Д.Одхүү: Монголын төрөөс сохор зоос ч авахгүй Эгийн голын УЦС-ыг барих боломжтой

Sarangerel
2026-03-04 14:13:56
Ангилал: Эрчим хүч

Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг монголчууд олон жил ярьж байна. Улиг болтол ярьсаар сүүлдээ үлгэр домог болсон уг станцыг барих ажлыг эхлүүлж байсан Д.Одхүүтэй ярилцлаа. Тэрбээр АН-ын Засгийн газрын үед Эгийн голын УЦС-ын төслийг  хариуцаж, тодорхой ажлуудыг хийж байсан юм.

Тус ярилцлагыг 2024 он буюу хоёр жилийн өмнө авч байв. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл өөрөө асуудал дагуулдаг тул ярилцлагаа гаргахгүй хав дарсаар хоёр жил болсон байна. Энэ хугацаанд асуудал шийдэгдсэнгүй, нөгөө л янзаараа…

-МАН-ын Засгийн газар гарч ирээд таны хариуцан ажиллаж байсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг зогсоож, өөр ажлын хэсэгт шилжүүлж байсан. Энэ үеэр тантай ярилцлага хийж байлаа. Тэр үед та нэлээн ууртай байж билээ. Энэ хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц барих ажил ярихаас цааш хэтэрсэнгүй. Одоо эргээд харахад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудлыг ярих цаг нь яг одоо. Хойд хөршийн нөхцөл байдал болоод дэлхийн хандлага өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Орос Украйны дайн эхэлснээс хойш нэг зүйл ойлгомжтой болсон. Европын холбооны улсууд сүүлийн 20-иод жилийн туршид ОХУ-аас хямд эрчим хүчний эх үүсвэр болсон цахилгаан, байгалийн шатдаг хий, нефтийн бүтээгдэхүүн ихээхэн хэмжээгээр авсаар байгаад аажимханаар хараат байдалд орсон гэдгээ хориг тавихад л мэдсэн. Зүүн болон төв Европын бараг ихэнхи улсууд хүнд байдалд орсон. Тийм ч учраас ихэнхи орнууд энэ хараат байдлаасаа гарах бодлогыг гаргаж өөр эх үүсвэртэй болох ажлыг хийлээ. Европын хүчирхэг улсуудын бараг ихэнхи нь өөр газраас авах боломжтой болсоноос гадна хангалттай нөөцтэй болж байх шиг байна. Харин Зүүн Европын зарим улс одоог хүртэл хараат хэвээрээ.

Эрчим хүчний хараат байдалд орсон улс орнууд зөвхөн газ, нефть, цахилгааны нийлүүлэлтээс хамааралтай болохоос гадна улстөрийн болон төрийн  бодлого нь ч гэсэн даган зохицох, дуулгавартай, хамааралтай байхаас аргагүй нөхцөл байдал үүсдэг байна. Монгол Улс ОХУ-аас цахилгаан, бензин шатах, тослох материалаар хараат. Энэ байдлаас тодорхой хэмжээгээр гарах боломж байгаа ч гэсэн тэр алхамаа хийхгүй дүлэгнэсээр…Европ дахь дайнд асар их хүн хүч, техник хэрэгсэл, хөрөнгөө зарцуулж буй хойд хөрш эдийн засгийн хувьд ч, бодлогын хувьд ч манайтай мантай л байгаа цаг. Өөрөөр хэлбэл, бодлогын чанга  дарамт нь эрс суларсан нөхцөл байдал үүсчихээд байна. Монголчууд эрчим хүчний бие даасан байдал бий болгох асуудлыг одоо л ярих цаг нь болсон. Зөвхөн ярих бус бас хийж эхлэх цаг. Энэ  нь орших уу, эс орших уу гэсэн түвшинд л хариулт шаардаж байна.

Эдийн засгийн  чадамжтай  улсууд оросоос биш хоёрдогч, гуравдагч орнуудаас эрчим хүчний эх үүсвэрээ авдаг болсон. Манайх  үүнийг хийж эхлээгүй л байна. Хүсэхгүй байна уу эсвэл бас л нөгөө нөлөөлөлд нь автаад айгаад байна уу?

