Д.Амар: Энэ зуун бол метан хийн эрин үе юм

Mongolian Economy
2020-11-24 16:53:32
Ангилал: Уул уурхай

“Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амартай Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн талаар ярилцлаа.

-Нүүрсний давхаргын метан хийн төслийн ач холбогдол юу вэ?
-Метан хий нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр болдог тул энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол болон утааг бууруулах урт хугацааны шийдэл болно. Мөн үндэсний аж үйлдвэрийн салбарыг ялангуяа, хийн аж үйлдвэрийн шилдэг туршлага, технологийг нутагшуулах, түүнийг дагасан дэд бүтцийг бүтээн байгуулах, үндэсний мэргэжилтнийг бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Ингэснээр хийн аж үйлдвэр нь манай улсын эдийн засгийн бас нэгэн тулгуур багана болно.

-Төслийн ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос метан хий олборлохтой холбоотой зарим ажлыг 2014-2016 онд хийж байсан. Гэхдээ 2017 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Метан” ХХК АМГТГ-тай нүүрсний давхаргын метан хийн Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Миний бие “Эрдэнэс Метан” ХХК-ийн захирлаар 2018 онд томилогдож ирээд компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжуудыг эрэлхийлж, энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой ажлууд хийсэн. Уул уурхайн аливаа төслийн эрэл, хайгуулын үе шат нь асар өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ТЭЗҮ боловсруулаагүй төсөлд улсын төсвөөс ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Иймд улсын төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжилт татаж, метан хийн төслийг цаашид хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс нүүрсний давхаргын метан хийн төслийн хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг шалгаруулалтад Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жэйд Метан“ ХХК шалгарсан.

-“Жэйд Метан”-тай байгуулсан гэрээний дагуу хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг эрлийн ажилд зарцуулсан бэ?
-Анх АМГТГ-т өгсөн төлөвлөгөөний дагуу эрлийн ажилд 800 мянган ам.доллар зарцуулах байсан ч бидний зүгээс эрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд 1.1 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 3.1 тэрбум төгрөг зарцуулсан.

-Эрлийн ажлын үр дүн юу байсан бэ?
-Эрлийн шатанд метан хийн чанар, нүүрсний давхаргуудыг тодорхойлохтой холбоотой олон ажил хийдэг. Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэхдээ нийт 5207 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, 618 ширхэг дээжид метан хийн шинжилгээ, 853 дээжид нүүрсний чанарын шинжилгээ хийж, таамаг нөөцийг тодорхойлсон. Чанарын хувьд метан хийн агууламж 97-98 хувьтай байна.

-Одоо метан хийн төсөл ямар шатанд явж байгаа вэ?
-Нүүрсний давхаргын метан хийг эрж хайх, олборлох ажил Монгол Улсын Газрын тосны тухай хуулиар зохицуулагддаг. Газрын тосны тухай болон Ашигт малтмалын тухай хууль нь татвар, санхүүгийн хувьд хоёр өөр зарчимд тулгуурладаг. Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг Эрлийн гэрээгээр, харин хайгуул болон олборлолт нь Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулагддаг онцлогтой.

Бид Метан хийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэн, үр дүнгийн тайлангаа 2019 оны аравдугаар сард АМГТГ-ын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын Техникийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хүлээлгэн өгсөн. Ингэснээр “Эрдэнэс Метан” ХХК-ийн хувьд Эрлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, цаашид БХГ байгуулах нөхцөлийг хөрөнгө оруулагчийн зүгээс бүрдүүлж өгсөн юм. Улмаар Засгийн газрын 143 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу энэ оны тавдугаар сард АМГТГ-тай БХГ байгуулсан. Одоо БХГ-ний хүрээнд хайгуулын ажил хийж гүйцэтгэн нөөцөө тогтоож, ТЭЗҮ-ээ боловсруулна. Метан хийн хайгуулын үе шат буюу нарийвчилсан өрөмдлөгийн үед метан хий гараад ирвэл бид шууд олборлох шаардлагатай болно.

Одоо бид төслийн дараагийн шат буюу хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Гэхдээ юуны өмнө хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хамтарсан компанид БХГ-ний эрх, үүргээ шилжүүлэх ажлыг Засгийн газраар шийдүүлэхээр ид ажиллаж байна.

