Д.Гэрэлмаа: Гадаад зах зээлд гарахын тулд бизнесээ 10 хуруу шигээ мэддэг байх хэрэгтэй

Mongolian Economy
2020-09-21 14:40:43
Ангилал:

Энэ удаагийн “Манлайлагч” булангийнхаа зочинтой уулзахаар СЭЗИС-ийг зорилоо. Тэр энд 28 жилийн турш багшилж, олон шавь нараа эрдмийн зэрэгт хөтөлж, мөн төдий хэмжээний даацтай судалгааг гараасаа гаргасан нэгэн. Гэхдээ түүний идэвхтэй, өрнүүн он жилүүдийн далайц зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Дамбын Гэрэлмаа гэх нэр Монголын бизнесийн ертөнцөд танил, бас танил бус. 

“Би өөрийгөө азтай хүн юм уу даа л гэж боддог. Учир нь нийгмийн өөрчлөлтийн зааг дээр ажлын гараа маань эхэлсэн” хэмээн ярих тэрбээр 1990-ээд оны эхэн үеийн тухай ярьж буйг уншигч та хэлүүлэлтгүй гадарласан биз ээ. Олонх хүний хувьд огцом эргэлт, магадгүй огцом уналт болсон энэ үе бол нийт монголчуудын сорилт, шалгарлын он жилүүд байв. Чухам тэр л үед ажлын гараагаа өөдрөг эхлүүлсэн Д.Гэрэлмаа өнөөдрийг хүртэл боловсорч, хүчирхэгжиж, ган мэт хатуужиж ирэхдээ аливааг гэгээлгээр харж, ажил руугаа эрч хүчтэйгээр шунган ордог чанараа гээсэнгүй. Тэрбээр өдгөө их сургуулийн эрдмийн их ажлаас гадна бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшин сургалт, судалгаа хийхийн зэрэгцээ “Говь” ХК-ийн ТУЗ-ийн даргын хариуцлагатай албыг хашиж буй. 

– Бизнесийн менежментийн салбарт олон улсын түвшинд зохион байгуулагддаг World Championship 2018 -ыг таны хамтарсан судалгаа тэргүүлж, 65 улсын 5545 мэргэжилтний ирүүлсэн судалгааны өгүүллүүдээс онцгойрч, ялгарч чадсан. Үүний дараахан та дэлхийн бизнесийн менежментийн салбар дахь нөлөө бүхий 500 экспертийн тоонд багтлаа. Тэгэхээр энэ бүхнээс ярилцлагаа эхлүүлье. 

– Судалгаа маань Inside of Mongolian Labor Market нэртэй. Уг судалгаагаараа Монголын хөдөлмөрийн зах зээл дотоод мөн чанартаа ямар байгааг гаргаж харуулахыг зорьсон. Хэрэв бид өдөр тутмын, эсвэл Монголын өнөөгийн эдийн засгийн төлөвийн талаар судалгаа хийвэл шалгаруулалтын комисынхны анхаарлыг нэг их татахгүй гэдгийг мэдэж байсан учраас зориуд хүний сонирхол татах сэдэв сонгосон. Гэхдээ энэ бүхэн багш, судлаачийнхаа ажлыг хийж буйн л нэг илрэл. Мэдээж хэрэг, судалгаа хийхэд нэлээд хөдөлмөр зарцуулна. Хоёр, гурван жилийн турш гаднын өрсөлдөх чадварын судалгаануудыг тасралтгүй авч судлах, шалгуурууд нь өөрчлөгдөж байгаа эсэх, дотоодын төлөв байдал хэрхэн хувьсаж байна вэ гэх зэрэг хүчин зүйлд тулгуурлахаас эхлээд хөдөлмөрийн зах зээл, жендэртэй холбогдох асуудалд гүнзгий анхаарсан судалгаануудыг хийж байж сая энэ түвшинд бичигдэх хэмжээний материал бүрдүүлдэг.

– Судалгааныхаа үр дүнд та ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

– Гадны судалгаануудыг үзэж байхад манай улсын зарим үзүүлэлт маш өөдрөг, сайн гарсан нь анзаарагддаг. Гэтэл бидний бодит нөхцөл байдал жижиг зах зээл, цөөн хүн амтай гээд л эхэлнэ. Мөн хүний нөөцийн чадавхгүй гэж бид өөрсдийгөө дүгнэдэг ч олон сая хүн амтай улс орнуудтай харьцуулахад нэгж түвшинд монгол хүн харьцангуй чадавхтай. Жижиг байгууллагууд тухайн хүнээс маш олон ур чадварыг шаарддаг нь наад захын жишээ. Тиймээс манай сургууль (СЭЗИС) гэхэд л төгсөгчдөө хэд хэдэн чиг үүргийн хүрээнд чөлөөтэй ажилладаг болгон бэлдэхээс өөр аргагүй байдалд орчихож байгаа юм. Харин хүн ам ихтэй, хөгжилтэй, орлого өндөртэй улс орнуудын ажиллах хүчин маш нарийн төрөлжсөн байдаг. Тэгэхээр жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй, цомхон улсын нөхцөл байдлыг олон улсад шалгарсан арга, шалгуураар авч үзэх нь тийм ч тохиромжтой биш. Тэдгээр шүүлтүүр бидэнд томдож байна гэсэн үг. Энэ тохиолдолд манай улсын онцлог харагдахгүй. Энэ ч утгаараа бид уг судалгаагаараа Монголын хөдөлмөрийн зах зээлийн онцлогийг харуулахыг зорьсон. Ер нь ийм судалгаа, тайлан гаргахдаа бид өөрийн онцлогт тулгуурлан өрсөлдөх чадвараа бэхжүүлж, хөгжлийн зарчмаа олж тодорхойлох нь зохимжтой гэж би үздэг.

– Таны яг одоо төвлөрөн ажиллаж байгаа болон ойрын хугацаанд төлөвлөсөн ажлууд?

– Судлаачийн хувьд сүүлийн жилүүдэд байгууллагын зан төлөв, соёл, хүмүүсийн үйл хөдлөл, байгууллага болж нэгдэн ажиллах үед ямар асуудал үүсдэг вэ гэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. Тэр дундаа ажлын байран дээр үүсэж буй зан төлвийн загварыг хэрхэн зохистой удирдах вэ гэх асуудалд гол судалгаа маань төвлөрч байна. 2014 оноос хойш бизнесийн томоохон байгууллагуудын соёлын үнэлгээг гардан хийж ирлээ. Тэгэхээр ажилтнууд ажлын байран дээрээ ямар зан төлвийн загвар гаргаад байгааг ерөнхийд нь гадарладаг болчихож. Өөрөөр хэлбэл, хэмжих хэмжүүртэй, баримттай болсон гэсэн үг л дээ. Эдгээр датагаа ашиглан томоохон байгууллагуудын удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэх манлайллын хөтөлбөр, сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна. Үүний тусламжтай зөвлөх компаниуд тухайн байгууллагын хөгжлийг хангах боломжийг хэрхэн бий болгох, хуримтлуулсан мэдлэгээ практикт шилжүүлэх боломжийг эрэлхийлэх, ингэхдээ аль болох богино хугацаанд зөв шилжүүлэх аргуудыг ашиглах зэрэг асуудалд төвлөрөн, энэ чиглэлээр нэлээд дагнаж ажиллалаа. Мөн энэ хүрээнд сургуулийн хөтөлбөрөө ч баяжуулж, энэ жилээс бид сургалтын төлөвлөгөөндөө “Зан төлөв” гэсэн шинэ хичээлийг нэмж, Монголын бизнесийн орчинд яг одоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхүйц түвшний мэдлэгийг оюутнуудад олгохыг зорьж байна. Өөрийн судалсан, үзсэн харснаа өрөөлд зааж сургах, улмаар аливаа байгууллага тэр бүхнийг маань тусган авч, амжилттай явааг харна гэдэг маш бахархалтай сайхан, цагаан мөртэй ажил юм уу л гэж боддог доо.

Гартаа атгасан “зэвсгээр” нь хүний сэтгэлгээг тодорхойлж болно.

– Компанийн засаглалын талаар сүүлийн үед их ярьж байна. Та энэ чиглэлээр судалгаа хийж, мөн үндэсний томоохон компанийн засаглалыг тодорхойлолцдог хүнийхээ хувьд монгол компаниудын өмнө засаглалаа сайжруулахад тулгардаг хамгийн том бэрхшээл болон гол алдааг юу гэж хэлэх вэ?

– Хувьцаат компаниудын хувьд Компанийн тухай хууль болон ерөнхий зарчмуудаа баримтлаад ажиллахад засаглалын хувьд тэртээ тэргүй сайжирна байх. Компанийн тухай хуульд засаглалын зарчмуудыг нэлээд сайн зааж, тусгаж өгсөн байдаг. Дээр нь Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос боломжийн түвшинд хяналт тавьдаг. Тэгэхээр энд хөгжил явагдаж байна.

