Зөвийн эхлэл

Mongolian Economy
2023-10-16 12:03:06
Ангилал: Эдийн засаг

Урьд өмнөх алдаа, бэрхшээлүүдээ багасган зөв шударга зам руу орох эхлэл тавигдана

Өнгөрөгч 2022 он уул уурхайн салбарын хувьд сайн, муу хоёр талтай онцгой жил байлаа. Сайн тал нь уул уурхайн салбарын олборлолт, боловсруулалт, борлуулалт өмнөх жилүүдээс өссөн. 2022 онд 37 сая тонн нүүрс борлуулснаас 31,4 сая тонн нь экспортод гарч, өнгөрсөн оноос бараг хоёр дахин өссөн бол зэсийн баяжмал 1443 мянган тонныг гаргаж өнгөрсөн оноос 14,2 хувиар илүү, алт 22,8 тонныг олборлож өнгөрсөн оноос 11 хувиар илүү байна. Харин төмрийн хүдрийн баяжмалын экспорт 4700 мянган тонныг гаргасан нь өнгөрсөн оноос 2191 мянган тонноор дутуу байна.

Мөн 2022 онд 379,4 мянган тонн хайлуур жонш, 139,8 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зарлан уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний экспортод анхаарч, Хятадын талтай тохирч хилийн хоригийг цуцлан, боомтын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх хэд хэдэн шийдвэртэй алхам хийлээ. Үүний гол шийдэл нь нарийн царигийн төмөр замаар Хятадын талтай холбогдох явдал юм. Тэгвэл хилийн боомтын нэвтрүүлэх чадвар хэд дахин нэмэгдэх болно.

Нүүрсний экспортод Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ-ийн ногдуулалтын маргааныг эцэслэн нүүрсний чанартай нь уялдуулсан ангилал гаргасан нь аж ахуйн нэгжүүдэд тустай болсон. Үүнийгээ ажил хэрэг болгох шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн хүнд суртлыг арилгахад тодорхой ахиц гарсан гэж үзэж байна. 2023 оноос нүүрсийг экспортлоход биржээр дамжуулан ил тод, арилжаа хийх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Монгол Улсад орчин цагийн уул уурхай хөгжсөний
100 жилийн ой тохиож, үе үеийн уурхайчдын баяр болов.

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, экспорт өнгөрсөн оныхоос таваас доошгүй хувиар өсөх хандлагатай

2022 онд уул уурхайн салбарт өрнөсөн таагүй үйл явдал нь нүүрсний борлуулалт, экспортод хууль зөрчсөн олон үйлдэл гарч улмаар “нүүрсний хулгайн” асуудал ард иргэдийг

бухимдууллаа. Үүнд төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компаниудын удирдлага, хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтнууд, зарим нэг төрийн түшээд, сайд дарга нар холбогдсон нь ард иргэдийн бухимдлыг илүү төрүүлсэн юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийн дор нууцалсан оффтейк гэрээнүүдийг ил болгосноор нүүрсний тээвэр, борлуулалт, төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн ба мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон байна. Үүнд төрийн тэргүүнээсээ эхлээд олон хүн холбогдон шалгуулж байна. Энэ ажлын эрчийг 2023 онд сулруулалгүй буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Чамгүй их хөрөнгө, мөнгөөр бүтсэн Тавантолгой-Гашуун сухайт болон Тавантолгой- Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын ажлуудын эцсийн үр дүн харагдахгүй байна. Уг төмөр замууд нь импортлогч орны төмөр замтай цариг, чиглэлийн зөрүүтэйгээс шууд ашиглах боломжгүй алдаа гарчээ. Энэ алдааг засаж залруулах талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, Хятадын талтай харилцан тохирох чиглэлээр Боомтын асуудал хариуцсан сайдад үүрэг чиглэл өгөх хэрэгтэй. Дээр дурьдсан “нүүрсний хулгай”-гаас болж 100 жилийн түүхтэй уул уурхайн салбарын ойн арга хэмжээг тэмдэглээгүй байгаа нь жирийн уурхайчдын дургүйцлийг төрүүлсээр байна.