-Уг нь их амархан зүйл шүү дээ. Эрчим хүчний системээ өмнөд хөрштэй холбоод хэрэгтэй үедээ авах цахилгааны хэмжээ, үнээ тохиролцоод л болоо. Цэвэр зах зээлийн зарчим. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй хандаж байна л гэсэн үг. Нефтийн бүтээгдэхүүнийг Хятад, БНСУ, Казахстанаас дэлхийн зах зээлийн үнээр авахад асуудал байхгүй.

Замын-Үүд дээр л шилжүүлэн ачих, хадгалах боломжтой байхад болно. Чи санаж байгаа бол өнгөрсөн жил  Европын холбооны улсууд болон АНУ-ын элчин сайдууд хэвлэлийн бага хурал хийгээд “Танай улсыг эрчим хүчний хараат байдлаас гарахад бид дэмжихэд бэлэн байна. Зээл тусламж өгөхөд бэлэн байна” гэж мэдэгдсэн. Сүүлийн жил гаруй хугацаанд гуравдагч орноос айлчлан ирсэн албаны хүн бүр л манай улсыг дэмжье гэж санал тавиад байгаа харагдах юм.

Харин манай талаас тодорхой хариу өгдөггүй дуугүй өнгөрч байгаа. Мань мэт нь тийм амлалт сонсохоор баярлаж огшоод дүлий юм шиг өнгөрөхөөр нь бухимдаад л өнгөрөх. Яасан ч мэдрэмжгүй Засагтай болчихсон юм. Монгол Улстай хамтарч ажиллах, туслаж дэмжих тухай ярьж буй олон улс байна.

-Төр, засгийн тэргүүнүүд гадаад томилолт нэлээдгүй хийсэн. Ингэхдээ эрчим хүчний асуудлыг бага сага хөндөөд л байгаа харагдсан?

-Ямартай ч ойлгож эхэлж байгаа юм уу даа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг Франц явсан айлчлалаараа сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул, судалгааны ажлуудын үр дүнд бий болсон ураны нөөцийг ашиглаж боловсруулалт хийж цөмийн эрчим хүчний эх үүсвэр шар нунтагийг үйлдвэрлэх ажлыг Монголд хийх маш том ач холбогдолтой гэрээ зурлаа. Том бодлого гэдэг өнцгөөр харвал эрчим хүчний хараат байдлаас гаргахад өндөр хөгжилтэй, технологитой, нөлөө бүхий Франц улс туслахад бэлэн байгаа юм байна гэдэг ойлголтыг бусдад өгч, олон улсын түвшинд зарлачихлаа гэсэн үг. Энэ бол манай улс дэлхийн хэмжээний хамтын ажиллагаанд оролцож эхлэж буйг харуулсан нэг том нөхцөл байдал.

Хоёрдахь нөхцөл байдал нь, ОХУ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хөрш улсуудыгаа хүчтэй нөлөөллийн бүсдээ байлгах бодлого явуулдаг нь Украйнд хийж буй дайнаар илэрч байна. Тэдгээр хөрш улсуудын ихэнхи нь буюу Белорус улсаас бусад нь энэ дайн эхэлсэнээс хойш зайгаа аваад эхэлсэн. Казахстан, Латви, Литви, Эстон, Гүрж, Армен, Азербайжан улсууд үндэстнийхээ эрх ашгийг хамгаалсан, бие даасан бодлогоо ил тод, зоригтой явуулж байна. 21-р зуунд дарамт шахалтын бодлого амжилтад хүргэхгүй гэдгийг батлан харуулж байна. Монгол Улс ОХУ-ын  хоорондын харилцаа ч бага ч болтугай өөрчлөгдөж байгаа хандлага ажиглагдах боллоо. Бид жижиг, хүч муутай ч гэсэн НҮБ-ын гишүүн тусгаар улс. Монгол Улс өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэх хүсэлтэй, чадвартай улс гэдгээ улам бүр ухааран ойлгож байгаа үе таарч байна. Бид мөнхийн хөршүүд. Хүчтэй  нь жижгээ дарамтанд байлгадаг харьцаа үеэ өнгөрүүлсэн.

