Засаглалаа эргэн харах цаг ирснийг сануулав

Дэнсмаа
2022-12-19 14:01:09
Ангилал: Уул уурхай

Энэхүү бичвэрийг бичиж суухад нэгэн он шувтарч, тэсгим хүйтэн жаврыг үл тоон залуус талбай дээр жагсаж, ард түмний өвөр лүү гараа тултал дүрсэн хулгайчдын нэрсийг зарлан, шийтгэхийг шаардаж байна. 

Үнэндээ “ямар новшийн” нийгэмд амьдраад байна аа” гэдэг бодолдоо бид бүр дасаж. Тэр бүү хэл улс төрчдийн худал үгэнд иргэд эмзэглэхээ нэгэнт больжээ.  Тэгвэл энэ “новшийн” нийгмийг өөрчлөх арга үнэндээ алга гэж үү? 

Өнөөгийн ардчилсан нийгэмд хүн бүр хөдөлмөрлөж, үндэстний манлайлагчид, үндэсний хөрөнгөтнүүд төрж, улмаар улс орон нь хөгждөг жамтай. 

Харамсалтай нь манай төрийн эрх мэдэлтнүүд, манлайлагчид дунд бизнесийн ухаантай баялаг бүтээгчид буюу “Итгэлт баян”-ууд бараг байхгүй учир “Америк, Өмнөд солонгос маягийн ардчилал манайд хөгжих боломжгүй” гэж гавьяат инженер Н.Нацагням хэлсэн байдаг. 

40 их наядыг ямар тооцоо, судалгаанд үндэслэснээ тайлбарлаагүй, эрх бүхий байгууллага ч үнийн дүнг тогтоогоогүй.

Бидний үлгэрлэн дуурайх дуртай ардчилсан орнуудад үнэндээ хүн бүр компани байгуулахыг чухалчилдаггүй.  Аль нэг компанийн хүн хүч дутаж буй гүйцэтгэлийн ажлуудыг өрхийн хэмжээнд хийгээд ч боломжийн амьдарчих боломжтой. БНСУ-д насаараа хайрцаг нугалан компаниудад нийлүүлж амьдарсан эмгэн өвгөн хоёртой таарч байлаа. Тэр хоёрт хайрцаг нугалахаас өөр чаддаг зүйл байхгүй ч подхийтэл амьдарчихна. Гэвч манай улс “чөлөөт эдийн засгийн тогтолцоо” буюу үндэсний үйлдвэрлэл, чөлөөт шударга өрсөлдөөн, эрүүл саруул бизнесийн орчныг хөгжүүлэхэд огтоос чиглээгүй тогтолцоотой учир энэ нь хүндрэлтэй. Өрхийн аж ахуй эрхлээд, дор бүрнээ юм хийж амьжиргаагаа залгуулах гэсэн монголчууд зүйл бүрийн дарамттай тулсаар ирсэн учир НАМ-чин болох, эсвэл эх орноосоо явах сонголтыг хийсээр удлаа. 

Тэгвэл тогтолцоогоо, засаглалаа эргэн харах цаг ирснийг олон үйл явдал бидэнд ойлгуулсаар байна. Инфляци 15 хувьд хүрч ард түмэн аргаа барж суухад 40 их наядын нүүрсний хулгайн тухай мэдээлэл олон нийтэд ил болж, “даарин дээр давс нэмэв”.  

Төрийн тэргүүн “Хулгайчдаа зарла, гавлахыг нь гавла” хэмээн “попорч”, харин хулгайч нарт хариуцлага тооцож, нэрсийг нь зарлахаас нааш тэмцлээ хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг олон нийт уриалж буй.

“Эрдэнэс ТавантолгойХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж буйг зарласан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлэл ЭТТ ХК-д оффтэйк нөхцөлтэй есөн гэрээ байгааг илчлэв. Газрын баялгийг маш нууц болон нууцын зэрэглэлтэй гэрээгээр зохицуулж байгаа нь олны анхаарлыг татаж, төр өөрөө ард түмнээсээ хулгай хийдэг үү гэдэг эргэлзээг үүсгэлээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд “Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Нүүрсний гэх нийт 21 хэрэг бий. Одоогоор 41 хүнийг яллагдагчаар татсан. Цаана нь зургаан хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй ч мэргэжлийн хүмүүсээ дайчилж, ажлын хэсэг олон чиглэлд хуваагдаж, аль болох шуурхай ажиллана” хэмээсэн нь нүүрсний хулгайн асуудлаар хуулийн байгууллагын төлөөлөл анх удаа нээлттэй ам нээсэн тохиолдол болж, Монгол Улсад хулгай нүүрлэсэн нь батлагдав. 

 

Парламентын засаглалтай Монголын төр хэдэн жагсагч, эсвэл бодлогогүй ганц шийдвэр, сошиал шүүлтэд ганхахаар харагдавч үнэндээ ард иргэдийн эрх ашиг, улсын хөрөнгө, татвар төлөгчдийн халаасыг тас атгасан бүлэглэл төрд бөх гэгч нь ноёрхоод удаж буй. Тиймээс жагсагч, тэмцэгчдийг харлуулах танил аргаа эрчимжүүлж эхэлсэн нь бүр ч олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.

Товчхондоо, энэ  их хулгай хэрхэн хийгдсэнийг илчлэх, хулгайчдад ямар хариуцлага тооцохоос Монгол Улсын төр, засаглалын тогтолцоо хамаарах хүртлээ жагсаал тэмцэл өргөжиж мэдэхээр байна. 

АТГ нүүрсний хулгайн асуудлаар 17 хүний нэрийг зарласны дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын долоон гишүүн (тав нь эрх баригч МАН-ын гишүүд) байв. Гэвч “хулгайч” хэн байхаас үл хамааран түүнд хүлээлгэх ял, хариуцлага шударга байж чадах уу гэдэг асуулт иргэд, олон нийтийн анхаарлыг татаж байгаа. 

Нүүрсний “оффтэйк” гэрээнүүдийг өмнөх Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-өөр хэлэлцсэн.

Учир нь 2016-2020 онд ЖДҮХС-гаас хулгайлсан, хамаарал бүхий компаниараа дамжуулан хөнгөлөлттэй зээл авсан, зориулалт бусаар ашигласан товчхондоо мөн л “хуулийн хүрээнд” хулгай хийсэн 40 гаруй гишүүний нэр зарлагдсанаас дөрөв нь л ял шийтгүүлсэн. Үлдсэн зарим гишүүн нь бүр гавьяа байгуулсан мэт төрийн жолоо залалцаж яваа.  Шалтгаан нь дахиад л буруу тогтолцоо, хуулийн систем, ялзарсан процесс.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хуулийн 22-р зүйлд өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангатгана. Энэ хуулийг дагуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өөрчлөлт оруулна. ҮАБЗ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийхэд оролцдог, зөвлөмж чиглэл өгдгийг таслан зогсооно” гэж мэдэгдсэн. “Албан тушаалын гэмт хэрэг дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн гэж ялаас чөлөөлөх, ял хөнгөрүүлэх явдал нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй байна” гэдэг шүүмжлэл “өндрөө авч буй”-гаас үүдэлтэй ийн өөрчлөлт оруулж байгаа юм.  

Үнэндээ хулгайчдын жагсаалтад Тавантолгойг ашиглаж эхэлснээс хойших бүх Ерөнхий сайд, ЭТТ ХК-ийн захирлууд багтсан байна. Уг жагсаалтыг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар зарлаж шалгуулахаар бэлтгэж байсан ч ерөнхийлөгч “Намынхаа эв нэгдлийг бодно” гэх утгатай юм хэлж жагсаалтаас олон хүний нэрийг хассан тухай мэдээлэл гарав. Тэгэхээр өнөөдөр намын эрх ашиг ард түмний эрх ашгаас дээгүүр тооцогдох коммунизмын үзэл цухалзаж, ардчилал харин алга болж буйг энэ бүхэн илтгэж байна. 

Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авахаас илүүтэй намаасаа хөөгдөх нь хүнд тусаж буй У.Хүрэлсүхийн тойрон хүрээлэгчдээс ЖДҮ-г дээрэмдсэн хоёр ч хүн шударга үнэнийг эрхэмлэгч ерөнхийлөгчдөө зөвлөөд байж л байна. Өөрөөр хэлбэл, “Азийн хүлэг улс” болгохоор амласан МАН-дуулагч нам өөрөө Монголын дайсан болсон уу гэдэг асуултын хариуг талбай дээр залуус нэхэн хэвтсээр. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан эрх зүйн туслалцаа авах тал дээр хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа сайн явж байна. Сандарч байгаа хүмүүст хандаж хэлэхэд, би ухрахгүй, айхгүй. Ямар нэг байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Үндсэн хуулинд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж тов тодорхой буй.

Ард түмний өмчөөс 40 их наядын нүүрс байтугай атга шороо хулгайлан зарсан хүн хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Харин хариуцлагыг хэрхэн хүлээлгэхээс, хүлээлгэж чадах эсэхээс улс орны ирээдүй шалтгаалах нөхцөл байдал нэгэнт үүсээд байна. 

 

 

 

 

 

 

Дэнсмаа