Д.Оргилмаa: Сахилга бат жинхэнэ эрх чөлөөг надад өгдөг

Mongolian Economy
2026-03-02 12:22:51
Ангилал: Нийгэм

Д.Оргилмаа Монгол Улсын боловсролын салбарын нэр хүндтэй бизнес эрхлэгч билээ. Тэрбээр Сантис боловсролын төв нэрээр олонд танигдсан, англи хэлний сургалт, олон улсын стандарт үнэлгээг зохион байгуулдаг хамгийн том сургалтын байгууллагын Ерөнхий захирал. Мөн Швейцарын inlingua International байгууллагын албан ёсны лиценз, хувьцаа эзэмшигчийн хувьд олон улсын боловсролын стандартыг Монголд нутагшуулахад чухал хувь нэмэр оруулж яваа бизнес эрхлэгч эмэгтэй юм. Тэрбээр Монголын нэр хүндтэй их, дээд сургуулиудад боловсрол эзэмшиж, улмаар АНУ, Япон улсад эрүүл мэнд, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж мэргэшсэн. Тэрбээр монголчууддаа англи хэлний боловсрол олгохын зэрэгцээ Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албыг хашиж, Монгол Улсын гадаад харилцааны салбарт хувь нэмрээ оруулж явна.

-Сантис 1990-ээд онд АНУ-ын хөрөнгө оруулалттай байгуулагдсан манай улсын гадаад хэлний ууган төв. Уг хөрөнгө оруулалт ашигтай болж чадахгүйн улмаас хаагдах гэж байсан төвд та нэмэлт хөрөнгө оруулснаар авч үлдсэн гэдэг. Ярилцлагаа бизнесийн эгзэгтэй тэр үеийн талаарх дурсамжаар эхлүүлье. Тэр үед юу таныг тийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ? 

-Тухайн үед алдагдал хүлээгээд дампуурлын ирмэгт тулсан компанид хувийн санхүүгээ хоослон байж хөрөнгө оруулна гэдэг амаргүй байсан. Гэхдээ компанийн эрхэм зорилго нь миний амжилтад хүрэх итгэл найдвар байсан болохоор зориг гарган худалдан авсан даа.

-Монголчууд англи хэл сурахаас илүүтэй нийгмийн шинэ системээ ойлгох гэж бужигнаж байсан тэр үед та үүнийг эрсдэлтэй шийдвэр гэж хараагүй юу? 

-Үнэхээр л нийгмээрээ бужигнасан цаг үе байлаа. Гэхдээ ардчиллын зам нь Монголыг дэлхийн тавцанд гаргах цорын ганц гарц байсан болохоор тухайн үеийн бүх хүндрэл бидэнд цоо шинэ бизнесийн боломжуудыг нээж өгснөөрөө давуу талтай. Магадгүй тэр үед би Монголоосоо гарч үзээгүй байсан бол тийм зориг гаргаж чадахгүй байсан болов уу. Америк, Япон улсад суралцаад ирсэн, ёстой л нүдээ нээсэн үе байлаа. 

Тиймээс манай улсад, бидэнд хэрэгтэй чухал хөрөнгө оруулалтыг буцаагаад алдчихаж боломгүй санагдсан. Америк бизнес эрхлэгч Эдвард Нэф монголчуудад англи хэл хэрэгтэй гэдгийг соргогоор харж, Сантисийг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар нээгээд хоёр жилийн нүүр үзээд байсан юм. 

Үндсэндээ Америк бизнесийн моделийг тэр чигээр нь хуулбарлаад амжилтад хүрнэ гэж бодож зүтгэжээ. Харамсалтай нь, ашиг бус алдагдал нь сараар нэмэгдэж байсан тул хөрөнгө оруулагч маань цаашид нэмж хөрөнгө оруулахгүйгээр шийдсэн байсан. Ер нь бол дотроо цагаан тугаа өргөчихсөн байсан л даа. Харин миний хувьд англи хэл зааж мөнгө олно гэхээсээ илүү англи хэл монголчуудын хувьд дэлхийн боловсрол эзэмших, дэлхийн зах зээлд гарах түлхүүр гэж үзээд бүтцийн өөрчлөлтөөр компанийн зардлыг бууруулбал тодорхой хугацааны дараа заавал амжилт олно гэдэгт итгэсэн юм.

-Америк хөрөнгө оруулагч таны харж байсныг олж тооцоолоогүй гэсэн үг үү? 

-Чанартай боловсрол үнэтэй гэдгийг ойлгож амжаагүй байсан тухайн үед олон америк багш авчраад өндөр төлбөртэй сургалт явуулах гэхээр төлбөрийг нь төлөх хүмүүс ховор байж. Үнэндээ 30 жилийн дараа ч олон улсын стандарт хөтөлбөрөөр 100 хувь гадаад багштай англи хэлний сургалт явуулдаг төв гарч ирээгүй л байна. Би энд олон улсын стандарт хөтөлбөртэй, системтэй сургалтын талаар ярьж байгаа шүү. Хэдийгээр бизнес модель нь олон улсад шалгарчихсан, зөв хөтөлбөртэй байсан ч зөв газраа, зөв цагтаа хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь унах гол шалтгаан байсан.

-Өнөөдрийн Сантисын амжилтаас дурдана уу? 

-Сантисийн амжилтыг ярьвал, зузаан ном болох байх. Бизнес эрхлэгчийн амжилтыг би ашигтай ажиллах гэсэн амбицаас илүү нийгмийн юуг сайнаар өөрчилж, сайжруулж чадав гэдэг өнцгөөс харахыг хүсдэг. Үүнийг бид нийгмийн хариуцлага ч гэж ярьдаг. Боловсролын салбарт чанарыг тодорхойлох гол хүчин зүйл нь англи хэл тул англи хэлээр дамжуулж монголчууд ажил, амьдралдаа ямар хөгжил, дэвшил, өсөлтийг авчирч болох талаар танин мэдэхүйн чухал мэдээллүүд өгсөөр ирсэн. 

Мэдээж бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон мянган хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэг ур чадварыг сайжруулсан. Америк, Англи, Канад, Австрали зэрэг орны их, дээд сургуульд шилжин суралцахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн суралцагчдын тоо ч мөн хэдэн мянгад хүрсэн. Сүүлийн долоон жилд бүх нийтийн англи хэлний мэдлэг, ур чадварыг ажлын байр болон академик түвшинд оношлон баталгаажуулах ажлыг АНУын ETS боловсролын үнэлгээний байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Үүгээрээ TOEFL Primary, TOEFL Junior, TOEFL iBT, TOEIC зэрэг шалгалтын үнэлгээг ерөнхий боловсрол, дээд боловсрол болон ажлын байранд стандартчилж нэвтрүүлэхийг зорьж байна.

2018 онд англи хэлний хөтөлбөрийн олон улсын 44 стандартыг хангасан Монголын анхны байгууллага болсноор боловсролын салбарт чанарын салхийг хагалж, АНУ-ын CEA байгууллагаас олон улсын магадлан итгэмжлэлээ гардан авч байсан зэрэг маш олон амжилтыг дурдаж болно. 

-Таны энэхүү амжилтад ямар зүйл голлон нөлөөлсөн бэ? Тулгарч байсан ямар сорилтыг хэрхэн даван туулж байсан талаар хуваалцана уу?

-Миний хувьд амжилтын гол хүчин зүйл нь зөв цагтаа, зөв газраа байж зөв зүйлд хөрөнгө оруулалт хийсэн явдал гэж боддог. Ер нь бизнес эрхлэгч хүний амжилтын хамгийн чухал хүчин зүйл бол хэрэглэгчдэдээ тулгарч байгаа асуудлуудыг шийдэж өгөх бөгөөд ингэсэн цагт амжилт аяндаа араас дагадаг. Бизнест сорилт байхгүй бол өсөлт байхгүйтэй адил. Олон ч сорилттой нүүр тулсан. 

Өөрөөс шалтгаалсан хамгийн том сорилтын нэг гэвэл, хуримтлал үүсгэсэн мөнгөн хөрөнгөө бүгдийг нь гурван салбар байгуулахад зарцуулж, дампуурах дөхсөн шийдвэр байлаа. Гаднаас нь харахад, салбар нээгээд өргөжин тэлж байгаа юм шиг харагдсан байж болох ч дотооддоо санхүүгийн гүн хямрал руу гулсаж орсон юм. Улмаар салбаруудаа татан буулгаж, 100-гаад багш ажилтнаасаа цомхотгол хийх шаардлага гарч, маш хэцүү үетэй нүүр тулж байв. 

