З.Батбаяр: Усны нөөцөд тулгуурласан нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг улсаараа ойлгож эхэллээ

Mongolian Economy
2024-03-22 12:56:10

Гуравдугаар сарын 22 бол Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан Усны газрын дарга З.Батбаяртай усны нөөц, ашиглалтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Та байгууллагынхаа үндсэн үүрэг, зорилго чиглэлийн талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Монгол Улсад усны салбар 1938 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед “усны департамент” нэртэй байгуулагдаж байлаа. “Департамент” гэдэг үг латин гаралтай, тэр үед орос хэлэнд төдийлөн хэрэглэдэггүй байсан учраас баруунаас орж ирсэн гэж ойлгодог. Нүүдлийн амьдралтай хүмүүс суурин амьдралд шилжсэнээр усны нөөцөд менежмент хийж хамгаалах ёстой гэдгийг ойлгосон хэрэг. 

Би 14 дэх удаагийн усны байгууллагыг удирдаж байна. Өмнөх усны байгууллагад орлогч даргаар ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, усны байгууллага 14 удаа байгуулагдаж, 13 удаа татан буугдсан, ингэх бүртээ нэр нь солигддог. Оргил үедээ Усны аж ахуйн яам нэртэй ажиллаж байсан. 

Усны байгууллагуудын нэр,  чиг үүрэг, функцээс нь тухайн үеийн нийгмийн онцлог харагддаг. Тухайлбал, 1970, 1980-аад оны үед бэлчээрийн усжуулалтыг хариуцдаг байсан.  Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй учраас түүнийг хөгжүүлэх арга хэмжээ авдаг байж. Үүний дараа Усны аж ахуй нэртэй үйл ажиллагаа явуулах болсон нь атар газрыг эзэмшихтэй холбоотой усжуулалтын асуудал яригдаж байсан үетэй таардаг. 1990 оны нийгмийн өөрчлөлтийн дараа Байгаль орчны яам байгуулагдсан. 

Нэг сайн ажил хийсэн нь усны байгууллагын үйл ажиллагааг Байгаль хамгаалах тухай хуулиар зохицуулдаг болсон. 2004 онд Усны тухай хууль батлагдаад 2005 онд Усны хэрэг эрхлэх газар байгуулагдсан ч 2012 онд татан буугдсан. Усны нөөцийг удирдан чиглүүлэх нь тухайн үеийн Засгийн газрын баримталж байсан уул уурхайг хөгжүүлэх бодлоготой зөрчилдөж эхэлсэн учраас татан буулгасан. Ингээд 2020 онд Усны газар дахин байгуулагдсан нь 14 дэх удаагийнх юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар усны нөөц бол төрийн нийтийн өмч юм. Төрийн нийтийн өмчийг ашиглуулсан тохиолдолд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх байгууллага хэрэгтэй. Тэр нь усны газар юм. Усны нөөцтэй холбоотой бүх асуудлыг хариуцсан улсын хэмжээний байгууллага гэж ойлгож болно. 

-Манай улс усны хэр нөөцтэй вэ? Олон улстай харьцуулбал ямар түвшинд байдаг вэ?

-Монгол орны усны нөөц 610 км3 бөгөөд үүний 70 орчим хувь нь нуурууд байна. Мөн нийт усны нөөцийн  50 орчим км3 нь мөс, мөсөн голууд гэсэн судалгаа  байдаг. Гэхдээ 2022 оны арваннэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэлд үндэслэн усны нөөцийн хэмжээ 565м3 болж өөрчлөгдсөн. Энэ тоогоор авч үзвэл Монгол Улс усны нөөцөөр бага орон биш. Усны нөөц нь ашиглаж болох, болохгүй эсэхээс их шалтгаална. Тухайлбал, Гималайн мөс нь асар их усны нөөц боловч ашиглах боломжгүй. Үүнтэй адил манай орны мөнх цастай, мөсөн голуудыг ашиглахгүй. Дэлхий улс орнуудтай харьцуулахын тулд нутаг дэвсгэр, хүн амын харьцааг тооцох нь хамгийн чухал. Хэрвээ нийт хүн амдаа хувааж үзвэл Монгол Улс боломжийн усны нөөцтэй ч  газар нутгийн хэмжээндээ харьцуулбал бага. Дээр нь Монгол Улсын усны нөөцийн тархалт өргөн уудам нутаг дэвсгэрт харилцан адилгүй байдаг. 

Усны нөөцийн жигд бус тархалтаас шалтгаалаад бид усны нөөцөө ашиглахын тулд тодорхой хэмжээний зохицуулалт хийхээс өөр аргагүй.  Манай улс дэлхийд усны нөөцөөрөө төддүгээр байрт ордог гэхээс илүү усаа ашиглахын тулд заавал усны барилга байгууламж барих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийж байж усаа ашиглах боломжтой.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 16 хувьд нь газрын доорх усны эрэл хайгуул хийсэн.

Бид 10.8 км3 газрын доорх усны нөөцтэй гэж ярьдаг. Нийт усны дөнгөж хоёр хувь.  Үүнээс харахад манай улсад газрын доорх ус бараг байхгүй. Гэтэл бид усны хэрэглээгээ үндсэндээ газрын доорх уснаас л хангаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 16 хувьд нь газрын доорх усны эрэл хайгуул хийсэн. Өөрөөр хэлбэл, бид нөөцөө бүрэн тогтоогоогүй.

Дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэж байна

-Дэлхийн усны өдрийг 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байсныг санаж байна. Харин энэ жилийн урианы нэр, утгыг тайлбарлана уу? 

-Дэлхий нийт усны өдрийг 1993 оноос, Монгол Улс 2005 оноос тэмдэглэж эхэлсэн. Дэлхийн усны өдөр жил болгон уриатай байдаг. 2023 онд “Үл харагдах зүйлийг харагддаг болгоё” гэсэн уриа байсан нь газрын доорх усаа хайрлая, хамгаалья гэсэн утгатай. Энэ жилийн хувьд “Ус ба энх тайван” буюу “Water and peace” гэсэн өвөрмөц уриатай. Усаар дамжуулж энх тайвныг бий болгоно гэсэн утга агуулгатай. Монгол Улсад усны төлөөх дайн болж байна гэж хэтрүүлж хэлмээр байна. Юу яриад байна вэ гэж гайхаж магадгүй. Жишээлбэл, Буянт гол Ховд голд цутгадаг. Тэгвэл ингэж цутгах уу, үгүй юу гэдгийн төлөөх дайн болж байна. Буянт гол, Ховд голтойгоо Ховд гол, Хар ус нуур луу цутгах байгалийн тогтцыг тэр чигээр нь үлдээх ёстой гэж үздэг байгаль хамгаалагч тэргүүтэй бид мэтийн хүмүүс нэг талд, нөгөө талд нь гол, усыг ашиглаж бизнес хийдэг, тодруулж хэлбэл тарвас тарьдаг хүмүүс бий. Харамсалтай нь эдгээр хүмүүс голын эргийг эвдэж, шуудуу татаж тарвасынхаа талбайг усанд автуулдаг. Тэгэхээр энд тарвас, эсвэл Буянт гол хоёрын аль нь чухал болохын төлөөх дайн болж байна. Энэ жилийн урианы гол утга учир бол дайн болгохгүйн тулд бүгдээрээ хамтарч эрх ашгаа нэгтгэж тодорхой болгоё гэсэн санаа.

-Аж ахуйн нэгж, иргэдээс авдаг усны төлбөрийн талаар таны бодлыг сонсъё. Цаашид үүнийг яаж боловсронгуй болгох вэ? 

-Монгол Улсад ус ашигласны, ус бохирдуулсны, ус хомсдуулсны, усны үйлчилгээний гэсэн дөрвөн янзын төлбөр байдаг. Ус хомсдуулсны төлбөрийг харамсалтай нь бид хэнээс ч авдаггүй. Усны тухай хуульд ус хомсдуулсны төлбөр авна гэж заасан боловч  дүрэм журам нь батлагдаагүй учир авдаггүй. 

Ус бохирдуулсны төлбөрийг ус ашиглаад бохир усны шугамд нийлүүлсэн хэмжээндээ тохируулж төлнө. Хэдий хэмжээний ус бохирдуулна, тэр хэмжээгээр төлбөр төлнө гэсэн үг. Тухайлбал, ус ашигласны төлбөрийг уул уурхайн компаниуд төлдөг. Харин иргэд крантнаас гарч байгаа усанд төлбөр төлдөггүй, зөвхөн ус хүргэх үйлчилгээний төлбөр л төлдөг. Өөрөөр хэлбэл, бид үнэгүй ус ашигладаг.  Улаанбаатар хотод орон сууцны болон гэр хорооллын иргэд нэг литр усанд адилхан хоёр төгрөг төлж байна. Хувийн байгууллагууд хоёр төгрөг, 60 мөнгө, төсвийн байгууллагууд гурван төгрөг, 60 мөнгө төлдөг. Тухайлбал, өндөр төлбөртэй хувийн сургуулиуд хоёр төгрөг, 60 мөнгө төлж байхад төсвөөс санхүүждэг улсын сургууль гурван төгрөг, 60 мөнгө төлж байх жишээтэй. 

Цаашид усны төлбөрийг байгууллагаас нь хамаарч ялгаатай тогтоох  ёстой гэж бодож байна. Ашиг олох зорилгоор ус ашиглаж байгаа бол  өндөр тогтоох, тэр тусмаа ус ашигласны төлбөрийг заавал авах ёстой. Харин иргэдээс аль болох бага төлбөр авах нь зөв болов уу. Учир нь иргэд усыг ихээр ашиглах тусам амьдрал нь илүү сайжирдаг гэсэн сонирхолтой судалгаа байдаг. 

Харин аж ахуйн нэгжүүдийн усны төлбөр өндөр байх ёстой. Мөн усыг дахин ашиглах технологийг заавал нэвтрүүлэх хэрэгтэй. Манай улсад борооны усыг цуглуулж ашигладаг аж ахуйн нэгж байхгүй. Яагаад гэвэл борооны усыг цуглуулах нь крантны ус ашиглахаас илүү өндөр зардалтай. Тиймээс усны төлбөрийг нэмж, борооны усыг цуглуулъя гэсэн сэтгэхүйг суулгах ёстой. Хэн их ашиглана, тэр хэрээр төлөх ёстой гэж хэлмээр байна. 

-Өнөөдөр дэлхий дахинд устай холбоотой хамгийн тулгамдсан асуудлууд юу вэ? 

-Хоёроос гурван асуудал байна. Нийлүүлээд “water crisis” гэж нэрлэдэг. Устай холбоотой аюулд үер, ган орно. Дэлхийд өөр улсад байхгүй зөвхөн Монголд л халиа, тошингийн асуудал үүсдэг. Сүүлийн үед өвлийн үер гэж нэрлэх болсон. Мөн зуд турхан. Дараагийнх нь усны хомсдол, цэнгэг усны бохирдол. Энэ бүгдийг нийлүүлээд хэлбэл усны аюул, бохирдол, хомсдол гэсэн гурван том асуудал бий. 

-Усны хомсдол нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, нийгмийн эрүүл мэнд зэрэг бүх салбарт нөлөөлж байна. Энэ сорилтыг шийдвэрлэхийн тулд ямар стратеги хэрэгжүүлж байна вэ? 

-Эхний ээлжинд өргөн уудам нутаг дэвсгэртэй улсын хувьд усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох стратеги барьж байна. Монгол Улсын хэмжээнд хэн, хаана, хэрхэн, хэдэн литр ус хэрэглэж байгааг тогтоож, Улаанбаатар хот, аймаг бүр хэдэн литр ус ашиглаж байгааг тогтоох шаардлага бий. Үүний дараа Улаанбаатар хотын хүн ам 1.5 сая, эсвэл 500 мянга байх эсэхийг шийднэ гэсэн үг. Улаанбаатар хотод шинээр байшин, барилга барих хэрэгтэй юу гэдгийг хэн нэгэн дарга, эсвэл бизнесмений төсөл бус усны нөөц нь шийддэг байх ёстой. 

Тиймээс бидний барьж байгаа гол стратеги бол нөөцөө бүрэн тодорхойлох, нөөцдөө тулгуурласан ашиглалт, хэрэглээг бий болгох юм. Ирээдүйд ашиглалт, хэрэглээгээ хадгалж үлдэхийн тулд усыг дахин ашиглаж, хуримтлуулах ёстой. Газрын доорх усыг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Усны дахин ашиглалтыг бий болгож, гол дээр урсацын тохиргоо хийх замаар хур бороо, үерийн усыг хуримтлуулж, ашиглах зорилго баримталж байна. 

Туул голын бохирдлыг арилгая гэж олон хүн хэлж, ярьдаг. Туул голын бохирдлын үндсэн их үүсвэр нь төв цэвэрлэх байгууламж. Гэвч төв цэвэрлэх байгууламжид хүчин чадлаас нь давсан их хэмжээний бохир ус очиж байгаа нь Туул голыг бохирдуулахад нөлөөлж байна. Мөн модон жорлонгийн тухай хэдэн зүйл хэлмээр байна.

Өнгөрсөн зуны үерийн дараа арьсны өвчтэй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн.

Шалтгаан нь гэр хорооллын нүхэн жорлон. Гудамжинд урсаж байгаа усыг туулахдаа бид жорлонгийн хальсан усыг туулаад явж байгаагаа ойлгох хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэнд бол алсад байдаг зүйл биш, цэвэр устай холбоотой асуудал.

