Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх том “амбиц”

Mongolian Economy
2023-10-18 19:00:26
Ангилал: Эдийн засаг

Ирэх намар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ Монгол Улсын эдийн засаг, зөөлөн хүчний бодлогод амин чухал үүрэгтэй хуулийн төслийнхөө гол ойлголтыг тайлбарлая.

Хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцүүлэх үеэр “соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж юу болох талаар олон хүн асууж тодруулж байсан нь Монголд энэ эдийн засгийн эрх зүйн орчин нь цоо шинээр бий болох гэж буйтай холбоотой юм. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж юу болох тухайгаас тайлбараа эхэлье. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж хүний бүтээлч сэтгэлгээ, авьяас билэг, ур чадварын үр дүнд техник технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл явцыг хэлдэг. Үүнд дүрслэх урлаг, дуу хөгжим, медиа, тайзны урлаг, дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, кино урлаг, хувцас загвар, дизайн зэрэг соёлын салбарууд багтдаг. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсууд соёлын бүтээлч үйлдвэрлэлээ санхүүгээр дэмжиж, буцалтгүй тусламж, эсвэл зээл олгож, татварын хөнгөлөлт үзүүлж байна. Мөн энэ салбарт хүнд суртлыг багасгах, бүтээлч бизнес эхлүүлэх, эрхлэхэд хялбар байх зохицуулалтуудыг хийснээр бизнесийн зарчмаараа хөгжих нөхцөл бололцоог бий болгож, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгчээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ ингэж дэмжсэнээр улс орнууд эдийн засгийн үзүүлэлтүүдээ олон талаар өсгөж байгаа нь бодитой үр дүн юм.

Тухайлбал, БНСУ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлээ төрийн зохистой бодлогоор дэмжиж амжилтад хүрсэн улсын нэг. БНСУ нь бага сургуулиас эхэлж их дээд сургууль хүртэлх бүх шатны боловсролын сургалтдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд шинэ уран бүтээлчид, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэгчид ар араасаа хүч түрэн гарч байгаа нь тус салбарын ажиллах хүчийг тогтвортой бэлдэх, өрсөлдөөнийг нэмэгдүүлж бизнесийн зарчмаар хөгжихийг дэмжсэн чухал бодлогын үр дүн байв. Мөн татварын болон хөнгөлөлттэй зээл, тусламжийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт зориулж, тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод болон гадаадад сурталчлах кампанит ажлуудыг Засгийн газар нь дэмжин
зохион байгуулдаг. БНСУ-д соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой 88 төрлийн хууль, тогтоомж үйлчилж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг судалгаатай, зохистой дэмжсэн бодлогын үр дүнд Өмнөд Солонгосын бүтээлч салбар сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьд хүрч, нийт хоёр сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Үүний сацуу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхийн 100 гаруй улсад экспортолдог олон улсын томоохон тоглогч болжээ.

ЮНЕСКО-гийн 2018 оны тайланд тусгаснаар соёлын бүтээлч үйлдвэрлэл нь жил бүр 2.2 их наяд ам.долларын орлого олж, 30 сая хүнийг ажлын байраар хангаж, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ бол дэлхийн зах зээл дэх нүүрсний экспортын 78.4 тэрбум ам.долларын орлогоос 3.2 дахин өндөр үзүүлэлт юм.

Хэдийгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг нь хожуу хөгжиж эхэлсэн ч асар хурдтай өсөж буйн хувьд дараагийн 10 жилийн дотор дэлхийн ДНБ-ий 10 хувийг эзлэх төлөвтэй байгаа.

Удаах графикт дэлхийн хөгжингүй орнуудад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь ДНБ-ий хэдэн хувийг эзэлж буйг Монгол Улсынхтай харьцуулан харуулав. Манай улсад соёлын салбарыг эдийн засагт хувь нэмэр оруулдаг бүтээлч салбар гэж тооцолгүйгээр, тусад нь авч үзсээр ирсэн нь саяхных юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбараа эрчимтэй эдийн засагжуулах, хэрэглээнд оруулах эрх зүйн орчныг бий болгох, энэ салбарын эдийн засгийг олон улсын жишигт дөхүүлэх, бизнесийн зарчмаар хөгжих суурийг нь бэлдэж өгөх зүй ёсны шаардлага бидний өмнө тулгараад байна.

Соёлын аль ч хэлбэр хэрэглээнд орж байж л урт удаан хугацаанд оршин тогтнодог. Бид үндэснийхээ өв соёлыг мэддэг, монгол соёлын дархлаатай, монгол соёлоо хүндэлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхаж чаддаг монгол хүнийг бэлтгэхийг зорьж байгаа. Тийм ч учраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох нь чухал. Шинэ үеийн залуус материаллаг хэрэгцээнээс илүү оюун санааны эрэлд гарч байгаа энэ үед түүнд нь тохирсон агуулгыг бий болгоод сэтгэлийг нь Монгол руугаа татах нь чухал. Тэгвэл дэлхий дахинаа залуучууд ямар төрлийн зүйлийг хэрхэн хүлээн авч байна, ямар бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж, ямар төрлийн соёлыг хүртэж байна гэдгийг судалж байж түүнтэй нь ижил түвшний бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд соёлоо авчирч тавих ёстой.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т ч соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих заалтууд орсон нь хууль зүйн хангалттай үндэслэл билээ.

Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг Соёлын яам хийсний үр дүнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэгдсэн тус хуулийн төсөлд хамрах хүрээг 12 салбараар тодорхойлж, тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих зохицуулалтууд орсон. Өргөн барьсан хуулийн төсөлд тус салбарын аж ахуйн нэгж, уран бүтээлчдийг татварын болон бусад таатай нөхцөлөөр дэмжих, оюуны өмчийг хамгаалах, хохирлыг барагдуулах, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг тусгасан.

Манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 11 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 33 мянган хүн дунджаар 900 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. Эдгээр хүмүүс манай дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувь буюу 564 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгодог. Энэ нь 2023 оны улсын төсвийн нийт зарлага буюу 20 их наяд 475 тэрбум төгрөгийн 2.7 хувьтай тэнцэх хэмжээний үзүүлэлт юм. Цаашид энэ хувь хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх боломж бий.

Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбараа дэлхийн зах зээлд ойртуулж хөгжүүлэх, ингэснээр олон тулгуурт, тогтвортой эдийн засгийг бүрдүүлэхээс гадна монгол өв соёлоо дэлхийд сурталчлах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх том “амбиц”-тай хуулийн төсөл билээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр 2030 он гэхэд тус салбар ДНБ-ий дөрвөн хувийг бүрдүүлж, уул уурхайн бус экспортын орлогыг бий болгох боломж бүрдэнэ. Монгол Улс соёлын бүтээлч үйлдвэрлэлээ зохистой бодлогоор дэмжиж чадвал уул уурхайн салбарын адил эдийн засгийн орлогыг бүрдүүлэгч хос морьтой болох ирээдүй ойрхон байна.

Ч.Номин Соёлын сайд

Эдийн засгийн чуулган 2023 тусгай дугаараас

Mongolian Economy