Д.Лхамсүрэн: Бид сэтгэл зүйн дархлаатай болох хэрэгтэй 

B. Misheel
2020-03-13 17:31:15
Ангилал: Тодруулга

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэн нь олон нийтийн сэтгэл зүйлд хүчтэй нөлөөлж буй энэ үед Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцаж, ийм нөхцөлд хүний сэтгэл зүй хэрхэн ажилладаг, биеэ хэрхэн авч явах ёстой тухай лавлалаа.

– Манай улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл гарсны дараа  хүмүүс хоол хүнс, шатахуун ихээр нөөцөлж эхэлсэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбож үзвэл энэ хэвийн үзэгдэл үү?

– Хүмүүс айх, паниктах эсвэл яахаа мэдэхгүй байх нь хэвийн бөгөөд өөрийгөө хамгаалах хариу үйлдлийн илрэл юм. Айдас бодит болон бодит бус эсэхээс шалтгаалаад өөр өөр хэлбэрээр илэрдэг. Энэ нь хүний хөгжлийн бүхий л үе шатанд байсан эрүүл зан үйл. Хүн айдастай нүүр тулахдаа хоёр төрлийн хариу үйлдлээр аюул заналхийллийг даван туулдаг. Эхнийх нь айдастайгаа тэмцэх буюу одоогийн нөхцөлд баталгаат мэдээллийг олж авах, үнэн худлыг эргэцүүлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Харин нөгөө нь ая тавтай, амар аргыг сонгож айх гэдэг тухгүй мэдрэмжээс аль болох зугтахыг хичээнэ.

“Хилээ хаавал таарна”, “халдвар авсан хүнийг үгүй хийе” эсвэл “сармис их идвэл өвчин тусахгүй” гэх зэрэг хамгийн бэлэн, амар аргыг хайдаг. Мэдээлэлгүй эсвэл дутуу мэдээлэл авсан хүмүүс нэг бүлэг болж,  сэтгэл хөдлөл нь давамгайлсан нэгнийхээ мэдээллийг түгээж эхэлдэг. Айсан хүмүүс бүлэг болохоороо хүчтэй нэгдэл бий болгодог бөгөөд тэдний ярьж буй зүйл үнэн мэт сэтгэгдэл төрүүлж эхэлдэг. Зөв мэдээлэл авч чадахгүй байгаа хүмүүст ялгаварлагдсан мэдрэмж төрж, тэрийгээ нуухыг хичээж, гаргаж буй шийдвэртээ эргэлзэж эхэлдэг.

Миний харж буйгаар хүмүүс айдсаа хүлээж авахаас илүү зугтаж байна. Үүнээс гадна юу ч хийсэн түүнийг нь үгүйсгэж, худлаа гэж хардах хандлага нэмэгдэж буй. Нөгөө талаас ЭМЯ зэрэг байгууллага мэдээлэл хийхдээ хэд хэдэн алдаа гаргаж байна. Тодруулбал, хүний эрх, нэр төрийг хамгаалах тал дээр зохих анхаарал хандуулаагүйг вирусийн анхны тохиолдол илэрсэн франц иргэний жишээнээс харж болно. Үүний улмаас хүмүүс хэрэв би өвдвөл яг ингэж адлагдах юм байна гэсэн ойлголттой болж улмаар сэжигтэй шинж тэмдэг илэрсэн ч нуух магадлалтай. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүн сайн дураараа шинжилгээ өгч шалгуулах таатай нөхцлийг бүрдүүлээгүй нь үүнд нөлөөлж буй.  

– Ийм нөхцөлд хувь хүн болоод нийгэм хэрхэн сэтгэл зүйн дархлаатай байж, туйлшралд автахгүй байх вэ?

-Манай улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэн нь биднийг сэтгэл зүйн хувьд хэр дархлаатай болохыг шалгасан том шалгалт байлаа. Энэ шалгалтад бид тэг үнэлгээ авсан гэж болно. Сэтгэл зүйн дархлаатай хүн зөв мэдээлэл авч, өөрт буй боломжоо ашиглан өөрийгөө болон өрөөлийг хамгаалж чаддаг бөгөөд ийм зан үйл бидэнд хэвшээгүй байна. Бидэнд сэтгэл зүйн дархлаа, сэтгэл зүйн боловсролтой болох хэрэгцээ байна.

