Зөв замнал

Mongolian Economy
2020-07-17 16:17:02

Монгол хүн үнэ цэн бий болгож, баялаг бүтээх цаашлаад олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд орж, дэлхийн зах зээлтэй холбогдох боломжийг бүрдүүлсэн өмч хувьчлалыг Улсын бага хурал 1990 онд Иргэний хуульд хувийн өмчтэй байж болох заалт оруулснаар эхлүүлжээ.

1992 оноос иргэн бүрийг тухайн үеийн ханшаар 10 мянган төгрөгтэй дүйцэх өмчтэй болгохоор нэг бүр нь 7000 мянган төгрөгөөр үнэлсэн их хувьчлалын нэг цэнхэр тасалбар, нэг бүр нь 1000 төгрөгөөр үнэлсэн бага хувьчлалын гурван ягаан тасалбар тараасан. Ягаан тасалбараар хөдөө аж ахуйн нэгдлийн мал хөрөнгө, худалдаа үйлчилгээний болон бусад салбарын жижиг газруудын хувьчлалд оролцох, цэнхэр тасалбараар томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын хувьцаа авах зориулалттай байжээ.

Түүх сөхвөл, өмч хувьчлалын хамгийн анхны дуудлага худалдаа 1991 оны зургадугаар сарын 24-нд Эдийн засгийн коллежийн хурлын танхимд болж, Сүхбаатар дүүргийн Дөрвөн буудал дахь аж үйлдвэрийн барааны 31 дүгээр дэлгүүрийг 70 мянган төгрөгөөр хувьчилсан тухай баримтыг академич Т.Намжим “Монгол Улсын эдийн засаг” бүтээлдээ тэмдэглэсэн байна. Харин их хувьчлалын анхны гараа 220 мянгатад байрлалтай “Монгол шаазан” үйлдвэрийг хувьчлахаас эхэлж байв. Уг үйлдвэрийн нэг сая төгрөгийн хувьцааг нийтэд худалдаж, хувьцаат компани болгох шийдвэрийг 1991 оны есдүгээр сард гаргасан.

Нэгдлийн болон сангийн аж ахуйн малыг хүмүүст цэнхэр, ягаан тасалбарын аль алинаар нь өгснөөр 1992 оны эцэст нийт мал сүргийн 70 хувь нь аминых болсон байжээ. Бараа үйлчилгээний 70 орчим хувь нь мөн хувьчлагдсан дэлгүүрээр явагдаж байсан юм. 1993 он гэхэд 7.8 тэрбум төгрөгийн 440 гаруй үйлдвэр, аж ахуйн газрыг хувьчилж, 1994 онд Үнэт цаасны тухай хууль баталж, Засгийн газар өмч хувьчлалыг улам эрчимжүүлсэн байна.

Өмч хувьчлал эхэлснээс хойших 4-5 жилд хувьчлахаар тооцсон нийт хөрөнгийн 93 хувийг хувьчилсан аж. Тиймдээ ч энэ үеийг өмч хувьчлалын эхний үе шат хэмээн тодотгодог. Үүний үр дүнд 1995 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо 60 хувьд хүрчээ. Эдийн засагч, доктор Ж.Дэлгэрсайхан “Тухайн үеийн удирдагчид хувийн өмч зах зээлийг хөдөлгөгч гол хүчин зүйл гэдгийг зөв олж харсан бөгөөд иргэдээ өмчтэй болгох арга механизм нь тэрхүү их, бага хувьчлал байжээ гэж үздэг. Тиймээс энэ үйл явцад оролцоход бүх иргэнийг ижил тэнцүү гараанаас эхлүүлснээрээ сайшаалтай. Энэ ч үүднээс өмч хувьчлал харьцангуй зөв эхэлсэн” хэмээн дүгнэсэн юм.

Харин өмч хувьчлалын хоёр дахь давалгаа 1996-2000 оны ардчилсан засгийн үед улам эрчимжсэн. Албан ёсны тоо баримтаас харвал энэ үед 922 аж ахуйн нэгжийг хувьчилсан байдаг. Энэ үед гарсан бас нэг онцлог бол өмч хувьчлалыг олон улсад шалгарсан дуудлага худалдааны зарчмаар явуулж эхэлсэн. Аж ахуйн нэгжүүдийн бараг талаас илүү хувь нь дуудлага худалдаагаар хувьчлагджээ.

Дараа нь орон сууцны хувьчлалыг эхлүүлэв. 1998 он гэхэд 20267 орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй хувьчилснаар иргэд орон сууцаа банкны барьцаанд тавьж, анхны хуримтлал үүсгэх, жижиг дунд бизнес хөгжүүлэхэд том түлхэц болжээ.

2001 онд улсын хэмжээнд төрийн өмчийн тооллого өрнүүлэв. Тооллогоор төрийн өмчийн нийт 857 байгууллага байсны дотор улсын төсөвт 600 байгууллага, 25 үйлдвэрийн газар, 84 салбар бүхий дөрвөн банк байсан бөгөөд нийтдээ хоёр их наяд 107 тэрбум 274 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байсан аж. Энэ үеэс өнөөг хүртэл УИХ-ын сонгууль бүрийн дараа Засгийн газар хувьчлалын үндсэн чиглэлийг баталдаг болов.

Харин 2013 оноос хувьчлалын эрч саарчээ. В.Дарханбаатар “Ганц нэг үл хөдлөх хөрөнгө, барилгыг эс тооцвол хувьчлал үндсэндээ явагдсангүй. 2016 онд “Монгол Шуудан” ХК-ийн зохих хувийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хувьчилсан. Тухайн үед эрчим хүчний компаниудыг хувьчлах, IPO хийх бэлтгэлийг нэлээд хангасан боловч 2015 онд УИХ-ын 68 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгаж, Сангийн яамны нэгж болгосноор дээрх ажлууд зогссон” гэлээ.

2016 оны сонгуулийн дараа эрх баригч нам Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болгон сэргээсэн. Гэвч өнөөг хүртэл өмч хувьчлал явагдаагүй. Эдийн засгийн хүндрэлийн дараа 2017 онд Засгийн газар төрийн өмчийн долоон байгууллагыг хувьчлах жагсаалт гаргасан ч хувьчлах арга хэлбэр болон шалгаруулалт, үнэлгээ бодит бус байгаа талаар ихээхэн шүүмжлэл өрнөж, хувьчлах ажлыг зогсоосон байдаг. ТӨБЗГ-ын мэдээгээр 1991 оноос хойш нийт 1929 хөрөнгийг хувьчилж, 229.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн байна.

Монголчууд бид ийн өөрийн гэсэн өмчтэй болж, улсын олон өмч хувьд шилжсэн түүхийг өнгөрсөн 30 жилд бүтээж чадсан билээ.

 

 

 

Mongolian Economy