Дэлхийн банк: Эдийн засаг эргэн сэргэнэ

Г.Орхон
2021-02-10 14:19:40
Ангилал:

2020 оны эхний есөн сард 7.3 хувиар агшаад байсан Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.3 хувиар өсөх боломжтой гэж Дэлхийн банк мэдэгдлээ. Засгийн газрын эдийн засгийг сэргээх арга хэмжээний нөлөөгөөр дотоодын эрэлт нэмэгдэнэ гэж үзсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн идэвхжил болон вакцинжуулалт мөн нөлөөлнө гэж дүгнэсэн байна.

Эдийн засагт үзүүлсэн цар тахлын хүчтэй цочрол нь хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, төлөв байдалд нөлөөлжээ. Мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн бол зочид буудал, үзвэр үйлчилгээ тэргүүтэй бусад салбарт буурсан байна. Харин албан бус салбарт ажилладаг, ур чадвар багатай ажиллагсад болоод ядуурлын шугамтай ойролцоо иргэд ядуурал руу гулсан орох эрсдэл нэмэгдэж буйг анхаарууллаа.

Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев “КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн сэргэлт амаргүй байх бөгөөд олон сорилттой тулгарч болзошгүй. Монгол Улс цаашдаа богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэхэд илүү анхаарах нь зүйтэй” гэв.

Засгийн газрын тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүд нь айл өрх, аж ахуйн нэгжид хангалттай дэмжлэг болж, бизнесүүдийг хаалгаа барих эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чадсан хэмээн онцолжээ. Дэлхийн Банкны тооцоогоор Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүдийн өртөг нь 2020 оны хүлээгдэж буй ДНБ-ий ес гаруй хувьтай тэнцэхээр байна. 2021 оны батлагдсан төсвөөс харахад Засгийн газрын бодлого нь төсвийн тогтвортой байдал руу эргэн чиглэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой юм.

Монголын эдийн засгийг 2021-2022 онд дунджаар тав орчим хувиар өсөх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарна хэмээн тус тайланд онцлов. Тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр уул уурхай, аж үйлдвэр болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ нь эдийн засгийн өсөлтөд хүч нэмэх юм. Мэдээж хувийн хэрэглээ дунд хугацаандаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй хэвээр байх болно.

Харин дотоодод халдвар нэмэгдэж буй нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлэх нь. Тиймээс Монгол Улс төсвийн тогтвортой байдалд тууштай анхаарах нь зүйтэйг тус банкнаас зөвлөсөн.

Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр цогц бодлого баримталж, төсвийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгож, иргэдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлэх үүднээс уул уурхай болон түүнээс бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татан оролцуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно. Үүний зэрэгцээ илүү үр дүнтэй, зорилтот дэд бүтэц рүү чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, мөн үр ашиг өндөр, зардал багатай нийгмийн хамгааллын системээр хавсрах нь чухал гэдгийг онцолжээ.

 

 

 

Г.Орхон