Дэндүү прагматик

T.Amarjargal T.Amarjargal
2022-01-07 17:54:19

“Би улс төрд өөрөө ороогүй, япончууд миний амьдралд улс төрийг авчирсан” гэж тэрбээр бичсэн байдаг. Сингапур япончуудын мэдэлд байхад буюу 1942-1944 онд Ли Куан Ю улс төр сонирхох болжээ. Япончуудын үйлдэл түүний жигшил зэвүүцлийг хүргэж, тэдний дарлалаас ангижрахыг юунаас ч илүү хүсч байв. Үүнээс 10 жилийн дараа буюу англичууд Сингапураас аажмаар гарч, Сингапур Малайзтай нэгдэх явцад түүний улс төрийн карьер нь эхэлсэн гэдэг. 1954 онд тэр “Ард түмний үйл хэргийн нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, харин таван жилийн дараа сонгуульд ялж, Сингапурын Ерөнхий сайд болсон юм. Тэр цагт Сингапур нь Их Британийн бүрэлдэхүүнд бүрэн автономит эрхтэй байв.

1962 онд Ли Куан Ю Малайзтай нийлж холбооны улс болохыг дэмжсэн ч уг холбоо гуравхан жилийн дараа задарч 1965 оны наймдугаар сард сингапурчууд нулимстайгаар тусгаар тогтносон түүхтэй.

Гэхдээ энэ нь өдгөө харуусал биш зол болжээ. Сингапурт ямар ч байгалийн баялаг байгаагүйн дээр таагүй харилцаатай Малайзаас ундны ус, цемент зуурах элсээ хүртэл импортоор авахаас аргагүй байлаа. Улс оронд орчин үеийн гээд хэлчих аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хөгжил алга байв. Ядуурал, ажилгүйдэл их байсны дээр дийлэнх нь боловсрол муутай хүн амын гуравны нэг нь Хятад, Вьетнамын коммунистуудыг дэмжих хандлагатай байжээ.

Энэ мэтээр Ли Куан Ю эдийн засгийн маш олон асуудлын зэрэгцээ үзэл санааны талбарт асар том сорилттой тулгарсан. Сингапурт өөрийн язгуур ард түмэн гэж алга байв. Хүн амын дөрөвний нэгийг хятадууд, 15 хувийг малайчууд бүрдүүлж, энэтхэгүүд цөөнх болов. Эдгээр угсаатнуудын хоорондын харилцаа бас таатай байсангүй. Тиймээс ямар нэгэн зүйлээр тэднийг нэгдмэл болгох нь Ли Куан Ю-гийн Засгийн газрын гол зорилго болоод байлаа.

Тэрбээр эдгээр асуудлыг маш прагматик аргаар шийдэхээр санаа шулууджээ. Түүний прагматик арга барилын бодит жишээ нь биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрч, казиног албажуулсан явдал гэж мөн үздэг. Энэ нь олон улсын зорчих урсгалыг хүчтэй нэмсэн байдаг. Мөн гаднын хөрөнгө оруулалтаас огт айлгүйгээр үл хөдлөхийн томоохон бүтээн байгуулалтуудыг гаднын хөрөнгө оруулалт, эзэмшлээр бариулж, татвар хурааж, төсвөө арвижуулахаа тэргүүнд тавьсан. Тиймээс ч төсөв нь үргэлж ашигтай гардаг болсон бөгөөд энэхүү илүүдлээ хуримтлуулсан хоёр том баялгийн сангаараа дамжуулан дэлхий даяар ирээдүйг зураглах инновац, компаниудад хөрөнгө оруулж байна.

“Сингапурын хөгжлийн нууц” хэмээх дурдатгал номондоо “Өөрийн үндэс язгуур гээд байх зүйлгүй манай нийгмийн хувьд хувийн өмчтэй байх нь хамгийн том үнэт зүйл байсан” гэж тэр бичсэн.

Тиймээс гэр бүлүүд орон сууц худалдаж авахыг төрөл бүрээр дэмжиж, навсгар хорооллуудыг аажмаар арилгаж байлаа. Төрсөн гал голомт нь болох орон байрныхаа төлөө юугаа ч хайрлахгүй учраас эзэд нь зугтаж алга болохгүй гэсэн түүний санаа амжилттай хэрэгжжээ. Түүнээс гадна газар, орон байрны эзэд улс төрчдийг сонгохдоо маш болгоомжтой хандаж, улс оронд тогтвортой байдлыг бэхжүүлж байлаа.

