Д.Банди: Хүмүүсийн ухамсар дорой үйлдлийг хараад нулимс гармаар үе тохиолддог 

Mongolian Economy
2022-05-20 11:53:41
Ангилал: Нийгэм

Увс аймгийн Түргэн сумын байгаль хамгаалагч Дарийн Бандитай ярилцлаа. 

-Монголын байгаль хамгаалагчдад ямар хүндрэл бэрхшээл нийтлэг тохиолддог вэ? Та хэдий хэмжээний газар нутаг хариуцан ажиллаж байна вэ?

-Монголын байгаль хамгаалагчдад нийтлэг бэрхшээл олон бий. Байгаль орчноо хамгаална гэж яриад байдаг хэрнээ байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа байгаль хамгаалагчдаа мартчихдаг, нийгмийн асуудлыг нь орхигдуулдаг, ажлаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангахгүй гар мухардуулдаг. Байгаль хамгаалагчдыг газар орноор хэрэн хэсээд хууль зөрчигчдийг хөөж туудаг төдийхнөөр ойлгох нь өрөөсгөл. Бид нэг ёсондоо судлаач, эрдэмтэд. Судалгаанд зориулагдсан багаж, техник хэрэгсэл маш их хэрэг болдог.

Өнөө цагт техник, технологийн хөгжил биднээс хол түрүүлчихлээ. Урьд нь бид уулын оройгоос дурандаж байгаад хэрэг зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авч болдог байсан. Одоо бол хууль дүрэм зөрчигчид нь биднээс илүү унаа тэрэгтэй, нарийн зохион байгуулалттай болж. Би 100 мянган га талбайг хариуцдаг. Энэ 100 мянган га талбайнхаа урд хэсэгт явж байхад л “нөгөөх чинь урдуур явж байна шүү” гэж хулгайн анчид хоорондоо хэл авалцаад зугтах энүүхэнд. Хулгайгаар хууль дүрэм зөрчиж яваа хүмүүс ганцаараа байна гэж үгүй. Тэгэхээр байгаль хамгаалагчид бид тэр хүмүүсийн хурдтай зэрэгцэж ажилламаар байна. Үүний тулд унаа тэрэг, бензин тос, орчин үеийн техник хэрэгсэл зайлшгүй шаардлагатай.

Дэлхий дахинд байгаль хамгаалах ажилд нисдэг камерыг ихээр ашигладаг болсон. Болдогсон бол байгаль орчныг хамгаалах үйлсэд зориулаад 330 суманд нэг, нэг дрон өгчихвөл сайхан аа. Одоогоор манай байгаль хамгаалагчдад нэг ч дрон байхгүй.

Дрон ашиглаж хэрэг зөрчил илрүүлэх туршлага ч алга байна. Хэрэв ийм төхөөрөмжтэй болчихвол би хууль зөрчигчдийг 100 мянган га талбайдаа тэгж амар дураар нь дургиулаад байхгүй.

-Яг өнөөгийн нөхцөлд Монголын байгаль хамгаалагчид ямар тоног, төхөөрөмж хэрэглэж байна вэ? 

-Манай байгаль хамгаалагчдын нөхцөл хоёр янз. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч гэж бий. Тэдний ажлын хангамж арай илүү. Миний хувьд, сумын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч. Надад нэг дуран байна. 2008 онд авсан. Тэгэхээр ямархуу дуран гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Яахав, цаанаас тавьж өгсөн хувцас байна. Нэг компьютер байна. Компьютер маань арав гаруй жил болж байна. Ингээд л болоо доо.

-Тэгвэл та орон нутгийн төсөв хөрөнгө муу гэж бодолгүйгээр шаардлагатай эд зүйлсийнхээ “мөрөөдлийн жагсаалт”-ыг нэрлэхгүй юу? Ажил үүргээ саадгүй биелүүлэхэд танд дроноос өөр юу хэрэгтэй байна вэ? 

-Хөөх, мөрөөдлөөр болдог бол зөндөө л зүйл хүсмээр байна. Байгаль хамгаалагчдад унаа тэрэг маш чухал. Унаа нь зүгээр нэг засмал замаар давхидаг унаа баймааргүй байна. Бид чинь том том жийп унасан хүмүүстэй өрсөж ажилладаг. Бартаа саад ихтэй замаар явдаг. Тэгэхээр туулах чадвартай унаа тавиад өгчихвал тун хэрэгтэй байна. Тэр унааг нь тухайн улиралд нь тохируулаад хүчитгэдэг бол бүр сайхан.

