Д.Мөнхбат: Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх нэн тэргүүний шаардлага бий

Sarangerel
2025-12-03 12:02:45
Ангилал:

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын гол “малгай” хууль нь 2003 онд буюу одоогоос 22 жилийн өмнө батлагдсан бөгөөд нийтдээ 12 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх үүрэг тодорхой тусгагдаагүй, зохицуулаагүй зүйлүүд их бий” гэж Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат ярьж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Монгол Улсын төр, засаг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Орхон аймгийн ИТХ-ын даргын хувьд энэхүү үзэл баримтлал, бодлогыг хэрхэн харж байна вэ?

-Орхон аймгийн ИТХ-ын даргын хувьд уриа лоозонгийн шинжтэй байсан Бүсчилсэн хөгжил жинхэнэ утгаараа хэрэгжих нөхцөл бүрдсэнд маш талархалтай хандаж байгаа. Бид орон нутгийнхаа зарим асуудлыг шийдвэрлэхэд хөрш аймгуудтай хамтран ажиллах шаардлага бий. Аймгийн ИТХ-ын өнгөрсөн бүрэн эрх буюу 2020-2024 онд орон нутгийнхаа хөгжлийн төлөө, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхийн тулд Орхон, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ижил шийдвэр гаргасан.

Тодруулбал, 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулах, хаягдлын шинэ сан байгуулах зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг Орхон, Булган аймгийн ИТХ-ууд адил түвшинд дэмжиж тогтоолоо баталж, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Энэ бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал орон нутагт хэрэгжих хамгийн анхны сайн жишээ болсон гэж хувьдаа бодож явдаг юм.

-Хойд бүсийн хөгжлийн загвар онцлог юунд тулгуурлаж, хэрхэн хөгжиж, яаж явах ёстой гэж та үзэж байна вэ?

-Монгол улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Орхон аймгийн тухайд Булган, Хөвсгөл аймагтай Хойд бүсэд багтаж байна. Бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болно гэж тодорхойлсон. Манай бүс өөрөө уул уурхай, аялал жуулчлалын суурь өгөгдлүүддээ тулгуурлан хөгжинө гээд үзэл баримтлалаа тодорхойлчихсон. Үүнээс хэд хэдэн зорилтыг Орхон аймагт тухайлан хэрэгжүүлнэ.

Тодруулбал, манай аймагт нэгдүгээрт зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хоёрдугаарт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулна. Гуравдугаарт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна. Дөрөвдүгээрт тээвэр логистикийн зангилаа төв байгуулахаар туссан. Бид өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар Орхон аймагт төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан.

Төслүүдийн нэгт Хойд бүсийн тээвэр логистикийн төвийг хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар тусгаад явж байна. Мөн эдийн засаг хөгжлийн яаманд Хойд бүсийн тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ-ийг боловсруулах хүсэлтээ өгсөн. Орхон аймгийн тухайд үзэл баримтлалд туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс шалтгаалах зүйлсээ хийгээд явж байна.

Манай бүс уул уурхай, аялал жуулчлалын суурь өгөгдлүүддээ тулгуурлан хөгжинө гээд үзэл баримтлалаа тодорхойлчихсон

Хойд бүс хамтран хөгжихөд эрх зүйн ямар орчныг бүрдүүлэх шаардлагатай байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар энэ асуудлыг зохицуулсан  хууль, тогтоомж, дүрэм, журам гэвэл 2003 онд батлагдаж, 12 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль, Монгол улсын Их хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2025 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан Бүсийн хэлэлцээр байгуулах нийтлэг журам, Засгийн газрын 2025 оны 15 дугаар тогтоолоор баталсан Бүсийн зөвлөлийн ажиллах журам бий.

Эрх зүйн баримт бичиг хангалттай юм шиг боловч, яг хэрэгжилтийн шатанд дутагдал их. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын хууль, Төсвийн тухай хууль зэрэг салбарын олон хууль тогтоомжид бүс гэсэн ойлголт огт байхгүй. Нэг жишээ хэлэхэд бид ундны усны эх үүсвэрийг хамгаалах зориулалтаар хөрш аймаг, сумынхаа нутаг дэвсгэрт ямар ч ажил хийх боломж хуулиараа байхгүй. Угтаа бол тэр усыг ууж, хэрэглэж байгаа нь манай аймгийн иргэд байхад шүү дээ. Энэ мэтчилэн олон асуудал бий. Дээрээс нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын гол “малгай” хууль нь 2003 онд буюу одоогоос 22 жилийн өмнө батлагдсан.

Нийт 12 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх үүрэг тодорхой тусгагдаагүй, зохицуулаагүй зүйлүүд их бий.

-Тэгвэл хуулийн шинэчлэл шаардлагатай юм байна тийм үү?

-Би бол тийм гэж хэлнэ. Хамгийн эхэнд Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг  Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх шаардлагатай. Мөн бодлогын түвшинд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүрэг оролцоог хуульд тодорхой болгож, нэмэгдүүлэх шаардлага бий.

Бүсийн зөвлөл болон Салбар зөвлөлийн ажиллах журмыг батлах шаардлагатай байна. Учир нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн бүсийн бодлогыг ямар субъект батлах вэ? Бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүсийн төсвийн асуудлыг яаж шийдэх вэ?, Ямар субъект батлах бэ? Бүсийн батлагдсан бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг ямар субъект хяналт тавих бэ? Бүсийн хэмжээнд газрын харилцаа, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтын шийдвэр (захиргааны акт)-ыг ямар субъект, хэрхэн гаргах вэ?  гэх мэт асуудлууд  тодорхойгүй байна.