Харин Хязгаарлагдмал хувьцаат компани (ХХК)-уудын хувьд асуудал бий. Цэвэр гэр бүлийн эсвэл найз нөхдийн хүрээн дэх бизнесүүд байх нь элбэг. Гэр бүлийн бизнесийн хөгжлийг авч үзвэл хоёр дахь үедээ шилжиж, хүүхдүүдийн үе рүү орж ирэх гэж байна. Энэ бол нэлээд асуудалтай, ярвигтай үе мөн. Хэрэв энэ үеийг зөв байдлаар давж гарвал засаглал яваандаа сайжирна. Манайхны хувьд ихэвчлэн амьдралын гарцаагүй шаардлагаар ганзагын наймаа, жижиг бизнес эрхэлж яваад тухайн бизнес нь томорч, өнөөдрийн түвшинд хүрсэн байдаг. Номын дуу тэр бүр сонсоогүй, голдуу өөрийн алдаж, онож явсан туршлагадаа тулгуурлах нь бий. Гэтэл жижиг бизнес, стартап, наймаа хийж байсан үеийн мэдлэг олон хүн ажиллуулаад эхлэхэд хангалттай байж чаддаггүй. Энэ тохиолдолд мэргэжлийн, нарийн мэргэшсэн хүнтэй тухай бүрт нь хамтран ажиллах нь зүйн хэрэг. Мөн аливааг хэр цараатай харж, алсын хараатай байх вэ гэдэг их чухал.

Өнөөдөр бараг компани бүр үүсгэн байгуулагчийнхаа бодлоор л явж байна. Гэтэл үүсгэн байгуулагч ажлаа шилжүүлж буй нөхцөлд байгууллагын соёл, хүмүүсийн ажилдаа хандах хандлага өөрчлөгдөх нь бий. Энэ шилжилтийг зөв хийх асуудал маш чухал. Нөгөө талаар, бизнесмэнүүд delegation буюу эрхээ шилжүүлэхдээ алддаг. Өдийг хүртэл эрсдэлийг үүрэн байж босгож ирсэн бизнесээ хэн нэгэнд итгээд шилжүүлж чадахгүй хойш суух тохиолдол бий. Та өөрөө хүнд итгэхгүй бол хэн ч танд итгэхгүй шүү дээ. Би удирдлагын түвшнийхэнд сургалт орохдоо “Нэгэнт хүнд итгээд ажилд авсан л бол эргэж харахгүйгээр бүх ажлаа даатгаж, орхиж сур. Гэхдээ та хариуцлагаа үүрэх нь ойлгомжтой. Тэгэхээр нарийн, сайн шалгаж ав. Хүнтэйгээ зөв ажилла. Тэгвэл итгэл даахуйц хариу үйлдэл заавал гардаг. Мэдээж хэрэг хүн ажиллуулж, цалинжуулж байгаа учраас алдаа нь ч, амжилт нь ч тэр тантай салшгүй холбоотой байх нь ойлгомжтой. Эндээс үүсэх эрсдэлийг үүрэхээс өөр аргагүй. Ийм тохиолдолд эргэлзэж, тээнэгэлзээд зоримог хөдөлж чадахгүй бол компани тань тэлж томрохгүй, засаглалын асуудлаа ч шийдэж чадахгүйд хүрнэ. Нэг талд сэтгэл зүйн ийм нэг асуудал байхад нөгөө талд мэдлэг, чадвар, туршлагатай холбоотой асуудлууд яригддаг.

ТҮҮХ: Орос III сургуулийг төгсмөгцөө Москва хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр дүүргэж, улмаар эх орондоо эргэн ирсэн Д.Гэрэлмаа Радио, телевизийн техникийн төвөөс ажлын гараагаа эхлүүлэв. Энд хоёр жил хэртэй ажиллаад оффис, конторын ажил түүний хийх зүйл биш гэдгийг нэг л өдөр ойлгожээ. “Манай байгууллагын удирдлагын багийнхан үнэхээр чадварлаг хүмүүс байлаа. Мундаг дарга нарын гараар орсон тулдаа л ажил мэргэжлийн гараа маань дажгүй тавигдаж, эдийн засгийн мөн чанарыг нэлээд гүн ойлгосон шиг байгаа юм. Одоо бодоход, ажлын гарааны орчин, анхны удирдлагууд маань үнэхээр сайн байжээ” хэмээн дурссан түүний дараагийн очих зогсоол Санхүүгийн техникум нэрээ өөрчлөн Эдийн засгийн коллеж болоод удаагүй тэр л сургууль, өнөөгийн СЭЗИС байв. Багш авах зарын дагуу холбогдож, ажилд орж байсан нь өчигдөр мэт тодхон. 1992 оны гуравдугаар сард байв. Д.Гэрэлмаа багшийн ажилдаа үнэнхүү дурласан он жилүүд ингэж л эхэлжээ. “Хэрэв би амжилт гаргасан бол тэр бүхэн энэ сургуультай л холбоотой” гэж тэр хэлсэн нь “Дуртай зүйлээ хийж байгаа цагт сая амжилтад дөтөлнө” гэх бичигдээгүй хэр нь бодитоор оршиж, олон хүний ажил, амьдралын түүхээр баталгаажсан “томъёо”-г улам батжуулж, дахин тунхаглах мэт.  

