Дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил дуусч, нөхөн сэргээлт хийгдэж байна

Sarangerel
2024-11-07 14:40:51
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний яамны “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил дуусч, тохижилт нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэж байна.

Тус төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дулааны 2а магистраль шугамын тохижилт нөхөн сэргээлтийн ажлын нөлөөлөлд өртсөн Жамъянгүнгийн гудамжны явган замын тохижилт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэгч компани болох “Рутан” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани хийж нийт явган замын өнгөт хавтангийн 50 орчим  хувийг шинэчилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа юм.  Тус гудамжинд байрлах Аюуд, Ай Си Си барилгын үүдний хэсгийн тохижилтыг тухайн эзэмшигчид өөрсдөө тохижуулахаар тохиролцсон байна. Сөүлийн гудамжны хэсэг болох Драмын театрын өмнөх талбай, Монгол Туркийн цэцэрлэг дэх талбайн нөхөн сэргээлтийн ажлыг энэ сарын 15-ны дотор хийж дуусгахаар ажиллаж байгаа юм. Харин ногоон байгууламжийн тохижилт нөхөн сэргээлтийн ажлыг ирэх онд буюу 2025 оны 4-6 дугаар сард хийж холбогдох газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Тохижилт нөхөн сэргээлтийн ажилд ашиглагч байгууллага болох Сүхбаатар дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн ногоон байгууламж хариуцсан “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-аас хөндлөнгийн хяналт тавьж зөвлөмж өгч ажиллах аж.

Түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах дулааны 9г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Энергосервис монтаж” ХХК, “Дулааны цахилгаан станц-2”-ын баруун урд үл хөдлөх тулгуураас Москва хороолол чиглэлд узель -18 хүртэлх угсрагдсан 2ф800мм-ийн голчтой дулааны 4.2 хос.км магистраль шинээр тавигдаж байгаа шугамын ажлыг гүйцээх барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Энерготех Сервис” ХХК ажиллажээ.

 

Дулааны 9г магистраль шугамын барилга угсралтын ажил дуусч, 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр техникийн комисс ажиллаж комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс ажиллах шийдвэр гарсан. ААНБ, иргэдийн өмч болох хаалт хашилтуудыг буцаан нөхөн сэргээж, зам талбайг хэвийн байдалд оруулсан бөгөөд нөлөөлөлд өртсөн ногоон байгууламжийг бүрэн нөхөн сэргээж холбогдох талуудад хүлээлгэн өгөх ажил хийгдэж дуусах шатандаа явж байгаа юм байна.

“Дулааны цахилгаан станц-2”-ын баруун урд үл хөдлөх тулгуураас Москва хороолол чиглэлд узель -18 хүртэлх угсрагдсан 2ф800мм-ийн голчтой дулааны 4.2 хос.км магистраль шинээр тавигдаж байгаа шугамын ажлыг гүйцээх барилга угсралтын ажил мөн дуусч,  энэ сарын 7 буюу өнөөдөр ажиллагаанд залгахаар төлөвлөжээ. Тус шугамын ажлын хүрээнд 1700 орчим м газрын хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, булагдаагүй дутуу орхисон газруудыг булж тохижилт нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж байгаа талаар холбогдох төслийн ажлын албанаас мэдээллээ.