Жэймс Лиотта: Би Монголтой хамт хөгжиж ирсэн
Mongolian Economy сэтгүүлийн хамт олон Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “МахониЛиотта” ХХН-ийн гишүүн Жэймс Лиоттатай Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны талаар ярилцлаа.
-Таны Монголд ирэх болсон шалгаан?
-Би нийгэмд бодитоор оролцох ямар нэгэн өөр зүйл хийхийг хүссэн учраас АНУ-ын Энх тайвны корпус (Peace Corps)-т бүртгүүлсэн юм. Ингэж анх 2000 онд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар Монголд ирээд 2002 он хүртэл Өвөрхангай аймагт 5-10 дугаар ангийн хүүхдүүдэд хичээл зааж, нийгмийн хөгжлийн төслүүдэд дээр ажилласан. Монголчуудын дунд монгол гэрт амьдарч, ундны усаа зөөж, модоо хөрөөдөх нь гайхалтай байсан. Нутгийнхан бие биедээ хэрхэн санаа тавьж, нэг нэгэндээ тусалдгийг харах нь гайхамшигтай туршлага болж үлдсэн.
Энх тайвны корпуст ажилласныхаа дараа Баруун Виржиниагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйн бакалаврын зэрэг, Темплийн их сургууль (Филадельфи)-ийг үндэстэн хоорондын эрхзүй (transnational law)-н магистрийн зэрэгтэй тус тус дүүргэсэн.
Үүний дараа Нью-йорк мужийн Хуульчдын холбооны шалгалтад бэлдэж байх үед Монгол дахь анхны олон улсын хуулийн фирмийн нэг “Lehman, Lee & Xu” надад захирлаар ажиллах санал тавьсан юм. Би ч огт эргэлзэлгүйгээр зөвшөөрөв. Ингээд 2007-2011 оны хооронд тус хуулийн фирмд ажилласан түүхтэй. Төдөлгүй 1997 оноос хойш Монголд хуулийн фирм ажиллуулсан Даниэл Махонитой нухацтай ярилцсаны үндсэн дээр түүний хуулийн фирмийг МахониЛиотта ХХН болгон өөрчлөхөөр шийдсэн юм.
-Монголын хууль эрх зүйн баримт бичгүүд англи хэл рүү орчуулагдаагүй байх нь элбэг. Энэ нь таны ажилд хүндрэл учруулдаг уу?
-Бид хуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн гайхалтай баг хамт олонтой учраас надад огт бэрхшээл тулгардаггүй. Нөгөөтээгүүр, Монголд бизнес эрхлэх хүсэлтэй, хуулийн фирмгүй хүмүүст Монголын эрх зүйн орчныг ойлгоход тун төвөгтэй байх болов уу. Тиймээс Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын ил тод байдлын тухай хэлэлцээр туйлын чухал үүрэгтэй.
Тухайлбал, хуулийн төслийг англи хэл рүү орчуулж гаргаснаар эрх зүйн мэргэжилтнүүд төдийгүй олон нийт санал өгөх боломжийг олгох учраас тэр.
Мөн, шинээр сонгогдсон УИХ, Засгийн газар бүр Зөвлөлтийн үеийн сэтгэхүйгээр хуульд өөрчлөлт оруулдаг. Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь хөгжин дэвшиж байгаагийн илрэл бөгөөд ингэснээрээ асуудлыг бодитоор шийдвэрлэх учиртай. Харамсалтай нь дэвшил эсвэл шийдэл гэхээсээ илүүтэй хууль тогтоомжийн харилцан уялдаатай байдал болоод тогтвортой байдлыг алдагдуулах нь элбэг. Үүнээс гадна бидэнд эрх зүйн орчинд чиглэл болохуйц уялдаатай макро төлөвлөгөө хэрэгтэй. Монгол Улс чөлөөт эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх уу? Хувийн эсвэл төрийн өмчит аж ахуйн нэгж эдийн засгийн хөдөлгөгч байх уу? Ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт татах уу эсвэл ажилтны эрх ашгийг хэт их хамгаалж, ажиллах хүчээ өрсөлдөхүйц бус болгож, хөрөнгө оруулалтад ялгавартай хандсан стратеги баримтлах уу?
-Та Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд нэн чухал хуулийн санаачлагуудыг манлайлж байсан. Тэрхүү ажлынхаа талаар ярьж өгөхгүй юу?
