Дариус Лим: “Илүү олон монгол бүтээгдэхүүнийг Сингапурын дэлгүүрүүдэд харахыг хүсэж байна”

Mongolian Economy
2020-09-11 16:25:01

Монгол-Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам,, Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ, Сингапурын бизнесийн холбоо, Үндэсний хөгжлийн газар болон МҮХАҮТ хамтран Монгол-Сингапурын бизнес вебинарыг өчигдөр (IX.10) зохион байгууллаа. 

Цахим хэлэлцүүлэгт Сингапурын талаас ачаа тээвэр, ложистик, боловсрол, бөөний худалдаа, хүнсний бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын 100 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас 30 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. 

Сингапурын бизнесийн холбооны Гүйцэтгэх захирлын орлогч Дариус Лим, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж нар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Д.Лим хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Би Монголын органик жимс идэх дуртай, манай гэр бүл хүнсэндээ үргэлж хэрэглэдэг. Энэ мэтчилэн илүү олон монгол бүтээгдэхүүнийг Сингапурын дэлгүүрүүдэд харахыг хүсэж байна” хэмээсэн юм. 

Арга хэмжээний үеэр ҮХГ, ГХЯ болон “Анд Глобал” компанийн төлөөлөл Монгол Улсын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж,  эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар Сингапурын бизнес эрхлэгчдэд мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчид ганцаарчилсан онлайн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо хуваалцсан юм. 

Манай улс Сингапур улстай уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийн хөгжил, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажилладаг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2019 оны байдлаар 176.8 сая ам.долларт хүрсэн байна. Тус улс Монгол Улсад орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын зургаан хувийг эзэлдэг буюу зургаа дахь том хөрөнгө оруулагч юм. 2019 оны байдлаар Сингапураас манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 155.8 сая ам.долларт хүрээд буй. 

Монгол Улсад Сингапурын хөрөнгө оруулалттай 30 орчим ААН байдгаас 63 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, зургаан хувь нь геологи, уул уурхайн хайгуул, олборлолтын салбарт, гурван хувь нь банк, санхүү, 14 хувь нь бусад салбарт ажиллаж байна.

 

Mongolian Economy