-Манай улсын усны бохирдлын гол эх үүсвэр юу вэ, бохирдлыг бууруулах, усны чанарыг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Бүс нутгаар нь авч үзвэл хот, суурин газарт бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон байдаг. Баталгаатай бус мэдээллээр 680 мянган нүхэн жорлон Улаанбаатарт бий гэсэн судалгаа байдаг. Мөн Улаанбаатар хотод 17 мянган худаг байна. Нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Бохирдлын эх үүсвэр эндээс л эхлэлтэй. Бусад хот, суурин газруудын усны бохирдлын шалтгаан адилхан. Хөдөө орон нутагт бохирдлын шалтгаан нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй.

Хамгийн сонгодог жишээ бол Туул голын бохирдол. 800 км урсдаг энэ гол эх булгаасаа 200 гаруй км бохирдолгүй урссаар Налайхын цэвэрлэх байгууламжтай, залгаад Зайсан орчмоос Сонгинын гүүр хүртэл маш их бохирддог. 

Ингээд Лүн хүртэл 110 километр гаруй урсахдаа байгалийнхаа жамаар цэвэршиж байтал Заамарын алтны уурхайнуудын бохирдол эхэлдэг. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд хот суурин газарт нүхэн жорлон, хөдөө орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа усны бохирдлын үндсэн шалтгаан болж байна. 

МБОИЗ-ийн Үндэсний VIII чуулганд илтгэл тавив

-Усны менежмент, засаглалын асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Сүүлийн үед  бодлогын чанартай онцлох өөрчлөлт, санаачилга гаргасан уу? 

-Усны засаглал гэж усны нөөцийн нэгдсэн менежментийг хэлдэг. Энэ дотроо нөөцөд суурилсан нэгдмэл бодлого хамгийн чухал. Нэн тэргүүнд Усны газартай  болсон нь ухралтыг залруулсан үйл явдал болсон. 

Өнгөрсөн зуны үерийн дараа усны нөөцөд тулгуурласан нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг улс, нийтээрээ ойлгосон. Одоо бид 2060 он гэхэд Улаанбаатар хот хэдэн хүн амтай, хэчнээн үйлдвэртэй байх, усны нөөц нь хүрэлцэх эсэхд хариулт өгөх ёстой. 

Насаараа ус ярьж яваа миний их олзуурхаж байгаа нэг зүйл нь хүмүүс мэргэжлийнхний үгийг сонсъё, тэд юу ярих нь вэ гэж сонирхдог болсон. Энэ нь усны засаглалын үндэс суурь юм. Усны засаглалын хамгийн чухал нь бүх хүний оролцоог шаарддаг.

Ус нь нэг агентлагийн биш, улс орны томоохон асуудал юм.

Хүн бүр үүргээ ухамсарлаж биелүүлэх ёстой. Устай холбоотой бүх бодлого нөөц дээр тулгуурлаж, хамгаалах бодлоготой нийцэх ёстой. 

-Усны хэмнэлт, тогтвортой хэрэглээ, орон нутгийн усны нөөцийг хамгаалахад ард иргэд хэрхэн хувь нэмрээ  оруулах ёстой вэ? 

-Хамгийн түрүүнд хэрэглээгээ тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал,  Европт усны төлбөрт хэдийг төлдгийг нь асуухад ямар ч хүн шууд хариулна. Харин манайд сард хэдэн м3 ус ашиглаад, хэдэн төгрөг төлдөг вэ гэдгээ ихэнх айл мэддэггүй. Тиймээс эхний ээлжинд хэдий хэмжээний ус хэрэглэдгээ тооцож сурах, цаашлаад сард хэдийг төлдгөө мэддэг байх ёстой. Эндээс маш их юм гарч ирнэ. 

Миний нэг харамсаж явдаг зүйл бол Улаанбаатар хотын байшин бүрийн дээврийн усыг хуримтлуулсан бол багцаа тооцооллоор өнгөрсөн жилийн үерийн усны бараг гуравны нэгийг багасгах байсан.Тодорхой жишээ хэлэхэд, нэгэн машин угаалгын газар ус ашигласны төлбөртөө ойролцоогоор хоёр сая, 400 мянган төгрөг төлдөг байсан бол усаа дахин ашиглаж эхэлснээр нэг сая, 400 мянган төгрөг төлдөг болсон. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Үүн шиг та хэдэн литр ус ашигладгаа мэдэх нь эргээд мөнгө санхүүд хэмнэлт гарч эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй.

 

 

 

 

 

Mongolian Economy