-Бололгүй яахав. Тухайлбал, 2008 оны үед MCS Group нүүрсний экспортын зориулалтаар Хятад руу төмөр зам тавихыг зорьсон боловч Монголд “Концессын тухай хууль”, “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль” байгаагүй тул бид хаалга мөргөв. Улмаар бид эл төслийг түр зогсоон ханцуйгаа шамлан Концессын тухай хуулийн төслийн ажлыг эхэлж, хожим нь хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Харин эрчим хүчний салбарын хувьд хөрөнгө оруулалт татахад хувь нэмэр оруулах үүднээс Эрчим хүчний тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээн дээр ажиллаж байсан. Түүнчлэн, Татвар, Аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллага, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиудад санал оруулж байсан.
-Монголын зах зээл рүү нэвтрэхэд эрх зүйн зохицуулалтын хувьд ямар гол бэрхшээлүүд тулгардаг вэ?
-Хүмүүс Монгол бол хөгжиж буй зах зээл (frontier market) гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь зарим зүйлс тодорхойгүй хэвээр, заримдаа практик нь хуулиас давамгай гэсэн үг. Аливаа маргааныг шүүхээр эсвэл арбитраар шийдвэрлүүлэхэд урт удаан хугацаа зарцуулаад зогсохгүй таамаглахад туйлын бэрх байдаг. Миний туршлагаар бол хуулийн бичвэрээс илүү Монголчуудын үнэнч шударга байдлын тухай ойлголт нь шүүхийн шийдвэрт асар их нөлөө үзүүлж, ихэнх тохиолдолд давамгайлдаг. Аз болоход энэхүү байдал нь аажмаар өөрчлөгдөх боломж бий болоод буй. Учир нь Монголын хуулийн мэргэжилтнүүд өсөн дэвшиж, илүү олон өмгөөлөгч, шүүгч хуулийн бичвэрийг чухалчилж байна. Мөн эрх зүйт ёс, эрх зүйн ойлголтыг бататгах хэрэгтэй. Шүүгчид эрх зүйн элементийг хянан шалгаж, хэргийн үйл баримтад нийцүүлэн хэрэглэж, гаргаж байгаа захирамжийнхаа үндэслэл хэсэгт энэ бүгдийг ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй. Энэ бүхэн нь хуулийн тухай ойлголт болон хуулийн хэрэглээнд маш их дутмаг байгаа тодорхой байдлыг бий болгоно. Би үргэлж шүүхийн шийдвэрт зохисгүй байдлаар нөлөө үзүүлэгч гол хүчин зүйл нь хээл хахуулиас илүүтэй танил тал, улс төр гэж боддог. Энэ нь бид шүүхийн тогтолцоог хувийн холбоос, улс төр, улс төрчдөөс хамааралгүй болгох шаардлагатай гэсэн үг.
-МахониЛиотта ХХН нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмүүдээс юугаараа онцлог гэж хэлэх вэ? Та хэрхэн үйлчлүүлэгчдийнхээ суурийг нэмэгдүүлдэг вэ?
-Нэгдүгээрт, бид олон улсад үйлчилгээ үзүүлдэг Монголын хуулийн фирм. Хоёрдугаарт, бид Монгол болон гадаад хуулийн мэргэжилтнээр бүрдсэн баг хамт олон юм. Гуравдугаарт, манай хуульчдын дийлэнх нь өөр өөр орноос эрх зүйн боловсрол, хуульчийн тусгай зөвшөөрлөө авсан. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид олон улсын болон дотоодын хуулийн фирмүүдтэй нягт хамтран ажилладаг ба тэднийг өрнөн хөгжиж, амжилтад хүрээсэй гэж хүсдэг.
Хэрхэн үйлчлүүлэгчдийнхээ суурийг өргөжүүлдэг вэ гэвэл азаар бидэнд хэзээ ч өөрийгөө сурталчлах шаардлага гарч байгаагүй. МахониЛиотта ХХН 25 жил орчим чанартай үйл ажиллагаа явуулж ирсэн нь бидний нэр хүндийг бэхжүүлсэн юм. Энэ нь олны дунд ам дамжсаар биднийг сонгоход хүргэдэг. Олон улсын зэрэглэлийн хувьд МахониЛиотта ХХН, Даниэл Махони болон миний бие Chambers Global лавлах номын 1-р зэрэгт багтсан байдаг. Мөн Legal 500 Hall of Fame-нд багтсан Монголд суурьшилтай хоёр хуульч юм. Бид үнэхээр гайхалтай баг хамт олонтой.
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийг татахын тулд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Би хариултаа Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэдгээс эхэлмээр байна. Учир нь Монгол Улс 1990-2011 оны хооронд амжилттай хөрөнгө оруулалт татаж чадсан. Энэ бол нууц эсвэл математикийн хүнд тэгшитгэл биш юм. Гол асуудал нь бид үүнийг хийхэд бэлэн үү гэдэг байна. 2012 онд бүх гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчийн эсрэг олон нийтийн уур бухимдлыг улс төрчид өдөөсөн гэж боддог. Харин өдгөө шинэ улс төрчдийн бүлгэм үүнийг өөрчлөхийг оролдсоор байна. Миний бодлоор тэд олон нийтэд гадаад хөрөнгө оруулалт гэж юу болох, хэрхэн ажиллаж, ямар ач холбогдолтой, Монголчуудад ямар үр ашигтай гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Түүнчлэн, бид гадаад хөрөнгө оруулалтыг ангилах нь зүйтэй. Гадаад хөрөнгө оруулалт хаанаас орж ирж байна вэ? Өнөөдрийн байдлаар дийлэнх нь Хятадаас. Бид хаанаас хөрөнгө оруулалт татмаар байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Би Монголын Засгийн газарт Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт, Гуравдагч хөршийн бодлогоо эргэн нэг харахыг зөвлөмөөр байна. Үүн дээр суурилан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдсэн хууль тогтоомжийн mаатай байдлыг бий болгохыг оролдох хэрэгтэй. Гэхдээ, эдгээр хууль тогтоомж нь ОХУ, БНХАУ-ын иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах бус гуравдагч орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэнцвэржүүлж, төрөлжүүлэхийн сацуу үндэсний аюулгүй байдлаа хангах зорилготой гэдгээ хөрш орнууддаа ойлгуулах хэрэгтэй.
-Амчам нь Монгол-АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд юу хийсэн вэ?
-Амчам нь ил тод байдлын тухай хэлэлцээрийг дэмждэг. Эл хэлэлцээр нь Монголд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Хэрэв Монгол Улс тус хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлбэл бид чөлөөт худалдааны хэлэлцээрийг дэмжин ажиллах хүсэлтэй байна. Бид жил бүр хоёр улсын хоорондын харилцааг сайжруулах зорилгоор баг бүрдүүлэн Вашингтон муж дахь хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч нартай уулзахаар айлчлал хийдэг.
Түүнчлэн бид амжилттай яваа дэлхийн томоохон компаниудтай уулзаж, бизнесийн харилцаагаа өргөжүүлдэг. Түүгээр ч барахгүй, бид гишүүддээ хөрөнгө оруулалт олж өгөхийн тулд тэднийг АНУ-ын Экспорт, Импортын Банк (EXIM), Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци (DFC) гэх мэт төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын байгууллагуудтай холбож өгдөг.
Бүс нутгийг хамарсан үйл ажиллагааны хувьд, бид Ази-Номхон далайн АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдтэй уулздаг (AmChams of the Asia-Pacific) ба АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажилладаг билээ. Амчам нь Монгол, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэхэд хилсдэхгүй.
-АНУ-ын зах зээл рүү орох хүсэлтэй Монголын компаниудыг Амчам хэрхэн дэмждэг вэ?
-Мэдээж, Амчам АНУ-ын зах зээл орох сонирхолтой аж ахуйн нэгжид туслалцаа үзүүлдэг. Монголын бяслаг бай, мах бай, бизнес эрхлэгчид Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэхэд асар их хүч хөдөлмөр зарцуулсан. Хамгийн гол саад тотгор нь ихэнхдээ Монголын хуулийн зохицуулалтын орчин эсвэл төрийн өмчит аж ахуйн нэгж тухайн бараа бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгтэй гэж үздэг улс төрчид байдаг. АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хятадын зах зээл рүү гаргахыг оролдож байсан удаатай. Тэд Хятадын Засгийн газраас хамтран ажиллах зөвшөөрөл авсан ч, Монголын тал шаардлагатай арга хэмжээг аваагүй юм.
Миний бодлоор энэ нь туйлын хачирхалтай. Учир нь Монголын улс төрчид экспортыг нэмэгдүүлэхийг хүсч байна гэх боловч бодит байдал дээр үүнийг ажил хэрэг болгоход гол саад бэрхшээлийг учруулдаг.
Гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохын тулд хувийн аж ахуйн нэгжүүд Засгийн газраас тодорхой гэрчилгээ, зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Эл уялдаагүй байдал нь асуудлын зангилаа тул үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Манай баг хамт олон аливаа саад тотгорыг үл харгалзан дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.