З.Нарантуяа: Хар нуур дээр суурилсан үндэсний паркийг Монгол Улсад анх удаа бий болгоё гэж зорьсон

Sarangerel
2024-09-26 10:52:15
Ангилал: Эдийн засаг

УИХ-ын гишүүн асан, Завхан аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн, “Хар нуур Үндэсний парк” төслийн санаачлагч З.Нарантуяатай ярилцлаа.

-Та Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүнээр ажилладаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж Завханд хир байна вэ?

-Миний хувьд Завхан аймгийн хөгжлийн үндсэн суурь нь аялал жуулчлал гэж үзээд энэ салбарт ихэд анхаарсан. Байгалийн бүх төрлийн хангай, тал хээр, говь хосолсон өвөрмөц тогтоц, аялал жуулчлалын өгөгдөлтэй нутаг. Үзэсгэлэнт байгаль, арвин баялаг түүхтэй. Шашны төрөлжсөн аяллыг ч хөгжүүлэх бүрэн боломжтой. Элс нь байна. Экстрим аялал жуулчлалыг хөгжүүлж болж байна. Нуур, гол мөрөн нь байна.

Завхан аймгийн эдийн засгийн тэлэлтийг бий болгох цорын ганц үндсэн салбар бол аялал жуулчлал. Тиймээс миний бие “Хар нуур Үндэсний парк” төслийн судалгаа шинжилгээний ажил руу бүх цаг, мэдлэг чадвараа зарцуулсан. Төслийн бүх л судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ-г хийчихсэн, хэрэгжүүлэх схем нь ч бэлэн болчихсон. “Хар нуур” төсөл нь нэг нуур дээр очиж амрах тухай ойлголт биш юм. Улаагчны хар нуурыг зорьж буй жуулчны урсгалыг ашиглаад аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гол зорилготой. Улмаар баруун бүсийн аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах мега төсөл юм.

АНУ-ын Аризона мужийн Гранд каньон парк шиг Хар нуур дээр түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор паркийг бий болгох бодол төрсөн

-Та Хар нуур-Үндэсний паркийг АНУ-ын Аризона муж дахь Гранд каньоны парк шиг болгох хүсэл тэмүүллээр ТЭЗҮ-д хандсан гэж ярьсан байсан. Манайхан чинь парк гэхээр их буруу ойлгоод байдаг шүү дээ.

З.Нарантуяа: Гранд каньоны зарим газар манай Сэнжид цохио орчмын газар шиг харагддаг.

АНУ-ын Аризона мужийн Гранд каньон парк

-АНУ-д сурч амьдарч байхдаа Аризона мужийн Гранд-каньон паркаар аялсан юм. Үзэсгэлэнтэй, өвөрмөц сонин тогтцтой газар байдаг. Завхан аймгийн Монголын их элс, Бор хярын элсэн манхнууд, Мухартын гол, нууруудыг санагдуулам ижил төстэй газрууд бий л дээ. Индианчуудын соёл иргэншлийн түүхтэй танилцаж, байгалийн сайхныг үзэх гэсэн олон зуун жуулчин энэ паркийг зорьдог. Тэнд байгалийн сайхныг хүмүүсд үзүүлж харуулаад, таашаал мэдрүүлээд мөнгө авч, тэрхүү байгалийг хамгаалж байна. Яг л үүн шиг Хар нуур дээр түшиглэсэн аялал жуулчлалын паркийг бий болгох бодол төрсөн. Хар нуур, Мухартын гол өнөөдөр олны хөлд дарагдаж, нуур, голууд бохирдож, багасч байгаа гээд асуудлууд их гарч байна. Тэгвэл парк болгож тухайн газар бүс орчмыг хөгжүүлснээр аялагчид дураараа дургиж, хаа хамаагүй буудаллаж, хог тарьж, нуур голыг бохирдуулж чадахгүй болно. Тогтоосон дүрэм журам, стандарт бүхий газруудаар аялаж амраад, зураг хөргөө авахуулаад явна гэсэн үг. Байгальд ээлтэйгээр аялах боломж нөхцөлийг бүрдүүлээд өгнө гэж ойлгож болно.

