Дэлхийн Банк: 2026 онд Монголын эдийн засаг 5.0 хувиар өснө

B Shurenchimeg
2026-04-09 18:06:04
Ангилал: Эдийн засаг

Дэлхийн Банк өнөөдөр (2026.04.09) Монголын эдийн засгийн тоймоо танилцуулав.  Манай улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл 2025 онд өндөр гүйцэтгэлтэй байж, эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан.

Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй өссөн нь өнгөрсөн онд нүүрсний олборлолт саарсан сөрөг нөлөөг бууруулж чадсан байна. Бусад салбарын хувьд, барилга, аж үйлдвэрлэлийн идэвхжил өндөр байсан бол худалдаа, үйлчилгээний салбарынх харьцангуй сул байжээ. 

Нөгөө талаас, 2025 онд хүнс, эрчим хүчний үнэ өссөн нь инфляц 8.6 хувьд хүрч өсөх гол шалтгаан болсон байна. Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул Дэлхийн Банк Монголын эдийн засгийг 2027-2028 онд дунджаар 5.5 орчим хувиар өснө гэж төсөөлж байна. 

Гэхдээ эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй эрсдэлүүд давамгай хэвээр байгааг анхаарууллаа. Гадаад орчны хувьд олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр байх, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжилсэн тохиолдолд Монголын эдийн засгийн гадаад эрэлт сулрах, түүхийн эдийн экспорт буурах, үйлдвэрлэлийн зардал болон хэрэглээний үнэ өсөх эрсдэл бий. Харин дотоод орчны хувьд төсвийн зардал хүлээлтээс давж нэмэгдвэл богино хугацаанд ДНБ-ий өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг эрчимжүүлж болзошгүй гэдгийг Дэлхийн Банкны эдийн засагч, шинжээчид анхаарууллаа. 

Түүнчлэн Монгол Улс цаашид эдийн засгаа төрөлжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах шаардлагатай байна. Гадаад сөрөг шок үргэлжилсээр байвал макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах, тэр дундаа эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болохоор байгааг Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли онцолж хэлсэн. 

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал удааширсан ч Монгол Улсын гадаад зээл нэмэгдсэн нь гадаад валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэлээ. Харин Монголбанкнаас 2025 оны гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу зургаан тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд Монголбанк гадаад валютын нөөцийн бүтцийг уян хатан болгох бодлого хэрэгжүүлэсэн нь амжилттай байсан хэмээн мэдээлж байсан билээ. Уг бодлого амжилттай хэрэгжсэн нь санхүүжилт татах боломжийг өргөжүүлж, арга хэрэгслүүд нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж гэж тайлбарлаж байв. 

Дэлхийн Банкны тойм судалгаа Монгол Улсын зээлийн нөхцөл чангарч, хөрөнгө оруулалт удааширч байгаатай холбоотой удаан эдэлгээтэй болон хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүний эрэлт буурсан гэдгийг харуулсан байна. 

-Улмаар бараа бүтээгдэхүүний импорт агшлаа. Импортын хэмжээ ийнхүү агшсан нь ачаа тээврийн үйлчилгээний импорттой холбоотой гарах урсгалыг бууруулж, үйлчилгээний дансны алдагдлыг хумихад нөлөөлсөн

-Урсгал дансны алдагдал ДНБ-ий 4.4 хувьд хүрч буурсан. 

Түүнчлэн Дэлхийн Банк 2026 онд Монголын эдийн засгийг 5.0 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл голлон нөлөөлөх ч нөгөө талаас төрийн өмчийн байгууллагууд болон Улаанбаатар хотын томоохон төслүүд нь төрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засагт гол түлхэц болохоор байна. Хувийн хөрөнгө оруулалт бизнесийн зээлээр дэмжигдэх төлөвтэй аж. Харин шатахуун болон махны үнийн өсөлтөөс шалтгаалж, 2026 онд инфляц 8.5 хувь байх боловч мөнгөний хатуу бодлого нь инфляцыг бууруулахад нөлөөлж болно гэж үзжээ. 

B Shurenchimeg