Европчуудын таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг төгөлдөржүүлнэ

B Shurenchimeg
2022-05-25 15:23:35
Ангилал: ЖДҮ

Берлин хотын “Am Nussbaum” наймдугаар гудамжинд байрлах Экологийн цэвэр бүтээгдэхүүний дэлгүүр буюу Монгол барааны дэлгүүрээс ноос, ноолууран хувцас, арьсан эдлэл, экологийн цэвэр найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, Увсын чацарганы шүүсийг худалдан авах боломжтой. Монгол ахуйг харуулсан өвөрмөц тохижилттой энэ дэлгүүрийг Eurochamber буюу Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын (ЕМХХАҮТ) хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хүрээнд Монголын ЖДҮ-ийн бүтээгдэхүүнийг сурталчлах, Европын зах зээл рүү чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нээжээ. Тус дэлгүүрийг Монгол бараа бүтээгдэхүүний Европ дахь үзэсгэлэн гэж нэрлэж болно. Зөвхөн биет дэлгүүрээс гадна онлайнаар худалдан авах боломж ч  нээлттэй. 

https://www.mongolian-green-labels.eu/ Эл шийдэл нь экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой алхам болсныг өчигдөр (V.24) болсон TRAM төслийн хаалтын уулзалтын үеэр үйлдвэрлэгчид хэлж байлаа.

Уг төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк, МҮХАҮТ болон бусад байгууллагууд хамтран ЖДҮ эрхлэгчдэд аргазүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, чадавхжуулах зорилгоор эхлүүлж, 50 гаруй ААН-ийг хамруулснаас 14 компанид нь Европын холбооны улс орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгожээ.

ЕМХХАҮТ-ын дарга Томас Брэвенис “Бид 2020 оны долдугаар сард Герман-Монголын Бизнесийн Холбоо (DMUV), Франц-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (FMCCI), Британийн Бизнесийн Групп (BBG) -тэй хамтран Монголын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлах ажлыг эхлүүлж байлаа. Маш олон томоохон байгууллага хамтран үр дүнтэй цөөнгүй төслийг хэрэгжүүлж, 150 гаруй ААН-ыг хамруулсан байна. Европын хэрэглэгчид Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын болон гоо сайхны бүтээгдэхүүнийг өндрөөр үнэлдэг. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэх утгаараа Европт маш том зах зээл бий. Гол нь хэрэглэгчдэд ойлгуулах, сурталчлах шаардлага байна. Жишээлбэл, Европ хэрэглэгчид органик чацарганы шим тэжээлийн талаар огт мэддэггүй. Бидний төсөл хөтөлбөрүүд Европын хэрэглэгчдэд Монголын онцлог, давуу талтай бүтээгдэхүүнийг таниулах, сурталчлахад чиглэдэг. Үр дүн ч гарч байна” гэлээ.

 Монголын ЖДҮ-чид хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх ёстой гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Харин хэдэн төгрөгийн зээл авч, хэрхэн зарцуулах талаар эдийн засгийн нарийн судалгаа тооцоолол хийдэггүй, зах зээлээ судалж экспортлох ямар боломж байгааг тооцоолдоггүй, тээврийн судалгаа хийдэггүй, зөвхөн бүтээгдэхүүнийхээ чанар, тоо ширхэгт анхаарал хандуулдаг нийтлэг дутагдал байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. Уг нь ЖДҮ-ийг дэмжих зорилготой төрийн болон төрийн бус байгууллага цөөнгүй байдаг ч гарт баригдахаар далайцтай төсөл, арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цөөн. Энэ жил төсвийн хэмнэлтийн бодлоготой холбоотойгоор олон улсын үзэсгэлэн яармагт оролцох төсөв хасагдсан нь Засгийн газраас дэвшүүлсэн “Экспортлогч орон” болох зорилттой зөрчилдөж байх жишээтэй. Улсаас ЖДҮ- олгож байгаа ганц боломж нь гурван хувийн хүүтэй зээл. Гэвч энэ зээл ЖДҮ эрхэлдэг хүн бүрт амар олгохгүй хатуу шалгууртай. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр энэ зээлийг олж авч хэргийг нь гаргаж байгаа ЖДҮ эрхлэгчид ч цөөнгүй байна.

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “TRAM”  төслийн хүрээнд Мэдээлэл технологийн төв байгуулсаныг бид олзуурхаж байна. Учир нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой Монголын бараа бүтээгдэхүүнийг хилийн чандад сурталчлан таниулах далайцтай үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөл боломж хомс байна. Иймд үйлдвэрлэгчдэд илүү өргөн боломж олгох, тэдийг сурталчлахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдтэй дэмжиж үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байх болно гэлээ. 

 TRAM төсөл хэдийгээр санхүүгийн шууд туслалцаа үзүүлдэггүй ч аж ахуйн нэгжүүдэд зэх зээлээ тэлэх боломж олгодог онцлогтой, тэр хэрээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс цаашид TRAM 2 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхол, хүсэлтэй байгаа гэдгийг зарим үйлдвэрлэгч илэрхийлж байв. 

Тухайлбал, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Гэрэлт-Од “TRAM” төсөл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудыг түлхүү хамруулсан учраас энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн судалгаа гарсан. Гэхдээ бусад төрлийн бүтээгдэхүүнүүдэд ч зах зээл их бий. Арьс ширны бүтээгдэхүүний хувьд боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Бид Өмнөд Солонгосоос боловсруулсан арьс импортлохоо больж, БНХАУ-аас орж ирж байгаа боловсруулсан арьсны импортын хэмжээ 60 хувь буурсан. Арьсан эдлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл ч олширсон. Тиймээс бидэнд экспортын зөв бодлого л хэрэгтэй байна. Хэдийгээр уул уурхайн бус үйлдвэрлэгчдийн дэмжих бодлого хэрэгжиж байгаа боловч зөвхөн цаасан дээр үлдэх бодлогууд олон байгаа нь харамсалтай. Тусламж дэмжлэгийн хувьд эзнээ олох юм бол ажлын байр нэмэгдэх, эдийн засаг сэргэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг хэлмээр байна” гэлээ. 

Гар хөдөлвөл ам тосдоно гэгчээр баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчдэд чамлахааргүй боломж , гарц байгаа нь “TRAM” төслийн хаалтын хэлэлцүүлгийн үеэр ажиглагдсан. Аж ахуйн нэгжүүд ч идэвхтэй, оролцоотой байж, шинэ боломж болон ноу-хауг эрэлхийлэх ёстой. TRAM төслийн хүрээнд Алибаба-гаас эхлээд олон улсын цахим худалдааны сувгуудаар борлуулалтаа эхэлсэн үйлдвэрлэгчид цөөнгүй байгаа нь сайшаалтай. ЕМХХАҮТ-ын хувьд Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, Худалдааг хөнгөвчлөх, ГШХО-ын үндсэн баримт бичгийг боловсруулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Үндэсний хөгжлийн газарт хүргүүлжээ.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg