Ж.Мөнхсайхан: Олон улсын давхар даатгалын зах зээлд нэр хүндтэй ажиллаж байна

Mongolian Economy
2023-05-01 17:43:58
Ангилал: Ярилцлага

“Тэнгэр Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхантай даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, зах зээлд тус компанийн гаргаж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ярилцлаа. 2001 онд байгуулагдсан тус компани 70 мянга гаруй харилцагчтай, ашигт ажиллагаа, төлбөрийн чадвар, засаглалын үзүүлэлтээр салбарынхаа гурав дахь том тоглогч юм.

-Ярилцлагаа “Тэнгэр даатгал” компанитай холбоотой өөрчлөлтийн тухай асуултаар эхлүүлье. Танай компани “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-аас гарч “Мандал санхүүгийн нэгдэл”-д шилжсэн шалтгаан юу байв? Энэ шийдвэр харилцагч, хэрэглэгч, хувь эзэмшигч нарт ямар өөрчлөлт авчрах вэ?

 -“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2022 оны сүүлчээр өөрчлөгдсөн. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ХасБанкийг эзэмшигч Тэнгэр санхүүгийн нэгдэлд бүтцийн өөрчлөлт хийгдэж, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх шаардлагатай болсон юм. Тодруулбал, нэг банкны шууд хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх шаардлагын улмаас тус нэгдэлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. 

“Тэнгэр Даатгал”-ын хувьд банкны салбараас тусдаа зохицуулалтай буюу Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-д харьяалагддаг тул боломжит хувьцаа эзэмшигч нарт хувьцаагаа санал болгосон. Энэ бол санхүүгийн зах зээлд байдаг жирийн бизнес хэлцэл. Нэг группийн эзэмшлээс нөгөө группийн эзэмшилд очсон гэж үзэж болно. 

Энэхүү шилжилтийн дараа манай компани 100 хувь дотоодын хөрөнгө оруулагчидтай болсон. Эерэг талаас нь харвал “Тэнгэр Даатгал”- ын бүтээж байгаа үнэ цэн, ногдол ашиг, өгөөж дотооддоо үлдэх боломж үүснэ. Хоёрдугаарт, “Мандал санхүүгийн нэгдэл” нь “Мандал даатгал”, “Мандал лайф” зэрэг даатгалын компанитай. Эдгээр компани нэг дээвэр дор орсноор гадаад зах зээлээс давхар даатгалын хөнгөлөлттэй үнэ авах, давхардсан чиг үүргээ нэгтгэх, синержи үүсгэх, харилцагчид очих өртөг зардал буурах сайн талтай.

-“Тэнгэр Даатгал” компани татварын дараах цэвэр ашиг, нийт хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийг өсгөсөн амжилтаар 2022 оныг үдсэн. Мөн эрсдэл даах чадвараар салбартаа тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. Уг амжилтын нууц юу вэ?

 -Сүүлийн 10 гаруй жилд санхүүгийн тайлангаа олон улсын аудитын дөрвөн том компаниар хийлгэж ирсэн нь манай компанийн гол онцлог юм. Сүүлийн хоёр жилд гэхэд Ernst &Young (EY) компаниар хийлгэсэн. Даатгалын зах зээлд ажиллаж буй 16 компаниас олон улсын аудитын компаниар тайлангаа хянуулдаг цорын ганц компани гэж ойлгож болно. 

2022 онд бид маш амжилттай ажиллалаа. Нийт гурван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт актив 33 тэрбумд хүрч өссөн. Борлуулалт ч тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. Сүүлийн гурван жилд бид үр ашгаа нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, илүү мэргэжлийн байх, санхүүгийн чадавхаа сайжруулах стратеги баримталсан. Үүний тулд үйл ажиллагааны зардлаа бууруулж чадлаа.

Ингэхдээ, бодит борлуулалтын сувгуудаа цахим болон зуучлалын сувгууд руу шилжүүлсэн. Гэхдээ салбараа хаасан газруудад борлуулалт буураагүй. Үүний шалтгаан нь 2020 онд зах зээлд гаргасан Edaatgal гар утасны аппликэйшний хэрэглээ юм. Хоёрдугаарт, бид арилжааны банкуудтай хамтарч банкны зуучлалын сувгуудаар даатгалаа борлуулдаг. Ийнхүү бид илүү цахимжиж, харилцагч нарт нэмэлт зардалтай очдог байсан бүтээгдэхүүнийг шууд хүргэх боломжуудаа нэмэгдүүллээ. Эдгээр бодлого 2021, 2022 онуудад үр дүнгээ өгснийг санхүүгийн тайлан харууллаа гэж үзэж байна. 

Даатгалын компанийн анхаарах нэг гол үзүүлэлт бол төлбөр түргэн гүйцэтгэх чадвар. Манай компанийн хувьд энэ харьцаа 2022 онд 157.7 хувьтай гарсан. СЗХ-оос 110 хувь байлгах шаардлага тавьдаг.