-“Жэйд Метан” компанийн талаар мэдээлэл өгнө үү. Төслийг цааш амжилттай явуулах санхүүгийн чадавх хэр зэрэг баталгаатай вэ?
– “Жэйд Метан” бол метан хийн төдийгүй уул уурхайн бусад төсөл дээр санхүүжилт босгох дээд зэргийн туршлагатай. Ашигт малтмалын эрэл хайгуул нь уул уурхайн салбарт хамгийн том эрсдэлтэй ажил. Ямар ч том хөрөнгө оруулагч үүнийг санхүүжилтээр хангахыг хүсдэггүй. Тиймээс олон улсад тухайн хөрөнгө оруулалтыг хөрөнгийн биржээр дамжуулан босгодог нь сонгодог жишиг болж тогтсон. Хөрөнгө оруулагч “Жэйд Метан” энэ тал дээр олон жилийн туршлагатай бөгөөд АМГТГ-ын Ажлын хэсэг нь хөрөнгө оруулагч талын мэргэжлийн болон санхүүгийн чадавх зэргийг судлан, хянаж үзсэн.

-Танай төслийн үе шат ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-2017-2019 он бол төслийн геологийн болон санхүүгийн эрсдэлтэй үе байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчийг олох, харилцан ойлголцох, улмаар төслийн санхүүжилтийн гэрээ байгуулах гээд нэлээд их ажил хийгдсэн. Цаашид нарийвчилсан өрөмдлөг, метан хийн хэмжилт, үйлдвэрлэлийн технологи туршилтын ажлууд хийж, метан хийн нөөц тогтоон ТЭЗҮ боловсруулах ажлууд 2021-2023 онд хэрэгжинэ. Улмаар 2023 оны сүүлийн хагасаас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, төсөл маань 2025 оноос орлого олж эхэлнэ гэж найдаж байна.

-Төслийн эрсдэлтэй тал нь юу вэ?
-Метан хийн нөөцөө нарийвчлан тогтоогоогүй байна. Эрлийн ажил хийсэн талбайн хэмжээнд метан хийн нөөц 2.3 тэрбум шоо метр буюу Тавантолгойн нийт ордын хэмжээнд нөөц 8-10 тэрбум шоо метр байна гэж урьдчилан тооцсон. Энэ нь таамаг нөөцийн хэмжээнээс даруй 5-6 дахин буурсан үзүүлэлт юм.
Бас техник технологийн шийдэл, эдийн засгийн үр ашиг зэрэг нь одоогоор тодорхойгүй байна, тодруулбал төслийн ТЭЗҮ нь боловсруулагдаагүй байна. ТЭЗҮ-ээр тогтоосон нөөцийн хэмжээнээс шалтгаалж Улаанбаатар хотын иргэдийн цахилгаан дулааны асуудлыг шийдэх үү, эсвэл орон нутгийн хэрэгцээг хангах уу гэх мэт дараа дараагийн олон асуудал шийдэгдэнэ.

-Монголд ашиглаж байгаа нүүрсний орд олон байдаг. Тэдгээр ордоос метан хий олборлох боломжтой нь хэр зэрэг түгээмэл вэ?
-Ордын насжилтаас хамаарна. Пермийн үед бүрэлдсэн нүүрсний давхаргын метан хий илүү сайн чанартай. Манай орны хүрэн нүүрсний ордын ихэнх нь насжилт залуухан тул метан хийн агууламж нь Тавантолгойн метан хий шиг 98 хувь гарахгүй байх.

Өнгөрсөн ХХ зуун бол дэлхий дахинд нефть хийн төлөөх үе байсан бол одоо метан хийн эрин үе эхлээд байна. Метан хий бол шинэ зууны геополитикийн нэг хэрэгсэл. Метан хийн нөөцтэй орныг БНХАУ, Австрали тэргүүлж араас нь Канад, АНУ бичигддэг. Тиймээс Монгол Улс маань хэрэгцээгээ хангах багахан ч гэсэн хийтэй байх нь бидний амьдралд хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай улс метан хийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулбал ашигтай цаг үе ирээд байна.

 

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

 

Mongolian Economy