Мөн хэрэг зөрчлийг газар дээр нь баталгаажуулах орчин үеийн камер, техник хэрэгсэлтэй болмоор байна. Эн тэргүүнд энэ хоёр зүйл хэрэгтэй. Цаашлаад бие хамгаалах хэрэгсэл шаардлагатай. Бид чинь буу шийдэм барьсан хүмүүстэй л тулж ажилладаг. Байгаль хамгаалагчдыг айлгаж сүрдүүлсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд бишгүй гарч байсан шүү дээ.

-Бензин шатахуунаар хэр хангаж байна? Та түрүүнд хувийн машинаараа ажлаа амжуулдаг, бензин авах гэж хамаг зовлонгоо тоочдог гэж байсан. 

Эргүүлд явж байгаа нь

-Бензин тосыг орон нутгийн төсвөөс хангах ёстой юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргын тамгын газартаа хандаж авдаг. Гэтэл сумын төсөвт байгаль хамгаалагчид ийм хэмжээний бензин гаргаж өгнө гэсэн зүйл мэдээж байхгүй. Ингээд л хамаг зовлонгоо тоочиж бензин авна. Бид сум орны төсөв хэцүү байдгийг мэддэг, аль болох л үрчихгүй юмсан гэж ханддаг. Тэгэхэд л “төсөв хэцүү байна, машинд чинь таарсан бензин өгч чадахгүй, мотоциклоор яв, мотоцикльд чинь таарсан бензин өгье” гэдэг.

Манай сум гэхэд хоёр байгаль хамгаалагчтай. Хоёулаа нийлээд жилд 100 литр бензин зарцуулах уу, үгүй юу л байна. Тэгэхээр 100-хан литр бензин зарцуулдаг юм бол байгаль хамгаалагчид чинь бараг ажил хийдэггүй юм биш үү гэж ойлгож магадгүй. Тэгвэл тийм биш шүү. Байгаль хамгаалагчид бид цалин багатай ч үнэнхүү сэтгэл зүрхээ зориулж ажилладаг хүмүүс. Бидэнд байгаль хамгаалахын төлөө бурхнаас заяачихсан юм уу гэмээр сэтгэл бий. Бид айлын ачаанд дайгдана. Даргын унаанд дайгдана. Боломжит газраа бууж үлдээд хөдөө малчдаас морь мал гуйна. Ах аа, эгч ээ гэнэ. Сэтгэл гаргахад ажил цаанаасаа л ундардаг. Бас яаж ийж байгаад л аргаа олдог.

-Сумын байгаль орчноо хамгаалахад чиглэсэн төсөв, санхүүжилт хэр хүрэлцээтэй байна вэ? 

-Сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг гэж байдаг. Нэг үгээр хэлбэл байгаль хамгаалагч, цаг уурч, усны харуул гээд бүгдийг нь нэгтгээд нэг тасаг болгочихсон. Тэр тасгийг нь дагалдуулаад Байгаль хамгаалах сан бий болгосон юм. Тэр сан бидэнд үнэхээр хэрэгтэй сан байсан. Харамсалтай нь орлогыг нь “Байгаль орчин, уур амьсгалын сан” гэдэг улсын төвлөрсөн сан руу татдаг болчихсон. Тэгэнгүүт сумын өнөөх жижигхэн сан маань орлогогүй болсон. Сумын Байгаль хамгаалах санд хэдэн саяараа мөнгө ороод байхгүй шүү дээ. Жилдээ л таван сая орчмын орлоготой байдаг. Эндээсээ хоёр саяыг нь бензиндээ зарцуулчихна. Нэг саяар нь биотехникийн ажлаа хийчихнэ. Үлдсэнийг нь бусад үйл ажиллагаандаа зарцуулна. Ингээд тулгамдсан асуудлаа бид өөрсдөө шийдэж болоод байдаг байсан чинь одоо орлогогүй шахам болчихсон.

-Байгаль хамгаалагчийн хувьд хүмүүсийн ухамсар дорой үйлдлийг хараад харамсаж халагламаар үе тохиолдож байв уу? Хүмүүс ямар хайхрамжгүй үйлдэл гаргадаг вэ? 

-Энэ үнэхээр чухал асуулт байна. Заримдаа бүр нулимс гармаар, хоолой зангирмаар үе гардаг. Даанч яав даа, та нар чинь хүн шүү дээ гэмээр үе тохиолдоно.

Хамгийн гомдмоор нь хог. Аймгийн төв, сумын төв гэх мэт эзэнтэй газрын хогийг яаж ийгээд л цэвэрлэчихнэ. Гэтэл хөдөө хээр, уулын модонд, голын хөвөөнд хаясан хог хаягдал ямар аймшигтай  гэж санана. Үгээр илэрхийлж хэлж чадахааргүй тохиолдлууд байна.

Чоно алчихсан ул мөрийн дэргэд бөөн хог. Ан ав хийж байгаль эхийнхээ хишгийг хүртэх тусмаа хүн чинь байгаль эхдээ хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл чоныг нь алчихаад, хогоо үлдээчихсэн байх жишээтэй. Уг нь монгол хүн хангай дэлхийдээ жудагтай хандмаар.

Өөр нэг асуудал нь уул уурхай. Би 1992 онд сайхан ногоон хөндийд зусаж байсан юм. “Хөх ногооны униар”, “Тунгалаг тамир” кинонд гардаг шиг л  сайхан хөндий. Харин одоо өөрийг тань дагуулж очоод энд тийм сайхан хөндий байсан шүү гээд үзүүлбэл, та ч мөн залж байна аа гэж хэлмээр тийм л болчихсон байгаа. Зүгээр л хайрган овоолгууд, хоосон нүхнүүд. Одоо ингээд ярьсан чинь миний тэр сайхан нутаг нүдэнд үзэгдээд байна.

-Увс аймаг үзэсгэлэнт байгалиараа алдартай, аялал жуулчлалаар тэргүүлж буй таван аймгийн тоонд жил бүр багтдаг. Жуулчид хэр соёлтой аялж байна вэ? 

-Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэдэг утгаараа бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч гар бие оролцох ёстой. Гэтэл надад заримдаа “эсрэг” бодол төрдөг юм. Би нутаг усаа хамгаалж байхад яах гэж нааш нь жуулчдыг ирүүлье гээд байгаа юм гэж бодогдмоор үе байна. Би нутгаа харамламаар санагддаг. Жуулчдад үзүүлмээргүй байна гэж хэлмээр үе гарна. Жуулчдын балгийг тоочвол их. Гэхдээ сүүлийн үеийн аялагчид харьцангуй ухамсартай болж байна. Цөөн тооны хүмүүс л бужигнуулаад байна. Зам зуураа хогоо хаяж байна. Жуулчлалаа хөгжүүлэхийн тулд жуулчдын ухамсарт чиглэсэн ажлуудыг сайн хийгээсэй гэж боддог. Эх оронч сэтгэлгээ хогоо жижиглээд, зориулалтын газарт нь хаяхаас л эхэлнэ шүү дээ.

-Увс аймгийн Түргэн сумын байгалийн онцлогийг та манай уншигчдад сонирхуулна уу?

-Уул нь өндөр, ус нь тунгалаг Увс нутаг гэж ярьдаг. Тэр л үзэсгэлэнт нутгийн нэгээхэн хэсэг нь манай Түргэн сум. Түргэн сумаар Алтайн салбар уулс сүмбэрлэн оршиж байна. Монголын хоёр дахь Эверест гэгддэг Дэглий цагаан уул манай нутагт бий. Түргэний уулсын үзэмж төгс байгальд Монголын түүхийн гэрч болсон Төгсбуянтын хүрээний туурь, Мөстийн бэлчирт Баруун Монголын түүхтэй холбогдох хөшөө дурсгал байна. Хархираа, Түргэний гол манай сумаар урсаж байна. Монголын алдартай таван давааны нэг Улаан даваа манай нутагт байна. Энэ мэтчилэн маш олон бахархал бидэнд бий. Энэ бүхнээрээ бахархдаг учраас хамгаалах нь бидний үүрэг юм даа.

 

 

“Ногоон хөгжил” сэтгүүлийн 2022 оны 4-р сарын дугаараас

 

 

 

Mongolian Economy