-Бүсчилсэн хөгжлийн бодлогод аймгийн ИТХ хэрхэн оролцоотой явах вэ?

-Түрүүн хэлсэн ч, аймгийн ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүрэг, оролцоог хуульд тодорхой заагаагүй. Зөвхөн Бүсийн зөвлөлд нутгийн өөрөө удирах ёсны төлөөлөл байж болно гэсэн заалттай. Тэр нь байхгүй ч байж болно гэсэн үг шүү дээ. Гэхдээ бид Бүсчилсэн хөгжийн үзэл баримтлалд туссан зорилтуудаас орон нутгийн түвшинд шийдвэрлэх, хэрэгжүүлэх боломжтой зорилтуудаа  Орхон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж аймгийн ИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Тодруулбал,

  • Орхон аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулсан “Сургалт эрдэм шинжилгээний үйлдвэрийн цогцолбор”-ыг байгуулна.
  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтэл болон мэс заслын тусламж үйлчилгээгээр төрөлжүүлнэ гэсэн зорилтуудаа тусгаад хэрэгжүүлээд явж байна.

Орхон аймаг ирэх дөрвөн жил хүний хөгжилд анхаарал хандуулна гэж төлөвлөсөн байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

-Бид аймгийн ИТХ-ын  ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш ээлжит 3, ээлжит бус 5 хуралдааныг зохион байгуулж, 2025-2028 онд хэрэгжих аймгийн Засаг даргын “Эрдэнэт хүний хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд зааснаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичиг буюу өөрөөр хэлбэл орон нутгийн онцлог, намуудын мөрийн хөтөлбөрийг шингээсэн дунд хугацааны маш чухал баримт бичиг.

Үйл ажиллагааны хөтөлбөрт бид бүсийн хөгжилд Орхон аймаг яаж оролцох, мөн “Эрдэнэт шинэ илгээлт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхой тусгаж баталж чадсан. Засаг даргын үйл ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөрийн хоёрдугаар бүлэг Хүний хөгжил. Тиймээс ч бид аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар буюу гуравдугаар сард Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан.  Хөтөлбөр хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуучууд, ахмад настны хөгжил, Нийгмийн салбар буюу боловсрол, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр нийгмийн хамгаалал, соёл, урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх  арван үйл ажиллагааны хүрээнд  65 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг 2017-2024 онд буюу аймгийн ИТХ-ын сонгуулийн хоёр бүрэн эрхийн хугацаанд 80-97 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн Эмч, Багш, Ач санах, Анхдагч, Залуучууд, Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрүүдийн үр дүнд үндэслэн, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн нэгтгэж баталсан юм. Ер нь Орхон аймгаас өөр багш, эмч, анхдагч, ахмад, эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлдэг аймаг байдаг эсэхийг мэдэхгүй юм. Орхон аймаг үргэлжид хүний хөгжилд анхаарсаар ирсэн. Ялангуяа эмч, багш нарынхаа ур чадварыг үнэлж, гадаад дотоодод туршлага судлуулах зэрэг олон арга хэмжээг сүүлийн 10 жилийн турш хэрэгжүүлж байна.

2025 онд 145.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж эргээд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

Орхон аймгийн тухайд улсын төсвийн орлогод тодорхой хувь нэмэр оруулдаг аймгийн хувьд төсвийн хуваарилалт болоод төсвийн бодлогын талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Орхон аймаг, Эрдэнэт хот өөрөө үйлдвэр дагасан хот. Улсын бүртгэлийн мэдээллээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай ч аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85 орчим хувь уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэгддэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнэ” ХК зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүдтэй.

Бид 2023-2024 онд 301.7 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2025 онд 145.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж эргээд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Энэ онд улсын төсвийн шинэ хөрөнгө оруулалтын ажил байхгүй. 2018-2024 онд эхэлсэн ажлууд үргэлжлээд явж байна. Орхон аймгийн нэг хүнд ногдох ДНБ-ий үйлдвэрлэл 11 мянган ам доллар. Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ий үйлдвэрлэлийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт тавьж буй. Гэтэл бид хэдийн 10 мянган ам.долларт хүрчихсэн ч үр өгөөж нь иргэддээ ирэхгүй байна. Түрүүн хэлсэнчлэн бид 145 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлчхээд эргээд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг л улсын төсвөөр гүйцэтгэж байна. Улс нэгдсэн нэг төсөвтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг аймгийн ИТХ-ын дарга болсноосоо хойш уламжлаад явж байна.

Орхон аймаг өөрөө онцлогтой. Ирэх жил 50 жилийн ой тохионо. Хот доторх инженерийн шугам сүлжээ, авто зам 50 жилийн насжилттай. Мөн эрчим хүчний уналтыг шийдвэрлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ч одоогоор улсын төсөвт тусгагдсан зүйл байхгүй. Тиймээс бид Орхон аймгийн 2025 оны төсвийн 70 орчим хувийг эрчим хүч, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтад зарцуулахаар баталсан. Энэ ажил дээр улсаас дэмжээд өгвөл бидэнд их дэм болохоор байна даа.