Д.Сугар: Төрийн банк 146 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Mongolian Economy
2021-03-19 15:30:35
Ангилал:

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-г хэрхэн олгож байгаа талаар тус банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугартай ярилцлаа.

-Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-н хүрээнд иргэдэд хэдий хэмжээний зээлийг олгоод байна вэ? Энэ асуултаар яриагаа эхэлье гэж бодлоо. Магадгүй иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт байх?

-Төрийн банк зээл хүсэгч иргэдийн хүсэлтийг энэ сарын 10-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд холбогдох гэрээ, журмыг албажуулснаар 17-ны өдрөөс зээлийг олгож эхэллээ. Хоёр өдрийн дараа буюу өнөөдрийн байдлаар нийт 2,625 иргэний 109 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 114 иргэнд 4.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 

 ж ахуйн нэгжийн хувьд?

-ААН-н хувьд гэвэл 2 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн хүсэлтийг онлайн болон салбар нэгжээрээ дамжуулан авсан. Харин 3 дугаар сарын 10-ны өдрөөс олголт хийж эхэлсэн. 2 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 2,164 аж ахуйн нэгжийн 542 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн бөгөөд Төрийн банк 32аж ахуйн нэгжийн 2.3 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэгэхээр иргэн болон ААН-ийн нийт 146 харилцагчийн 6.9 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэн олгосон гэсэн үг. Мөн одоогоор  судлагдаж олгогдоход бэлэн болсон 309 харилцагчийн 17 тэрбум төгрөгийн зээл байна. Үүний 84 хувь нь иргэдийн зээл байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эрэлт их байгааг эндээс харж болно.

Иргэдийн дунд энэхүү зээлийг авахад хэцүү байна. Зээл олгохгүй байна гэсэн гомдол цахим орчинд харагдах болсон. Энэ тал дээр та тайлбар өгнө үү?

Зээлийн эрэлт их байгааг түрүүнд дурдсан. Хүсэлт өгсөн харилцагчдаас гадна, салбарт болон лавлах төвөөр дамжуулан мэдээлэл авсан олон харилцагч байна. Төрийн банкны хувьд энэхүү зээлийг аль болох олгох чиглэлд анхаарлаа хандуулж хурдан шуурхай олгохоор ажиллаж байна. Мөн банк зээлийг судалж зээл олгох шийдвэр гаргасны дараа зээлдэгч барьцаа хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажил дээр хугацаа орж байгаа, түүний дараа зээлийг шуурхай олгон ажиллаж байна. Хэрвээ энэхүү зээлийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол байвал манай лавлах төв болох 1800-1881-дхандаж болно. Эрэлт их байгаагаас шалтгаалан янз бүрийн хардалт гарч байгааг үгүйсгэх аргагүй. Мөн манай харилцагч, иргэд бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Иргэдийг бухимдуулж байгаа буюу андуурал гараад байгаа нэг зүйл нь ХХААХҮЯ-ны ЖДҮДСангаас жил бүр арилжааны банкуудаар дамжуулан олгож байсан ЗГ-ын эх үүсвэртэй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй энэ зээлийг андуурч ойлгоод байгаа. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт маань, цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон Аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг цомхотгохгүй хадгалж үлдээх, бусад эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг нь санхүүжүүлэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зээл бөгөөд эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа.

Иргэд тус зээлийн санхүүжилтийг Засгийн газраас арилжааны банкуудруу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ талаар…?

-Өмнөх асуултад дурьдсаны дагуу эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас арилжааны банкуудын эх үүсвэрийн зардлыг нөхөх хэмжээнд буюу жилийн 6-7 хувийн хүүгийн дэмжлэг өгч байгаа. Банкуудын хувьд энэхүү хөтөлбөрт нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, цар тахлын нөлөөг төр засаг, харилцагч нарынхаа хамт даван туулах зорилготой оролцож байгаа бөгөөд ямар нэг ашиг олохгүйгээр хэрэгжүүлж байна. Нөгөө талаас, арилжааны банкуудын эх үүсвэрийг ашиглаж, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засагт бэлэн мөнгө хэвлэх замаар их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийхээс зайлсхийж, макро эдийн засгийн бусад үзүүлэлтэд огцом сөрөг нөлөө үзүүлэхгүй байх оновчтой арга болж байгаа юм.

Тэгвэл энэхүү зээлийн нөхцөл ямар байгаа вэ? Иргэд болон ААН-ийн зээл дээр тавигдах шаардлага нь ямар ялгаатай байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Энэ зээлийн нөхцлийн хувьд, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийг олгох нөхцөлтэй. Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээлийн дүнгийн 60 хүртэл хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас/ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой.Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.Харин иргэдийн зээлд ЗБДС-гаас батлан даалт гаргахгүй, учир нь ЗБДС-гийн дагаж мөрдөх хуулийн дагуу зөвхөн ААН-д батлан даалт гаргах зохицуулалттай байдаг.

Тавигдах шаардлагын хувьд, иргэн бол сүүлийн 6 сар, ААНбол сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх шаардлага тавьж байгаа, энэ шаардлага нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан гэсэн шаардлага биш харин тухайн бизнесээ өнгөрсөн хугацаанд холбогдох зөвшөөрлийг авч, эрхэлж байсан туршлагыг баталгаажуулах шаардлага гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шууд шинээр ААН байгуулаад уг зээлийг авах хүсэлт гаргаж байна уу, зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн байна уу гэдгийг нягтлах юм. Мөн ААН-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх хэрэгтэй бөгөөд иргэнд энэ шаардлага хамаарахгүй.

Эцэст нь, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлага буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой гэсэн шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх гэж заасан байгаа. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэл гэсэн заалт болохоос эргэлтийн хөрөнгө нь 2.5 тэрбум төгрөг байх ёстой гэсэн заал биш юм.

Ярилцсанд баярлалаа.

 

Mongolian Economy