Энэ бүхнээс дүгнэхэд 2023 онд уул уурхайн салбар өмнөх алдаа, бэрхшээлүүдээ багасган зөв шударга зам руу орох эхлэл тавигдах болов уу. Тухайлбал, “Нүүрсний хулгай” арилж биржээр борлуулагдан, олон түмэнд ил тод болж, жинхэнэ чөлөөт худалдааны хэлбэрт шилжин дэлхийн зах зээлийн үнээр борлуулагдах нөхцөл бүрдэнэ. “Эрдэнэс тавантолгой” мэтийн төрийн өмчит компаниуд IPO гарган, олон нийтийн оролцоотой компани болж, хараа хяналт нь сайжрах болов уу. Гэхдээ 100 хувь хувьчлагдахгүй байх магадлалтай. Учир нь төрд одоо ажиллаж буй эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол хэвээрээ байгаа. 2023 онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэх болно.

Засгийн Газраас явуулж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зарим нэг боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэн, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. ГашуунсухайтГанцмод болон Ханги-Мандалын төмөр замын шилжүүлэн ачих, холболтын зураг төсөл энэ онд хийгдэх хүлээлттэй байна.

Хугацаа алдаж, ач холбогдол нь буурсан ч Монголын төр уул уурхайн 100 жилийн ойг нөхөн тэмдэглэж, уурхайчдын гомдлыг барагдуулах байх гэж найдаж буй.

Олон жил, сараар дуншиж, хүлээлгэсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан лиценз олголтыг ямар нэгэн байдлаар энэ онд багтаан шийдвэрлэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа. Гэхдээ эндээс амжилттай, зөв шийдвэр гарахгүй л болов уу. Учир нь хууль боловсруулагчид нь шинээр сэтгэгчид бус өмнө нь төрд ажиллаж байсан хуучин хүмүүсийн санал зонхилж байгаа. Өөрөөр хэлбэл “популист” маягийн түшээдийн оролцоо их тул ард түмэнд сайн хүн болж харагдах гэсэн заалтууд ихээр орж, нэлээд “бөөрөнхий хууль” гарах
магадлалтай. Энэ нь УИХ-ын сонгууль ойртож буйтай холбоотой.

Ард түмэнд сайн хүн болж харагдах гэсэн заалтууд ихээр орж, нэлээд “бөөрөнхий хууль” гарах магадлалтай

Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ буурахгүй тогтвортой байх ба газрын ховор элементийн эрэлт ихсэж, үнэ өсөх өндөр магадлалтай. Иймд төрөөс газрын ховор элементийн нөөц тогтоогдсон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, шинээр энэ чиглэлийн ашигт малтмалын эрэл хайгуулыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтыг нь дэмжих шаардлагатай. Энд хувийн хэвшлийн оролцоо ихээхэн чухал ач холбогдолтой. Дорноговь аймагт баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн ажил үргэлжлэх бөгөөд газрын тосны хайгуул, судалгааны ажлын одоогийн тогтолцоог өөрчлөх хандлага гарч бага зэргийн маргаан үүсэхээр байна. Газрын тосны борлуулалттай холбоотой Хөөт-Бичигтийн төмөр замын асуудал яригдана. Энэ ажлыг хувийн хөрөнгөөр болон БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр шийдэх боломжтой. Ураны эрэл хайгуулын судалгаа хийхийн зэрэгцээ одоо байгаа ордууд дээрээ туршилт судалгаагаа үргэлжлүүлэн, шар нунтаг гаргах үйлдвэрээ барьж байгуулж эхлэх хэрэгтэй.

2023 онд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, экспорт өнгөрсөн оныхоос таваас доошгүй хувиар өсөх хандлагатай байна.

Дамжингийн ДАМБА Монгол улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy