Ж.Золжаргал: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 10 дахин буурлаа

Mongolian Economy
2021-07-08 11:50:16
Ангилал: Ярилцлага

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. 

-Коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятадад нүүрсний эрэлт ихсэж, үнэ өсөж байна. Гэтэл бид энэ үүлэн чөлөөний нарыг үзэлгүй өнгөрөөх нь. Яг одоогийн байдлаар Хятадын зах зээлд ямар улсууд гол тоглогч болж байна вэ? 

-Хятадын эдийн засаг маш хурдацтай өсөж байна. Мөн сүүлийн үед тус улсын гангийн үйлдвэрлэл эрчимжиж байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний эрэлт ихсэж байна. Бид оны өмнө нэлээд өөдрөг төсөөлөлтэй байсан ч байдал үнэхээр тооцоолоогүй тал руу эргэлээ. Коронавирусийн дэгдэлтээс болж нүүрсний экспорт үндсэндээ зогсчихлоо. Шивээ хүрэнгийн боомтоор өдөрт 90-ээд машин л гарч байна. Ховдын Булганы боомтоор ч мөн 100 орчим машин гарч байна. Гашуун сухайтын боомтоор Таван толгойн бүлэг ордын нүүрс тээвэр гарахгүй, тэг зогсчихлоо. Энэ сарын 6-ыг хүртэл Цагаан хадны түр ачиж буулгах талбай дээр хөл хорио тогтоосон байсныг долдугаар сарын 23 хүртэл сунгачихсан байна. Нарийн сухайтыг ч мөн хоёр долоо хоног хөл хориотой байсныг нь сунгаад 28 хоног болгочихсон юм билээ. 

Гэтэл нөгөө талд нүүрсний эрэлт дээд хэмжээндээ хүрээд байна. Урьд нь Хятад улс гадаадаас жилд дунджаар 70 сая тонн коксжих нүүрс авдаг байсан. Үүний 40 гаруй хувийг Монгол, 40 гаруй хувийг Австрали, үлдсэн 10 гаруй хувийг бусад улс нийлүүлдэг байсан. Гэтэл 90 шахам хувийг нийлүүлдэг хоёр улс нь таг зогсчихоор нүүрсний эрэлт маш их болох нь тодорхой. Хятадын тал гэрээ хийгээд авчихсан 10-аад сая тонн нүүрс нь Цагаан хаданд гацчихсан.  Тэрийгээ авах гээд хүсэлт гаргаад л яваад байгаа. Тэгэхээр маш их эрэлт байна аа гэсэн үг. Одоо энэ орон зайд Орос, Америк, Канад тоглолт хийх боллоо. Ялангуяа Хятадын зах зээлд Оросын нүүрсний экспорт давамгайлж ирж байна. АНУ-аас Хятад руу нийлүүлдэг коксжих нүүрсний хэмжээ ч мөн нэлээн нэмэгдэж байна. 

– Оны өмнөхөн  боомтуудаар өдөрт 2000 машин гарч нүүрс тээвэр нэлээн тогтворжсон байсан. Гэтэл өнөөдөр бараг 10 дахин буурчээ. Тэгэхээр ойрын хугацаанд бид ямар төлөвлөгөөгөөр ажиллах хэрэгтэй вэ? 

-Тийм. Үндсэндээ 10 дахин буурлаа. Өмнө нь Гашуун сухайтаар 1000 орчим, Шивээ хүрэнгээр 800 орчим, бусад боомтуудаар бага сага гардаг гэхээр өдөртөө 2000 орчин машин гараад байсан. Яг одоо бол 200-аад машин л гарч байна. Гашуун сухайтаар бол огт гарахгүй байгаа шүү дээ. Шивээ хүрэн, Ховдын Булганы боомтоор л хэдэн машин гарч байна. Бичигтээр бас бага хэмжээгээр гарч байгаа байх.

-Экспорт тасалдаж байгаа нь дан ганц коронавирусийн тархалттай холбоогүй, зохион байгуулалт муу байгаагаас болж байна гэх юм. Энэ хэр ортой вэ?

-Нүүрсний экспорт дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Нүүрсний нөөцөөсөө илүү дэд бүтцийн асуудал тулгамдаад байна. Цагаан хад байна уу, ер нь хаанахын ч, аль ч тээвэр дээр эхлээд дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. Ковид алдагдлаа, Монголын нүүрсний экспорт бараг зогслоо. Гэтэл дэд бүтэц сайтай улсууд нь нүүрсээ зарсаар л байна. Дэд бүтэц, зохион байгуулалт муутай нь ингээд гацчихаж байгаа юм. 

-Нүүрс тээврийг оновчтой зохион байгуулах ойрын хугацааны шийдлүүд юу байна вэ?

Тавантолгойгоос Гашуун сухайт руу төмөр зам тавьж байгаа шүү дээ. Ажил нь нэлээд явчихсан. Гэтэл Хятадын талтай төмөр зам нийлэх цэг нь одоо болтол тодорхойгүй байна. Цэгээ л яаралтай тохирмоор байна. Төмөр зам 2022 оны долдугаар сард ашиглалтад орох товтой байгаа шүү дээ. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлаа нугалчихсан байгаа энэ үед Хятадын талтай тохирчихвол төмөр замаа хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах боломжтой. Эдийн засаг хүнд байна. Цаашдаа ч хэцүүднэ. Ийм үед цаг хугацаа алдмааргүй байна. Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар удахгүй Хятад руу айлчлах юм билээ. Тэгэхээр айлчлалынхаа хүрээнд ийм чухал ач холбогдолтой зүйлээ яг таг тохирох л хэрэгтэй. Төмөр зам нь 200 гаруй км явчихсан байдаг. Хаа очиж залгах нь тодорхойгүй байгаад байж болохгүй шүү дээ. 

Хоёрдугаарт, нүүрсний экспортын 40 гаруй хувь нь нэвтэрдэг Шивээ хүрэнгийн боомтын үйл ажиллагааг зөв зохион байгуулах боломж байна. Нарийн сухайтын сул коксжих нүүрсийг энэ боомтоор экспортолдог. Орд нь хилээсээ 50-иадхан км-ийн зайтай. Зам харилцаа сайн, хилийн орц, гарц нь харьцангуй чөлөөтэй. Энэ давуу талыг нь ашиглаад чингэлгийн тээвэр хийдэг болъё. Энэ  саналыг Хятадын талаас ч удаа дараа тавьдаг. Өөрөөр хэлбэл, чингэлэгтэй нүүрсээ өргөгч кранаар өргөөд хилийн цаад талд тавьчихна. Хүн хоорондын харилцаа үүсэхгүй. Энэ төрлийн тээврийг төр засгаас дэмжээд өгвөл дороо хэрэгжих боломжтой. Цар тахлын эрсдэл нэмэгдсэн ч тасалдал үүсэхгүй. 

 

 

 

 

Mongolian Economy