Бие биеэ хүндэтгэсэн, тэгш, харилцан ашигтай, найрсаг хөршийн харилцааны бодлого явуулах ёстой гэдэг зарчмыг Монгол Улс гаргаж тавих цаг боллоо. Өөрийн гэсэн үндэсний ашиг сонирхолоо хамгаалсан зарчимтай, хатуу байр суурьтай байх шаардлагатай

Гуравдахь нөхцөл байдал нь, Монгол Улсын хурдацтай хөгжиж байгаа барилгажилт, аж үйлдэржилт, хотжилтын процесст юу шаардагдаж байна вэ гэхээр эрчим хүчний асар их хэрэглээ. Уг нь хөгжилтэй, бодлоготой улс орнуудад эрчим хүчний үйлдвэрлэл нь улс орныхоо эдийн засгийн хөгжлөөс түрүүлж явдаг. Ядаж 5-10 жилийн өмнө явж байх ёстой. Гэтэл бид 1990 оны Эрчим хүчний үйлдвэрлэл хоцорч байсан үе рүүгээ буцаад орчихлоо. Суурь горимд ажилладаг эрчим хүчний эх үүсвэрүүдээ аль болох хурдтай барьж, ашиглалтад оруулахгүй бол хоцроод эхэллээ. Хэрэглээ ихсэх тусам савалгааны хэмжээ буюу оргил ачааллын үеийн хэрэглээний зөрүү огцом ихсэх учир тохируулгын буюу усан цахилгаан станцыг маш яаралтай барихгүй бол бүр аюултай хэмжээнд очиж байна гэсэн үг.Эгийн голын УЦС-ын төсөл эхэлж байсан үед буюу 90-ээд оны дундуур энэ хэмжээ 100 МВт орчим байсан бол одоо бараг 300 МВт давсан. Сүүлийн үед манай системийн тохируулгад болон аваарын нөхцөлд импортоор авдаг эрчим хүчээ оросууд өгч чадахгүй байж магад гэдэг асуудал яриад  эхэлсэн. Өвөл таслах магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр Монгол Улс хөлдөж магадгүй болсон гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хойноос импортоор цахилгаан авдаг шугам техник, технологийн даацынхаа дээд хязгаарт хүрч  хэзээ ч осол аваарын нөхцөл үүсэж магадгүй эрсдэлтэй түвшинд оччихоод байна. Энэ нөхцөл байдлын  өөрчлөлт бидэнд асуудлаа дахин тавих боломж шаардлагыг өгч байна. Одоо ярих цаг нь мөн.

Эгийн голын УЦС шиг станц дахиад хоёрыг барихгүй бол болохгүй болж ирлээ

-Тэгэхээр Эгийн голын усан цахилгаан станц бариад ч эрчим хүчний дутагдал болон шаардагдах тохируулгын зөрүүг нөхөж чадахгүй хэмжээнд хүрчихсэн гэсэн үг үү?

-315 МВт суурилагдах хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц эрчим хүчний тохируулгын савалгааг хаахад оролцох хэмжээ, үүрэг нь багасаж байна гэсэн үг. Эгийн голын усан цахилгаан станц шиг станц дахиад хоёрыг барихгүй бол болохгүй болж ирлээ. 500 МВт-ын савалгааг хаах хэмжээний тохируулгын станц барихгүй бол болохгүй болж байна гэсэн үг. 20 жилийн өмнө Эгийн голын усан цахилгаан станцаар системийн тохируулга хийхэд хангалттай байсан бол одоо хүрэлцэхгүй.

Монгол Улсын өөрийнх нь эрчим хүчний хэрэглээ, өнөөгийн нөхцөл байдал, шаардлага ийм түвшинд оччихсон. Үүн дээр нэмэгдээд хойноос орж ирдэг цахилгааныг дамжуулж байгаа шугамын нэвтрүүлэх хэмжээ, хүчин чадал, даац нь дээд хэмжээндээ хүрчихсэн, шинэчлэл хийгдэлгүй удаж байгаа. Өгье гэсэн ч дамжуулж авах боломж, хэмжээ нь хязгаарлагдсан. Оросын өөрийнх нь эрчим хүчний системд техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийгдээгүй удсан, найдвартай бус болсон. Хэрвээ эрчим хүчний системд нь ямар нэгэн асуудал үүсвэл оросууд хамгийн түрүүнд  Монголын цахилгааныг таслана. Биднийг манатай л болно доо. Ийм нөхцөл байдал энэ өвөл ирэхийг үгүйсгэхгүй. Зүгээр эрсдэлтэй биш маш өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд Монголын эрчим хүчний систем хүрчихээд байна.

