Дэлхийд алдартай Penguin хэвлэлийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын намтар номыг хэвлэжээ

Сарангуа Төмөр
2021-01-11 15:15:16
Ангилал: Эдийн засаг

2020 онд Монгол, Сингапур хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард дэлхийн хамгийн том хэвлэлийн газрын нэг Penguin Random House-ийн Сингапур дахь салбараас зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн намтар бүхий “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга” номыг англи хэлээр хэвлэн, худалдаанд гаргажээ. Penguin Random House-ийн хувьд ажлаа хийж буй ерөнхийлөгчийн намтрыг хэвлэсэн, мөн монгол зохиолчийн номыг хэвлэсэн анхны тохиолдол болж буйгаараа онцлог.

Ерөнхийлөгч Х.Баттулга 1990 онд бизнесийн гараагаа Сингапураас эхэлж байсан тухай номонд гардаг. Энэ утгаараа уг номонд Монгол, Сингапурын харилцааг хөндсөн, сонирхолтой баримтууд оржээ.

Уг номонд 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Х.Баттулгын үзэл санаа, амьдралын туршлага, амжилт, бизнесийн алдаа онооноос хэрхэн амжилттай улстөрч болсон түүхийг өгүүлнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга болон уг номыг зохиогч коллежид хамт сурч байв. Тухайн үед “Тулгаа” жинс оёж, бичлэг зарж, худалдаа наймаа хийдэг байсан хэмээн зохиолч дурсан бичжээ. Дараа нь спортод хөл тавьж, самбо бөхийн Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан. Үүний зэрэгцээ нийслэлийн Урчуудын эвлэлийн хорооны салбарт ажиллаж байлаа.

Тэрбээр маш олон төрлийн ажил хийж, тэр бүртээ амжилт олж байсан. “Шар такси” үйлчилгээ, “Саятан” сугалаа, диско клуб болон Монголын анхны супермаркетыг нээх зэргээр бизнесээ өргөжүүлж байлаа. Монголд хувьчлал явагдах үеэр “Талх чихэр”, “Мах Импекс”, “Баянгол” зочид буудал зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг авснаар олонд танигдсан бизнес эрхлэгч болсон. Үүнээс хойш тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдож, Зам тээврийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж, Монголын ардчилсан холбоог удирдаж, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ үед Монгол Улс жүдо бөхийн төрөлд анхны олимпын аваргатай болсон юм.

Олонд танигдаж, амжилтад хүрсэн хэдий ч тэрбээр үргэлж л нууцлаг байсаар ирсэн. Түүний амнаас цөөн хэдэн үг унагаж, сонсох хэцүү байдаг. Тэгвэл Халтмаагийн Баттулга гэж яг хэн юм бэ? Тэр олон тооны дагагчтай, мөн төдий хэмжээний хүн түүнийг шүүмжилдэг. Тэр үргэлж сэтгүүлчдийн анхаарлын төвд байж, зарим тохиолдолд хэвлэл мэдээллээр маргаан дагуулсан сэдвийн эзэн болсон байдаг. Түүний жинхэнэ хүсэл юу юм бэ? Тэр юуны төлөө тууштай тэмцсээр ирэв? Энэ бүх асуултын хариултыг эл номноос олж мэдэх болно. Түүнтэй хийж байсан тусгай ярилцлагууд, зохиогчийн гэрч болсон бодит баримт, үйл явдлуудаар баяжуулсан энэхүү номноос морин дэл дээр сууж буй Чингис хааны аварга том хөшөө, Их Майдар эко-хотыг барихыг санаачилсан энэ эрхмийн талаар уншигчид илүү сайн ойлгож, түүний сүүлийн үед хийж буй ажлуудын талаар мэдэх болно гэж Penguin хэвлэлийн газрын сайтад бичжээ.

 

Эх сурвалж: Penguin.sg

Сарангуа Төмөр