Зөвийн төлөө зоригтой тэмцэнэ
2023 онд инфляцыг дарахаар Төв банкууд тэмцэж буй явдлын талаар эдийн засгийн түүх юуг хэлэх вэ?
Зөвхөн шонхрууд Төв банкны диваажин руу явдаг гэх яриа мөнгөний бодлогын ертөнцөд бий. Хурдтай өсөж буй эдийн засгаа уургалах буюу “үдэшлэг дөнгөж эхэлж байхад аяга таваг хураах зориг гаргах” нь улс орны санхүүг удирдах үүрэгтэй хүмүүсийн хамгийн хүндлэгддэг нэг чанар гэж АНУ-ын Төв банкны Ерөнхийлөгч хэлсэн. Гэвч цар тахлын өмнөх 20 жилд дэлхийн том эдийн засгуудын толгойны өвчин нь сул өсөлт, нам инфляц байлаа. Тиймээс “аяга тавга хураах” гэсэн Төв банкныхны боломж няцаагддаг байв.
Харин 2021 оноос хойш өсөж буй инфляц Төв банкныханд гялалзах боломж олгов. Ихэнх улс 2023 онд эдийн засгаа золиослон байж инфляцыг хяналтдаа оруулна. Украины дайны улмаас хүнс, эрчим хүчний үнэ тэнгэрт хадсаны дараа 2022 онд инфляц даамжирч, олон улс ойрын жилүүдэд харагдаагүй өндөр инфляцын гэрч болов. Хэрэглээний үнийн өсөлт АНУ-д ес, Евро бүст 10.7 хувьд хүрч, хэцүү нөхцөлд буй дундаж түвшний хөгжилтэй улсуудын инфляцаас давсан.
Үнэ өсөж буй нь инфляцын хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Цар тахлын эсрэг төсвийн өгөөмөр арга хэмжээнүүд, мөнгөний тэлэх бодлого иргэдийн хэрэглээг хөөрөгдөв. Эл хэрэглээг дагаж үйлдвэрлэл, боомтын хүчин чадал хурдтай өсөж чадаагүй бөгөөд энэ нь ихэвчлэн цаг агаарын гэнэтийн үзэгдэл, цар тахлын шинэ дэгдэлт, бусад шоктой холбоотой. Украины дайны улмаас газрын тос, байгалийн хий, буудайн үнэ өссөн нь гал дээр тос нэмэв.
Инфляц өсөхтэй зэрэгцэн үнийн өсөлтийг хянахын тулд төв банкууд бодлогын хүүгээ өсгөх зэргээр эдийн засгийн тоормосыг хэрхэн гишгэх талаар хүчтэй мэтгэлцэв. Дипломат талыг баримтлагсад инфляц голдуу нийлүүлэлтийн шинжтэй тул аяндаа намжина хэмээн зөөлөн аргаар “үзэхийг” зөвлөж байхад зарим нь хэрэглэгчид мөнгөө үрэх сонирхолтой байгаа цагт эдийн засгийн нэг хэсэгт үнийн дарамтыг бууруулах нь хэрэглэгчид илүү гарсан мөнгөө өөр нэг газарт зарцуулж улмаар тухайн газарт үнэ өсөхөд хүргэнэ гэж байв.
Сүүлийн үзэл 2022 оны эхээр олон Төв банкны дунд хүчтэй байв. Холбооны нөөцийн банк (ХНБ) 2021 онд үнэ өөрөө аажим буурахыг тэвчээртэй хүлээсний эцэст бодлогын хүүг 2022 оны гуравдугаар сард 0.25 хувь, тавдугаар сард 0.5 хувь, зургаа, ес, арав, арваннэгдүгээр сард 0.75 хувиар огцом өсгөв. Төв банкныхан эхэндээ эдийн засгийг “өвдөг шороодуулж” хямраалгүй инфляцыг нам түвшинд авчрах боломжтой гэх итгэлээ алдаагүй. 2022 оны гуравдугаар сард ХНБ-ны Ерөнхийлөгч Жером Пауэлл “Түүхэн үзүүлэлтээс харахад Төв банк “зөөлөн газардалт” хийх найдлагатай”-г онцолж байлаа.
Наймдугаар сард түүний байр суурь өөрчлөгдөв. Тэрбээр өндөр бодлогын хүү инфляцыг бууруулах ч “эдийн засагт хохиролтой тусна” гэсэн юм.
Ихэнх улс 2023 онд эдийн засгаа золиослон байж инфляцыг хяналтдаа оруулна
Бусад Төв банк ч үүнтэй санал нийлэв. Европын Төв Банкны удирдах зөвлөлийн гишүүн Изабел Шнабел “Сүүлийн 40 жилд Төв банкууд анх удаа үнийн тогтвортой байдлыг хамгаалахад хэр тууштай байр суурьтай вэ гэдгээ харуулах хэрэгтэй боллоо” хэмээн онцолсон. 2023 онд ажилгүйдэл үл ялиг өснө гэж ХНБ таамагласан бол Британийн эдийн засаг агших таамгийг Английн Төв Банк гаргав.
2022 оных шиг өсөлтийг хязгаарласан бодлого руу олон орон зэрэг шилжсэн тохиолдол сүүлийн хагас зуунд бараг гараагүй гэж Дэлхийн Банк онцолсон. Ердөө ганц тохиолдол нь дэлхий даяар бодлого боловсруулагчид 10 жил үргэлжилсэн инфляцын асуудлыг эцэслэхээр шулуудсан 1982 он юм. Тэд зорилгодоо хүрсэн ч ингэх явцдаа дэлхийн хямралыг эхлүүлсэн юм. Эдгээр жилүүд олон хүний хувьд хэцүү цаг үе байсан бол олон Төв банк үүнийг ялалт гэж үзжээ. Харамсалтай нь 2023 онд Төв банкнаас ийм баатруудын шинэ үе мэндлэх болов уу.
РАЙАН АВЕНТ Худалдаа, олон улсын эдийн засаг хариуцсан редактор, The Economist, ВАШИНГТОН
Дэлхий-2023 дугаараас