Д.Үлэмж: Үнэ тариф ярихаас өмнө засаглалаа сайжруулмаар байна

Sarangerel
2023-09-27 23:03:07

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Үлэмжтэй ярилцлаа.

-Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс зохицуулаад олон жилийн нүүр үзлээ. Гэвч цахилгааны хэрэглээ нэмэгдээд байдаг. Үнэ тариф нь хэвээрээ, техник тоног төхөөрөмж нь хуучнаараа байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Үүн дээр таны бодол ямар байна вэ?

-Үнэ тариф ярихаас өмнө засаглалаа сайжруулмаар байгаа юм. Одоо байгаа засаглалын энэ тогтолцоогоор цахилгааны үнийг нэмбэл ямар ч нэмэргүй. Учир нь бүх аж ахуйн нэгж төрийн өмчийн хэлбэрт байна. Цоорхой шанага руу ус хийсэнтэй адил зүйл болно. Тендерийн будилаан гардгаараа гарна. Чанаргүй гүйцэтгэл салбар дээр гардгаараа л гарна. Албан байгууллагууд нь үйл ажиллагааны зардлаа нэмчихнэ. Технологи шинчлэлтээ ч хийхгүй. Тиймээс юун түрүүнд эрчим хүчний засаглалаа өөрчлөх хэрэгтэй.

-Засаглалаа юунаас эхэлж өөрчлөх вэ? Хугацаа шаардана шүү дээ?

-Жишээ нь Эрчим хүчний зохицуулах хорооны таван зохицуулагчийн гурвыг нь Засгийн газар буюу Ерөнхий сайд томилдог. Үүнийг УИХ томилдог болох хэрэгтэй. Засгийн газар үнэ тариф дээр ямар нэгэн өөрчлөлт хийх болоход сонгуулиас айчихдаг. Эрчим хүчний зохицуулах хороо цэвэр хараат бус байгууллага байх ёстой. Зах зээлээ соргогоор мэдэрч түүндээ таарсан арга хэмжээг авах хэрэгтэй. 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулинд анх “Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүнийг УИХ сонгоно” гэсэн байсныг Засгийн газар болгочихсон нь алдаа болсон. Дээр нь энэ салбарт хувийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан түгээх компаниудыг хувьчлах асуудлыг шат дараатай авч хэрэгжүүлмээр байна.

-Ямар нэгэн алхам хийгдэж байна уу?

-Одоогоор ямар нэгэн алхам хийгдээгүй. Н.Тавинбэх сайдын үед нэг алхам хийгдсэн. Тэр нь УИХ-д очоод унасан. Бас 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдсаны дараа  цахилгаан түгээх компаниудыг бүгдийг нь хувьчилна гэдэг шийдвэр гарсан. Ингээд 2003 онд анхны хувьчлал явагдаж Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьд шилжсэн. Ингээд л хувьчлал зогссон доо. Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ 2003 оноос хойш 20 жил хувиараа ажилласан. Цахилгааны байцаагч очиж тогийг нь залгаж, салгахаа больсон. Смарт системд шилжсэн. Иргэдээс ямар ч хөрөнгө гаргахгүйгээр технологийн шинэчлэл хийж чадсан. Дэд станцад нь хүн ажиллахаа больсон. Камерын системтэй, иж бүрэн алсын удирдлагатай. Хувьд гарсан ганцхан компани нь ингээд хөгжчихсөн байна.