“Хар нуур Үндэсний парк” төсөл нь нэг нуур дээр очиж амрах тухай ойлголт биш юм

-“Хар нуур-Үндэсний парк” төслийн тухай товч ярих уу?

-Хар нуурын-Үндэсний паркийн газар нь долоон байрлалыг багтаасан 100 орчим га талбайг хамрах юм. Тусгай хамгаалалттай газар нутаг учраас паркийн захиргааг тусгай хамгаалалттай газрын захиргаа, Эрдэнэхайрхан сумын иргэдийн төлөөлөлтэй хамтарсан хэлбэрээр байгуулахаар менежментийн төлөвлөгөөнд тусгасан. Хар нуур, Мухартын голын эко систем нь маш эмзэг тул энэ байдлыг харгалзан нуурын эрэг дагуу Хөвсгөл нуур, Тэрэлжийн цогцолборууд шиг эрэг, тохой болгоныг хэсэгчилж иргэн, ах ахуйн нэгжид өмчлүүлэхгүйгээр харин үндэсний паркийн захиргаа нэгдсэн төлөвлөлт, газар зохион байгуулалттайгаар байгалийн өнгө төрхийг нь хадгалж, хамгаалахын сацуу төрөл бүрийн үйлчилгээг парк өөрөө болон нутгийн иргэдийн оролцоотой хоршоо, нөхөрлөлд зарим байршилд гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх олгох замаар хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд аяллын 25 бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ. Үүний бүх өгөгдөл Завхан аймагт бий.

Хар нуураас говийн их элс рүү аялна. Дагалдах маршрутуудыг хийж өгсөн. Хойшоо олон хутагт хувилгаадын нутгуудаар аялах маршрут бий. Ойгон нуур руу болон Отгонтэнгэр хайрханы рашаан сувиллын бүс рүү хийх аялал. Загасчлах хүмүүст зориулсан Баяннуурын маршрут. Аяллын таван том чиглэлийг хөгжүүлнэ. Хангай, говь, тал хээрт очно. Аялагчид Монголын байгалийн бүх бүтцийг нэг аймгаас мэдрээд цаг уурыг нь харах боломжтой. Хар нуур өөрөө байгалийн онцгой өгөгдөлтэй. Олон төрлийн шувууд ирдэг. Шувуу харах аяллыг хөгжүүлэх боломжтой. Мөн олон төрлийн бичил биетэн амьдардаг. Улаан номонд орсон бичил биетэнгүүд ч бий.Тэгэхээр шувуу, бичил биетэн харах, загасчлах, дээр нь агаарын трамбайны үйлчилгээ, экстрим спортын аялал гээд бүгдийг агуулсан 25 аяллын бүгээгдэхүүн бий болно. Донойн хөндийн нисэх буудалд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулна. Яруугийн хүрээнд зөвхөн Завхан аймагт ирж үзэж, мэдэрч болох Завханы аяллын брэндүүдийг бий болгоно. Дөрвөн улиралд тогтмол явуулдаг эвэнтүүдийг хөгжүүлнэ. Үүний тулд орон нутгийн иргэд үйлчилгээгээ сайтар үзүүлдэг байх шаардлагатай. Сарлагаараа, тэмээгээрээ, мориороо үйлчилнэ. Мухартын голыг үзэхээр гадаад, дотоодын жуулчид олноороо ирдэг. Элсэн дороос гарч ирж буй гайхалтай өвөрмөц гол юм. Элсээ нураахгүйн тулд бөмбөлгөөр тойрох гэх мэт орчин үеийн техникийн дэвшлийг ашигласан аяллын бүтээгдэхүүн бий болгоно. Аялал жуулчлалаараа алдартай Вьетнам, Тайландад нэвтэрсэн аяллын тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлнэ.

Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум. Хангай, Говийн зааг

-ТЭЗҮ дээр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг ажилласан байна лээ. Нэлээд судалгаа, шинжилгээ шаардсан том төсөл болжээ гэж харсан.

