Ирэх оны эдийн засгийн өсөлт 5.8 хувь, зорилт 6+
Монгол Улсын дунд хугацааны төсвийн бодлогын чиглэлийг тодорхойлох суурь баримт бичиг болох “2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөл”-ийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлснээр эдийн засгийн бодлого ирэх гурван жилд ямар логикоор явж, ямар эрсдэлийг хэрхэн удирдах зураглал ил боллоо.
Засгийн газрын төсөөллөөр эдийн засгийн өсөлт ирэх онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувьд хүрэх хүлээлттэй байна. Энэ өсөлтийн гол тулгуур хүч нь мэдээж уул уурхайн салбар. Тэр дундаа нүүрсний олборлолт тогтвортой нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой тэлэх төлөвтэй гэж үзжээ. Үүнтэй зэрэгцэн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь эдийн засгийн бүтэцэд тодорхой эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Гэвч энэ өсөлтийн суурь орчинд тодорхой эрсдэлүүд байгааг мөн онцолжээ. Тухайлбал, Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ өсөх эрсдэлтэй, үүний нөлөөгөөр үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурах, улмаар дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөв ажиглагдаж байна. Иймээс эдгээр сөрөг нөлөөллийг бууруулах шуурхай бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Инфляцын хувьд бууруулах тодорхой зорилтот “траектор”-ыг дэвшүүлсэн байна. Тодруулбал, инфляц 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хүрч тогтворжихоор тооцоолсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн шинэчлэл, экспорт-импортын зохицуулалтыг оновчтой болгох, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төсвийн сахилга, тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн шаардлагын хүрээнд бүрэн хангаж тооцсон нь энэ баримт бичгийн чухал хэсэг юм. Тухайлбал, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2027-2029 онуудад ДНБ-ий 2 хувийн ашигтай байхаар тооцсон нь хуулийн шаардлагыг хангаж байна. Мөн нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг тухайн жилийн ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон бол Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдлийг 2027-2028 онд ДНБ-ий 50.0 хувь, 2029 онд 45.0 хувь байхаар төлөвлөсөн нь 60 хувийн дээд хязгаараас доогуур түвшинд хадгалагдаж байна. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эрдэс баялгийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн, макро үзүүлэлтүүдтэй уялдуулан тодорхойлсон байна.
2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийт 15.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь төсвийн бодлогын хүрээнд нэлээд том хэмжээний зарлагын дарамт үүсгэхүйц багц хөтөлбөр болж байна.
Энэхүү хөгжлийн бодлогыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийн, эрх зүй дүрэм журмын, ногоон хөгжлийн, авлигын эсрэг гэсэн дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхээр тодорхойлжээ. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгох, төрийн оролцоог багасгаж хувийн хэвшлийг дэмжих, татвар, төсвийн шинэчлэл хийх бодлого баримтлахаар тусгасан.
Мөн бодит хөрөнгө оруулалтын хувьд Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц барих, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бэлтгэл ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тээвэр логистикийн салбарт “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” чиглэлийн хил холболтын төмөр зам, авто замууд, боомтын дэд бүтцийг хөгжүүлэхээр тусгажээ. Харин хөдөө аж ахуйн салбарт Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, “Атар IV”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Эдгээрийн үр дүнд үндэсний өрсөлдөх чадварын индексийг одоогийн 65-р байрнаас 7 байраар ахиулах зорилт тавьсан байна.
Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлах, төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн бүтцийг оновчтой болгох, хүнд суртлыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Боловсролын салбарт “цөөн хүүхэдтэй анги” бодлого, “нэг багшид нэг AI туслах” нэвтрүүлэх, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн бол эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд хүний хөгжлийн индексийг 2025 оны 0.756 түвшнээс 2027 онд 0.781 хүргэх, дундаж давхаргын эзлэх хувийг 5.0 хувиар нэмэгдүүлэх, Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индексийг 49 хувиас 52 хувь болгох, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 5 хувиар нэмэгдүүлэх зорилтууд дэвшүүлжээ.
Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, айл өрхийн нарны хавтан, бага оврын эх үүсгүүрийг өргөжүүлэх, нүүрстөрөгчийн кредитийн зах зээлд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, усны нөөцийн “Хэрлэн-Тооно”, “Онги-Цагаан бургастай” төслүүдийн бэлэн байдлыг хангах, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 10.0 мянган га талбайг ойжуулах зэрэг ажлууд тусгагдсан байна. Үүний үр дүнд байгаль орчны гүйцэтгэлийн индексийг 37.2-оос 40-д хүргэх, орон нутгийн хөгжлийн индексийг 0.506-аас 0.553-д хүргэх зорилт тавьжээ.
Авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун, их өгөгдлийг төрийн удирдлагад нэвтрүүлэх, төрийн худалдан авалтад хиймэл оюун ашиглах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог дэмжих зэрэг институцийн шинэчлэлүүдийг тусгасан. Үүний үр дүнд засаглалын үзүүлэлтийг 2025 оны 114-р байрнаас 2027 онд 7 байраар ахиулах, дэлхийн мэдлэгийн индексийг 39.2-оос 50-д хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Төсвийн хүрээний мэдэгдэл нь нэг талаас макро эдийн засгийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг ДНБ-ий хоёр хувийн ашигтай суурь тэнцэл, ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй урсгал зардал, ДНБ-ий 50.0–45.0 хувийн өрийн түвшин-хатуу барих замаар сахилга баттай харагдаж байна. Нөгөө талаас 15.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 124 төсөл, 186 арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэх амбиц нь төсвийн бодит хэрэгжилт дээр дарамт үүсгэх эрсдэлийг дагуулж байна.