-Тэгвэл энэ байдлаас яаралтай гарах гарц шийдэл нь юу байх вэ. Эрчим хүчний найдвартай ажиллагааг хэрхэн хангах вэ?

-Бид чинь “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг л юм хийдэг улс. Асуудал үүссэний дараа үр дагаварыг нь арилгах гэж явах эсвэл буруутан хайгаад л явдаг зантай. Уг нь урьдчилж хараад эрсдлийг нь тооцоод тодорхой арга хэмжээ авч шаардлагатай алхамаа хийж сурвал асуудлыг үүсгэхгүй байх боломж бий. Даанч хийж байгаа зүйлүүд нь ихэвчлэн хоцордог. Шийдлээ хүлээсэн асар олон төсөл байна.

Суурь горимд ажиллах Багануурын цахилгаан станцыг Зоригт сайдын үед зөвшөөрөл аваад бараг эхлүүлэх гэж байхад гадны нөлөөлөлтэй “эх орончид” зогсоочихсон шүү дээ. Тэр станцыг эх орноо хорлосон хэдэн нөхдүүдийн амаар зогсоогоогүй байсан бол ядаж суурь горимд ажиллаж байгаа станцуудад нэмэртэй байх байсан. Гэтэл одоо тэр нь ч байхгүй. ДЦС-5 ч байхгүй. Юу ч үгүй зогсож байх жишээтэй. Хамгийн яаралтай хийх зүйл гэвэл шууд байна уу, Оюутолгойгоор дамжуулаад ч болтугай Хятадын эрчим хүчний системтэй холбож авах шаардлагатай

Эрсдэл үүсэхээс өмнө үүнийг хийж чадвал манай систем хоёр талаараа холбогдож эрсдэл даах чадвар нь эрс сайжирна. Энэ талаар Хятадтай хэлэлцээр хийж цахилгаан эрчим хүч авах боломжтой болох чухал. Хятадын хойд мужууд эрчим хүчний илүүдэлтэй байгаа. Тиймээс нэн түрүүнд бид найдвартай ажиллагаагаа хангая гэвэл урд хөрштэй холбогдох ёстой.

-Эгийн голын усан цахилгаан станцаар яриагаа үргэлжлүүлье. Та олон жил Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар зүтгэж энэ талаар ярьж байна. Таны хүчин чармайлт үр дүнд хүрч байна уу?

-2013 оны арваннэгдүгээр сард Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг гар дээрээ авч ажлаа эхлүүлж байсан. 2014 ондоо багтааж техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж дуусгаад, холбогдох яамаар дэмжүүлж бэлэн болгосон.

2015 онд төслийг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө босгох зорилгоор Хятадын даргын амалсан 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг Хятадын “ЭКСИМ” банктай хийсэн. Тэр зээлийн хэлэлцээрийг бид зөвлөх компаниудын дэмжлэгээр хийж бэлэн болгосоны дараа Засгийн газар эрх олгосноор Сангийн яам гарын үсэг зурж баталсан.

Дараа нь Хятадууд оросуудын нөлөөлөлд орж “Эгийн голын усан цахилгаан станц барих ажлыг санхүүжүүлэхгүй” гэсэн. Үүүний дараа Засгийн газар өөр зүйл рүү тэр хөрөнгийг хуваарилсан байна билээ. Одоо энэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих санхүүжилт тэр 1 тэрбум долларын зээлийн үлдэгдлээр хийгдэж байгаа гэж сонссон.

Юутай ч бидний оролцож босгосон зээлээр ямар ч байсан Монгол Улсад маань нэг усан цахилгаан станц баригдах  нь гэж баярлаж байгаа. 2014, 2015 онд бид ТЭЗҮ, БОНН-ын үнэлгээнээс гадна төслийн талбай хүртэлх 70 гаруй км урттай зам, жижиг гүүрийн болон Сэлэнгэ мөрөн дээр барих 300 гаруй метр урттай төмөр бетон гүүрний зураг төслийн ажлыг хийлгэж дуусан.

Мөн энэ ажлыг концессын гэрээгээр дараа төлөх нөхцөлтэйгээр эхлүүлж эхний 3 баганын суурийг өрөмдөж дуусаад цутгалт хийж байгаад хятадын талын санаачлагаар зогссон. Тухайн үед Оросууд Хятадтай тохиролцож санхүүжилтыг зогсоогоогүй бол төсөл үргэлжилж баригдах  байсан. 2016 оны сонгуульд АН ялагдсан учир эрх баригч МАН намайг төслөөс халсан даа. Түүнээс хойш төсөл хариуцсан даргаар нь чадвар муутай цүнхчид л очдог, явдаг газар болсон. Саяханыг хүртэл захирал дарга нар нь солигдоод л цалин авсан хэдэн хүмүүс байсан юм билээ. Зардал багагүй гаргасан ч бидний хийсэн дээр нэмээд нэг ч зүйл шинээр хийгдээгүй юм билээ. Сүүлийн гурван Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эгийн голын усан цахилгаан станцыг барина л гэдэг амлалт бий. Нэг ч алхам урагшлаагүй.

Оросууд Эгийн голын УЦС-ын талаар нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байна. Хэтэрхий их горьдоод  ч хэрэггүй

-ОХУ-аас Эгийн голын усан цахилгаан станцын талаар ЮНЕСКО-д гомдол гаргасан. Энэ гомдол нь хэр үндэслэлтэй юм бэ. Үнэхээр л байгаль орчин, нуурын усанд нь хор хөнөөлтэй юм уу?

-ЮНЕСКО-гийн даргаар олон жил орос эмэгтэй байсан. Тэгээд буухдаа болгар эмэгтэйг лоббидож, оросуудын дэмжлэгтэйгээр дарга болгосон үе таарсан. Энэ байгууллагын байгаль орчинтой холбоотой бүх дарга, мэргэжилтнүүд орос хүмүүс байдаг. Ийм учраас хэдийгээр олон улсын байгууллага нэртэй боловч шууд оросын нөлөөний, хүчтэй лоббитой газар. Тэд үргэлж л Оросын төрийн бодлогыг дэмжсэн шийдвэр гаргадаг байсан. Хэрэв УЦС байгаль орчинд хортой байсан юм бол дэлхийн маш олон оронд, тэр тусмаа байгаль орчиндоо өндөр анхаарал тавьдаг хөгжингүй, хүчирхэг улс орнууд яагаад хэдэн зуугаар нь усан цахилгаан станц бариад байна вэ. Жишээ нь, Оросод хэдэн арван том усан цахилгаан станц байгаа. Тэднийгээ барихад ядаж нэг дээр нь ч байгаль орчинд хортой дүгнэлт гардаггүй. Бүүр байгальд ээлтэй станцууд гээд рекламдаад л байгаа харагддаг. Гэтэл ердөө л

315 МВт-ын жижиг Монголын Эгийн голын УЦС л байгальд хортой болчихсон. Оросууд биднийг учраа олохгүй мунгинаж байхад л 2014-2015 онд Ангар мөрөн дээр 3000 МВт-ын хүчин чадалтай Богучанскийн усан цахилгаан станц барьчихсан шүү дээ. Манай төслөөс 10 дахин том усан цахилгаан станц барьсан. Байгаль орчинд хортой гэсэн өгүүлбэр хаана ч гардаггүй юм.

Гэтэл ганцхан Монголын Эгийн голын УЦС л Байгал нуурт хортой гэдэг зөвлөмж л Дэлхийн өвийн хороон дээр гаргаад  байдаг. Хамгийн гайхалтай нь манайхаас 2 дахин том, Байгал нуурыг усан сангаа болгон ашигладаг Эрхүүгийн УЦС хүртэл нөлөөлдөггүй гэж ярихаар тэр зөвлөмж гээчид нь хэн итгэх юм. Тэгээд ч манай төслийг Байгал нуурт сөрөг нөлөөтэй гэж гарсан шийдвэр нь зөвхөн зөвлөмж юм шүү дээ. Ер нь ЮНЕСКОгийн Дэлхийн өвийн хорооны зөвлөмж бол  улс орнуудын заавал дагаж мөрдөх ёстой эрхзүйн акт биш. Ихэнхи улс, түүний дотор ОХУ ч гэсэн тэндээс гаргасан зөвлөмжүүдийг огт тоохгүйгээр өөрсдийн ажлаа хийдэг.

Гэтэл Оросын саналаар уг зөвлөмжийг хүлээж аваад зөвхөн хоёр улсын хооронд хийсэн зээлийн хэлэлцээрийн гүйцэтгэлээ зогсоодог нь Хятад улс, түүнийг нь эсэргүүцэлгүй, хүлцэнгүй хүлээж аваад ажлаа явуулж чадахгүй өчнөөн олон жил зогсчихдог Монгол Улс л байна даа. Монголчууд өөрсдөө “ЮНЕСКО болохгүй гэсэн” гээд л унжийгаад суучихдаг. Хятад нь оросуудын үгэнд ордог. Ер нь шалтаг л байхгүй юу даа. Байгаль нуураас усан замаар 600 км хол зайд баригдах Монголын жижигхэн усан цахилгаан станц нуурын экосистемд хортой нөлөөтэй гэдэг дүгнэлтийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо  гэдэг байгууллага бүх журмаа зөрчиж байгаад лоббид орж гаргадаг. Тэрийг нь оросууд гаргаж ирээд манайд тулгадаг. Нөлөөллийн нийлбэр үнэлгээ хийлгэхийг шаарддаг.

Манай Засгийн газрын эрхэмүүд ойлголгүй хүлээж аваад үнэлгээ хийлгэх юм ярьсаар 6 жил өнгөрчихлөө. Уг нь Монголын Засгийн газрын олон түвшний хүмүүст энэ тухай хэлсэн тайлбарласан. Наадах чинь шалтаг болохоос шалтгаан биш ээ. Зүгээр наадхаа зөвлөмж гэж үзээд “Бид энэ зөвлөмжийг харлаа. Байгаль нуурт ямар нэгэн хортой зүйл хийхгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлчихээд ажлаа эхлээд явах ёстой гэж хэлээд байхад л “ЮНЕСКО шийдвэр гаргасан” гээд л дөнгөлүүлчихсэн аятай яваад байдаг улс манайх шүү дээ.

Оросууд цэвэр эдийн засаг, улс төрийн зорилготойгоор, тэр тусмаа манайд эрчим хүчээ өндөр үнээр шахдаг ганц нэг олигархуудынхаа ашиг сонирхолыг хамгаалж манай эрчим хүчний төслүүд, тэр тусмаа усан цахилгаан станцын төслүүдийг зогсоож байгааг юм гадарладаг хүмүүс хэлэх юм билээ.

-Оросуудтай яриа хэлэлцээр хийж байгаа. Нааштайгаар шийдэгдэж магадгүй гээд л байгаа шүү дээ?

-“Бухын доодхыг харж үнэг турж үхэв” гэдэг үлгэр бий. Оросуудтай ярьж болно. Яривал өөр нөхцлөөр ярих хэрэгтэй гэдгийг маш олон удаа хэлсэн. Бид тууштай зүтгээд усан цахилгаан станцаа бариад эхэлбэл дуртай ч дургүй ч эвлэрч л таарна. Арай танк оруулахгүй байлгүй. Одоо бол хамтарч барья гэж дуугарч магадгүй. За гээд зөвшөөрчихвөл хэзээ баригдах нь бүү мэд болоод л сунжирна. Ер нь бол Оросууд нааштайгаар дуугарна гэдэгт итгэхгүй байнаа. Хэтэрхий их горьдоод ч хэрэггүй.  Дэлхий дээр усан цахилгаан станц байгальд хортой учраас зогсоолоо гэсэн нэг ч жишээ мэдэхгүй юм байна. Хамгийн өндөр хөгжилтэй улсууд хамгийн их усан цахилгаан станц барьсан байдаг. Жишээ нь, Норвеги улс эрчим хүчнийхээ 97 хувийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг.

Эгийн голын усан цахилгаан станц-төсөөлөл зураг

Норвегид мөнгөнөөс их юм байхгүй, бас байгаль орчноо, тэр дотроо гол мөрнүүдээ хамгийн их хайрладаг, хамгаалдаг улс. Норвегийн алдарт хулд загас (Norwegian salmon) үржүүлдэг голууд дээр нь УЦС-ууд нь баригдсан байдаг. Хэрвээ байгаль орчинд хортой бол Норвеги усан цахилгаан станц барихгүй. Өөр нэг жишээ, 2022 оны арванхоёрдугаар сард Хятад улс Хөх мөрөн дээр дэлхийд томоороо хоёрт орох Бэйхетаны УЦС-аа бариад дуусч байна. Ингэснээр дэлхийн хамгийн том хоёр УЦС нэг гол дээр байгаа гэсэн үг. Өмнөд хөрш сүүлийн үед байгаль орчиндоо асар их анхаарал тавьж байгаа. Байгаль орчиндоо хохиролтой юу ч хийхгүй. Цэвэр эрчим хүч гэдэг хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж эхэлсэн. Өөрсдөө утаагүй болох гээд үзэж байгаа учраас дэлхийд хоёрт орох том усан цахилгаан станц саяхан бариал дууслаа. Хэрэв усанд нь, нууранд нь, байгаль орчинд нь хортой бол асар их мөнгөний нөөцтэй Хятад улс усан цахилгаан станц барих уу, барихгүй шүү дээ.

-Эгийн голын цахилгаан станц барихыг Оросууд эсэргүүцэхээс гадна манайхан дотроо тонгороод унагаачихдаг гэсэн. Үнэн юм уу?

-Социализмын үед ЗХУ-аас  “Та нар Эгийн гол болон хэд, хэдэн гол дээрээ усан цахилгаан станц яаралтай барь” гэдэг шаардлага шахалтыг Монголын талд үзүүлээд түүний талаар МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны хурлаар хэлэлцэж байсан юм билээ. Тэр  протоколыг нь харж байсан.

-Тэр үед яагаад барихыг зөвшөөрдөг, бас шахдаг байсан  юм бол?

-Яахав дээ, тухайн үед Монгол Улс оросын хараанд байсан юм чинь хаашаа зайлах вэ дээ гэж байсан биз. Одоо тусгаар Монгол болсон учраас асуудлыг өөрөөр ярьдаг болсон байх. Энэ Засгийн газар үнэхээр хүсч байгаа бол эхлүүлэх боломжтой. Цөөнгүй удаа “зөвлөгөө аваад эхлүүлээч” гэж мөн ч олон удаа хэлсэн, хэлүүлсэн.  Сонсох ч үгүй юм. Уулзах гэж олон удаа хүсэлт тавьсан. Хариу өгдөггүй, ярьдаггүй.

Эрхэм Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд аа!  Та нар жаахан ч гэсэн зориг гаргаач ээ. Айгаад байдаг юм уу, эсвэл нууцаар дарамтлуулаад байдаг юм уу, мэдэхгүй. Ядаж шалтаг чинь байна. “Иргэд шаардаад байна. Монгол Улсын эрчим хүчний байдал хүндэрлээ. Өөр зам байхгүй

-Та Засгийн газарт юу хэлэхийг хүссэн юм бэ?

-Эрхэм Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд аа!  Та нар жаахан ч гэсэн зориг гаргаач ээ. Айгаад байдаг юм уу, эсвэл нууцаар дарамтлуулаад байдаг юм уу, мэдэхгүй. Ядаж шалтаг чинь байна. “Иргэд шаардаад байна. Монгол Улсын эрчим хүчний байдал хүндэрлээ. Өөр зам байхгүй” гэж хэлмээр байна. Бага байхад дэлгүүрт орж талх авахдаа атамануудаас айгаад орж чаддаггүй байлаа. Тэгээд яах вэ дээ өлсөж үхэлтэй биш орж талхаа гарцаагүй авдаг л байлаа. Тэрэн дээрээ тулахаар яаж зодуулахгүй талхаа авч гарах вэ гэдэг арга замаа олох хэрэгтэй болдог байсан. Үүн шиг нөхцөл байдлаа ойлгоод нүдээ аниад ч болов эрчим хүчний асуудал дээрээ шийдвэр гаргах харах  ёстой.

Засгийн газарт Эгийн голын УЦС-ыг барих зориг хэрэгтэй байна

-Орос, Хятадаас шалтгаалахгүйгээр Эгийн голын усан цахилгаан станцаа барьж чадах уу. Эвтэйхэн аргалах гарц, гаргалаа байгаа юм уу?

-Нөхцөл нь үүссэн. Одоо зүгээр л энэ Засгийн газар шийдвэрээ гаргах хэрэгтэй. Улс нь мөнгөгүй бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдээд, УИХ-аараа батлуулаад нээлттэй тендер зарлачих. Үүн дээр Этиопын сэргэн мандлын далан гэж нэрлэгддэг Этиоп улсын маш том жишээ байна. Этиоп улс Хөх Нил мөрөн дээр усан цахилгаан станц барих гэхэд доод урсгалд нь байдаг Египт улс бүх ажиллагааг нь хаагаад, хориг тавиад байсан. Тэгэхээр нь Этиопчууд өөрийн улсын иргэд болон дэмждэг компаниуд, улс орнууд, иргэдэд бонд гарган зараад барихад шаардлагатай 5 тэрбум орчим ам.долларыг босгосон. Тэгээд  далангаа УЦС-аа бариад дуусгасан. Ийм юм хийхэд  Египт зогсоож чадаагүй. Энэ аргаар яагаад явж болохгүй гэж. Багаа бүрдүүлээд шийдвэрээ гаргуулаад ирвэл мөнгө босгоод өгье. УЦС-аа барь гэсэн хүмүүс уулзаж байсан.

Дэлхийн том хөрөнгийн сангууд усны нөөц үүсгэдэг, эрчим хүч үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэхэд асуудалгүй л гэх юм билээ. Одоо бол мөнгө асуудал биш болсон шүү дээ. Ус, эрчим хүч гэж хоёр зүйл чинь хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Дэлхийд ус ховордож байгаа энэ үед усан сан барина гэдэг бол хэзээ ч үнээ алдахгүй зүйл. Тиймээс тэрийг дуртай нь мөнгө гаргаад барина шүү дээ. Одоо энэ Засгийн газраас юу хүсч байна вэ гэхээр сонгон шалгаруулалтаа зарлаад өгөөч л гэж гуйж байна. Монгол Улсын төр Эгийн гол болон бусад усан цахилгаан станцуудынхаа асуудлыг шийдье гэж бодож байгаа л бол Засгийн газраас нэг сохор зоос ч авахгүй барих бололцоо байна. Зүгээр л та нар барих шийдвэрээ гаргачих. Орос, Хятадыг харах ч шаардлага байхгүй. Тогтвортой эрх зүйн орчноо бүрдүүлчих. Тэгээд л болоо. Ингээд сонгон шалгаруулалт зарласан байхад гаднын мөнгөтэй хүмүүс, компаниуд  орж ирэхэд дөхөмтэй болно.. Зориг л хэрэгтэй байна.

-Таныг Эгийн голын усан цахилгаан станцыг заавал бариулна гээд өөртөө тангараг өгсөн гэж сонссон. Эгийн голын цахилгаан станцыг ярьдаг хүн Монголд цөөхөн. Тэгэхээр тан шиг хүнээс зөвлөгөө авч, хамтран ажиллахад алдах юм байхгүй л баймаар юм?

-Эгийн голын усан цахилгаан станц барихад цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан хүнээс ирээд амыг нь асуугаад, зөвлөгөө сонсчих ухаанаа олохгүй байгаа хүмүүс  шүү дээ. Телевизээр хаяа мэдээ үзэж байхад Эрчим хүчний сайдын ярьж байгаа нь мөн ч харанхуй байна лээ дээ. Ойлголт ч үгүй явж байгаа харагдсан. Асуудлынхаа мөн чанарыг нь ойлгохгүй мэдэхгүй бол түүнийг даван туулах арга замыг олохгүй шүү дээ. Даван туулах арга замаа олохгүй бол эхлүүлээд ч хэрэггүй. Хэзээ л бол хэзээ дуудсан, урьсан цагт нь очоод үнэрхэхгүй  зөвлөгөө өгч болж байна. Би эх орныхоо төлөө та нарт зөвлөгөө өгмөөр байна гээд байхад л сонсохгүй байгаа юм. Сонсдоггүй юм уу, сонсохгүй байгаарай гээд хэн нэгэн тушаал өгөөд байдаг юм уу.

-Эрчим хүчний асуудлыг шийдэх хэцүү биш. Эгийн голын усан цахилгаан станцыг барих арга зам бий. Зүгээр л энгийн логик сэтгэлгээ хүсэл, зориг хэрэгтэй юм байна, тийм үү?

-Ердөө л тийм. Хоёр хөршдөө аль нэгэнд нь хайртай байх хэрэггүй, үзэн ядаад ч хэрэггүй. Алинтай нь ч ах дүү болоод нялуураад байх шаардлагагүй. Зүгээр л хоёулантай нь сайхан хөрш бол. Гэхдээ өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалж сур. Аливааг хийхдээ аль илүү нөхцөл өгсөнтэй нь хамтраад л явах нь зөв. Нэг их том гүнзгий ухаан хэрэггүй.

/Energy Mongolia сэтгүүл 2024 он/