-Орон нутгийн хэрэгцээ, иргэдийн хүсэл сонирхол, оролцоо, эдийн засгийн боломж, амьдралын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагыг бодолцон төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүг босгох боломж зэргийг бүх талаас нь харж, ямар хэлбэрээр, хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгээ илүү тодорхой болгохын тулд судалгаа, төлөвлөлт, зураглалыг нарийн мэргэжлийн хүмүүсээр хийлгэх шааардлагатай байсан. Ийм учраас судалгаа, ТЭЗҮ боловсруулах, зарим дэд бүтцийг бий болгох, бүтээгдэхүүн хөгжүүлэх, иргэдийг сургах зэрэг 10 гаруй чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хийлгэхээр 2018 оны улсын төсөвт тусгуулсны дагуу аймгийн ЗДТГ тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Тендерт Монголын энэ салбарын хамгийн шилдэг менежерүүдээс бүрдсэн баг шалгарч ажиллан хөгжлийн энэ загварыг гаргаж өгсөн билээ. Судалгааны баг экосистемийн, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, судалгаа, рекриацийн шинжилгээ, хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, хот, хөдөөгийн эрэлтийн чиг хандлагын судалгаа зэрэгт үндэслэн эдийн засгийн модель гаргаж, олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн хандлагыг харгалзан үзсэн маш сайн төсөл боловсруулсан. Газар зохион байгуулалт, бүсчлэл төлөвлөлтийг нь хийж, төслийг хэрэгжүүлэх менежмент, стратеги төлөвлөгөөг нь хүртэл бэлэн болгосон үнэхээр үндэсний парк байгуулж, ажиллуулах бэлэн загвар юм. Үүнийг баруун бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд ашиглах бүрэн боломжтой.

Завханы хувьд аймгаа төлөвлөж хөгжүүлж үзмээр байна шүү дээ. Манайд хөгжлийн төлөвлөлт гэдгийг ойлгодоггүй. Барилгын яамны дэд бүтэц, шугам сүлжээ барих төлөвлөлттэй хольж ойлгодог.

-Энэхүү төсөл хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ?

-Хамгийн гол нь эмх цэгцтэй, төлөвлөлттэй аялал жуулчлалын бүс бий болгох замаар иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлнэ. Уялдаа холбоо бүхий нэгдсэн бодлого, зохицуулалттай болсноор аялал жуулчлал Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг болно. Тогтвортой хэрэгжих бодлого, стратегид суурилсан тодорхой зорилт бүхий арга хэмжээ тодорхой болж, төсөл арга хэмжээ бүрийг санхүүжүүлэх төр, олон улсын байгууллагын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын ойлгомжтой схемийг бодлогын баримт бичгээр тодорхойлж, зарчмыг баталгаажуулснаар хөрөнгө оруулалтын найдвартай орчин бүрдэнэ. Жуулчид зорин ирэх газрын байгаль орчны аюулгүй байдал, үзэсгэлэнт байдлын хадгалалт найдвартай байдал, хог хаягдлын зохистой, хяналттай менежмент бий болж, хариуцлагатай аялал жуулчлал хөгжих суурь тавигдана. Жуулчлан ирэх аялагчдыг татах бүтээгдэхүүн, арга хэмжээ (эвэнт) хөгжилд ахиц гарч, аялагчдад шаардлагатай үйлчилгээний мэдээлэл, бүтээгдэхүүн арга хэмжээний хөтөлбөр нийтэд хүртээмжтэй, цэгцтэй хүрдэг Ай ТИ системд суурилсан мэдээллийн цогц системийг бүрдүүлж, байнгын ажиллагаатай болгоно. Орон нутгийн иргэдийг чадваржуулж, аялал жуулчлалын бизнесийн оролцогч болгосноор өрхийн орлого нэмэгдэж, иргэдийн амьжиргааны чанарт ахиц гарна.

-Уг төсөл яагаад явахгүй, гацчихсан юм бэ?

-Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд уг төслийг удирдах төслийн удирдлагын баг хэрэгтэй. Манай улс яг ийм удирдлага, менежментээр үндэсний парк байгуулж удирдаж явсан түүх, туршлага харьцангуй бага, хөдөө орон нутагт төслийн удирдлагын мэргэжилтнүүд үнэхээр дутагдалтай байна. Тиймээс хөдөөг хөгжүүлэх ямар ч томоохон ажил ийм л байдлаар мөнгө хөрөнгө үрсэн үр дүн муутай ажил болж байгаад анхаарал тавьж, менежерүүдийг сургаж, бэлтгэх, төслийн удирдлагын мэргэшсэн менежерүүдээр төслийг удирдуулж байх хэрэгтэй байна. Орон нутгийн удирдлагын түвшний хүмүүс, төрийн албан хаагчдад том мега төсөл гэж юу юм, хэрхэн түүнийг хэрэгжүүлж, ямар менежмент хийх вэ гэдэг мэдлэг, туршлага байхгүй байна. Ойлголт, мэдээлэл ч алга. Орон нутгийнхаа хөгжлийг бүхэлд нь харах суурь ойлголт байхгүй учраас төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулдаг үргэлгэн байдал улсын хэмжээнд бий шүү дээ. Ямар ч үр дүн авчрахгүй зүйлсэд мөнгийг зарцуулаад дуусдаг нь анзаарагддаг. Завханы хувьд аймгаа төлөвлөж хөгжүүлж үзмээр байна шүү дээ. Манайд хөгжлийн төлөвлөлт гэдгийг ойлгодоггүй. Барилгын яамны дэд бүтэц, шугам сүлжээ барих төлөвлөлттэй хольж ойлгодог. Энэхүү төсөл Завхан аймгийн эдийн засгийг 14 хувиар өсгөх боломжтой гэж судалгаагаар гарсан.

Мухартын гол

Алтай Таван богд, Хяргас нуурыг зорих аялагчид Хар нуураар дайрч явдаг аялал жуулчлалын сүлжээний томоохон хэсэг болох юм. Тиймээс Хар нуур дээр суурилсан үндэсний паркыг Монгол Улсад анх удаа бий болгоё гэж зорьсон. Хар нуур өөрөө тусгай хамгаалалттай газар нутаг. Тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болох хуулийн заалт бий. Тусгай хамгаалалттай газар нутгийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглана гэдэг нь хамгаалангаа арчлаад явна. Үзэсгэлэнт байгальдаа хүмүүсийг авчирч амруулангаа экосистемийг нь авч үлдэнэ гэсэн үг. Жуулчдад нүүдэлчин соёл уламжлалаа харуулж, байгалийн сайхныг мэдрүүлээд явахад нь төлбөр авах ойлголт. Нутгийн ард иргэд үр шимийг хүртэж, орлогоо дээшлүүлнэ, орон нутаг, аймаг, улмаар улс орны эдийн засагт үр ашгийг авч үлдэнэ гэж ойлгож болно. Ийм л агуулгатай том төсөл. Байгалийн экосистемийг тэр чигт нь хадгална. Орон нутгийн эдийн засгийн хөгжилд аялал жуулчлал томоохон хувь нэмэр оруулдаг салбар болно. Иргэдийн аж амьдралыг сайжруулахад нүүдэлчин соёл, малчдын амьдралын хэв маяг үр шимээ өгч эхлэх юм.

Одоогоор төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл, Сангийн яам, тендерийн ажлыг нь ч дуусгуулж, хүлээн авдаггүй, дутуу санхүүжилтыг нь өгдөггүй байдалтай байна. Үнэхээр хариуцлагагүй.

-Төслийн хөрөнгө оруулалт багагүй дүн сонсогдож байна. Хөрөнгө мөнгийг хэрхэн яаж босгохоор төлөвлөж байгаа вэ?

-Төслийн нийт өртөг 95.3 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. ТЭЗҮ-д санхүү, хөрөнгө оруулалтыг олон улсын байгууллага, төсөв болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зардал, өгөөжийг ч бүрэн тооцсон байсан. Төсөл бүрэн хэрэгжсэнээр жилд 7500 жуулчин авах хүчин чадал бүхий дэд бүтэц бүрдэх юм. Гэхдээ энэхүү ТЭЗҮ-г хийснээс хойш 5 жил орчим болж буй тул хөрөнгө оруулалтын дүн өөр болох болов уу. Хөрөнгө оруулалтын 10 хувийг улсын төсвөөс, 20 гаруй хувийг Дэлхийн банк, АХБ, олон улсын байгууллагуудаас, үлдсэн 50 гаруй хувийг хувийн хэвшлээс бүрдүүлнэ гэж тооцсон. Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг босгож хэрэгжүүлэх ТЭЗҮ-г хийгээд бэлэн болгочихсон. Төслийн хэрэгжилтийн менежмент, стратеги, төлөвлөгөөг бүгдийг гаргаад бэлэн болгочихсон. Баруун бүс нутагт хэрэгжих аялал жуулчлалын хамгийн том, манайдаа л мега гэж хэлж болох төсөл. Бид энэхүү төслийг сайтар судалж, чин сэтгэлээсээ ажиллаж үндэс суурийг тавьсан.

ТЭЗҮ боловсруулалт, сургалт судалгаа, боловсон хүчнийг сургах, зургуудыг хийлгэхэд улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө тавиулж чадсан. Монголын мега төслийн мэргэжилтнүүд, Удирдлагын академийн багш нар, хөрөнгө оруулалт, санхүүгийн судлаач мэргэжилтнүүд гээд 67 хүний оролцоотой багаар ТЭЗҮ-г хийлгээд Завхан аймгийн ИТХ-д оруулсан. ИТХ аймгийн аялал жуулчлалыг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлнэ гээд баталчихсан. Харамсалтай нь энэ баталчихсан төслөө ойлгож удирдаж, явуулах талд хоёр Засгийн газар дамжаад зогссон. Засгийн газрууд энэхүү төслийн цаад том агуулга, эдийн засгийн үр өгөөжийг ойшоож үзээгүй. Зөвхөн Нарантуяа гэж хүн санаачилсан гэдэг өнцгөөс хандсан. Харин аймгийн одоогийн Засаг дарга Г.Өнөрбаяр залуу хүнийхээ хувьд, мөн томоохон яамны Төрийн нарийн бичгийн даргаар зургаан жил тогтвортой ажилласан хүний хувьд энэхүү төслийг аймгаа хөгжүүлэх өнцгөөс харж ойлгож байгаад би маш их баяртай байгаа.

-Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийг тус төслийн ТЭЗҮ-г хийхэд бүрэн зарцуулж чадсан уу?

-1.2 тэрбум төгрөгийн төсөв тавиулж чадсан ч 400 сая төгрөгт энэ бүх зүйлсийг хийсэн. 900 сая төгрөгийг буцаагаад татчихсан. Одоо малчдад сургалт хийх, тэмдэг тэмдэглэгээ хийх гэх мэт ажлууд бий. Эрдэнэхайрхан сумынхан, малчид энэ төсөл хэрэгжихийг хүлээсээр байгаа. Одоогоор төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл, Сангийн яам, тендерийн ажлыг нь ч дуусгуулж, хүлээн авдаггүй, дутуу санхүүжилтыг нь өгдөггүй байдалтай байна. Үнэхээр хариуцлагагүй. Харин өнөөгийн Засаг дарга улс төрийн үүднээс бус аймгаа хөгжүүлэх нүдээр хармаар байна. Энэ төслийн ТЭЗҮ-г хийсний төлөө танд талархаж байна. Концепцийг бүхэлд нь гаргаад өгчихсөн байхад үүнийг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрнэ гэхээр аймаг хөгжихгүй байх нь ойлгомжтой юм байна. Би аймгийн Засаг даргаа үргэлжлүүлээд хийвэл улс төрийн бариаргүйгээр энэ төслийг хэрэгжүүлнэ гэдэг дарга. Тиймээс би баяртай байгаа. Хамтраад бодит ажил болгоод эхлэх юмсан гэсэн бодолтой байна. Өмнөх Засаг даргууд энэ төслийг уншаа ч үгүй байх. 2 боть бүхий ТЭЗҮ бий. Төслийг хийсэн хүмүүс, мэргэжилтнүүд ихэд гайхдаг. Бид ийм төслийг өөр аймагт хийгээд өгсөн бол биднийг хоймортоо залж баатрууд гэнэ дээ. Гэтэл биднийг мөнгө нэхлээ гээд загнасан шүү гэж ярьсан. Төслийн эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын хэсгийг Хасбанкны захирал асан М.Болд ахалж хийсэн. Нутгийн сэтгэл гаргаж өгөөч гэж намайг хүсэхэд тэрбээр үнэхээр нутгийн сэтгэлээр хандаж, нягт нямбай судалгаа тооцоолол хийж өгсөн дөө.