– Засаглал гэж ярихаар өнөөдөр компаниуд мэргэжлийн ТУЗ-тай байж, бүрэн утгаараа ажиллаж чадаж байна уу гэх асуудал сөхөгдөх байх? 

– ТУЗ гэдэг бол миний эрхийг хэрэгжүүлж байгаа нэгж. ТУЗ-д очоод суучихсан л бол би мэргэжлийн байх ёстой. Олон янзын эрх ашгийг хэм тэнцүү хэмжээнд удирдан авч явах сэтгэлзүйн тэнхээтэй байх ёстой. Мэдлэг, чадвартай байхаас гадна тэр олон өнцгийг ялгаж харах чадвартай, мэдрэмжтэй байх нь маш чухал. Тухайлбал, томоохон хувьцаа эзэмшигч юу сонирхож байна, дийлэнх хувьцаа эзэмшигчийнх ямар байна, жижиг хувьцаа эзэмшигчид яаж байна, хэрэглэгчийн сонирхол, байгууллагын ажилтнуудад тулгарч буй хэрэгцээ, шаардлага юу болов гэх мэт олон талын ашиг сонирхлын төв цэгт компанийн үйл ажиллагаа явагддаг. Эдгээр сонирхлыг хэм тэнцүү хэмжээнд удирдан авч явах эрх нь засаглал буюу ТУЗ-ийн хэмжээнд орж ирдэг. Энэ бүхний зангилаан дээр л хамтаараа удирдах буюу засаглах гэдэг ойлголт үүснэ.

Говь ХК-ийн тухайд яг мэргэжлийн ТУЗ ажиллаж байна. Хараат бус гишүүд ч мөн үүрэгт ажлаа хийгээд явж байна. Бид нийлж сууж байгаад тоглоомын дүрмээ хамтран зохиодог. Мөн яг л дүрмийнхээ дагуу тоглоно. Ямар дарааллаар шийдвэр гаргах, асуудал тулгарахад ямар алхмууд авахаа тодорхойлох зэргээр гол зарчим, тоглоомын дүрэмтэй холбоотой зүйлс бэлтгэгдэж, жигдэрсэн гэж хэлэхэд буруудахгүй. ТУЗ-ийн хурлууд товлосон цаг хугацаандаа болно. Хэлэлцэх асуудал ч тодорхой. ТУЗ-ийн үүрэг бол хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө зөв зохистой замаар зарцуулагдаж, өгөөжтэй өсөж үржиж байгаа эсэхийг хянах. Өнөөдрийн ашгийг харж маргаашийг мартах, эсвэл өдөр тутмынхаа ажилтай зууралдсаар орчин нөхцлөө мартах тохиолдол гүйцэтгэх удирдлагын багт их үүсдэг. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлэх, зөвлөмж чиглэлийг оновчтой тодорхойлж гаргах, гүйцэтгэх удирдлагын багтайгаа маш сайн ойлголцож ажиллаж чаддаг байх нь тун чухал.

Ер нь компанид хоёр өөр эрч үйлчилдэг. Нэг нь урагшаа харж, алдаа гаргасан ч хамаагүй эрсдэлийг үүрэн зүтгэдэг. Энэ эрчийг сулруулалгүй хөгжлөө зөв авч явахын тулд хэрхэн хяналт тавих вэ гэх асуудал гарч ирнэ. Дараагийн эрч бол энэ. Хэзээ амыг нь чангалж, хэзээ сулруулах вэ? Энэ хүчийг л зөв зохицуулах нь засаглалын гол асуудал. Тэнд мундаг эрчтэй, урагшаа харсан хүмүүс байхад ТУЗ-ийн түвшинд эрсдэлээ хэдийнэ тооцож, хяналтаа оновчтой чиглүүлж, баталгаатай, найдвартай ар тал болж ажиллах ёстой. ТУЗ өөрөө манлайлал сайтай байх хэрэгтэй. ТУЗ-ийн үндсэн үүрэг бол ерөөсөө л хяналт тавих. Цаашлаад өдөр тутмын ажилд оролцохгүй, ерөнхий чиглэлээ гаргаж, компанийн үйл ажиллагааг дүгнэж, нарийвчлан зөвлөх, нарийн мэргэжлийн мэдлэгийг ашиглах асуудал л яригддаг.

– “Говь” ХК-ийн баримтлах гол бодлогыг хэрхэн зураглаж байгаа вэ. Экспортын чиглэлд нэлээд анхаарч байх шиг байна?

– Бид экспортод л түлхүү анхаарч байна. Үйл ажиллагаатайгаа уялдуулан онлайн платформыг  нэлээд сайн ашиглаж эхэллээ. Бага багаар цахимжиж байна. Ер нь цахим худалдааны талбаруудыг бүрэн ашиглалтад оруулах нь бидний хувьд том сорилт. Өнгөрсөн жил “Говь” ХК “Гоёо” компанийг худалдан авч, нэг группт хамаардаг байсан тусдаа үйл ажиллагаатай компаниуд нэгдлээ. Олон улсын тавцанд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг бол өмнөд хөршийн Ордос хот дахь үйлдвэртэй л өрсөлдөж байна гэсэн үг. Тэнд  масс үйлдвэрлэл утгаараа хөгжиж байгаа бол “Говь” ХК-ийн үйлдвэрийн хүчин чадал, тэдний нэг л үйлдвэртэй дүйцэхүйц хэмжээтэй. “Говь”-ийн ноолуурын чанар муугүй, үйлдвэрийн 30 гаруй жилийн туршлагатай учраас бүтээгдэхүүний хувьд тун боломжийн. Гэхдээ масс үйлдвэрлэл явуулж, том масштабтай ажил хийе гэхэд бидний хүчин чадал хараахан хүрэлцэхээргүй. Тиймээс далайцаа тэлэх үүднээс “Говь” болон “Гоёо” нэгдсэн. Дотоодын зах зээлийн хамгийг нь хумиад авчихлаа, шударга бус өрсөлдөж байна гэсэн шүүмжлэлүүд бий. Үүнийг ойлгож байна. Гэхдээ бид дотоодын зах зээлээс илүү олон улсын зах зээлийг харж байна. Борлуулалт ч муугүй байна. Өнгөрсөн оны хувьд хөрөнгө оруулалт их шаардагдсан, өндөр зардалтай жил боллоо. Товчхондоо, аливааг хаяж байж дараа нь олдог болохоос биш, огт хаяхгүйгээр олно гэж байхгүй шүү дээ.

Би 2013 оноос хойш “Говь”-ийн ТУЗ-д ажиллаж байна. Харин дөрвөн жилийн өмнөөс ТУЗ-ийн даргаар ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй өөрчлөлт нүдний өмнө өрнөлөө. Засаглалын түвшинд ахиц үзүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэлээд сайжирч, шинэ брэндүүдийг экспортолж эхэллээ. Намайг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр анх ажиллаж эхлэх үед “Говь” ХК-ийн нийт борлуулалтын 13 орчим хувийг экспортын орлого эзэлж байсан бол өдгөө энэ тоо 40 орчим хувь болж нэмэгдсэн. Гэхдээ энэ бүхэн ганцхан миний оролцоо биш. Эдгээрийн ард томоохон үйлдвэрлэгч, мундаг өмчлөгч, маш сайн удирдлагын баг, олон жилийн туршлагатай, мэргэшсэн, ажилдаа хамаг сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн ажилтнууд бий. Харин ТУЗ хөшигний ардаас тэдэнд ажиллах илүү сайхан боломжуудыг гаргаж өгөхийг зорьдог. Донсолгоотой замаар явж эхэлбэл тэрхүү донсолгоог бууруулах, хөнгөвчлөх ажлыг л бид хийнэ.

Хэзээ амыг нь чангалж, хэзээ сулруулах вэ? Энэ хүчийг л зөв зохицуулах нь засаглалын гол асуудал. 

– Бизнесмэнүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, дэлхийн зах зээлд тоглолт хийхийн тулд таныхаар юунаас эхлэх ёстой вэ?