-Эрчим хүчний бодлогыг шинэчилж, зах зээлийн зарчимд шилжүүлэхэд хэр зэрэг хугацаа шаардах вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан зоригтой л алхмууд хэрэгтэй. Хятадын жишээг харахад 1979 онд эдийн засгаа нээлттэй болгосон. 1986 онд эрчим хүчний салбар нь хувийн сектороо гүйцэж чадахаа больсон. Хувийн аж ахуйн нэгж олноор нэмэгдэж, эдийн засаг нь чөлөөтэй болоод ирэхээр төрийн өмчит эрчим хүчний компани нь цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн. Энэ жишээн дээр хувийн болон төрийн өмчийн ялгаа харагдаж байгаа биз. Төрийн өмч хэзээ ч эдийн засгийн өсөлтийг хангахуйц цахилгаан дулаанаар хангаж чадахгүй. Одоо ч гэсэн Монголд ийм л байна. Уул уурхайн шинэ төсөл хэрэгжүүлэх, дата центр барих зэрэг бизнесийг манай хувийн хэвшлийнхэн эхлүүлэх гэхэд хамгийн том асуудал нь цахилгаан байхгүй. Иймэрхүү техникийн нөхцөл хүссэн компаниуд Монголоор дүүрэн байна. Жишээ нь, “Мобиком” компани Баянголын аманд дата центр барихаар болоод 40 мегаваттын цахилгаан авах өргөдлөө өгч байна. Гэтэл манайд өгөх цахилгаан байхгүй. Говийн бүсэд датар центр баръя гэж байна. Өгөх цахилгаан байхгүй.

Тэгэхээр хувийн хэвшлийн хөгжлийг ганц гацааж байгаа зүйл нь төрийн өмчийн эрчим хүчний салбар болчихоод байна.

Барилгын инженер метр квадратаа зах зээлийн үнээр зардаг. Холбооны инженер нэгж мегабайт датагаа зах зээлийн үнээр зарж байна. Харин  эрчим хүчний инженерийн гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ тариф Засгийн газрын мэдэлд. Монголд хамгийн муу цалинтай нь эрчим хүчний салбарын инженерүүд болчихоод байна.

-Хятад 1986 онд эрчим хүчний салбар нь хувийн сектороо гүйцэж чадахаа больсон гэж та ярилаа. Үүн дээр ямар алхам хийсэн юм бэ?

-Хятад 1980-аад онд эрчим хүчний салбар нь хямралын байдалд ороход үнэ тариф, засаглалын хэлбэртээ реформ хийж эхэлсэн. Ингээд аажим аажмаар засаглалыг нь өөрчлөөд үнэ тарифыг нь зах зээлтэйгээ уяж явсаар 2003 онд үр дүнд хүрсэн. Тариф нь бага багаар өсөөд ирэхээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ороод ирж байгаа юм. 1 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь өндөр болоод ирэхээр хуучин станцаас төв сүлжээ нь цахилгаанаа авахаа болино. Шинэ рүү нь явна шүү дээ. Яагаад гэвэл шинийх нь технологи өндөр. Нэгж бүтээгдэхүүнээ хамгийн хямдхан нийлүүлж чадна.

2000 он гараад буцаад хямдраад эхэлсэн. Дахиад засвар хийсэн. Энэ нь ямар байсан бэ гэхээр төрийн өмчийн том бүтцээ задлаад компаниуд болгосон. Ковидын өмнө дахиад хямарсан. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгана гэдэг үүрэг амлалт аваад нүүрсний уурхайгаа хаагаад эхлэнгүүт эрчим хүчний нүүрсний үнэ өссөн. Ингээд цахилгаан систем нь хямраад эхэлмэгц цахилгааны тарифаа 20 хувь нэмсэн. Хууль, эрх зүйн шинэчлэлт хийсэн. Гэтэл манай хууль 22 жилийн настай. Энэ хуулийн үүрэг их байсан. Одоо шавхагдчихсан. 2010, 2011 оны статистикаар манайх шинэ чадлын станц бариагүй нь харагддаг. Тэгэхэд эдийн засаг өсөж байсан. Барилга маш их баригдаж байсан. Импорт л өссөн. Оросоос авдаг тог л нэмэгдсэн. Халамж тараагаад дууссан шүү дээ.

Эрчим хүчний салбар инфляц хариуцдаггүй

-Гэтэл манайх аваарын байдалтай 30 жил боллоо. Шинэчлэх нь битгий хэл нэг ч алхам хийгдээгүйн дээр энэ салбар өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалд орсоор байна. Яах ёстой юм бол?

-Эрчим хүчний салбарт тунхаглалын чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд олон жилийн нүүр үзлээ. Худлаа ярих тусам түүнийх нь төлөөс улам их болоод байна. Арван зүйл ярихад ядаж нэг нь ч болтугай хэрэгжих хэрэгтэй байна шүү дээ. Даанч тийм зүйл алга. Салбарын алдагдал өнгөрсөн жил 92 тэрбум төгрөг байлаа. Энэ жилийн таамаг алдагдал 200 тэрбум хүрэх нь ойлгомжтой боллоо. Энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарна. Ковидын үеэр цахилгаан, дулааны үнийг чөлөөлсөн. Энэ бол маш буруу арга хэмжээ байсан. Чөлөөлж болно. Гэхдээ Эрчим хүчний яам тэрийг хийх ёсгүй байсан. Хөдөлмөр нийгэм хамгааллын ажлыг эрчим хүчний салбарт өгчихсөн. Тэгээд хэдэн сар жилээр  цахилгааны төлбөр төлөөгүй иргэд эрчим хүчний салбар руугаа дайрч эхэлсэн шүү дээ. Муу зан сурчихсан. Хүмүүсийн эрчим хүчний ойлголт арай хийж гайгүй болоод ирэхэд нь үнэгүй зүйл рүү нь буцаачихаж байгаа юм. Эрчим хүчнээс болж цаана чинь дайн болж байна шүү дээ. Эрчим хүчний салбар инфляц хариуцдаггүй.

Эрчим хүчний салбарынхан энэ байдлаасаа гарахын тулд дуу хоолойгоо УИХ, Засгийн газрын түвшинд хүргэх ёстой биз дээ. Та  бүгдийн санал, санаачилгыг хүлээж авдаг уу?

-Хичнээн сайхан зүйл хийсэн ч дээшээ очоод гацчихдаг. Манай салбарт хийхээр төлөвлөсөн олон төслийг гаднынхан гэхээсээ илүү дотооддоо зодолдоод унагаачихдаг юм. Монголын хэдэн мөнгөтэй хүмүүс, том компаниуд нэг нэгнийгээ тонгороод л унагаачихдаг.

1980 оны сүүлчээр БНМАУ-ыг цахилгаанжуулах төлөвлөгөөг тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд Монгол эрдэмтэдтэй хамтарч хийсэн юм. Тэр төлөвлөгөөгөөр хамгийн эхэнд баригдах цахилгаан станц бол ТЭЦ-5, дараагийнх нь Багануур, Тавантолгойн станц гээд төслийн эрэмбийг гаргасан. ТЭЦ-5 нь бүтдэггүй юм байж. Багануурын цахилгаан станц босно гэж байтал “Чайна таун” гэдэг хар пиар яваад унагаачихсан. Энэ бол хажууханд нь өөр станцын төсөлтэй байсан хүмүүсийн хийсэн ажил шүү дээ.

“Нэг блок нь 350 мегаваттын хүчин чадалтай, манай эрчим хүчний системийн бараг дөрөвний нэг хувийг эзлэх юм байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал” гээд л баахан сүржигнээд байсан. Одоо Оросоос 350 МВт авч байна шүү дээ.

Шинэ станц баривал бүрэн автоматчилагдана. Инженер, техникийн ажилчдын тоо багасна. Хувийн хэвшлийн станц баригдвал сагсны баггүй байна. Даргын туслах, жолоочийн тоо цөөрнө. Төрийн өмчийн компаниудын үүдээр ороход “Хэрэглэгчдийг найдвартай дулаан, цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй хангана” гээд бичсэн байдаг. Энэ зорилгоо биелүүлж чадахгүй байна. Өннгөрсөн жил баахан таслалт хийсэн. Нөхцөл байдал ийм л байна даа.

-Ер нь ирээдүй харагдаж байна уу?

-Одоогийн байдлаар харагдахгүй байна. Энэ Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гаргаад хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хамгийн бүтэлгүй яваа нь эрчим хүч. Зарим нь муу ч, сайн ч ажил нь хийгдээд явж байна.

Харин ганц авууштай нь баруун аймгуудад нар, салхины станцууд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдчихлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хэрвээ ашиглалтанд орвол баруун аймгуудын систем цэвэр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтгүй, өдөр нь нар салхиараа ажиллачихаад тэр хоорондоо усаа хуримтлуулдаг, нар жаргахаар усаа ажиллуулах боломжтой маш гоё систем бий болох гэж байна. ОХУ-аас хамааралгүй шахуу болно. Энд харин гэрэлтэй зүйл харагдаж байгаа шүү.

-Цахилгаанаас гадна дулааны үнэ өртгийг шинэчилсэн тарифаар тооцох хэрэгтэй талаар салбарынхан ярьдаг. Үүн дээр таны бодол ямар байна вэ?

-Дулааны үнэ өртгийг шинэчилсэн тарифаар тооцохгүй бол наад зах нь сумын төвийн уурын зуух маш өндөр өртгөөр ажиллаж байна. Нэг жишээ ярихад, сумын сургуулийн өвөл түлдэг нүүрс 30 хувь хэмнэгдээд ирэхээр захирал нь уурлаж байна. Газрын гүний дулаан ашиглаад нүүрсийг нь 30 хувь хэмнэх боломж байгаа юм. Сургуулийн захирал  худалдан авдаг нүүрс нь багассан учраас газрын гүний дулаан ашигладаг тоноглолыг нь эвдэнэ гэж сүрдүүлж байх жишээтэй. Яагаад гэвэл нүүрс нийлүүлэх худалдан авалт нь хяналтгүй байгаатай холбоотой. Дулааныг тоолуураар тоолдоггүйтэй холбоотой. Хэрвээ дулааны тоолуур тавьчихвал тухайн байгууллага авсныхаа хэрээр төлбөрөө төлнө. Гэтэл нэг аймагт гурван зуух галлах ёстой төсөв өгөхөд хоёрыг нь галлаад л сууж байдаг байхгүй юу. Яагаад гэвэл тэрийг нь тоолдоггүй. Аймгийн төвийн айлуудын халаалт нь бүлэмцүүхэн байдаг шүү дээ.

Хятад манайхаас эрчим хүч авах сонирхол өндөртэй

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Үүнийгээ ашиглаж чадвал Хятад руу экспортлох боломжтой талаар ярьдаг?

-Хятадын компаниуд болоод төр засаг нь эрчим хүч худалдан авах сонирхолтой. Говьд нар салхины сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлээд Хятад руу гаргах боломж байна. Гол нь манай Засгийн газар бараг 10 гаруй жил санамж бичиг зурахдаа “сэргээгдэх эрчим хүч ашиглана” гэж амлаад л яваад байна. Уг нь хоёр улсын хамтарсан комисс байгуулахаас ажлаа эхэлмээр байна. Дараагийн алхам нь хоёр улсын хамтарсан төрийн өмчит компанитай болох хэрэгтэй. Гэтэл тунхаглалын байдалтай, тавьсан зорилго нь хэвээрээ л байна. Хятадууд алхам хийхийг хүсэж байгаа гэдэг нь мэдрэгдсэн. Алхам хийхийн тулд анхаарах зүйл бий.

Хятадын аж үйлдвэр тогтмол өсөлттэй байна. Дагаад цахилгаан эрчим хүчнийх нь хэрэглээ байнга өсөж байна. Хятадын жирийн иргэд мөнгөтэй болж байна, цахилгаан түгээх систем түгээлт нь ч сайжирч байна гэсэн үг. Энэ нэг юмыг хэлээд байгаа биз. Дундаж Франц, Америк, Англи хүмүүсийн хэрэглээ жилд 12000-15000 кВт.цаг.жил бол Хятадынх 4000 кВт.цаг.жил байдаг.  Хятад дэлхийн номер хоёр эдийн засагтай хэрнээ цахилгааныг бүх иргэддээ хүргэж чадаагүй байна. Тэгэхээр цаана нь дахиад 3-4 дахин их хэрэглээ байгаа юм. Үүнийг хангах нөөц Хятадад байгаа юу гэдэг нь том асуудал. Манайх эрчим хүчний засаглалын хувьд хоёр орны дунд ардчилсан хэлбэртэй оршдог. Тэгээд ганцаархнаа сонгууль хийдэг. Үүнийг их ньюанстай анзаарах хэрэгтэй.

Манай хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай компаниуд Хятад руу эрчим хүч экспортлоё гэвэл засаглалтай нь зөрчилдөнө. Яагаад гэвэл хоёр хөршийн эрчим хүчний компаниуд бүгдээрээ төрийн өмчит. Хятад жишээ нь долоон эрчим хүчний компанитай. Долуулаа төрийн өмчийнх. Гаднын том том хамтарсан эрчим хүчний төсөл нь бүгдээрээ төрийн өмчийн оролцоотой. Манай хувийн хөрөнгө оруулалттай компаниуд ямар нэгэн техник эдийн засгийн үзүүлэлт хийгээд л яваад байгаа. Гэхдээ тэр хувийн компаниас Хятадын төрийн өмчийн компани цахилгаан авах уу гэдэг нь асуудал. Магадгүй жижиг хувийн компанийн хөрөнгө оруулагч нь Америк байвал яах вэ гэдэг чинь том асуудал. Миний харж байгаагаар хувийн хөрөнгө оруулалттай компаниуд үйлдвэрлэсэн цахилгаанаа төрийн өмчит монгол компанид зараад төрийн өмчит тэр компани нь Хятадын төрийн өмчмт компанид худалдах схем бол надад хамгийн зөв, хурдан явах юм шиг санагдаад байгаа юм. Маш их ирээдүй цахилгааны экспортын салбарт байгаа. Экспортоосоо өмнө хэдүүлээ хөлдөж үхчих гээд байна шүү дээ. Энэ бол урт хугацааны төслүүд.

Эрчим хүчний салбар хүний нөөцийн маш том дутагдалд орсон

-Ковид болон Украины дайн эрчим хүчний салбарт бас нөлөөгөө үзүүлсэн. Монголд ч гэлтгүй дэлхийд эрчим хүчний салбарт дайн болж байна шүү дээ?

-Ковидын дараа улс орнууд эдийн засгаа дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлүүд хувийн компаниуд руугаа нийлүүлсэн. Япон, Солонгос, Хятад, Австрали эдийн засаг нь сэргэхтэй зэрэгцээд хүний нөөцийн дутагдалд орсон. Манай эрчим хүчний салбараас хамгийн түрүүнд чадвартай инженерүүд нь Оюу Толгойд орсон. Зарим нь Солонгос, Австрали, Япон руу явцгаасан. Ингэснээр эрчим хүчний салбар хүний нөөцийн маш том дутагдалд орсон. Сүүлийн үед Япон руу бакалавр төгссөн хүүхдүүд магистрт сураад хажуугаар нь үйлдвэрт ажиллаж байна. Яагаад гэхээр Япон ажиллах хүчгүй. Солонгос руу маш их хүн явж байна. Манай багш ажилчид ажлаасаа гарч байна. Австрали рүү түгээх компанийн монтёрууд их явж байна. Энэ бол Ковидын нөлөө.

Харин Украины дайны нөлөө маш хүнд тусаж  байгаа. Дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Дараа нь дөрөвдүгээр сард Путины тавьсан хориг байна. Манайх эрчим хүчний сэлбэг материалууд, станцуудын үндсэн болон туслах тоноглолын ихэнхийг нь ОХУ, Украинаас авдаг.  Цахилгаан станциудын дизайн, зураг төсөл нь бүгдээрээ ЗХУ-ын үед Украин, Ленинградын зургийн институтад хийгдэж, тэндээс тоноглолыг нь авсан байдаг. Хамгийн том тэжээлийн усны насос гэхэд дайны фронт дээр байж байна. Тэр тоноглол өвлийн их ачааллын үеэр эвдэрлээ гэхэд Украинаас авчрах боломжгүй. Энэ бол Украины дайны нөлөө. Дээр нь Путины хориг байна. Маш олон сэлбэг материалууд дээр хориг тавьчихсан. Украины дайн эхэлснээс хойш манай эрчим хүчний тендерүүдэд ордог компани байхгүй болсон. Улаан-Үүд, Эрхүү, Новосибирск, Свердловскоос авдаг сэлбэг материалуудыг яаж авах юм. Аргаа бараад хувь хүмүүс рүү мөнгө шилжүүлээд ч юм уу, хувиараа мөнгөө бариад явсан хүмүүс бүгдээрээ хулхидуулсан. Маш сайн танилтай компаниуд л ажлаа амжуулж байгаа.

Оюутолгойн дэд станциар Хятад руу холбогдох өргөн боломж байгаа. Энэ жил оргил ачаалалын үеэр 90 мегаваттаар холбогдох сураг байна

-Оросоос эрчим хүчээр хараат гэдэгтэй та санал нэгдэх үү?  

-Хараат гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Манайх Оростой холбогдсон цахилгааны шугамаа таслаад эндээ амар сайхандаа жаргана гэж бодоод байх шиг байна. Тийм зүйл дэлхий дээр байхгүй. Гэхдээ Украины дайнаас хойш улс орнууд тархмал бие даасан эх үүсвэр оновчой сонголт юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэхээр том чадлын цахилгаан дамжуулах шугамууд, дэд станцууд, дулаан дамжуулах төвүүд бөмбөгдөлтөнд өртвөл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс тухайн объект болгон бие даасан нарны системтэй, батерей хураагууртай байх хэрэгтэй талаар Олон улсын эрчим хүчний агентлагаас зөвлөмж гарсан. Энэ нь том газар нутгийг хамарсан манайд зохимжтой систем. Сумын 2500 иргэн эрчим хүч үйлдвэрлэгч байж болно. Барууны орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдууд манайд тасралтгүйгээр айлчлал хийлээ шүү дээ. Бүгдээрээ “сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулъя, дэмжье” гэж байгаа. Үүнийг ашиглах хэрэгтэй. Манайхан одоог хүртэл дүлий дүмбэ оргиод явж байна.

Гэр хорооллын бүх айлуудыг нарны дээврээр хучиж яагаад болохгүй гэж. Батерей хураагууртай, цахилгаан халаагууртай болвол ядаж л агаарын бохирдол буурна. Мөн 200-300 ТВт манай чадал дээшилнэ. Ийм боломж байна. Үүн дээр барууныхан тусалъя гэдэг. Барууныхан Оросоос эрчим хүчний хамааралтай орнуудад тусалж, хандив өгч байна. Цаагуураа Оросын хамаарлаас нь гаргах, Оросыг улам ганцаардуулах гээд олон улсын харилцааны асуудал хөндөгдөнө. Үүнийг манайхан олж харж ашиглахгүй байна.

Финланд НАТО-д элсэнэ гэсэн мэдэгдэл хийхэд ОХУ шууд тогийг нь тасалсан. Тэгээд Финланд Шведээс авч байгаа. Маш олон жил гацсан цөмийн станцаа ашиглалтанд оруулсан. Молдавын тогийг бас тасалчихсан. Тэд Оросын эрчим хүчний системээс 100 хувь салах туршилтуудаа хийгээд эхэлсэн. Европын холбоо нүүрснийхээ 46 хувийг Оросоос авдаг байсан бол одоо гурван хувь болгосон. Газрын тосны бүтээгдэхүүний импорт нь 2-3 хувь болсон байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 358 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдсэн байна лээ. Энэ нь хүлээгдэж байсан үр дүнгээс 30 хувь илүү. Энэ салбарт маш их хөрөнгө явж байна. Манайх түүнийг нь татах ёстой ч байхгүй. Гэтэл одоо үнэ тарифыг нь чөлөөлөхгүй, хэн ч сонирхохгүй байна шүү дээ манай зах зээлийг.

Уг нь Оюутолгойн дэд станцаар Хятад руу холбогдох боломжтой. Энэ жил оргил ачааллын үеэр 90 мегаваттаар холбогдох сураг байна. Аюулгүй байдлын нөөц гарцтай болж байна гэсэн үг.

Хэрвээ ОХУ-тай холбогдсон шугам тасарвал манай систем тэр чигтээ тэг суух аюултай байгаа. Тиймээс нөөцтэй байх хэрэгтэй. ОХУ, Хятадаас эрчим хүчээр хараат байна гэдэг ойлголт өрөөсгөл.Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эрчим хүчээр хангаж болохоор байна

-Бүс нутгийн эрчим хүчний интеграцчлалд Монгол Улс ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг манай нөөцийг нар, салхины эрчим хүчний нөөц өндөр бүс гэж тодорхойлсон. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай хуульд эдийн засгийн бүлэг гэж бий. Эдийн засгийн бүлэг дээр Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцад орно гэсэн өгүүлбэр бий. Томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар байж болохгүй. Ялангуяа эрчим хүчний. Үүнийг сайн бодож байх хэрэгтэй.

Манайх олон улсад гадаад бодлого, улс төр, геополитикийн талбар дээр эрчим хүчээ ашиглах маш том нөөц бололцоотой. Нигер улс Францад уран нийлүүлэхгүй гэхэд Францын эрчим хүчний систем асуудалд оржбайна. Манайд ийм боломж асар өндөр бий. Ялангуяа цөмийн эрчим хүчний салбар, түүхий эд ураны тал дээр. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эрчим хүчээр хангаж болохоор байна. Харин их гүрнүүдийн зөрчилдөөний талбар байж болохгүй. Энэ асуудлыг гадаад харилцааны бодлоготой уяж, судалгаа шинжилгээ, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж байж хийх сэдэв. Түүнээс биш Засгийн газар ганцаараа хийх асуудал биш. Цаг нь ч болоогүй байх гэж бодож байна.

-Монгол Улс уул уурхайгаас бүрэн хамааралтай гэж хэлэхэд болно. Зах зээлээ солонгоруулах асуудлыг байнга л ярьдаг ч биеллээ олоогүй. Уг нь эрчим хүчнийхээ салбарт анхаарал тавиад хөгжүүлбэл томоохон хөрөнгийн эх үүсвэр харагдаад байгаа юм?

-Аливаа салбар нэг тэрбум ам.долларын зах зээл үүсгэж чадвал зах зээл солонгорлоо гэж үздэг. Манай улсын төсөвт 2023 оны эхний зургаан сарын байдлаар 11 их наяд төгрөгийн орлого орсон байна. Түүний 36.5 хувь нь уул уурхай. Дараагийнх нь буюу аялал жуулчлалын салбарын орлого дөнгөж нэг тэрбум давсан байна. Бид эсгий таавчиг хийгээд хэзээ ч солонгорохгүй. Дараагийн том мөнгө орж ирэх ёстой салбар бол эрчим хүч. Агаарын шугамаар цахилгаанаа экспортолчихно. Замаар тоос бужигнуулаад нүүрс зөөхгүй. Үүнийгээ маш сайн харах хэрэгтэй.

Бас уул уурхайн цахилгаанжуулалт гэдэг том сэдэв байна. Дизель, бензинийг хорихоор яригдаж байна.

Гэтэл манай том уул уурхайн төслийн хөрс хуулалт, технологийн тээврийн зардлын 50 хувийг дизель түлш эзэлж байгаа. Үүнийг яагаад цахилгаан болгож болохгүй гэж.

Том уурхайнууд бүгдээрээ нарны нөөц сайтай говийн нутагт байдаг. Тиймээс нарны цахилгаан станцтай, батерейны станцтай, хүнд даацын машинууд нь батерейгаа солиод ажиллаж болно. Ингэхээр Оросын дизелээс хамааралгүй болчихож байгаа биз. Энд маш том боломж харагдаж байна. Зах зээлд эзэлж байгаа хувийн жингээр нь хараад арга хэмжээ авах ёстой.