Хангалттай хүрэлцээтэй буюу хашир байна гэж ойлгож болно. Ernst & Young (EY) хөндлөнгийн аудитын дүгнэлтээр даатгалын нөөц сан маань байх ёстой хэмжээнээс 1.9 тэрбумаар өндөр буюу нөөцөө хангалттай бүрдүүлсэн гэснээр мөн батлагдаж байна. Энэ бол манай харилцагчид, ялангуяа байгууллагын даатгуулагчдад маш чухал мэдээлэл гэж бодож байна. 

Манай компанийн олон улсын давхар даатгалын зах зээл дээрх нэр хүнд өндөр байна. Тухайлбал, 2021 онд дэлхийн томоохон давхар даатгалын компаниудын нэг болох Berkshire Hathaway Specialty Insurance (BHSI) компани манайд хамтран ажиллах санал тавьсан. “Тэнгэр даатгал” компанийн нээлттэй засаглал, төлбөрийн чадварын сайн үзүүлэлт, олон улсын BIG дөрвөн аудитын компаниар баталгаажсан санхүүгийн тайлагнал, зохицуулагч байгууллагаас өгсөн байнгын өндөр үнэлгээ зэрэгт үндэслэн хамтран ажиллах санал ирүүлж, Монгол Улс дахь албан ёсны хамтрагч байгууллагаар сонгож байна гэдгээ тус компани онцолж байлаа.

-“Тэнгэр Даатгал” компанийн харилцагчдын бааз суурь ямар харьцаатай байдаг вэ? 

-Нийт харилцагчдыг хураамжийн орлогоор авч үзвэл 2020 оноос өмнө 60 хувь нь байгууллага, 40 орчим хувь нь иргэд байсан. Одоо харин 60 орчим хувийг иргэд, 40 хувийг байгууллагын харилцагч эзэлж байна. Манай компанитай гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд голдуу хамтарч ажилладаг онцлогтой. 

Нэг сонирхолтой жишээ дурдахад, 2020 оны гуравдугаар сард анхны хөл хорио эхлэхэд байгууллагын зарим харилцагч маань зардлаа хэмнэх, танах шаардлагатай болсон тул даатгалын хураамжаа буулгах мөн зарим даатгалаа цуцлах хүсэлтийг бидэнд тавьсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд даатгалынхаа хамрах хүрээ, хураамжаа нэмэгдүүлье гэсэн огт эсрэг санал тавьж байлаа. 

Даатгалын талаарх монголчуудын сэтгэхүй их өөр байдгийг энэ явдал харуулсан. Бид даатгалыг хэмнэх ёстой зардал гэж үзэж байхад гадаадын хөрөнгө оруулалттай компани эрсдэлээ бусдад даатгахыг чухалчилж үздэг байх нь. Хот эзгүйрнэ, оффис, үйлдвэр эзэнгүй болно, ийм үед хянагдахгүй эрсдэл буюу гал гарах, ус алдах гээд эрсдэл гарна гэдгийг тэд тооцож байсан. 

 

-Цар тахлын дараах нөлөө, геополитикийн таагүй байдал, бодлогын өндөр хүү зэрэг бэрхшээл Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй. Ийм нөхцөлд танай компани ямар бодлого баримталж, харилцагч нартаа ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байна вэ?

-Цар тахлын үед харилцагч нарт санхүүгийн хүндрэл үүссэн учир бид даатгалын хураамжийн төлөлтийг хойшлуулах, хувааж төлөхийг санал болгож байлаа. Ковидын дараа геополитикийн асуудал гарахад бидэнд шууд нөлөө нь мэдрэгдэж эхэлсэн. Зарим компанийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр ОХУ-аар дамждаг, Оростой шууд худалдаа хийдэг учир хоригт орох, төлбөр тооцоо шилжүүлэхэд бэрхшээл үүсэх зэрэг асуудал гарч байлаа. Энэ үед бид харилцагч нартаа урьдчилан анхааруулж, зөвлөгөө өгч байсан. 

Түүнчлэн хөрөнгөд суурилсан бизнес тасалдлын даатгалыг өнгөрсөн жилээс бид харилцагч нартаа танилцуулж эхэлсэн. Уг бүтээгдэхүүн нь харилцагчийн бизнес, объект жишээлбэл галд өртөж зогссоны улмаас орлого нь тасалдсан тохиолдолд орлогын тодорхой хувиар нөхөн төлбөр олгож шийдвэрлэдэг. Энэ нь байгууллагын харилцагч нарт маш хэрэгтэй, чухал шийдэл гэж бид үздэг.

Бидний судалж буй дараагийн бүтээгдэхүүн бол кибер аюулгүй байдлын даатгал юм. Энэ онд багтааж зах зээлд гаргах төлөвлөгөөтэй. Мөн эрчим хүчний хэмнэлтийн даатгалыг ХасБанктай хамтран Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийлээ. 

Төслийн зөвлөхөөр НҮБ-ын Байгаль Орчин Ногоон сангийн дэргэдэх олон улсын BASE ТББ ажиллаж байна. Уг төслийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага. ХасБанк санхүүжилт олгож, ААН эрчим хүчний нөөц эх үүсвэрээ хямд өртгөөр буюу сэргээгдэх эрчим хүчээр солих, шинэчлэх зорилгоор санхүүжилт авахад нь бид даатгалыг нь хариуцаж байгаа юм. Тухайн байгууллага эрчим хүчний дэд бүтцэд маш их хөрөнгө оруулахаас өмнө эрчим хүчний хэмнэлт хангалттай байж чадах эсэхэд эргэлздэг. Эрчим хүчний хэмнэлт 20 хувиас дээш байх бөгөөд хэмнэлт гараагүй бол нөхөн төлбөрийг нь бид өгөх юм. Ирэх есдүгээр сараас бид уг бүтээгдэхүүнээ ААН-үүдэд санал болгож эхэлнэ.

-Даатгалын компанийг удирдаж байгаа хүний хувьд бид ямар эрсдэлийг юунаас болж ихэвчлэн гаргаж байна гэж онцлох вэ? Тэдгээрээс яаж сэргийлэх ёстой вэ?

-Хамгийн гол нь хэнэггүй байж болохгүй. Энэ занг бүр таягдан хаях хэрэгтэй. Сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага маш их тавигддаг болсон. Бидний дэргэд бэлхэн том сайн жишээнүүд болох Оюу толгой, Энержи Ресурс зэрэг уул уурхай компаниудын кэмп дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг харж болно. Маш өндөр шаардлага тавьж, бүх хүн ягштал биелүүлэхийг шаарддаг.  Тиймээс бид хэрэглэж, хэвших ёстой эдгээр дадлыг зардал бус харин байх ёстой хэм хэмжээ гэж үздэг болох хэрэгтэй.

Эрсдэл бидний хажууд байдаг, үүнийг тоохгүй, хэнэггүйгээс болоод бид эрсдэлийг өөртөө улам ойртуулдаг. Үүнд л анхаарах хэрэгтэй.

Сайн зүйл гэвэл аж ахуйн нэгжүүд эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд ажилтнуудаа илүү идэвхтэй хамруулдаг болсон.  Ажиллах хүч бол компанийн хамгийн том үнэт капитал гэдгийг ойлгож эхэлж байна. Дээр нь хянаж, удирдах боломжгүй эрсдэлүүдээ бусдад хариуцуулах нь хамгийн оновчтой шийдэл. Даатгалын салбарт нэг сая орчим даатгуулагч байдгаас 600 гаруй мянга нь албан журмын жолоочийн даатгалынх. Энэ нь даатгалжилт, өөрийгөө хамгаалах түвшин манайд сул байгааг харуулж байна. 

Бид амьдардаг орон сууц, унадаг машинаа даатгуулдаггүй, өөрийгөө ч даатгуулдаггүй. Энэ асуудлыг шийдэх үүднээс манай компани гэр бүлд хамаатай даатгалуудаа шинэ багц болгон гаргаж байна. Гэр бүлийн бүх гишүүнийг хамарсан гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн даатгал, орон сууц, машины даатгалыг багц болгоод харилцагчдад санал болгоно. Энэ оны II улиралд олон нийтэд санал болгож эхэлнэ. 

-Цаашид энэ салбарын ирээдүйг та хэрхэн дүгнэж байна вэ? Сорилтоос гадна ямар боломжууд байна вэ?

-Монголын даатгалын зах зээлд өсөж хөгжих маш их боломж бий. Тухайн улсын ДНБ-ий хэмжээ 10 мянган доллар давахаар даатгалжилт нэмэгддэг, даатгалын зах зээл нь хөгждөг олон улсын хандлага байдаг. Хувь хүний орлого нэмэгдээд анхдагч хэрэгцээгээ хангасны дараа аюулгүй хэрэгцээгээ хангаж мөнгө зарцуулдаг байх нь. Тиймээс манай улсад даатгалжилт сул байгаа нь иргэдийн орлого бага байдагтай холбоотой гэж үзэж болно. 

Нөгөө талаар даатгуул гэсэн шаардлага тавьдаг нөхцөл манай улсад маш бага. Жишээлбэл, байраа түрээслүүлэхдээ түрээслэгч этгээдээс хариуцлагын даатгал шаарддаг тохиолдол бараг байхгүй. Ийм энгийн харилцаанд бид даатгалыг ашиглаж хэвшээгүй байна. Хууль, журамд заавал даатгуулах ёстой гэсэн заалт олон байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Хэрэгжилтэд нь ч хяналт тавьдаггүй. Энэ тал дээр даатгалын компаниуд илүү хичээж ажиллах, гэрийн даалгавраа хийх хэрэгцээ мэдээж бий. 

 

 

 

 

 

 

Mongolian Economy