Сингапур улс тусгаар болсноосоо хойш боловсролын системийг тэр чигээр нь англи хэл рүү шилжүүлэхийн тулд асар их хүчин зүтгэл гаргасан. Ингэснээр хятад, малай, тамиль биш харин англи хэл үндсэн “төвийг сахьсан” хэл болжээ. Гэхдээ өдгөө нийт дөрвөн хэлийг албан ёсоор үндсэн хэл гэж зөвшөөрдөг. Англи хэл хүн ам дунд дэлгэрсэн нь Сингапурыг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож эхлэх нэгэн түлхүүр хүчин зүйл байлаа. Чухам гадаадын хөрөнгө оруулалт нь Сингапурын түүхэнд эргэлтийн мөч болжээ.

Азийн барын харайлт 

Ли Куан Ю-гийн хувьд эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд нэгдүгээрт аж үйлдвэрийг хөгжүүлж, хоёрдугаарт бизнес хийх хамгийн таатай орчныг бүрдүүлэх ёстой байлаа. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, санхүү болон өндөр технологийн хөгжилд гол хүчээ чиглүүлэв. Бизнесийн үйл ажиллагаа явуулах маш ойлгомжтой системийг бүрдүүлэхийн зэрэгцээ татварын дарамтгүй орчныг бий болгожээ. Ингэснээр Азидаа гаднын корпорациудад хамгийн ээлтэй улс болж чадсан байна.

1968 онд АНУ-ын “Texas Instruments” компани Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр нээснээр “Hewlett-Packard” болон “General Electric” зэрэг өндөр технологийнхон орж ирэх замыг зассан байна. Цаашдаа Сингапур улс төрийн тогтвортой орчин, бизнесийн ээлтэй бодлогынхоо ачаар үндэстэн дамжсан корпорациудын Ази дахь зангилаа цэг болж, Азийн санхүүгийн төв гэдэг нэрийг Хонконгтой хуваалцан өрсөлдөх болсон.

Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулж, тэдгээр нь хэсэг хугацааны дараа нийт эдийн засгаа урагшлуулдаг байв.

Ийм байдлаар 1960-аад онд нефть боловсруулалт, далайн боомтын чиглэлийг хөгжүүлжээ. Энэ хоёр салбар Сингапурыг дэлхийн худалдааны томоохон төв болгож, хүн амын нэлээдгүй хэсгийг ажилтай болгов.

1970-аад онд электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбар болгосон бол, 1980-аад онд мэдээллийн технологийг хөгжүүлэн бүх төрийн байгууллагыг компьютержуулж, энэ нь төрийн захиалгаар компьютерын аж үйлдвэр өндөр түвшинд хөгжих түлхэц болжээ.

Ли Куан Ю-гийн бодлоор Сингапур хөршүүдтэйгээ адилхан байж яав ч болохооргүй байв. Энэ улс бусдаасаа ялгарч, бусдаас сайн байх л зам харагдаж байлаа. 1970-аад онд Малайз,Таиланд, Тайван, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнууд ч гадаадын хөрөнгө оруулалт татах гэж хичээж байсан. Гэхдээ Ли Куан Ю-гийн байгуулсан тогтолцооны гол амжилт нь улс төрийн тогтвортой, тууштай систем, эрх зүйт ёсыг дээдлэх зарчим, авлигыг бараг бүрэн арилгасанд оршиж байлаа. Ийм төгс хослолыг Азийн бусад улсаас аль нь ч санал болгох чадалгүй байв.

Ийм маягаар Сингапур улс арлын жижигхэн ядуу орноос дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын тоонд орж чадсан юм. 1959 онд Ли Куан Ю-г Ерөнхий сайд болоход нэг хүнд ногдох ДНБ 400 ам.доллар байсан бол 1990 онд уг албан тушаалаасаа буухад 12.2 мянган ам.доллар, харин есөн жилийн дараа 22 мянган ам.долларт хүрсэн байв.

Мангасыг дарсан нь

Сингапур улс тусгаар тогтносны дараа ажилгүйдэл, ядуурал, коммунистуудаас гадна нэгэн том саад байсан нь авлига байлаа. Гэмт хэргийн бүлэглэлтэй нөхөрлөдөг төрийн албаныхан, шүүх, цагдаатай ах дүүгийн гүн холбоотой бизнесменүүд нь маш өргөн холбоо сүлбээ, нууц тохироо, далд харилцааны сүлжээг үүсгэсэн нь дийлдэшгүй, мөнх амьтай мангас шиг байв. Авлига төрийн аппаратын бүх түвшинд нэвчсэн байжээ.

Ли Куан Ю засгийн эрхэнд гарсны дараа авлигыг дарахгүйгээр улсаа төвхнүүлж чадахгүй гэдгийг ойлгож байлаа. Тэрбээр 1952 онд англичуудын байгуулсан Авлигыг мөрдөн шалгах газарт өргөн эрх мэдлийг олгов. Авлигатай тэмцэх ажлыг хамгийн дээд түвшнээс буюу төрийн хамгийн өндөр албан тушаалтнуудаас, тодруулбал өөрийн найз нөхөд, хамаатан саднаас эхлэв. Авлигатай тэмцэхийн тулд эхлээд гурван найзаа “нарсанд” суулгасан. “Та ч тэр, тэд ч тэр юуны төлөө гэдгийг маш сайн мэдэж байгаа” гэж хэлснийг одоо хүртэл дэлхийн хэвлэлүүд эш татдаг.

Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын карьер бүр мөсөн дуусч, зарим нь улс орноо орхин гарахаас аргагүй болдог байв.

Авлигад сэжиглэгдсэн төрийн албан хаагч буруугүй гэдгээ батлах хүртэл автоматаар хэрэгтэн болдог байна. Ингэснээр хэрэгтэн өөрөө нотлох баримтаа цуглуулж мөрдөн байцаах ажлыг хөнгөвчилнө.

Авлигачдын сүлжээ дэндүү нягт, ээдрээтэй байсан төрийн байгууллагуудыг Ли Куан Ю шууд тэр чигээр нь татан буулгаж, цоо шинээр дахин байгуулдаг байжээ. Жишээ нь, гаалийн албаны бүх ажилтныг нэгийг ч үлдээлгүй халж байсан удаатай.

Нөгөө талаас шүүгчид, төрийн албаныхны цалинг маш өндөр түвшинд тогтоосон нь хээл хахуулиас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга болжээ. Энэ мэт бодлого, арга хэмжээний үр дүнд эдүгээ Сингапур улс авлигын эерэг үзүүлэлтээр хамгийн дээр жагсдаг орнуудын нэг болсон.

Эрх мэдэл хүнийг амархан эвддэг. Энэ талаар Ли Куан Ю “Надад хоёр зам байсан. Эхнийх нь хулгай хийж, найзууд, хамаатнуудаа Форбесийн жагсаалтад ортол нь баяжуулаад ард түмнээ “нүцгэн” газар дээр нь хаях. Хоёр дахь нь ард түмэндээ зүтгэж, улс орноо дэлхийн өндөр хөгжилтэй 10 орны жагсаалтад оруулах. Би хоёр дахийг нь сонгосон” гэж бичжээ.

“Амьдрал өөрөө миний ажлыг шүүнэ”

Ли Куан Ю хүчирхэг сөрөг хүчин, улс төрийн чөлөөт дэглэмгүйгээр эдийн засгийн асар их өсөлтөд хүрч, ард иргэдээ амжиргааны өндөр түвшинд аваачсан нь Барууны хэвлэлийнхэн, судлаачдын хувьд ойлгомжгүй үзэгдэл болж хувирав. “Таны байгуулсан энэ систем хэр удаан тэсч чадах вэ” гэж асуух дуртай. Ийм асуултад Ли Куан Ю “Энэ улс оронд юу хамгийн их тохирох талаар таны мэдлэг, туршлага үнэхээр минийхээс сайн гэж үү” хэмээн сөргүүлэн хариулдаг байж. Тэрбээр бодит амьдрал л түүний санаж сэдсэнийг шүүх эрхтэй гэж үздэг байв.

Түүний удирлага, үзэл санааны үр дүнд Сингапур бүх үзүүлэлтээрээ хамгийн таагүй нөхцөлд хамгийн таатай амьдралыг бүтээж чадсан улс болсон.

Улстөрчийн хувьд тэр Сингапурын төрийн тогтолцоо барууныхаас ялгаатайг сайн мэдэж байсан ч, тэр нь үр дүнтэй ажиллаж байсан нь түүний итгэл үнэмшлийг улам бэхжүүлсэн.

Ли Куан Ю бүх л амьдралынхаа туршид Сингапур улсад эсвэл түүний ард түмэнд сайхан амьдрах, амьд үлдэх байгалийн өгөгдөл байхгүй гэдэгт итгэдэг байв. Тиймээс үргэлж сонор байж, дэлхийн улс төр, эдийн засгийн хандлагуудыг анхааралтай ажиглаж, улс орноо шинэ чиглэлд түлхэх хормыг алдахгүй барьж авдаг байв.

Нэгэнтээ тэр өөрийн философийг томьёолохдоо “Жижигхэн ч гэсэн бид шинэ ертөнцөд өөрийн гэсэн орон зай, багахаан буланг олж бүх хүн төрөлхтөнд ашигтай байх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байсан юм” гэж хэлжээ.

 

 

 

 

 

Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 01, 02-р сарын дугаар (№171, 172)

T.Amarjargal T.Amarjargal