Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс /МАРСА/ зохион байгуулж буй “Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс” олон улсын хурал өнгөрсөн арваннэгдүгээр сард Төрийн ордонд болох байсан ч цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ хамтран зохион байгуулж буй тус хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр цахимаар зохион байгуулахаар болжээ.
Шинэ оны эхний өдөр болох “Дэлхий дээрх Марс” олон улсын цахим хурлыг 18:50 цагаас МҮОНТ /MNB суваг/-ээр дэлхий даяар шууд дамжуулан хүргэх юм.
Уг хурал нь сансрын судалгаа, тэр дундаа Ангараг гаргийн судалгааны чиглэлээр дэлхий дахинд хандаж буй Монголын томоохон санаачилга болж буйгаараа онцлогтой. Хуралд сансар, Ангараг гаргийн судалгаа шинжилгээгээр дэлхийд танигдсан нөлөө бүхий эрдэмтэд, дэлхийгээс Ангараг гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисгэгчид цахимаар илтгэл тавьна.
Ангараг гараг нь хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах боломжтой хамгийн ойрхон хөрст гараг хэмээгддэг. Тус гаргийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршино.
Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гаргийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв болон Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Япон болон Арабын Нэгдсэн Эмират Улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож “Марс гаргийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцана.
Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож “Марсын үеийнхэн” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх юм.
Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагыг үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс “Сансрын технологи ба цахим шилжилт” сэдвийн хүрээнд ярилцана.
Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв Монголын говьд сансрын тусгай аялал жуулчлалын төв, сансар судлалын чөлөөт бүс байгуулахаар зорьж, MARS-v төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бидэнд байгаа боломжийг олон улсын Марсын судалгааны салбарын эрдэмтэд хэрхэн дүгнэх бол гэсэн асуултын хариултыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах цахим хурлаас авах боломжтой юм.