– Гадаад зах зээлд гарахын тулд бизнесээ 10 хуруу шигээ мэддэг байх хэрэгтэй. Юу хийж, бүтээж, ямар загвараар ажиллаж, ямар орцыг бий болгож буйгаа, мөн хэдий хэр хүчин чармайлт гаргаж, ямар мэдлэгийн үр дүнд үүссэн бизнес вэ гэдэгт хариулж чаддаг байх буюу бизнес процесс, эхлэл төгсгөлүүдийн талаар маш цэгцтэй ойлголттой байх ёстой. Та өөрийн суурилуулсан хүчин чадлаа сайтар мэддэг байх нь чухал. Учир нь хэн ч хүчин чадлаасаа давсан тоглолтыг хийж чадахгүй. Боломж ч үгүй. Толгойгоо давж харайхгүй гэж үг бий шүү дээ. Үүнтэй адил миний өгөгдөл бол миний бие. Өөрийн хүчин чадлыг тултал нь ашиглахын тулд энэ биеэ хайрлаж, гамнадаг, мөн сайн мэддэг байх ёстой. Тодорхой хэмжээгээр танигдаж, чармайж зүтгэсээр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд таниуллаа гэхэд гэнэт том захиалга орж ирвэл та яах вэ? Тэгэхээр юу хийж, бүтээсэн, юу бүтээх гэж байгаа, хүчин чадал маань юу билээ, ямар зах зээл, сегментэд зориулж, ямар хэмжээ, чанартай бүтээгдэхүүнийг ямар арга замаар байршуулах вэ гэдгээ зөв тооцоолох нь чухал. Яг одоогийн байдлаар манай улс масс үйлдвэрлэлээр томоохон улс, орнуудтай өрсөлдөх чадваргүй. Магадгүй мэдээллийн технологи, өндөр технологийн салбаруудад арай өргөн дэлгэр боломж бий байх. Харин үйлдвэрлэлийн салбарын тухайд хүчин чадал, хүний нөөцийн чадавх, хүнээ ажиллуулж буй байдал гэх зэрэг маш олон зүйлээс хамаардаг. Үйлдвэрлэл өрнөж буй газар мэдлэг хуримтлагдаж, хүн хөгждөг. Ер нь хүн гартаа ямар зэвсэг атгасан байгаагаар тухайн хүний сэтгэлгээг тодорхойлж болно. Нэг ёсондоо, гарт нь шугам, харандаа байна уу, эсвэл нарийн технологийн компьютер, олон төрлийн аппликэйшн, мэргэжлийн багаж, хэрэгсэл байна уу гэдгээс хүний сэтгэлгээний царааг тодорхойлох боломжтой.

 Олон талын ашиг сонирхлын төв цэгт компанийн үйл ажиллагаа явагддаг.

– Монголын зах зээлд жижиг, дунд бизнесүүд давамгайлж байна. Эдгээр бизнес шат ахиж, цааш хөгжихийн тулд ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

– Хүмүүс дараагийн шатандаа гарах гэж боддоггүй биш боддог. Сэтгэл цадаж хэрхэвч болохгүй. “Болоод л байгаа шүү дээ. Гэрээ аваад явчихаж байна. Өөртөө хэрэгтэй юмаа хийчихэж байна. Надад үүнээс илүү зүйл хэрэггүй” гэж бодож байгаа хүмүүс ч байна. Хүн бүрийн хандлага янз бүр байна. Хөгжил гэдэг улайрч, дурлаж ажлаа хийх, бизнесээ авч явах тухай ойлголт. Ингэж гэмээнэ хөгжиж дэвшдэг юм уу даа. Сэтгэл гаргаж байгаа нөхцөлд бизнес хөгжих гээд байх шиг байна. Гэхдээ зөвхөн сэтгэл байгаад мэдлэг байхгүй бол явахгүй. Илүү чармайлт гаргахгүй бол бүтэхгүй. Энэ бүхнийхээ хольцыг маш зөв гаргах. Хүндээ итгэж, ажлаа даалгаад хяналтаа маш зөв тавьж сурах хэрэгтэй. Итгэл, хяналт хоёрын заагийг барих асуудал маш чухал. Хүндээ итгээд нөгөөх нь итгэлийг нь даахгүй бол нэг алдаа гарна. Хэт их хяналт тавиад хамаг итгэлийг нь үгүйсгэснээр бүтээмжгүй болгох тохиолдол ч байна. Энэ хоёрыг зөв хоршуулаад тавьчихбал аятайхан л юм болох байх. Хүний амьдралтай адил бизнесийн хөгжил ч мөн тодорхой мөчлөгтэй. Мөчлөгөө маш зөв удирдаж, хэзээ, яаж дараагийн үе шат руугаа орох юм гэдгээ тодорхой болгох. Тэр үе рүү орлоо гэхэд өөрөө бэлэн байх асуудал маш чухал. Сэтгэл зүйн хувьд, нөөц хөрөнгийн хувьд ч бэлэн, аль хэдийнэ бодчихсон байх хэрэгтэй. Бодол чинь цэгцэрчихсэн байх ёстой. Бодлоо цэгцлэлгүйгээр дараагийн түвшинд гарна гэж байхгүй.

– Эмэгтэй хүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрэгтэйчүүдээс хэд дахин илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог. Таны хувьд өнөөдрийн өндөрлөгт хүрэх зам тань багагүй бэрхшээлтэй тулгарч байсан байх?

– Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эмэгтэй хүнээс илүү хүчин чармайлт шаардагддаг нь үнэн. Бодож буйгаа хүнд яг тэр утгаар нь ойлгуулахын тулд, чадна гэдгээ батлахын тулд илүү чармайлт гаргадаг. Би олон эрэгтэй даргатай ажиллаж байлаа. Гэтэл эмэгтэй даргаас эрэгтэй загварыг нэхэх нь түгээмэл. Дэлхийд улс төрийн тэргүүнээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг харахад ихэвчлэн эрэгтэйлэг шинж давамгайлсан байдаг. Өөрөөр хэлбэл, хатуу чанга, эрэгтэй хүн шиг байж байж хүлээн зөвшөөрөгдөж байна. Гэтэл заавал тийм байх ёстой юу. Маш их чармайлт гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Үүнээсээ болоод шүүмжлүүлж, өөлүүлж, эвгүйгээр дуудуулж байсан тохиолдол надад олон бий. “Би эмэгтэй хүн учраас эмэгтэйгээрээ л бодно” гээд хүнтэй маргаж байсан тохиолдол ч бий.

Эмэгтэйчүүдийн хувьд, өөртөө болон өөрийн хийж буйдаа итгэлтэй байх маш чухал. Зорьсноо биелүүлэх хүсэл, харизм, энерги ялгаруулах чадвар ч мөн ялгаагүй чухал. 

Мөн эмэгтэй хүн гэдгээсээ болж, боломжоос гадуур үлдэж, хасагдаж байсан тохиолдол цөөнгүй. Болох, болохгүй үгээр хэлүүлж ч байсан. Гэхдээ тэр болгонд нэг их санаашраад, бодоод, түүнээс болж болохоо байчихсан зүйл алга даа. Тэр бүхнийг тоохгүй өнгөрөөж болдог. Чухал үед эрэгтэйчүүдтэй сэтгэлгээний загвараа яг адил байлгах шаардлага гардаг уу гэвэл гардаг. Тэд аливааг эмоцгүй боддог бол бид эсрэгээрээ мэдээллийг эмоцоороо хүлээж авдаг. Эрэгтэй дарга нартай ажиллаж байх үед чухал шийдвэр гаргах ёстой, эсвэл зөрчил, маргаантай хурц үед ирчихсэн тохиолдолд яг адилхан бодох. Асуудал нь юу вэ, процесс нь ямар байна гэдэгт анхаарах ёстой болохоос биш чиний дуртай, дургүй энд хамаагүй. Ийм загварт хурдан шилжиж чаддаг байх нь чухал. Тэгэхээр үүнд суралцах хэрэгтэй. Ер нь эмэгтэйчүүд өөртөө болон өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байх маш чухал. Мөн зорьсноо биелүүлэх хүсэл, харизм, энерги ялгаруулах чадвар ч тун чухал.

– Таныхаар манлайлагч гэж хэнийг хэлэх вэ?

Өөр дээрээ хариуцлагыг авдаг, алдааг үүрдэг хүнийг манлайлагч гэж хэлэх байх.

– Амьдралдаа тулгарч байсан бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж байв. Оюуны ажил хийдэг, удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүст стресс менежмент их чухал байдаг болов уу. Тэр их хариуцлага, үл үзэгдэх дарамтыг хэрхэн зохицуулдаг вэ?