Юун түрүүнд мэргэжилтнүүдийн үгийг сонсох хэрэгтэй бөгөөд мэдээллийн эх сурвалжуудыг хооронд нь харьцуулж унших нь зөв. Янз бүрийн мэдээллийг харьцуулаад харах боломж хүн бүрт бий шүү дээ. Мөн аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж, яагаад тийм байгааг бодож тунгааж байх хэрэгтэй. Мэдээж чанартай хоол идэж, сайн амрах нь сэтгэл санааг тайван байлгахад нөлөөтэй. Хүн үргэлж болоогүй зүйлээс айдаг. Бидний сэтгэлийг зовниулж буй асуудлуудын 90 орчим хувь нь болоогүй зүйл байдаг. Болоогүй зүйлст үргэлж санаа зовох хэрэггүй гэдгийг санаж байх нь чухал юм. Мөн тухайн хүн өөрийн мэдрэмжээ зөв таньдаг байх хэрэгтэй. Би яг айгаад байна уу, үгүй юу, айхаараа би ямар үйлдэл хийх гээд байдаг билээ зэрэг асуултыг өөртөө тавьж, яавал тайвширдагаа мэддэг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, мэдрэмж дээрээ сайн ажиллаж сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Сонор сэрэмжтэй байх болон паниктахын зааг, ялгаа нь юундаа байдаг вэ? 

-Паник гэдэг нь түр зуурын сэтгэл хөдлөлийн зогсонги байдал буюу тухайн сэтгэл хөдлөлдөө бүрэн автахыг хэлнэ. Энэ нь хугацааны хувьд богино үргэлжилдэг ч өргөн хүрээг хамарсан нөлөөллийг үзүүлдэг. Харин сонор сэрэмжтэй байдал нь илүү тогтвортой шинж чанартай. Сонор сэрэмжтэй байна гэдэг нь тухайн хүн аливаа асуудал тулгарахад бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө ажигласнаар аль нь танд байгааг таних амархан.

-Олон нийтийг хамарсан паник нь тухайн цаг үед нүүрлэж буй бодит аюулаас илүү хор хөнөөл авчирсан тохиолдол байдаг уу? 

-Дэлхий дээр болж байсан бөгөөд байгаа бүх дайн, сөргөлдөөн нь нэг вирус эсвэл өөр ямар нэг зүйлээс бус хүн хоорондын харилцаанаас үүссэн байдаг. Хүмүүс бие биенээ үзэн ядах, сөрөг сэтгэл хөдлөлөө хэт их илэрхийлэх, түүнийгээ хязгаарлаж чадахгүй байх нь олныг хамарсан үймээнийг бий болгодог бөгөөд үүнийг тогтоон барихад хүндрэлтэй байдаг. Нийгмийн айдас “хохирогчийн сэтгэл зүйг” бий болгодог. Аливаа онцгой нөхцөл үүссэн үед хүн өөрийгөө хохирогч гэж харснаар буруутныг хайж эхэлдэг. Энэ үед хүн хүлээн авч буй мэдээллээ боловсруулахдаа ганцхан зүйлийг чухалчлаад бусад талыг нь орхигдуулах хандлагатай байдаг. Аливаа зүйл үргэлж муу эсвэл сайн байдаггүй.

Коронавирусийн дэгдэлт ч нөгөө талаас эерэг үр дагаварыг бий болгож байна. Тухайлбал, гараа тогтмол угаадаг болсноор бид өөр төрлийн халдварт өвчнөөс сэргийлж, гэр бүлдээ илүү цаг гаргаж, эрүүл мэнддээ илүү анхаарах болсон зэргээр эерэг үр дүн олон гарч буй. Гэвч зарим нь хохирогчийн сэтгэлгээндээ автаж, сайн талыг нь орхигдуулан буруутныг хайх үйл ажиллагаандаа шамдаж байна.

 

 

B. Misheel