Д.Цэрэнбат: Монголынхоо төлөө өөрийн чадах хэмжээндээ зүгээр суухгүй байх бодол бий

B Shurenchimeg
2022-01-18 11:32:29
Ангилал: Нийгэм

“Цахим өртөө” сүлжээ, “Цахим өртөө” холбоо ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, хилийн чанадад 20 гаруй жил ажиллаж амьдарч буй Тогтвортой ноос ноолуурын эсвэл олон улсын байгууллагын Олон нийттэй харилцах албаны менежер Д.Цэрэнбаттай ярилцлаа.

-Таныг  гадаадад амьдарч буй монголчуудын “Цахим өртөө” сүлжээ, “Цахим өртөө” холбоо ТББ-ын Д.Цэрэнбат гэдгээр нь хүмүүс мэддэг. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Би Төв аймгийн Батсүмбэр суманд төрж, Алтанбулагт өссөн. МУИС-ийг математикч, статистикч мэргэжлээр төгсөөд 1997 он хүртэл Удирдлагын Академид багшилж байсан. 2001 онд Английн Кингстоны их сургуульд эдийн засаг, бизнесийн прогнозчлолоор магистрын зэрэг хамгаалж, 2003 оноос хойш Английн “Custom network” LTD компанид санхүүгийн менежерээр, 2018 оноос “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” олон улсын байгууллагад Олон нийттэй харилцах албанд давхар ажиллаж байна. Сүүлийн 24 жил Англи улсад ажиллаж амьдарч байна даа.

-“Цахим өртөө” сүлжээг анх яагаад байгуулах болсон бэ? Сүүлийн үед ямар онцлох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэв?

-Цахим Өртөөний талаар олон ярьж байсан болохоор товчхон мэдээлэл өгье. Гадаадад байгаа монголчууд эх орноо гэсэн сэтгэлээр оргилж явдаг, тэр хүсэл тэмүүллийг нь нэгтгэх, цахим талбар бий болгохоор Цахим Өртөө үүссэн. Монголын талаар мэдээлэл авах цахим хуудас ховор цаг үе байсан. Мэдээллээр цангасан монголчуудын дунд Цахим Өртөө сүлжээ хурдан тархсан нь цаг үеийн онцлог байж. Тухайн үедээ олон зүйл санаачилж хийж байлаа. Харин одоо сайн дурын бүлгэм маягтай үйл ажиллагаа явуулж буй. Цахим Өртөө холбоо гэж байгуулагдсан тэр шугамаараа цөөнгүй ажил хийж байна. Үүний нэг нь манай Сайнбаярын санаачилсан Монгол туургатан залуусыг ивээн тэтгэж сургах хөтөлбөр. Хилийн чанадад хүрч ажиллах анхны санаа сэдлийг өдгөө Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл (ХЧМЗ) үргэлжлүүлээд хийж байна.

Цахим өртөө холбооны уулзалтын үеэр. Улаанбаатар хот. 2021 оны арванхоёрдугаар сар

-Та бол Тогтвортой ноос ноолуур эвслийг идэвхтэй дэмжин, гадаад харилцааг нь хариуцаж ажилладаг хүн. Тийм болохоор эсвэлийн үйл ажиллагааны талаар яриагаа үргэлжлүүлье гэж бодож байна.

-Хөдөө мал ахуйтай ойр өссөн  болохоор малчдынхаа амьдралд тустай зүйл хийх сэн гэдэг бодол байнга сэтгэлдээ тээж явдаг. Британийн энэ чиглэлийн цөөнгүй байгууллагатай холбоотой ажиллаж ирлээ. 2018 оноос Тогтвортой ноос ноолуурын эвсэлд (ТННЭ) өөрийн боломж бололцоогоороо тусалж дэмжээд Олон нийттэй харилцах албаны менежерээр ажиллаж байна. Энэ бол хилийн чанадад суугаа монголчуудын үүсгэн байгуулсан байгууллага гэдгээрээ онцлог. Нөгөө талаар Британид бүртгэгдсэн, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг гадны олон брэнд, компанийг гишүүнээр элсүүлэн ажиллаж байгаа олон улсын байгууллага.  Олон улсын түвшинд худалдаа эрхлэх чадамжийг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдэхэд чиглэсэн олон үе шаттай зорилго, зорилтуудыг дэвшүүлээд ажиллаж байна. Барууны хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хүсээд байгаа тогтвортой стандартыг боловсруулж, түүнийг малчид болон боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлэн тогтвортой ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээнд монголчууд голлох үүрэгтэй оролцох нөхцөл боломжийг бий болгоход оршиж буй.

ТННЭ-ийн баг хамт олны хичээнгүй зүтгэлийн үр дүнд өдгөө олон улсын болон дотоодын 100 гаруй брэнд, ноолуурын үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа компани гишүүнээр элсээд байна. 

Бидний үйл ажиллагааг www.sustainablefibre.org  цахим хуудаснаас харж болно. Британи дахь ажлын багт ноолуурын салбарын мэдлэг туршлагатай Англи, Америк, Шотланд хүмүүс ажилладаг. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд “Burberry”, “Johnston of Elgin” зэрэг нэр хүндтэй брэнд үйлдвэрлэгчдийн төлөөлөл байдаг. Мөн олон улсын ан амьтныг хамгаалах Хатан хааны нийгэмлэг (RSPCA) салбартаа танигдсан судлаач эрдэмтдээс бүрддэг. Британийн хуульд заасны дагуу эвсэл маань үйл ажиллагаа болоод үр дүнгээ тайлагнаад явдаг тул бүх тайлан мэдээг Companies House – GOV.UK (www.gov.uk) хуудаснаас цахим  хэлбэрээр харах боломжтой.

Харин Монгол дахь салбар маань 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Ноолуурын эхний шатны үйлдвэрлэлийг малчид хийдэг учраас тогтвортой байх стандарт буюу байгаль орчин, ан амьтан болоод бэлчээртээ ээлтэй, малдаа халгаагүй байдлаар малаа маллаж, ноолуураа дараагийн шат дамжлагуудад хорогдол, зардал багатай самнах, зохистой дадлуудыг малчдад сургах, сайжруулах хөтөлбөрүүдийг голлон хэрэгжүүлж байна. Одоогоор 15 аймгийн 57 сумын хоршоог сургалт, мэдээллээр хангаж, мал маллагаа болон бэлчээрийн зохистой тохирлын үнэлгээ хийсэн. 2020 оноос эхлэн боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн ноолуур боловсруулах зохистой дадлыг бий болгох сургалтуудыг явуулж ирлээ. Нэг ёсондоо өнгөрсөн зургаан жил тогтвортой стандартыг хангасан ноолуур бэлтгэн боловсруулах, улмаар зах зээлд гаргахад анхаарч ажилласан. Бидний монгол дахь үйл ажиллагааг www.sustainablefibre.mn цахим хуудаснаас харж болно.

Монгол ноолуурыг Барууны зах зээлд гаргах бэлтгэл ажлуудаа хийсэн он жилүүд байлаа. 2020-2021 онд туршилтын байдлаар ТННЭ-ийн стандартыг хангасан ноолуурыг малчны хоршооноос эхлэн мөшгих тогтолцоогоог мөрдөн экспортод гаргасан. Тухайлбал, 2020 онд 100 тонн, 2021 онд 470 гаруй тонн ТННЭ-ийн стандартыг хангасан ноолуурыг барууны үйлдвэрлэгчдэд нийлүүллээ.

Зургаан жил хамтран ажилласны үр дүнд ТННЭ 2021 онд олон улсын тогтвортой ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүртгэдэг “ISEAL” олон улсын байгууллагад гишүүнээр элссэн. Эл олон улсын байгуулагад элссэн нь Монгол ноолуур барууны зах зээлд гарах гол шалгуурыг хангасан гэж ойлгож болно. Ингэснээр ТННЭ-ийн стандартаар баталгаажсан ноолуур чанарын шаардлага хангасан гэдгийг “ISEAL”-ийн гишүүн барууны брэндүүд хүлээн зөвшөөрч худалдан авах нөхцөл бүрдэж буй хэрэг. Тогтвортой ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүхлээр нь ийнхүү баталгаажуулах нь цаг хугацаа шаардсан ажил байдаг юм байна. 

ТННЭ-ийн ажлын уулзалт. Улаанбаатар хот. 2021 оны арванхоёрдугаар сар

-Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Стратеги төлөвлөгөөг 2030 он хүртэл гаргачихсан явж байна. Илүү олон малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрүүдэд хүрч ажиллана. Зөвхөн өөрийн стандартыг хэвшүүлэхэд анхааран ажиллах болно. Мөн ирээдүйн залуу малчдаа бэлтгэх, малаа илүү үр ашигтайгаар сонгон үржүүлэх чадамжийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудынхаа дэмжлэгийг авч мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно. ТННЭ-ийн гишүүн “Johnston of Elgin” компанийн санхүүжилтээр “Шинэ үеийн малчин” төслийг хэд хэдэн аймаг, сумдын Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж байна. АНУ-ын “JCrew” корпорацийн санаачилгаар 1000 малчин эмэгтэйг чадавхжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогоор Монгол дахь Британийн Элчин сайдын яамны санхүүжилтээр бог малын үржүүлэгтэй холбоотой малчдын мэдлэг, чадамжийг сайжруулах сургалтыг онлайнаар явуулж байна.

