаан дэгдэх үеэр кибер халдлага болжээ. Эстонийн парламент, банк, яам, хэвлэл мэдээлэл зэрэг олон байгууллагын вэбсайтыг хакердсан байна. Кибер халдлагуудын дийлэнх нь дурсгалын хөшөөг нүүлгэн шилжүүлэхийн эсрэг олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой байв. Эстонийн томоохон мэдээллийн сайтууд, Эстонийн Шинэчлэлтийн Намын вэбсайт, Википедиа сайт дахь “Хүрэл цэргүүд”-ийн тухай англи хэл дээрх хувилбарыг засварлахад хүртэл ихээхэн зөрчилдөөн үүсэж байжээ.

Зарим ажиглагч, Эстонид болсон уг халдлагыг урьд өмнө болж байгаагүй нарийн төвөгтэй ажиллагаа байсан. Уг хэргийг олон орны батлан хамгаалах хүчин судалсан юм. Харин 2008 оны нэгдүгээр сард Орос гаралтай, Эстонийн иргэн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоож, ял оноожээ. Ийнхүү томоохон кибер халдлага болсны дараа Эстони гэж дүгнэсэн.

Засгийн газрынхаа дата баазуудад хадгалагдаж буй өгөгдлийг хамгаалах зорилгоор блокчэйн технологийг хөгжүүлсэн байна.

Тус улсын дижиталчлалын үйл явц өнгөрсөн хугацаанд алдаа оноо, томоохон сургамжийг даван туулсан ч хамгийн гол нь тасралтгүй үргэлжлэх “залгамж халаа”-тай байсаар иржээ. Цаг үе өөрчлөгдөж, технологи үргэлж шинэчлэгдэх учраас цахимжих үйл явц цаашид ч томоохон сорилтуудтай тулгарч, шинэчлэгдэн сайжирсаар байх болно гэдгийг Эстонийн цахим засаглалын мэргэжилтнүүд хэлж байна.

Эстонийн цахим хөтөлбөрүүд

2000 Цахим татварын үйлчилгээ
Аж ахуйн нэгж, байгууллагын татварын мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. Бизнес эрхлэгчид татварын мэдүүлгээ өгөхөд ердөө 3-5 минут зарцуулдаг бөгөөд жил бүр нийт татвар төлөгчдийн 95 хувь нь цахимаар мэдүүлдэг аж.

2001 X-Road
X-Road буюу дата сервер хооронд мэдээлэл, өгөгдөл солилцох гүүрийг бий болгосон. Ингэснээр төр, хувийн хэвшил хооронд аюулгүй, түргэн шуурхай дата мэдээлэл солилцох боломж бүрдэв. Цаашид X-Road-ыг ашиглан улс хооронд дата сервер солилцож, нэгдсэн дата төв байгуулахаар ажиллаж байна.

2002 Дижитал ID
Гурван төрлийн дижитал ID байна. Эстони Улсын 1.3 сая иргэний 99 хувь нь чиптэй иргэний үнэмлэхтэй. Уг үнэмлэхээрээ утас, цахилгаан, интернэт банк, төрийн үйлчилгээ зэрэг бүхий л үйлчилгээг авах боломжтой. Үнэмлэхэндээ DigiDoc программыг суулган, интернэтэд холбогдсон компьютер болон цахим үнэмлэх уншигч төхөөрөмжид уншуулан ашиглана.

Цахим үнэмлэх нь жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг орлох ба дэлгүүр, номын сан, эмнэлэг, банк, кино театр зэрэг бүхий л үйлчилгээний газарт ашиглаж болно. Мөн өөрийн цахим үнэмлэх дэх мэдээллийг имэйлээр дамжуулж болдог.

Цахим үнэмлэхээс гадна Mobile ID ашигладаг. Энэ нь гар утасны СИМ-д суулгасан тоон мэдээлэл. Энэхүү тоон мэдээллээр цахим орчинд банк, санхүүгийн төлбөр тооцоо хийх, дэлхийн аль ч цэгээс цахим сонгуульд саналаа өгөх боломжтой. Мөн ухаалаг үнэмлэх буюу Smart ID бий. Уг ID-г Android болон iOS үйлдлийн ухаалаг утас, таблет зэрэг олон тооны төхөөрөмжид суулгах боломжтой бөгөөд цахим үнэмлэх, мобайл үнэмлэхийн үүргийг давхар гүйцэтгэдэг давуу талтай.

2005 Цахим сонгууль
Эстони цахимаар сонгууль явуулсан анхны орон болсон. Тус улсын иргэн дэлхийн аль ч цэгээс иргэний үнэмлэх болон мобайл үнэмлэхээ ашиглан гурван минутанд саналаа өгөх боломжтой. Уламжлалт “хар машин”-тай харьцуулахад хэрэглэхэд хялбар, өндөр хамгаалалттай, дэвшилтэд шийдэл.

2007 Нийгмийн аюулгүй байдлыг хангах
Нийгмийн хэв журмыг сахихад мэдээллийн технологийг түлхүү ашиглах болсон. Цахим цагдаа, аврах анги болон түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэснээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс улбаатай нас баралтын тоог 50 хувь бууруулжээ. Тухайлбал, таван метрийн радиустай ослын байршлын 35 хувийг алсаас тодорхойлж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагын 93 хувь нь 10 секундийн дотор төвтэй холбогдоно. Замын цагдаа техникийн үзлэг хийх нэрийдлээр автотээврийн хэрэгслийг зогсоох шаардлагагүй болсон.

2008 Блокчэйн
(блоклогдсон мэдээллийн гинжэн сүлжээ) Кибер халдлагатай тэмцэх зорилтыг хэрэгжүүлж блокчэйн технологийг иргэний бүртгэл, эрүүл мэнд, шүүх, хууль, аюулгүй байдал болон арилжааны системд ашигладаг. Эстони улс НАТО, АНУ-ын Батлан хамгаалах яам, Европын Холбооны мэдээллийн системийн кибер аюулгүй байдлыг хангаж байна.

2008 Цахим эрүүл мэнд
Эмнэлэг болон эмч нарын 95 хувь нь цахим мэдээллийн сантай. Уг сан блокчэйн технологиор хамгаалагдсан ба өвчтөн аль ч эмнэлгийн эмчид үзүүлэхэд сүүлийн 10 жилийн өвчний түүхийг харж болдог.

2014 Цахим оршин суугч
Цахим оршин суугч гэдэг нь Эстонийн Засгийн газраас олгох дижитал үнэмлэх юм. Энэхүү үнэмлэхийг тус улсын иргэн болон түр оршин суугч /гадаадын иргэн/-д олгосноор Эстонийн бүхий л цахим үйлчилгээнд хамрагдах эрх үүснэ. Түүнчлэн Европын Холбооны гишүүн орнуудтай бизнес түнш болоход давуу талтай. Мөн дэлхийн аль ч өнцгөөс бизнесээ удирдахад дөхөмтэй аж.

2020 “Дижитал Эстони” хөтөлбөр
Зөвхөн дотооддоо бус ойрын ирээдүйд Нордикийн Дижитал Дэд Бүтцийн Хүрээлэн байгуулахаар зорьж байна. Бусад улс орны төрийн дата мэдээллийн хуулбарыг байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон гадны халдлагаас хамгаалах “нэгдсэн дата” серверийг нэвтрүүлнэ. 2020 он гэхэд тус салбарт ажиллагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлж, дэлхийн мэдээллийн төвийн тархи буюу тинк-танкийг Эстони Улс байгуулахаар  төлөвлөжээ.

 

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 3-р сарын дугаараас

Mongolian Economy