З.Нарантуяа Улаагчны хар нуур

-Хуучнаар БОАЖЯ-нд уг төслийг танилцуулсан уу? Одоо бол аялал жуулчлал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд харьяалагдах боллоо.

-БОАЖЯ энэ үнэхээр чухал төсөл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин одоо би шинээр байгуулагдсан харьяалагдах яамдын сайд нарт төслөө авч орж, сайтар танилцуулж, хэрэгжүүлэхийн төлөө явна. Ерөнхийдөө бол БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ССАЖЗ-ын сайд Ч.Номин нарт товч ярьсан байгаа. Нөгөө талаар, маш сайн төсөл байгаад байхад хөрөнгө мөнгө нь өөр тийшээ явчихдаг талтай. Тухайлбал, Би АХБ-нд хандаж,10 сая ам.долларыг энэ төсөл рүү зориулж өгөөч ээ гэсэн хүсэлт явуулсан юм. Гэтэл АХБ-ны зүгээс Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүд хүсэлтээ өгөхгүй байсан учраас мөнгийг Баян-Өлгий рүү явууллаа гэж хэлсэн. Гэтэл Баян-Өлгий аймагт ямар ч төсөл байгаагүй байсан. Аливаа зүйлд улстөржсөн хандлага чухал ач холбогдолтой ажлуудын хэрэгжих боломжийг хааж байгаа жишээ юм. Ийм л том төсөл 2020 оноос хойш миний ширээн дээр байсаар байна. “Хар нуур-Үндэсний парк” бол баруун бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөлийн дараа орох хэмжээний дотоодын жуулчдын урсгалыг бий болгох томоохон ач холбогдолтой төсөл юм. Энэ төсөл хэрэгжсэнээр аялж буй хүмүүс дуртай газраа бууж, байгаль дэлхийг сүйтгэх ямар ч боломжгүй болно. Орон нутгийнхан өөрсдөө үйлчилгээгээ үзүүлээд төлбөр мөнгөө аваад явчихна. Хувийн хэвшлийнхэн кэмпээ бариад ажиллана.

-Хар нуур өөрөө маш эмзэг гэж төслийн судалгааны дүгнэлт гарсан байсан. Ийм эмзэг байгалийн өгөгдлийг хэрхэн яаж байгалийн баялаг болгон ашиглах вэ?

-Эмзэг нуур. Экосистемийн судалгааны дүнд хойд хэсэгтээ кэмп барьж үйлчилгээ үзүүлэхийг хориглочихсон байгаа. Тиймээс нуурын хойд талд ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй, хүний хөлөөс хол байлгана. Харамсалтай нь биднийг ингээд явж байх зуур нэг кэмп баригдчихсан. Тусгай хамгаалалттай газар учраас нэмж газар олгуулахгүй байх асуудлыг би шийдэж чадсан. БОАЖ-ын сайдтай ярьж, асуудлыг ойлгуулсан. Миний хийж чадсан нэг ажил. Нэмж л газар олгуулж болохгүй шүү. Энэ эмзэг нуурт газар олгоод байвал та нүгэл үйлдэж байна гэсэн утгатай асуудлыг ярьж, сайд нарт ханддаг даа.

-Аяллын маршрутууд, бүтээгдэхүүн, кэмпүүд гээд зургийг маш гоё гаргасан байна лээ. Төслийн ТЭЗҮ-г хийсэн баг сэтгэлээсээ ажиллажээ гэж бодсон.

-Дизайн загвар хийсэн хүмүүс үнэхээр сайхан төсөл хийж өгсөн. Хутагт хувилгаадын өлгий нутгийн аялал жуулчлалыг сайхан хөгжөөсэй гэж хүсч хийсэн төсөл. Энэ нь хувийн хэвшлийнхэнд давуу талтай. Хувийн хэвшлийн компаниуд дахин ТЭЗҮ, судалгаа, загвар гаргах ямар ч шаардлагагүй. Бэлэн загвар гарчихсан. Тендер зарлалаа, хэрэгжээд эхлэхэд бэлэн болчихсон ийм төсөл байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр 70 гаруй км зам барьж, эрчим хүчний шугам татахаар байгаа. Сэнжит Цохио руу агаарын бөмбөлгөөр явах, элсний, гэрлийн, усны шоунууд болох гэх мэт гадаад, дотоодын жуулчид бужигнасан үндэсний парк болох юм. Би тэгж мөрөөдөж, тэр мөрөөдлөө техникийн даалгавар гүйцэтгэх хүмүүстээ хэлсэн. Яг түүгээр хийж өгсөн. Төслийн багийнхан Монголын мега төслүүд дотор хамгийн сайн хийсэн төсөл гэж хэлсэн шүү. Тэд маань хааяа энэ төсөл хэзээ хэрэгжиж эхлэх үү гэж над руу ярьдаг.

-Арваад жилийн хугацаанд хэрэгжих төсөл. 2021-2031 он хүртэл. Дөрвөн жил нь ямар ч үр дүнгүй өнгөрчээ гэж харагдаж байна.

-Өнгөрсөн хугацаанд ядахдаа суурь нь тавигдсан байх ёстой байсан. Дотоодын аялал жуулчлал, бүс нутаг, улмаар олон улсын аялал жуулчлалын бүс нутаг болох том амбицтай төсөл. Оройтоод байна. Хар нуур маань Өгий нуур шиг болох вий гэж эмээгээд л байна. Яг одоо л маш хурдтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Мега төслүүд хийхэд ямар судалгаанууд хийдэг түүнийг бүрэн хийсэн, цогц төсөл учраас хөрөнгө оруулагчид маш их сонирхож байна. Завхан аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогын баримт бичиг юм шүү дээ.

Төслийн эдийн засгийн үр ашиг нь Завхан аймгийн ДНБ-ий өсөлтийг 4.8 хувиар, бодит дүнгээр 140 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, аймгийн иргэдийн нийт орлогыг 108.0 тэрбум, нутгийн нэг иргэний орлогыг 5.8 сая төгрөгт хүргэх, 7000 орчим хүнийг 7.8 орчим тэрбум төгрөгийн орлоготой болгох 25 аяллын бүтээгдэхүүнийг эзэмшиж, үйлчилгээ үзүүлэх тийм боломжийг иргэдэд аж ахуйн нэгжид бүрдүүлж өгөх төсөл юм. Эрсдэлийн түвшин, своп шинжилгээг маш сайн хийсэн, эдийн засгийн үндэслэлээ нарийн сайн гаргасан төсөл.

Бид төслийнхөө нэрийг “Элсний сувд” гэж нэрлэсэн. Ажлын байр олноор бий болно. Нутгийн иргэдийн олох орлого нэмэгдэж, аялал жуулчлалын үр нөлөөг мэдэрч ойлгож, сайхан амьдрах боломжтой болно. Тасралтгүй үргэлжлэх орлогын эх үүсвэртэй болно. Орон нутаг хөгжинө. АХБ-ны олон улсын стандартын шаардлагад нийцсэн байдлаар төслийг хийсэн. Гэтэл зарим хүмүүс Нарантуяагийн нэг кэмп байгуулах гэж байгаа юм шиг ойлгоод байгаа талтай. Өргөн хүрээг хамрах, завханчуудад хөгжил авчрах, баруун бүс нутагт аялал жуулчлалыг цогцоор хөгжүүлэх хэмжээний том төсөл шүү гэдгийг дахин хэлье.

/“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар/