Евразийн амбиц “Сибирийн хүч 2” яагаад удаашрав?

Sarangerel
2026-05-29 14:00:55
Ангилал: Олон улс

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Сибирийн хүч 2” хоолойг тавих талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпины зөвшөөрлийг авч чадсангүй. Түүнийг энэ сард Хятадад айлчлахад уг төслийн гэрээг батлах зорилгоор Оросын талаас Газпром, Роснефть компанийн захирлууд, Засгийн газрын танхимынх нь найман сайд, таван орлогч шадар сайд дагалдсан ч ердөө найрамдлын тунхаг бичиг, визгүй зорчих зохицуулалтаа 2027 онд үргэлжлүүлэх шийдвэр, хамтын ажиллагааны 20 гэрээтэй буцав. Ажиглагчдын хүлээж байсан нэг баримт бичиг батлагдсангүй. Энэ үйл явдал хоёр орны улс төрийн “дотносол” шууд л арилжааны гэрээ хэлэлцээрт хүрэхгүй гэдгийг дахин харууллаа хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Монгол Улсаар дамжуулан Баруун Сибириэс Хятадын хойд нутаг хүртэл байгалийн хийн 2600 км урт хоолой тавих санамж бичигт гурван улс гарын үсэг зурсан ч, манай хоёр хөршийн хувьд хий нийлүүлэх гол гэрээг батлах шаардлагатай. Жилд 50 тэрбум куб.метр бүтээгдэхүүн нийлүүлэх энэ төслийг эхлүүлэхийн тулд Хятадын талтай заавал худалдан авах хэмжээ, үнэ зэргийг тохирох бөгөөд тогтоосноос бага хий авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгана. Гэрээгүйгээр төсөл улс төрийн хувьд чухал ач холбогдолтой хэвээр байх боловч бизнесийн хувьд бүрэн гүйцэд биш тул хэрэгжиж эхлэх боломжгүй гэсэн үг юм.

Бүтээн байгуулалт л гэхэд ойролцоогоор таван жилийн хугацаа шаардах тул, бүрэн хэрэгжиж, бодит үр нөлөө нь мэдрэгдэх хүртэл 2030-аад оны дунд үе рүү орох магадлалтай

В.Путиныг Бээжинд айлчлах үеэр хоёр улс хийн хоолойн маршрут чиглэл болон бүтээн байгуулалтын талаар ойлголцолд хүрсэн гэж мэдээлсэн ч, “зарим нарийн ширийнийг эцэслэх шаардлагатай” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков тайлбарласан. Мөн төслийг хэрэгжүүлэх цаг хугацааг тохироогүйг тэрбээр хүлээн зөвшөөрчээ.

30 шахам жилийн яриа хэлэлцээний эцэст байгуулсан санамж бичиг урагшлахгүй удааширсны гол шалтгаан нь үнээс гадна, үүнтэй эн тэнцэх, магадгүй илүү төвөгтэй асуудал болох нийлүүлэлтийн уян хатан байдал юм. Энэ нь салбартаа хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт нөхцөл “Take-or-Pay” буюу “Ав, эсвэл Төл” механизмтай холбоотой. Гэрээний энэ заалтаар худалдан авагч нь жил бүр тодорхой хэмжээний байгалийн хий авах бөгөөд заасан хэмжээгээрээ аваагүй ч тогтсон төлбөрөө төлөх үүрэг хүлээдэг.

Энэ бол хоёр улсын ашиг сонирхол зөрөх цэг. Москва ирээдүйд олборлох байгалийн хийн хэмжээний баталгааг хангаж, хатуу амлалт авах хүсэлтэй бол, Бээжинд харин маневрлах орон зай хэрэгтэй. Хятад улс зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлтээр, эсвэл төлөвлөснөөсөө бага хий авах боломжтой байхыг эрмэлзэнэ. Өөрөөр хэлбэл тус улс Оросын нийлүүлэлтийг заавал биелүүлэх хатуу үүрэг биш, харин эрчим хүчний стратегийн нэг хэсэг байлгах сонирхолтой гэсэн үг.

Үүнээс гадна оросууд Европыг чиглэж байсан байгалийн хийгээ “Сибрийн хүч 2”-оор шинэ зах зээлд гаргаж, Украинтай дайтаж эхэлснээс нь хойш буурсан “Газпром”-ын орлогыг сэргээнэ хэмээн тооцоолон, яарч байгаа. Харин Хятадын талд энэ нь тийм яаралтай зүйл биш болохыг ажиглагчид хэлж байна. Тиймдээ ч далайн чанадаас авах байгалийн шингэрүүлсэн хийнээс хамааралтай байдлаа багасгахыг чармайж буй манай урд хөрш “хоёр дах Сибирийн хүч”-ийг эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх нэг гарц гэж харж байгаа ч, байр суурь нь яриа хэлэлцээнд давуу тал олгож төслийн хүрээнд авах хийн үнийг Оросын дотоодын зах зээл дэх өндөр татаастай үнэд ойртуулах зорилготой.

Гэхдээ дээд хэмжээний уулзалтаараа Ши, Путин хоёр тэдний хувьд “Өрнөдийн байр суурь давамгайлсан олон улсын тогтолцоо”-ны эсрэг харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа ойртуулах хэрэгтэй гэдэг байр сууриа дахин илэрхийлсэн. Үүнээс улбаалан “Сибирийн хүч 2” батлагдах магадлал цаашид өндөр гэж харагдаж байна. Тиймээс хоёр улс гэрээгээ 2026 онд батлах биз ээ гэж хөндлөнгийн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ч, “гэрээ байгуулагдсаны дараа төсөл шууд эхэлчихгүй, бүтээн байгуулалт л гэхэд ойролцоогоор таван жилийн хугацаа шаардах тул, бүрэн хэрэгжиж, бодит үр нөлөө нь мэдрэгдэх хүртэл 2030-аад оны дунд үе рүү орох магадлалтай” хэмээжээ. Гагцхүү үнийн томъёолол болон “Take-or-Pay” механизм буюу нийлүүлэлтийн уян хатан байдал гэсэн асуудлууд дээр хэн их буулт хийх вэ гэдгээс Евразийн эрчим хүчний хамгийн амбицтай нэгэн төслийн хувь заяа шийдэгдэнэ.

 

Сэтгүүлч Б.Даваажав