Малын тоонд бус чанарт анхаарах, сайн үүлдрийн ямаан сүргийг үржүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, шинэ цагийн малчны цахим технологийн мэдлэгт нь анхаарах зэрэг маш олон төрлийн сургалт, төслүүд хэрэгжүүлнэ.

ТННЭ-ийн стандарт нь “ISEAL”-аар хүлээн зөвшөөрөгдөж, зах зээлийн давуу байдлыг үүсгэж байгаа тул бусад орны ноолуурын салбарынхан ч мөн адил эл стандартыг мөрдөх хүсэл сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг ойлгож эхлээд буй. Бид өнгөрсөн жилээс БНХАУ-тай хамтран, тэндхийн малчид, үйлдвэрүүдэд стандартаа танилцуулж, сургалт хийж эхэллээ. Цаашлаад Иран, Афганистан гээд ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээнд голлон оролцдог улс орнуудад стандартаа хэрэгжүүлнэ.

-Та Монголд цөөн хоногоор ирсэн ч уулзалт ярилцлагууд ихтэй тун завгүй байгаа харагдлаа. Ямар ажлууд амжуулж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн өнгөрсөн зургаан жил зах зээлийн шинэ гарц,  шинэ үнэ цэн бүтээх стандартын тогтолцоог бий болгох, малчид, хоршоодоо чадавхжуулахад голлон анхаараад эвслийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах тал дээр цаг зав гаргаж амжаагүй талтай. Харин одоо  стандарт маань олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд, түүнийг тодорхой түвшинд хангасан ноолуурыг туршилтын журмаар экспортлоод хүнд ярих, харуулах юмтай болж байна. Мэдээлэл сайн түгээж байгаагүйгээс болоод Монголын ноолуурын салбарт манай эвслийн талаар янз бүрийн төсөөлөл, зөрүүтэй ойлголт үүссэн байсан. Мэдээлэл дутмаг орон зайд иймэрхүү буруу нөхцөл байдал үүсдэг. Тиймээс нутагтаа ирсэн багахан хугацаандаа тэрхүү орон зайг нөхөж ТННЭ-ийн талаар зөв зүйтэй  мэдээллээр хангах, ойлголтуудаа нэгтгэх, хамтран ажиллах үүд хаалгыг нээх зорилгоор талуудтай уулзалтууд хийлээ. 

Тухайлбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, хуучнаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Статистик хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн зэрэг бодлого боловсруулах түвшнийхэнтэй уулзлаа. Мөн МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нарын  салбарын гол үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-уудын удирдлагуудтай уулзлаа. Түүнчлэн Британийн элчин сайд ноён Филип Мелон зэрэг Монгол дахь гадны байгууллагуудын төлөөлөлтэй ч уулзаж санал бодлоо солилцлоо. Энэ ташрамд цаг гарган хүлээн авч уулзсан, санал бодлоо солилцсон, дэмжиж ажиллаж буй хүн бүрт гүн талархал илэрхийлье.

-Таны бодлоор Монголын ноолуурыг дэлхийд гаргахын тулд бид юунд анхаарах шаардлагатай вэ?

-ТННЭ үүсгэн байгуулагдаад удаагүй, зорьсноо хэрэгжүүлэхийн төлөө алдаа оноон дээрээ суралцаад урагшилж яваа, хилийн чанадад суугаа монголчуудын зүрх сэтгэлээс бий болсон байгууллага. Ноолуурын салбарт нөлөөгөө тогтоож, гадаадын үйлдвэрлэгчид брэндүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг бий болгон эзэмшихийг хүсэгч олон улсын байгууллагууд цөөнгүй байдаг. Ямар азаар Британид суугаа хэсэг монголчууд эл орон зайг түрүүлж харан ноолуурын салбарын мэдлэг туршлагатай гадныхныг нэгтгэж, Монгол малчиддаа хүрч ажиллах боломжийг нээсэн юм гэж боддог.  Монголчууд ноолуурын салбарт өөрсдийн орон зайгаа алдаж, бусдын тулгасан нөхцөлд хавчигдан ажилладаггүй байхын тулд дотроо ойлголтоо нэгтгэж, хамтран ажиллах нь чухал. Монголчууд нэгдмэл байр суурьтай байвал ямааг маань ирээд самнаж дөнгөхгүй гадныхан хаа холдох вэ.

Дотроо үл ойлголцол үүсвэл гадныхан тун овжин ашиглана гэдгийг л байнга санах хэрэгтэй. Аль ч салбарт тохиолдож болох, тохиолдож байгаа дүр зураг. Үүнд л анхаарах шаардлагатай байна. 

-Та Их Британи дахь монголчуудын холбоог тэргүүлдэг. Энэ холбооныхоо талаар уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

1999 онд энэ холбоо Амарбаясгалангийн санаачилгаар үүссэн. Тэр цагаас Британи дахь монголчууддаа чиглэсэн соёлын болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Сонирхлын бүлгүүдээрээ зохион байгуулалтад орж, өдгөө спорт, соёл, боловсролын чиглэлээр 10 гаруй олон нийтийн байгууллага Британид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголчуудын үүсгэн байгуулсан бизнес ч цөөнгүй бий. Нийтийг хамарсан баяр наадам, шинэ жил, цагаан сарыг бусад байгууллагууд холбоогоо тойроод Элчин сайдын яамтайгаа хамтраад хийдэг. 

Манай Британи дахь Монголчууд их идэвх санаачилгатай шүү. Монголчуудаа гэсэн сэтгэлээр олон хандив, аяныг зохион байгуулж бусдыгаа уриалдаг. Үүнийг нэг нь Ковид-19 цар тахлын үед манай хэсэг монголчууд санаачилга гаргаж ажилгүй болсон хүмүүстээ хүнсний бүтээгдэхүүн, талон тараасан. Энэ үйл ажиллагаа өргөжөөд Манчестерт үргэлжилж тэндэхийн монголчууд тусламжийн аян өрнүүлсэн. Лондон болон Манчестерт нийт 5000 гаруй фунтын хандив цугласан. Өнгөрсөн зун хүчилтөрөгчийн аппарат хандивлах аян өрнүүлэн 2000 гаруй фунт цуглуулж Монгол руу илгээж байлаа. Одоогоор аймаг бүрт 1000 англи хэлний ном, хичээлийн хэрэгсэл тараах аян зохион байгуулж байна.  

 -Их Британийн боловсрол дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Хүүхдүүдийнхээ боловсролд та хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-Хүүхдийн боловсролд эцэг эхчүүдийн бодитой үүрэг оролцоо өндөр байдаг. Тиймдээ ч сургуулиудын удирдах зөвлөл эцэг эхчүүдээс бүрддэг. Тэр зөвлөл нь сургуулийн захирал багш нарыг томилох, цалинг тогтоох, төсвийг батлах гээд гол бүх асуудлыг шийддэг. Томилогдсон захирал нь сургуулийн бүх үйл ажиллагаа, гүйцэтгэлээ удирдах зөвлөлийн эцэг эхчүүдэд тайлагнадаг.

Түүнээс гадна сургууль бүрийн дэргэд тухайн сургуульдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өөр бусад зорилгоор төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг “Багш эцэг эхчүүдийн холбоо” нэртэй сайн санааны ТББ ажилладаг. Тухайн сургуулийг Боловсролын яамнаас гаргасан дүрэм, журмын хүрээнд эцэг эхчүүд чиглүүлээд явдаг гэж ойлгож болно. Британийн боловсролын бодлого нь тэр бүр өөрчлөгдөөд байхгүй, хичээлийн хөтөлбөр нь харьцангуй  тогтвортой.

Миний хувьд хүүхдүүддээ нэг бүрчлэн тэг, ингэ гэж зааж зааварлахгүйг хичээдэг. Хүүхэд өөрийгөө нээж, илэрхийлж сурах нь хамгийн чухал. Хүүхэд өөрөө л үзэж туршлагажиж байж ухаардаг бололтой.

Та шинэ оны өмнө Лондонгийн олон улсын марафонд оролцсон байсан. Марафонд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-1997 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж буй “Кристина Нобле” Хүүхдийн сангийн үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө босгох зорилгоор Лондонгийн олон улсын марафонд гүйсэн. Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр Монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө 5000 гаруй фунт цуглуулж чадлаа. Хүүхдийн төлөө хандив цуглуулахын хажуугаар энэ алдартай марафонд оролцож 42 км шогшоод ирсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна.

Лондонгийн олон улсын марафонд оролцов

-Их Британи  цар тахалтай хэрхэн тэмцэж байна, нөхцөл байдал хэр байгаа вэ?

Ковид-19 цар тахлын улмаас олон хүнээ алдсан улсын нэг бол Их Британи. 150 мянга орчим хүн цар тахлын халдварын улмаас нас барсан байна. Цар тахал эхлэх үед Британийн Засгийн газар шийдвэртэй алхам хийхгүй байсаар дотооддоо тархаасан. Харин 2020 оны гуравдугаар сарын сүүлээр улс даяар хөл хорио тогтоосон бол хоёр дахь давлагааны үеэр ихэнх байгууллагууд эргээд ажиллаж эхэлсэн.

Вакцинжуулалтаа харин хамгийн сайн хийсэн улс орнуудын нэг. Вакцинжуулалтаараа Израйль улсын дараа орж байгаа. Одоогоор бүх үйлчилгээ, албан байгууллагууд халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаад үйл ажиллагаа явуулж байна. 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg