Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч “тэг зогсолт” хийлээ

Mongolian Economy
2020-03-19 18:51:21
Ангилал: Олон улс

Европчууд Ковид-19 вирусийн дэгдэлтийг тогтоон барихаар бүхий л арга чаргаа хэрэглэж буй энэ цаг үед “Вольксваген” компани тус тив дэх үйлдвэрүүдээ хааж эхэллээ. Германы автомашин үйлдвэрлэгч эл аварга компани энэ долоо хоногийн сүүлчээр Испани, Португалийн Сетубал, Словакын Братислав хот дахь үйлдвэрээ хаах бол “Ламборгини” супер машин, “Дукати” мотоцикль үйлдвэрлэдэг Итали дахь үйлдвэрийн үйл ажиллагааг удахгүй зогсоохоор болжээ. Герман, Европ дахь бусад үйлдвэр нь хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахгүй болохыг “Вольксваген”-ий гүйцэтгэх захирал Херберт Диес мягмар гарагт мэдэгдсэн юм. Түүнчлэн дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн төв цэг гэж болох тус компанийн Вольфбург дахь үлэмж том үйлдвэрээ өнөөдрөөс хаагдаж байна.

Дээр дурдсан брэндүүдээс гадна “Шкода”, “Ауди”, “Порше”, “Бугатти” зэрэг брэндийг эзэмшдэг “Вольксваген” компани 2019 онд 10.8 сая машин үйлдвэрлэсэн нь дэлхийн ямар ч автомашин үйлдвэрлэгчийн хүрээгүй үзүүлэлт болсон. Тус группын 668 мянган ажилтны 44 хувь нь Германд амьдардаг бөгөөд эл улсын аж үйлдвэрийн салбарт тус групп жинтэй хувь нэмэр эзэлдэг юм.

Коронавирусээс шалтгаалж өнгөрсөн даваа гарагт “Фиат крайслер”, “Пежо” брэндийг эзэмшигч PSA Group, “Рено” компаниуд Европ даяар нийт 35 үйлдвэрээ хааж буйгаа зарласан. Энэ гурван компани өнгөрсөн жил нийт 12 сая машин борлуулжээ.

Дэлхийн хоёр дахь том машин үйлдвэрлэгч компани болох “Тойота” өнгөрсөн мягмар гарагт Франц, Португал дахь үйлдвэрээ түр хугацаагаар хаасан бол BMW компани ӨАБНУ-ын Росслин, Европ дахь үйлдвэрүүдээ дөрөвдүгээр сарын 19 хүртэл, “Даймлер” компани хоёр долоо хоногийн турш Европ тивд “Мерседес” машины үйлдвэрлэлийг зогсоогоод байна. Европ дахь автомашины үйлдвэрүүд ийн хаагдсанаар дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбар коронавирусийн нөлөөнд хүчтэй өртөж буй нь тодорхой болов. Европт тус салбар нийт 14 сая хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангадаг тооцоо бий. Гэхдээ чихэнд чимэгтэй мэдээ бий нь “Вольксваген” группын Хятад дахь хоёроос бусад үйлдвэр нээгдэж, ажилдаа орсон байна.

Коронавирус эл аварга том группын санхүүд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй гэж тус группын санхүүгийн албаны захирал Ф.Виттер хэлсэн. Тэрбээр “коронавирус хэр ноцтой эсвэл хэр удаан хугацааны нөлөө үзүүлэх нь тодорхой бус байна” гээд бодитой таамаг дэвшүүлэх ямар ч боломж алга гэсэн аж. Автомашины үйлдвэрүүд ийн хаагдсан нь Германы эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм. 2019 оны сүүлчийн гурван улиралд тус улсын эдийн засагт өсөлт ажигладаагүй бөгөөд энэ оны эхээр сэргэх төлвийг коронавирус ийн үгүй хийлээ.

Автомашин үйлдвэрлэлийн салбар нь үйлдвэрүүд хаагдсан, нийлүүлэлтийн сүлжээ тасарсан, худалдан авагчдын итгэл буурсан зэрэг шалтгааны улмаас энэ жил улам ноцтой хямралд өртөх нь тодорхой болж байна.

Эцэст өгүүлэхэд дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч БНХАУ-д 2020 оны хоёрдугаар сард машины борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 хувиар буурсан статистик гарчээ.

 

 

Mongolian Economy