Долларжилтоор хэмжигдэх төгрөгийн “чансаа”

Т.Амаржаргал
2026-03-05 13:22:58
Ангилал: Банк

Инфляцын түвшин 7.5 хувь болж, сүүлийн гурван жилд хоёр дахин саарсан. Түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжиж байна. Үр дүнд нь иргэдийн төгрөгт итгэх итгэл харьцангуй сэргэж байна гэж Монголын банкны холбоо мэдэгдлээ. Банкны системийн эх үүсвэрийн долларжилт 2025 оны эцэст 21 хувь болж, хоёр жилийн хугацаанд 15 хувиар буурчээ. 

Мөн валютын харилцах 2023 онд 5.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнгөрсөн онд 4.1 их наяд төгрөг болж 26.7 хувиар буурсан байна.

Харин валютын хадгаламж 5.7 их наяд төгрөг болж, 2024 оноос 16.3 хувиар өссөн нь төгрөгийн хадгаламжийн өсөлттэй харьцуулахад 1.3 хувиар бага үзүүлэлт юм.  

Долларжилт нь ам.доллар төдийгүй бусад орны хатуу валютыг хамарсан илүү өргөн хүрээний ойлголт. Өдгөө Монголын банкны системийн долларжилт 21 хувиар хэмжигдэж буй нь олон жилийн дундажтай харьцуулахад харьцангуй хэвийн үзүүлэлт болохыг эдийн засагчид онцолж байна. Мөн валютын зээл банкны системийн нийт зээлийн зургаан хувийг эзэлж байгаа нь ханшийн савлагаанаас үүдэх эрсдэл бага байгааг илэрхийлж байна.

Гэхдээ санаа амарч болохгүй. Учир нь инфляц, төгрөгийн ханш, валютын нөөцөөс хамаарч долларжих үйл явц манай улсад харьцангуй богино хугацаанд өрнөдөг. Энэ нь эргээд уул уурхайгаас хамааралтай эдийн засагт илүү гүн мөр үлдээдэг. Иймд, төв банк үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ цэнийг хамгаалах “манаа”-ндаа байнгын сонор сэрэмжтэй байх шаардлагатай. 

Дэлхийн улс орнууд ч долларжилтыг тогтоон барихад гол анхаарлаа чиглүүлдэг. Тухайлбал, Хятад улс асар их валютын нөөц, дотоод зах зээл дэх юанийн ноёрхол, валютын хатуу зохицуулалт, төрийн бодлогоор долларжилтыг бараг “0 түвшин”-д барьдаг бол Зүүн өмнөд Ази, Баруун Европ, Хойд Америкийн орнууд 5-10 хувьд долларжилтыг хазаарладаг. Харин Төв Азийн зарим орны долларжилтын түвшин манай улсынхтай ойролцоо байна.  

 

 

 

 

Т.Амаржаргал