Д.Эрдэнэтөгс: “Даланзадгадын ДЦС” төлөвлөгөөний дагуу цахилгаан үйлдвэрлэх боломжгүй боллоо

B Shurenchimeg
2023-10-25 10:15:42

Өмнөговь аймгийн Даланзадгад дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтөгстэй тус станцын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдал ямар байна вэ? Өвлийн бэлтгэл ажил хангагдсан уу?

-Өнөөдрийн байдлаар үндсэн тоноглол буюу 27 тонны хоёр, 25 тонны нэг зуухтай, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Зуухны завсар үйлчилгээнд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ямар ч байсан энэ өвөл Даланзадгадын айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж чадна. Гэхдээ төвийн системд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний хувьд бид төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл, цахилгаан үйлдвэрлэж чадахгүй боллоо. Учир нь цахилгаан үйлдвэрлэдэг турбинууд эвдэрсэн. Эвдэрч зогсоод сүүлийн гурван жил ажиллаагүй турбин ч байна. Цаашид энэ байдлаараа ажиллаад байвал станц чадлын дутагдалд орж Даланзадгад хотын хэрэглэгчдийг дулаанаар ч хангах боломжгүй болно.

Станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал сүүлийн таван жил яригдаж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй л байна. Нэн тэргүүнд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, Даланзадгад хотыг хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Станцыг усан халаалтын эсвэл уурын зуухаар өргөтгөх боломжтой гэж харж байгаа. Усан халаалтын 7МВт болон 29МВт-ын зуухаар өргөтгөх боломжтой. Ингэсэн тохиолдолд зуны улиралд хэрэглээний халуун усаа 7МВт-ын усан халаалтын зуухаар шийдэж, өвөл нь одоогийн ажиллаж байгаа гурван блок дээр шинээр усан халаалтын 29МВт-ын зуух барьж дулааны хэрэгцээг ойрын таван жилдээ хангах боломж бий.

-Шинээр дулааны цахилгаан станц барих асуудал хэр ахицтай байгаа вэ?

-Цахилгаан дулаан хослон үйлдвэрлэх хоёр блок бүхий 50МВт-ын хүчин чадалтай шинэ станц барих төсөл бий. Уг төслийг одоогоор Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, техникийн зөвлөл хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэ станцыг барих ажил дээр аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж, ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, ТЭЗҮ-ийг орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн мөн станцын газрын асуудлыг шийдэж тусгай хэрэгцээнд авсан.

Шинэ станц баригдах юм бол системийн хэмжээний үүсээд байгаа цахилгаан чадлын  дутагдлыг нөхөхөд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа. Мөн аймгийн төвийн өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг ойрын 10 жилдээ тасралтгүй хангах юм.

-Шинэ дулааны цахилгаан станц барих шийдвэр гарвал хэзээ ашиглалтад орно гэж төлөвлөж байгаа вэ?

-Яамнаас дэмжигдээд нарийвчилсан зураг төсвийг хамгийн хурдан хугацаанд хийлээ гэхэд хагас жил шаардлагатай. Үүний дараа барилга угсралтын ажлыг хийх сонгох шалгаруулалт мөн хагас жил үргэлжилнэ гэж тооцно. Ингээд барилга угсралтын ажил эхэллээ гэхэд нийт 3-5 жилийн хугацаа шаардагдах болов уу.

Шинэ эх үүсвэр барих хүртэл дулаан, цахилгааны хэрэглээ өссөөр л байна. Бидний тооцоолсноор жилд 3-4 Гкал-аар дулааны эрчим хүч нэмэгдэж байна. Тиймээс шинэ эх үүсвэр барих хүртэл одоогийн станцаа усан болон уурын зуухаар өргөтгөх шаардлагатай.

Усан халаалтын 29МВт-ын зуухаар өртгөж чадвал ойрын 3-4 жилийн өвлийн дулааны ачааллыг дааж чадна.

-Станц өргөтгөх саналыг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн үү? Яамны зүгээс ямар хариу өгсөн бэ?

-Яаманд хараахан хүргүүлээгүй. Аймгийн ЗДТГ-аас 2024 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа үндсэн чиглэлд дулааны станцыг өргөтгөх ажлыг тусгахаар ажиллаж байна.  Гэхдээ усан халаалт уу, уурын зуухаар өргөтгөх үү гэдгээ хараахан шийдээгүй, ярилцаж байгаа.

-Шинэ 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийг яамны албаны хүмүүс хэр дэмжиж байна вэ?

-Аймгийн хэмжээнд дулааны эрчим хүчний дутагдалтай байгаа энэ үед яамнаас дэмжих байх гэсэн хувийн бодолтой байна. Өмнө нь 2016-2020 онд аймгийн удирдлагуудын зүгээс Амгалангийн дулааны станцтай адил усан халаалтын зуухтай зөвхөн дулаан үйлдвэрлэдэг станц барих саналыг Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр оруулан батлуулж байсан. Тиймээс одоогийн хүргүүлээд байгаа 50МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг станцыг эсвэл 2016-2020 онд батлуулсан зөвхөн дулаан үйлдвэрлэдэг станц барих саналыг дэмжих үү гэдгийг хүлээж байна.

-50МВт-ын станцын хувьд хөрөнгө оруулалтын хувьд дэндүү өндөр байна гэдэг асуудал яригдаж байсан. Эдийн засгийн үр өгөөж талаасаа ямар ашигтай вэ?

-Дан дулааны станц барилаа гэхэд цахилгаан болон нүүрсээ худалдаж авах шаардлага үүснэ. Харин дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг станц баривал аймгийн цахилгааны хэрэглээгээ хангахаас гадна улсын хэмжээнд дутагдалтай байгаа цахилгаан эрчим хүчийг нөхөхөд хувь нэмрээ оруулна. Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэж байж станц ашигтай ажилладаг.

ТЭЗҮ-ээр ДЦС барихаар тооцсон. Хэрвээ энэ төсөл шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжигдвэл хөрөнгө оруулалтыг илүү нарийн судалж таарна. Тэр үед л хөрөнгө оруулалтын хувьд их үү бага байх уу гэдэг нь илүү тодорхой болно.

Шинэ станц барих төсвийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим нүүрсний компанитай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хандив, тусламжаар мөн орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээг гаргах боломжтой. Аймаг, орон нутгийн зүгээс дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг станц барих саналтай байгаа.

-Одоо ажиллаж байгаа Даланзадгадын дулаан станцын тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдол хэр байна вэ?

-Мэдээж эвдрэл гэмтэл гарна. Гэмтэл гарсан тохиолдолд хөрөнгө мөнгө гаргаад даруй засварлах арга хэмжээ авдаг. Гэхдээ зуухны ажиллах ёстой ашиглалтын  хугацаа аль хэдийн дууссан. Хүнээр яривал өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь хэтрээд ажил хийж чадахгүй болоод байна. Анх суурилуулсан япон турбинууд бүгд эвдэрч оронд нь хятадын турбинаар сольсон. Гэхдээ хятадын хуучин турбинууд авчирч суурилуулсан учраас эвдрэл гэмтэл байнга л гардаг. Бид тухайн бүрд нь засаж сэлбээд гал алдахгүй ажилласаар л байна. Цаашид нөхцөл байдал хүнд болсон гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.

 

 

 

 

 

B Shurenchimeg