Тухайн үед бид ачааллаа дийлэхгүй, манай сургалтанд хамрагдахын тулд 2-3 сар хүлээдэг болсны улмаас харилцагч байгууллага, суралцагчдын бухимдлыг хүргэж, гомдол сонсож эхэлсэн учраас гурван дүүрэгт салбараа нээсэн юм. Ингэж менежментийн алдаа гаргасан. Салбараа татан буулгахдаа хүртэл цагаа тулахад ичиж нэрэлхдэг л юм билээ. Тэр үед бие, сэтгэлээ аль алийг нь цуцааж байснаа санадаг юм. Компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү сорилтыг цаг алдалгүй, нэрэлхэлгүй давж удирдлагыг гартаа авах ёстой гэдгийг гашуун замаар туулж ойлгосон. Сорилт болгоны ард гарц заавал байдаг гэдэгт тэр үеэс эхлэн итгэх болсон. Ер нь аливаад цаг алдалгүй шийдвэр гаргах нь зүйтэй санагддаг. 

-Та өөрөөс шалтгаалсан том сорилтуудын талаар өгүүллээ. Харин бусдаас шалтгаалсан ямар сорилт танай бизнест тохиолдож байсан бэ? 

-Би багаасаа боловсролын салбарын чиглэлээр Америк, Англи, Швейцар улсад суралцсан. Зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж байхад бид өмнөх арга барилаараа назгай ажиллаж болохгүй. Бизнес эрхлэгчдээс шалтгаалаагүй сорилтууд нь ихэвчлэн Засгийн газрын бодлого, шийдвэртэй шууд холбоотой байдаг. Боловсролын салбарт чанарын нэгдсэн стандарт байхгүй байгаа нь өмнө нь байсан, одоо ч шийдэж чадаагүй сорилтын нэг.

Жишээлбэл, дэлхийн 180 гаруй улс англи хэлний үнэлгээг олон улсын стандарт шалгалтаар үнэлж, баталгаажуулдаг. Харин манай улс үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт, дотоодын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд зориулж дүрэмд суурилсан англи хэлний шалгалтыг англи хэлний багш нараар зохиолгосоор ирсэн. 30 жил үргэлжилж буй практик бол хамгийн том сорилт. Бид хүүхэд, залуучуудад тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг. 

Гэтэл зөвхөн олон улсын хөтөлбөртэй хувийн сургуулиудын сурагчдад хүрч үйлчилж байгаа нь улсын сургуулиудын сурагчдын хувьд шударга бус хэрэг. Ямар ч хэлийг академик түвшинд сонсох, унших, ярих, бичих чадвараар нь үнэлдэг дэлхийн жишиг стандарт бий. Гэтэл чадахгүй зүйлээ чадаж байгаа мэтээр ойлгуулж, хүүхэд залуучууддаа тэгш боломж олгохгүй, үнэлгээнд хүртэл ялгавартай хандаж байгаа нь боловсролын салбарын том сорилт болсоор байна.

-Та дэлхийгээр маш их аялдаг. Энэ тухайгаа сошиал хуудсандаа нийтэлж, дэлхийн улс орнууд, хөгжлийн талаар хүмүүст мэдээлэл өгөхийг хүсдэг нэгэн. Монголын хөгжил хаана явна гэж бодож байна вэ? 

-Улс орны хөгжлийг дэлхийн “Аз жаргалын индекс”-ийн хэддүгээр байрт байгаагаас харж, тодорхойлмоор санагддаг. Сүүлийн долоон жил энэ индексийн тэргүүн байрт орсон Финланд улсаар өнгөрсөн тавдугаар сард аялахдаа хүн төрөлхтний хөгжил ийм л байх ёстой юм байна гэсэн ойлголттой болсон. Монгол орон байгалийн баялгаараа дэлхийн анхаарлын төвд орсон. Хүн ам ихтэй, хүчирхэг хоёр гүрний дунд байрладаг газарзүйн энэ онцгой байршлаа ашиглан экспортоо хөгжүүлэх асар том боломжтой. Бидэнд хөрш орнуудын хил дамнасан ямар нэгэн аюул алга. 

Зарим оронд геополитикийн зөрчил улам хурцдаж, дайны нөхцөлд ард түмэн нь туйлдаж, зовж байна. Харин монголчуудыг зөвхөн авлига зовоож байна.

Монгол Улс авлигагүй болвол аз жаргалын индексээрээ тэргүүлдэг бусад орны жишигт маш хурдан хүрнэ. Монголчуудын нэг онцлог бол дэлхийн боловсролын дээжээс сорчилж суралцдаг, оюуны маш өндөр чадамжтай, хүчирхэг сэтгэл зүйтэй ард түмэн. Эрх чөлөөтэй нийгмийн замналыг сонгосон бид аз жаргалтай амьдрах боломжоо авлигаас болж алдмааргүй байна. 

-Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ялгаа юу вэ? 

-Аль ч улсын бизнес эрхлэгчдийн философи адилхан. Компанийн ажилтнууд хийж байгаа зүйлээ ажил гэж хардаг бол бизнес эрхлэгчид нийгэмдээ баялаг бүтээж, улс орны хөгжилд тулгарсан асуудлыг шийдэхийн төлөө тасралтгүй суралцаж байдаг хамгийн завгүй хүмүүс. Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг гэсэн утгаараа тэд бусад орны эмэгтэйчүүдээс илүү төсвийнхөө ихэнх эх үүсвэрийг бүрдүүлэхэд гар бие оролцдог, илүү их ажилладаг хүчирхэг хүмүүс гэдгээрээ ялгаатай байх. 

-Залуу үе, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандан та юу зөвлөхийг хүсч байна вэ?

-Бизнест боломж үргэлж байдаг. Хүмүүс дуртай зүйлээрээ бизнес хийх гэж оролдоод бүтэлгүйтэж байсан олон жишээг харж байсан. Дуртай зүйлээрээ биш, чаддаг зүйлээрээ бизнес хийх нь амжилтад хүрэх магадлал маш өндөр гэж зөвлөх дуртай. Бизнест хөл тавьсөн бол юуны өмнө бизнес хөгжлийнхөө цикл дунд уналтын цэг рүү хазайдаг гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрч эрсдлээ заавал тооцож байгаарай гэж хэлэхийг хүсч байна. 

Ямар ч бизнес эхлүүлэхэд эцсийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжид тултал хамгийн сайн бүтээгдэхүүн, хамгийн сайн үйлчилгээг үзүүлж чадах чадварлаг, итгэл даах багтай байх хэрэгтэй. Багаа бүрдүүлэхэд компанийн засаглал маш чухал.

Хийж байгаа бизнесийн чинь тогтвортой хөгжлийн амин сүнс нь танай байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл. Энэ гурав дээрээ үндэслэн байгууллагын дотоод журмаа хуульд нийцүүлэн тогтоож, тэрнийгээ бизнес эрхлэгч хүн өөрөө чандлан мөрддөг байхад компани өсөлттэй, тогтвортой хөгжих боломж нээгддэг. Энэ бүхэн чинь танай байгууллагын соёлыг тодорхойлдог байгаа шүү. 

-Таны өөрийн брэнд, байгууллагын соёлын сургалт байдаг гэж сонсож байсан. “Таны соёл Сантисийн гоёл” гэсэн урианы чинь талаар тодруулмаар байна.

-Байгууллагын соёлын сургалт маань Швейцарь улсад төвтэй “Inlingua International” гээд боловсролын байгууллагын брэнд сургалт байдаг. Би Монгол дахь лиценз болон хувьцааг нь эзэмшдэг болохоор соёлын сургалтаа заах эрхтэй сургагч багш нь. Энэ сургалтыг авсан байгууллагын дотоод уур амьсгал сайжирч ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах урам зоригтой болдог. 

Ингэснээр ажлын бүтээмж, компанийн өсөлтөд маш эерэг нөлөө үзүүлдэг давуу талтай. Сантист ажиллаж байгаа хүн бүр байгууллагынхаа соёлыг бүтээж байдаг чухал эд эс нь гэдгээ мэддэг болчихсон болохоор багш, ажилтнууд маань өөрийнхөө соёлоор байгууллагаа гоё байлгадаг л гэсэн утга байгаа юм. 

Чиний соёл Монголын гоёл гэж ч би хэлэх дуртай. Монгол хүн Монголоо л гоёно, бид ямар соёл, ёс заншил, үнэт зүйл, нийгмийн харилцаа хандлагаараа эх орноо гоёх ёстойг иргэн бүр л бодох ёстой. Соёл өөрөө маш том ухагдахуун болохоор юуг соёл гэх вэ гэдгээс л эхэлж ойлгох нь чухал.-Сантис өнөөдөр ямар асуудалд анхаарч, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна вэ? 

-Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй өргөжин тэлж, хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед үндэсний хэмжээнд англи хэлний хэрэглээ, шаардлага Сантис байгуулагдаж байх үеэс нэмэгдсэн. Гадаад хэл сурах, заах дэлхийн чиг хандлага нь цахим, хиймэл оюунд шилжээд байгаа учраас англи хэлний сургалтаа алсын зай, цахим хэлбэрт түлхүү оруулж байна. Бүх шатны боловсролын байгууллагын англи хэлний сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд нийцүүлж, олон улсын стандартаар үнэлдэг байх асуудлыг эцэслэн шийдэхэд төр болон хувийн байгууллагын хамтын ажиллагаа маш чухал тул үүнд анхаарч ажиллаж байна. 

Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг олон улсын шалгалтын оноогоор баталгаажуулах ажил эрчимтэй хэрэгжиж байгаа. Англи хэлний багш нарын заах арга, хэлний ур чадварыг сайжруулах зорилгоор бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран АНУ болон Их Британийн боловсролын байгууллагад сургах ажлыг өргөжүүлж эхэлж байна.

Мөн АНУ-ын ахлах сургуулиудтай сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжингүй орнуудын их, дээд сургуульд оюутан залуусыг суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр зах зээлтэйгээ уялдаад үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлж байна.  Англи хэл сурах ач холбогдлын тухай ухуулан таниулах ажлыг хийдэг байсан бол өнөөдрийн цаг үе биднээс боловсролын чанарын үнэлгээнд анхаарахыг шаардаж байна.

Боловсролын чанар яригдаж байгаа болохоор манай улс боловсролтой иргэнийг хэрхэн бэлдэх ёстой талаар таны санал бодлыг сонсоё? 

-Боловсролтой иргэнийг хэдхэн өгүүлбэрээр тодорхойлох боломжгүй нь мэдээж. Боловсролтой монгол иргэний талаарх суурь ойлголт бол нийгмийн хэлэлцүүлэг дагуулах сэдэв. Гурван сая хүн амтай манай оронд хэдхэн жилийн өмнө 100 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө зарим нь дампуурч, хаагдаж, хоорондоо нэгдсэн. Боловсрол хэмээх ойлголт ингэтлээ төөрөгдөлд орж байсан тул боловсролтой монгол иргэн хэмээх тодорхойлолтыг иргэн бүрт жинхэнэ утгаар нь ойлгуулах нь манайд тулгамдсан асуудал юм байна гэж боддог. 

Боловсролтой иргэн гэдэг ойлголтыг гурван зарчимд үндэслэн тайлбарлах чиг хандлага их дэлгэрч байгаа.

Нэгдүгээрт, эзэмшсэн мэргэжил, авьяас чадвараа зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлж ажлаа мэргэжлийн түвшинд өндөр ур чадвартай, гүйцэтгэл сайтай хийдэг байх. Хоёрдугаарт, улс орон төдийгүй дэлхий гаригийнхаа тогтвортой хөгжилд нийцсэн хууль тогтоомж, журмыг чандлан сахих ёс суртахуунтай байх. 

Гуравдугаарт, эх дэлхий, байгаль орчинд ээлтэй, бусдыг хүндэтгэн хайрлах энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх зан чанарыг эзэмшсэн байх. Эдгээр зарчимд тулгуурлаж, дэлхийн тэргүүлэх боловсролын байгууллагууд хөтөлбөрөө сайжруулж, төгсөгчид нь сургуулиараа бахархаж, дэлхийн иргэн болсноо тунхаглаж байна. 

-Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд оролцож байгаа гадаадын төлөөлөгчдөд хандаж юу хэлэх вэ? 

-Хэдий бид өөр өөр соёлтой ч бизнесээрээ дамжуулан улам хүчирхэгжих нэг зорилгын дор нэгдэн чуулж байна. Монгол эмэгтэйчүүд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгч та бүхнийг үзэсгэлэнт эх орондоо хүлээн авч байгаадаа туйлын их хүндэтгэлтэй байна. Энэ чуулга уулзалт бол жирийн арга хэмжээ биш, харин хөдөлгөөн гэж хэлж болно.

Бид харилцан суралцаж, утга учиртай хамтын ажиллагааг бий болгож, илүү хүртээмжтэй, тогтвортой бизнесийн ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө цугларч байна.  Тус чуулганаар бий болох холбоо, харилцаа нь урт хугацааны түншлэл, хамтын хөгжил цэцэглэлтийн үрийг тарина гэдэгт би итгэж байна. Иймээс бие биенийхээ үгийг анхааран сонсож, нээлттэй хамтран ажиллаж, хамтдаа өсөж хөгжицгөөе!

Mongolian Economy