Дулааны IV цахилгаан станцын нэг зуух нам зогсож, 100 МВт-ын цахилгаан хязгаарлав

Sarangerel
2024-02-08 14:22:18

Улаанбаатар хотод өчигдөр энд тэндгүй цахилгаан тасрав. Шалтгаан нь морь нохой мэт зүтгэдэг Дулааны IV цахилгаан станцын найман зуухны нэг нь ачааллаа даалгүй гэмтэж нам зогссонтой холбоотой. Нэг зуух 100 мегаваттын цахилгаан эрчим хүч гаргадаг генераторыг тэжээдэг байна. Ингэхээр нэг зуух зогсоход 100 мянган айл цахилгаангүй болно гэсэн үг. Энэ талаар эрчим хүчний салбарын инженерээс тодруулахад “Зуух турбиндээ уур өгнө. Уур өгдөг төхөөрөмж нь гэмтэхээр  уур дутагдаж, цахилгаан үйлдвэрлэх боломжгүй болно. Гэмтэл гарахаар хагараад л зогсохоос өөр аргагүй. Жижиг хэмжээний гэмтэл гарсан үед зүтгүүлээд л үйлдвэрлэлээ явуулдаг. Бүр хагарсан тохиолдолд зуух зогсоно. Бид  гэмтлээ устгана. Дахиад шалгана. Тэгээд гэмтэл засагдвал зуухаа галлаад эхэлнэ. Их хэмжээний ажил гарсан бол маргаашдаа дуусгах байх” хэмээлээ.

Эрчим хүчний салбарынхан “Шинээр дулааны цахилгаан станц барихгүй бол болохгүй нь” гэж анхааруулсаар ирсэн. Энэ нь байг ээ гэхэд “бэлтгэл тоноглолтой болохгүй бол болохгүй нь ээ” гэдгийг 5-6 жилийн өмнөөс сануулсан ч тусыг эс олсон билээ. Хэрэв найдвартай бэлтгэл тоноглолтой байсан бол нэг зуух хагарахад бэлтгэл тоноглолоо ажиллуулах ёстой. Одоо ажиллаж байгаа тоноглол нь хэчнээн засаад найдваргүй болсныг өчигдрийн үйл явдал харууллаа. 

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг өнгөрсөн жил манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Зуухнуудын халах гадаргууны хугацаа дуусч, дариу нийтэд нь солих шаардлагатай болсон. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж, зөвхөн гэмтсэн хэсгийг л хэсэгчлэн засварлаад явж байна. Эхнээсээ зуухнууд цоороод эхэлсэн бөгөөд цоорч зогсох тохиолдол ихэсч байна. Өвлийн их ачааллын үед нэг зуух цоороод зогсоход хамгийн багадаа 100 мегаватт ачаалал хаяж байгаа юм. Энэ нь нэг аймгийн төв 10 мегаватт хэрэглэдэг гэж үзвэл 10 аймгийн төв цахилгаангүй болж байна гэсэн үг. Тиймээс зуух цоороход маш богино хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай болно. Бид хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж, ажилтнуудаа эрсдэлд оруулж байж 1-2 хоногт засварлаад явж байна. Зуухнуудын халах гадаргууг солих нэгдүгээрт, мөнгө байхгүй, хоёрдугаарт, цаг хугацаа байхгүй. Зун зогсоод солих гэхээр салбар өрөнд ороод дампуурчих гээд байдаг. Цооролт нь нэмэгдээд байвал нэлээд том асуудал үүсч байж солиход хүрнэ. Хүн хүч ч алга. Гэмтлээ л засварлаад явж байна” хэмээж байсан юм. 

Хугацаа нь хэдийнэ дууссан тоноглолуудын аюул нь ийн харагдаж эхлэв. Хэрэв бэлтгэл тоноглолоо шийдэхгүй энэ хэвээрээ үргэлжилбэл цахилгаан тасрах явдал цаашид элбэг тохиолдох нь гарцаагүй боллоо гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Харин ч өвлийн ид хүйтнийг том гэмтэлгүй давж гарч байгаа ч их ачаалалтай сарууд дуусах болоогүй байгаа гэдгийг хэлье. Ирэх жилийн өвөл цахилгаан, дулааны асуудал улам хүндрэх нь тодорхой болсон талаар эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байна.