– Хүнд нөхцөл үүсэхэд хамгийн муу хувилбарыг нь эхэлж боддог. Энэ бол эрсдэл тооцдог хүний л зан. Боломжит хамгийн муу хувилбарыг түрүүлж бодчихоод тухайн нөхцөл рүү ороход дараа дараагийн алхмууд маш хялбар болдог. Байж болох хамгийн муу хувилбараар бодож, оюун дүгнэлт гарган, айдсаа давчихсан тохиолдолд аливааг төвөггүй хийдэг. Шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнээд байна гэдэг айдастай л холбоотой. Айдсыг давчихсан байхад шийдэл маш хурдан гардаг. Нөгөө талаар, юм тодорхойгүй, ойлгомжгүй үед бид их бухимдаж, стресстдэг. Тиймээс тухайн нэг зүйлийг нэг талд оруулан шийдвэрлэж, юмсыг тодорхой болгочихвол маш амар болдог. Ингэж шулуудаад ирэхээр үйлдэл хийхэд бэлэн болж байна гэсэн үг. Энэ бүхэн намайг стрессээс авардаг. Харин үүнээс өөр зүйлээс үүдэлтэй стрессийг би стресс гэж үздэггүй. Удаан сууж аливаа ажлыг нухахад ядардаг ч гэлээ тийм ядаргаа хурдан тайлагддаг. Мэддэг, чаддаг бүхэн маань өөр хэн нэгэнд тус болж, удаан суусны минь хүчинд ямар нэг зүйл бүтээгдэж байгааг мэдрэхэд л ядаргаа ор мөргүй болдог. Харин ч эсрэгээрээ түүнээсээ цэнэг авдаг шиг байгаа юм.

Гэхдээ бүх зүйл дандаа сайн, сайхан, дардан байна гэж байхгүй. Нэг асуудлаас нөгөө асуудлын хооронд л амьдрал үргэлжилдэг гэж боддог. Харин тэдгээр асуудлын дундах заагт  аз жаргал бий. Зорилго биелж, ямар нэг зүйлийн ард гарсан гэх итгэл үнэмшил биднийг аз жаргалтай болгодог. Гэхдээ энэ бол тасралтгүй үргэлжилдэг зүйл биш. Тасралтгүй байдаг зүйл нь асуудлууд. Асуудал байснаараа намайг сорьж, олон зүйлийг мэдэхгүй, чадахгүй байгаагаа би өдөр бүр мэдэж авч байна. Болохгүй, бүтэхгүй байгаагаа ч тэр. Тэгэхээр олдож байгаа энэ хэсэгхэн хормуудыг сэтгэл хангалуун өнгөрүүлж, асуудал тулаад ирэхэд даваад гарна л гэсэн бодолтой байдаг болохоос урьдчилж санаа зовдоггүй. Тэртээ, тэргүй олон зэрэг ажил эхлүүлчихээр тэгтлээ бодож, ухаарах ч боломж заримдаа гарахгүй. Асуудал үүслээ гэхээр буруутан хайгаад явах биш одоо ямар алхам авбал энэ алдааг засаж, цааш урагшлах вэ гэдэгт л анхаарах нь чухал. Тэгмэгц хүмүүс шалтаг тоочихоо ч болино. Аливаа алдааг өөртэйгөө л холбож ойлгоход болчихно доо. Буруутан хайж явах нь цаг үрж, өөрийгөө ч, өрөөлийг ч бухимдуулдаг.

– Амжилтыг та хэрхэн тодорхойлох вэ?

– Зорьсондоо хүрэх. Хийе гэж бодсоноо яг тэр утгаар нь хийх. Давуулсан ч байж болно. Тэр их гоё мэдрэмж. Нэг удаа тийм мэдрэмжийг мэдэрчихсэн байхад түүнийхээ хойноос байнга л явна. Жаахан хамааралтай байдалд орчихдог ч гэсэн гоё шүү дээ. Гэхдээ ингэж явж байгаад хэзээ нэг өдөр унана гэдгийг мартаж болохгүй. Унах үед бас нэг өөр зүйл мэдэрнэ. Алдсаны мэдрэмж. Гэхдээ энэ мэдрэмждээ удаж, гацаж болохгүй. Харин яагаад унав гэдгээ их сайн эргэцүүлж, алдаагаа давтахгүй байх талаас хичээх нь чухал. Алдсан үеийн сэтгэлээр унаж буй тэр мөчүүдээ амтлаад л өнгөрөх хэрэгтэй. Ийм мэдрэмж бас их эрч хүч өгдөг нь их сонин. Хямралд орох нь олон зүйлийг өөр өнцгөөс эргэцүүлж харахад нөлөөлж, эргээд шинэ боломжуудыг нээж өгөх нь ч бий. Ер нь амжилтын мэдрэмжээ амтлаад л, мартахгүй санаж байвал их зүгээр.

Ярилцлагын төгсгөлд тэрбээр “Бидний долгион их таарах шиг боллоо. Чиний асуултууд бодлыг минь цэгцэллээ” гээд “Миний энэ бодлууд гэнэт ороод ирсэн юм биш, харин бага ч болов ухаарлын үр дүн учраас та нартай хуваалцсан юм шүү” хэмээн даруухан өгүүлээд инээмсэглэсэн юм. 

/Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2020 оны долдугаар сарын дугаар (№20) -т нийтлэгдсэн болно/

 

 

Mongolian Economy